Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/02049

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/02049

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... дүүргийн ...-р хороо, Хөтөл ... гудамж, ... тоотод оршин суух, регистр ..., Т овогт Д-ын П,

Хариуцагч: ...дүүргийн ...-р хороо, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух, регистр ..., З овогт Ж-ы Д,

Хариуцагч: ...аймаг, ...сум, ...-р баг, ...т оршин суух, регистр ..., З овогт Д-ийн Ж,

Хариуцагч: ...аймаг, ...сум, ...-р баг, ...т оршин суух, регистр ..., Х овогт Ц-гийн Н,

Гуравдагч этгээд: ...дүүргийн ... дугаар хороо, Нарны зам, ... дугаар байрны ... тоотод оршин суух, Т овогтой Т-ын Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал /ШТЭД:0700/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъянд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, гуравдагч этгээд Т.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тус тус эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Ж.Д, Д.Ж, Ц.Н нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Миний бие 2014 оны хавар ...дүүрэг, ...-р хороо, Хөтөл ... гудамж ... тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн ... дугаартай ... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын ... дугаартай ... м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт зарах гэж байсныг миний садан төрлийн хүн болох Д.Ж мэдээд манай гэрт надтай уулзаж, манай хашаа байшинг үзэж хараад худалдаж авах санал тавьсан. Тухайн үед би доор хаяж 160 сая төгрөгөөр худалдана гэхэд Д.Ж нь 20 сая төгрөгийг засвар хийхэд зориулаад хасчих, 140 сая төгрөгөөр авъя гэхээр нь би манай удмын хүн юм байна гэж бодоод зөвшөөрсөн. Тухайн үед Д.Ж нь урьдчилгаа 5000000 төгрөгийг өгөөд, өөр хүнд битгий зараарай гэж захисан. Үлдэгдэл 135000000 төгрөгийг 2015 ондоо багтааж авч, өгөлцөхөөр тохиролцсон боловч өгөөгүй. 2016 онд Д.Ж нь Дэлгүүрийн бичиг баримт авах болон таны байшингийн үнийг гүйцээж өгөхөд хашаа байшингийн гэрчилгээ хэрэгтэй гээд байна. Та үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээд өгчих. Байшингийн үлдэгдлийг 2017 оны хавар ноолуурын мөнгө гарах үед өгч дуусгана гэж гуйгаад байхаар нь би Д.Ж-ы хүү С.Дид газар, 2 давхар байшингийнхаа өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. Тухайн үед хүү Ж.Д нь Гэрээндээ 140 сая төгрөгөө үнэнээр нь бичвэл үл хөдлөх хөрөнгөнд 2 хувийн татвар төлнө, ийм их мөнгө төлж байхаар 30 сая төгрөгөөр зарсан гээд гэрээндээ биччихье, энэ гэрээг та зөвшөөрөөд хийчихвэл таны мөнгийг бид төлөх боломжтой болно, бид тохирсноороо 135 сая төгрөгөө төлчихнө гэж ятгасан учир би итгэж 2016 оны 08 сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-нд газрын үнийг 4,000,000 төгрөг, ... м.кв талбайтай хувийн орон сууцны үнийг 26,000,000 төгрөг гэж бичсэн гэрээн дээр гарын үсэг зурчихсан юм. 2016 оны үед Дамдиндоржийг бол огт таньдаггүй байсан бөгөөд сүүлд 2015 онд анх уулзаж, танилцсан, аав Д.Ж, ээж Ц.Н-д итгэж л дээрх гэрээг хийсэн юм. Миний хувьд хашаа байшингаа Д.Ж, Ц.Н нарт худалдахаар анх тохиролцсон боловч Дэлгүүрийг хүү Ж.Д ажиллуулах тул гэрчилгээг Ж.Д-ийн нэр дээр гаргуулах ёстой байна гэж Д.Ж тайлбарлаад байхаар нь, би үлдэгдэл мөнгөө авах зорилгоор уг гэрээг байгуулсан. Гэтэл 2016 онд Д.Ж нь үлдэгдэл 135,000,000 төгрөгийг 2017 оны хавар ноолуурын мөнгө гарах үед гүйцээж өгч дуусгана гэж амлаж хийлгэсэн боловч 2017 онд мөн л гүйцээж өгөөгүй. Энэ хугацаанд Д.Ж өөрөө шилжүүлсэн болон түүний хүү Ж.Д нь 2016 оноос хойш манай байшингийн нэг давхрын дэлгүүрийг үнэ төлбөргүй ажиллуулж олсон ашгаасаа хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж байсан. Өөрөөр хэлбэл, миний дэлгүүрийг ажиллуулж олсон орлогоороо миний үл хөдлөх хөрөнгийн үнээс бага хэмжээний мөнгийг надад буцааж төлж байсан юм. Намайг мөнгөө нэхэхэд өгөхгүй байсаар 2021 оны хавар болсон. 2021 оны зуны сүүлээр би өөрөө Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд очиж Д.