Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01544

 

 

 

 

 

 

 

 

2023 08 04 210/МА2023/01544

 

 

*.* ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/02049 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: **.** ,

Хариуцагч: ***.*** ,

Хариуцагч: ****.**** ,

Гуравдагч этгээд: *.***

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 310 дугаар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *.* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ***.*** нь 2014 онд нэхэмжлэгчийн өмчлөлийн *** дүүрэг, ** дугаар хороо, *** гудамж, * тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 322 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, нэгж талбарын ** дугаартай, 540 м.кв талбайтай газрыг 140,000,000 төгрөгөөр худалдаж авах санал тавьсаныг би зөвшөөрсөн. Тухайн үед урьчилгаа 5,000,000 төгрөгийг надад өгөөд ...өөр хүнд битгий зараарай гэж захисан. Үлдэгдэл 135,000,000 төгрөгийг 2015 онд багтаан өгөхөөр тохиролцсон боловч үлдэх төлбөрийг төлөөгүй.

1.2 Улмаар 2016 онд ***.*** нь ...дэлгүүрийн бичиг баримт авах болон байшингийн үнийг гүйцээж өгөхөд хашаа, байшингийн гэрчилгээ хэрэгтэй байна гэсэн тул ***.*** ы хүү С.Д ид газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн. Тухайн үед **.** нь ...гэрээндээ 140,000,000 төгрөгийн үнээр нь бичвэл үл хөдлөх хөрөнгөнд 2 хувийн татвар төлнө, 30,000,000 төгрөгөөр зарсан гээд гэрээнд бичих гэхээр нь үлдэгдэл мөнгөө авах зорилгоор уг гэрээг байгуулсан.

1.3 Хариуцагч нь 2016 оноос хойш дээрх хувийн сууцны нэг давхрын дэлгүүрийг үнэ төлбөргүй ажиллуулж, олсон ашгаас надад хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж байсан. Өөрөөр хэлбэл, миний дэлгүүрийг ажиллуулж олсон орлогоороо миний үл хөдлөх хөрөнгийн үнээс бага хэмжээний мөнгийг надад буцааж төлж байсан. 2021 онд мөнгөө нэхэхэд ...удахгүй үлдэгдэл 45,000,000 төгрөг, өвлийн идэшний хамт өгнө гээд намайг хуурч явуулсан. Гэтэл мөнгөө бүрэн төлөөгүй атлаа **.** нь 2016 онд 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг бүрэн төлж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Улмаар намайг үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хариуцагч нь шүүхэд гаргасан. 30,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг хийх үедээ **.** нь намайг хууран мэхэлснийг болон уг гэрээгээ ашиглан хашаа байшингийн үнийг гүйцэд төлөхгүйгээр намайг хөөж гаргах гэж байгааг ойлгосон. Тухайн иргэний хэрэгт миний бие гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Тухайн иргэний хэрэгт шүүхээс шинжээчээр томилсон Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2016 оны байдлаар хувийн орон сууц, үйлчилгээний объект 185,899,817 төгрөг, газар 31,671,000 төгрөг, нийт 217,570,817 төгрөгөөр үнэлсэн. Энэ хугацаанд ***.*** , **.** нар нь 80,208,500 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар **.** нь албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээс татгалзсаны улмаас худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй.

1.4 Дээрх гэрээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг тус тус агуулдаг. Учир нь, халхавчлуулж байгаа хэлцэл нь 140,000,000 төгрөгийн хэлцэл, халхавчилж байгаа хэлцэл нь 30,000,000 төгрөгийн хэлцэл байна.

1.5 Иймд *.* , **.** нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан, улсын бүртгэлийн Г-* дугаарт бүтгэлтэй, нэгж талбарын ** дугаартай, *** дүүрэг, ** дугаар хороо, *** гудамж, * тоот хаягт байршилтай, 540 м.кв талбайтай газрыг 4,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 322 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 26,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, хувийн орон сууц болон газрыг буцааж авах хүсэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие 2014 онд *** дүүрэг, ** дугаар хороо, Хөтөл гудамж * тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 322 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, мөн хаягт байршилтай, нэгж талбарын ** дугаартай, 540 м.кв талбайтай газрын хамт худалдаж авахаар 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний үнийн дүнг нийт 100,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлж, дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2016 оны 09 дүгээр сард өөрийн өмчлөлд бүртгүүлж, энэ дагуу надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон.

2.2 Миний бие дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн дүн болох 100,000,000 төгрөгийг *.* ид бүрэн төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Миний бие нь *** дүүрэг, ** дугаар хороо, *** гудамж, * тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-* дугаарт бүртгэлтэй, газрын хамт нийт 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар **.** тэй харилцан тохирч, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийг бүрэн төлж, тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болсон.

3.2 Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч, хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлснээр **.** ийн өмчлөх эрх дуусгавар болж, миний өмчлөх эрх шинээр үүссэн. Энэ нь мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх гэсэн зарчимтай нийцнэ.

Гуравдагч этгээд нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Иймд өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээдийн хууль ёсны өмчлөх эрхийг хөндөхгүй байхыг хүсэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58 дугаар зүйлийн 58.3.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан *.* , **.** нарын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /газар/, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хувийн сууц/-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, газар, хувийн сууцыг буцаан гаргуулахыг хүссэн *.* ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ хийхдээ ***.*** , .Нансалмаа, **.** нарын ятгалгаар Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрч хийсэн. Ийнхүү зөвшөөрч бага үнийн дүн бүхий гэрээнд гарын үсэг зурсан нь төрөл садангийн хүн намайг хуурахгүй гэж ***.*** , түүний эхнэр ****.**** , хүү **.** нарт итгэсэн итгэл дээр үндэслэсэн.

5.2 **.** нь 30,000,000 төгрөгийн гэрээг үндэслэн үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийж, албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжпэл гаргасан нь дээрх гэрээг хийхдээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжийг агуулж байна. Түүнчлэн, дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулдаг. Учир нь, халхавчлуулж байгаа хэлцэл нь 140,000,000 төгрөгийн хэлцэл, халхавчилж байгаа хэлцэл нь 30,000,000 төгрөгийн хэлцэл байна.

5.3. Хариуцагч **.** нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн маргаан дуусаагүй болохыг мэдсээр байж нэхэмжлэлээ татан авч, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрлэхээс өмнө шилжүүлсэн байна. Ийнхүү шилжүүлэхдээ үнэлгээний байгууллагаар 185,899,817 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх хөрөнгийг *.*** д 40,000,000 төгрөгөөр худалдсан мэт дүр үзүүлсэн хэлцэл хийж *.*** д өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан.

Иймд **.** оос *.*** д шилжүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн хуулийн 56.1.10-д хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу **.** оос *.*** д шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө, газрын өмчлөх эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг **.** , *.*** нарт даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэж, хэт нэг талыг барьж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг илт үгүйсгэж, миний эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга:

7.1 **.** той харилцан тохирч 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулан, төлбөр тооцоог бүрэн төлж, худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар дээр дурдсан үл хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болсон.

Улмаар *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн захирамж, албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, миний эзэмшилд шилжүүлэн өгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон.

Гуравдагч этгээд *.*** нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах үед бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, ямар нэгэн эрхийн зөрчилгүй байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч нар 2016 онд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг нэг талаас нэхэмжлэгч *.* тодорхой үнийн дүнгээр худалдах, нөгөө талаас хариуцагч **.** худалдан авах хүсэл зоригоор харилцан тохиролцож, худалдах, худалдан авах гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