Жаас мөнгөө нэхэхэд удахгүй үлдэгдэл 45 сая төгрөгийг чинь өвлийн идэшний хамт өгнө гээд намайг хуурч явуулсан. Дараа нь утсаар ярихад танд 35 сая төгрөг өгнө гэж хэлсэн, та буруу сонссон байна гэж хэлсэн боловч нэг ч төгрөг өгөөгүй. Гэтэл мөнгө төгрөгөө бүрэн гүйцэд төлөөгүй байж Ж.Д нь Миний хувийн өмчлөлийн сууц болон газрыг Д.П-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг СХД-ийн шүүхэд гаргасан байсан. Ж.Д нь 2016 онд 30 сая төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, үнийг бүрэн төлж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч Д.П болон түүний гэр бүлийнхэн хашаа байшинг чөлөөлж өгөхгүй байгаа тул албадан чөлөөлж өгнө үү гэж нэхэмжлэлийн агуулгаа тодорхойлсон байсан тул би 30,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг хийх үедээ Ж.Д нь намайг хууран мэхэлснийг болон уг гэрээгээ ашиглан хашаа байшингийн үнийг гүйцэд төлөхгүйгээр намайг хөөж гаргах гэж байгааг ойлгосон. Уг хэрэгт миний бие Ж.Д-той байгуулсан нийт 30,0 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Тухайн хэрэг дээр Ж.Д нь 30,0 сая төгрөгөөр гэрээ хийсэн гэж маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээчээр томилсон Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2016 оны байдлаар хувийн орон сууц, үйлчилгээний объект 185,899,817 төгрөг, газар 31,671,000 төгрөг нийт 217,570,817 төгрөгөөр үнэлэгдсэн. Мөн энэ хугацаанд Д.Ж, Ж.Д нар нь надад 80,208,500 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдсон. Ингээд үнэнд гүйцэгдсэн Ж.Д нь албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсаны улмаас худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдээгүй үлдэж, би шүүхэд бие даасан нэхэмжлэл гаргаж, маргааныг нэг мөр шийдүүлэхээс өөр аргагүй болсон тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Би өөрөө чихрийн шижин өвчний хүнд хэлбэрээр өвчилсөн тул 2014 онд хашаа байшингаа зараад, мөнгөөр нь орон сууц худалдан аваад, гал хөс, түлээ түлш гэхгүй, дулаан байранд өвчтэй биеэ асрамжлах зорилготой байсан ч эдгээр хүмүүст мэхлэгдэн 2014 оноос өнөөдрийг хүртэлх өнгөрсөн 8 жилийн хугацаанд мөнгө төгрөгөө гүйцээж авахын тулд байшиндаа ямарч үнэ төлбөргүйгээр байнгын цэвэрлэгээ, арчилгаа хийж, өвөл нь цалин хөлсгүй галч хийж, Ж.Д-ийн хөдөлмөрийн мөлжлөгт өртсөөр өнөөдрийг хүрсэн. Хэрвээ хариуцагч нар нь ярьж тохирсноороо мөнгөө 2014,2015 онд, эсвэл ядаж 2017 өгчихсөн бол би орон сууц худалдаж аваад гарчих байсан. Одоо үлдэгдэл төлбөрийг төлсөн ч орон сууцны үнэ өссөний улмаас би худалдаж авч чадахааргүй боллоо. Гэтэл хашаа, байшин, газрын үлдэгдэл төлбөрөө өгөх нь байтугай, 30,0 сая төгрөгийн гэрээ албан ёсоор хийсэн тул албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргасанд хөгшин би их гомдолтой байдаг. Миний бие нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах худалдан авах гэрээ хийхдээ төрөл садангийн хүн болох эцэг Д.Ж, эх Ц.Н, хүү Ж.Д нарын ятгалгаар Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т зааснаар хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрч хийсэн, ийнхүү зөвшөөрч бага үнийн дүн бүхий гэрээн дээр гарын үсэг зурсан нь төрөл садангийн хүн намайг хуурахгүй гэж Д.Ж, түүний эхнэр Ц.Н, хүү Ж.Д нарт итгэсэн итгэл дээр үндэслэсэн юм. Мөн Ж.Д нь 30,0 сая төгрөгийн гэрээг үндэслэн үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийж, албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан нь дээрх гэрээг хийхдээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжийг агуулж байна. Түүнчлэн дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар 56.1-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулдаг. Учир нь халхавчлуулж байгаа хэлцэл нь 140,000,000 төгрөгийн хэлцэл, халхавчилж байгаа хэлцэл нь 30.000,000 төгрөгийн хэлцэл байна. Иймд Д.П, Ж.Д нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан ... дүүргийн ...-р хороо, Хөтөл ... гудамж, ... тоот хаягт байршилтай, нэгж талбарын ... дугаартай, улсын ... бүртгэлд бүртгэгдсэн, ... м.кв талбайтай газрыг 4,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот гэрчилгээтэй, ... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 26,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Иргэний хуулийн 56.4, 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, хувийн орон сууцаа газрын хамт буцааж авахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны эхээр ... дүүрэг, ...-р хороо, Хөтөл гудамж ... тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн ... дугаартай ... м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын ... дугаартай ... м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт иргэн Д.П-той гэрээ байгуулж 2016.08.31-ний өдөр худалдан авсан. Худалдах гэрээний үнийн дүнг нийт 100 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон бөгөөд миний бие урьдчилгаа мөнгийг шилжүүлж дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2016 оны 09 сард өмчлөлд бүртгүүлж, энэ дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Миний бие дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн дүн болох 100 000 000 төгрөгийг Д.П-д 100 хувь төлж барагдуулсан байтал /нийт 111,408,500 төгрөгийг Д.П-ид өгсөн байдаг/ Пүрэвдорж нь надаас үндэслэлгүйгээр шунахайн сэдэлтээр мөнгө нэхэж, дээрх хөрөнгийг чөлөөлж өгөхгүй хохирол учруулсаар байгаа болно. Иймд Д.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь ... дүүргийн ...-р хороо, Хөтөл ... гудамж, ... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай хувийн сууц, дэлгүүрийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө болон тус хаягт байршилтай улсын бүртгэлийн ... дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт нийт 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар иргэн Ж.Д /хууль ёсны өмчлөгч/-тэй харилцан тохирч, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулан төлбөр тооцоог бүрэн төлж, Худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болсон. Нийслэлийн улсын бүртгэлийн газар 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тухайн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн миний нэр дээр гарган өгч хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах үед бусдад худалдагдаагүй, битүүмжпэгдээгүй, барьцаалагдаагүй ямар нэгэн эрхийн зөрчилгүй байсан болно. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, емнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж зааснаар ... дүүргийн ...-р хороо, Хөтөл ... гудамж, ... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай хувийн сууц/дэлгүүрийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө болон тус хаягт байршилтай улсын бүртгэлийн ... дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч, хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлснээр иргэн Ж.Д-ийн өмчлөх эрх дуусгавар болж, иргэн миний өмчлөх эрх шинээр үүссэн болно. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах үед улсын бүртгэлийн лавлагаагаар хууль ёсны өмчлөгч нь иргэн Ж.Д байсан бөгөөд тус үл хөдлөх хөрөнгүүдийг 2016 онд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр бусдаас шилжүүлэн авсан, бусдад барьцаалаагүй, битүүмжлээгүй байсан тул дээрх хууль ёсны мэдээлэлд үндэслэн хууль ёсны өмчлөгчөөс худалдан авсан болно. Энэ нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх гэсэн зарчимтай нийцэх юм. Миний бие Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан болохыг зориуд дурдаж байна. Иймд Д.П-ийн нэхэмжлэлтэй, хариуцат нарт холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлэхдээ өмчлөх эрхийг шударгаар олж авсан иргэ- хууль ёсны өмчлөх эрхийг хөндөхгүй байхыг хүсэж байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх 7, 10/, Д.Пийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 9, 12/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.05-ны өдрийн Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 184/ШШ2022/... дугаар захирамж /хх 13-14/, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх 15-16/, 184/ШШ2022/... дугаар захирамжтай хэргээс авсан баримтууд /хх 28-54, 61-74/, ХААН банкны дансны хуулга /хх 78-88/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023-03-13-ны өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 184/ШШ2023/0... дугаар захирамж /хх 232/,

Хариуцагчаас: Д, Д нарын ХААН дансны хуулга /хх 111-114, 116-145/, Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 115/,

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шинжээч томилсон захирамж, гэрч асуусан тэмдэглэл /хх 102-108/, Улсын бүртгэлээс ҮХЭХ-ийн талаарх баримтууд /хх 154-211/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч нь Ж.Д-той хийсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт зааснаар хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрч хийсэн, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн, 56 дугаар 56.1 дэх хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж, Иргэний хуулийн 56.4, 56.5-д зааснаар хувийн орон сууц, газраа буцааж авахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч нь гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

4.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

4.1. Д.П нь улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... дүүргийн ... дугаар хороо, Хөтөл ... гудамж, ... тоот хаягт байршилтай нэгж талбарын ... дугаартай ... м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... дүүргийн ... дугаар хороо, Хөтөл ... гудамж, ... тоот хаягт байршилтай ... м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан /хх 9, 12/ байна.

Өмчлөгч нь Ж.Дтой 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, газраа 4000 000 төгрөгөөр, сууцаа 26 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон, гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Улмаар Д.П-ийн өмчлөх эрх Ж.Д-ийн өмчлөлд шилжиж, улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн ..., ... тоот гэрчилгээ олгогдсоноор /хх 6/ Д.П-ийн өмчлөх эрх дуусгавар болсон.

Талуудын хооронд байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 109-р зүйлийн 109.2 дахь хэсэгт ...үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл...нотариатаар гэрчлүүлэх, 110-р зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болох хуулийг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл, хуульд зааснаар хэлцэл хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хууль зөрчсөн 56 дугаар 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан боловч шүүх хуралдааны шатанд энэ талаар маргаагүй болно.

Нөгөө талаас, Иргэний хуулийн 183-р зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөв, улсын бүртгэлийн талаар талууд маргаагүй.

4.2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.3.1 дэх хэсэгт зааснаар хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрч хийсэн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээ хийхдээ энэ хэлцлээс өөр хэлцлийг зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл, хүсэл зоригоо илэрхийлэхдээ үг үйлдлээрээ төөрөгдсөн,

Хэлцлийн нөгөө тал болох Ж.Д-ийн хувийн зан чанар, шинж байдлын хувь төөрөгдсөн, өөрөөр хэлбэл, төрөл садангийн хүний хувьд төөрөгдсөн гэх үйл баримт тогтоогдоогүй.

Түүнчлэн хариуцагч нь түүнийг хууран мэхэлж төөрөгдөлд оруулсан, ашиг хонжоо олох зорилгоор бодит байдлыг нуун дарагдуулах зэргээр хууран мэхэлсэн үйл баримтууд тогтоогдоогүй буюу худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд тооцогдохгүй гэж дүгнэлээ.

4.3. Талууд гэрээний үнийг нийт 30 000 000 төгрөг гэж тусгасан боловч нэхэмжлэгч 140 сая төгрөгөөр, хариуцагч 100 000 000 төгрөгөөр тохирсон талаар тайлбарладаг. Харин 2 хувийн татвар төлөхтэй холбоотойгоор гэрээнд 30 000 000 төгрөгөөр тусгасан нь хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулаагүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч 97 000 000 төгрөгийг авсан, хариуцагч 111 408 500 төгрөг төлсөн гэх тайлбараас дүгнэвэл гэрээний төлбөр тооцооны тухайд маргасан гэж үзэхээр байна.

4.4. Хариуцагч Д.Ж, Ц.Н нар нь дээрх гэрээнд оролцоогүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.5. Эдгээр 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Д нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн Т.Б-тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний өмчлөлд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон.

Түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, нэхэмжлэгч түүнд холбогдуулан бие даасан шаардлага гаргаагүй болно.

Харин Т.Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх ба иргэний хэрэг үүсгэсэн нь энэ хэргийг хэлэлцэхэд саад болохгүй.

 

4.6. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 184/ШШ2023/0... дугаар захирамжаар /хх 232/ Т.Б-ий гаргасан хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Д хүлээн зөвшөөрсөн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсөн нь нэхэмжлэгч Д.П-ийн тайлбараар тогтоогдсон байна.

5. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.05-ны өдрийн Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 184/ШШ2022/0... дугаар захирамж /хх 13-14/, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх 15-16/, 184/ШШ2022/0... дугаар захирамжтай хэргээс авсан баримтууд /хх 28-54, 61-74/, шинжээч томилсон захирамж, гэрч асуусан тэмдэглэл /хх 102-108/ зэрэг баримтууд нь тухайн хэрэгтэй холбоотой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байна.

Д.П-ийн ХААН банкны дансны хуулга /хх 78-88/, Н.Д, Ж.Д нарын ХААН дансны хуулга /хх 111-114, 116-145/ зэрэг баримтууд талуудын хооронд үүссэн төлбөр тооцоотой холбоотой, энэ хэргийн үндэслэл болоогүй болно.

6. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.3.1 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.П, Ж.Д нарын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /газар/, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хувийн сууц/-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, газар, хувийн сууцыг буцаан гаргуулахыг хүссэн Д.Пийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА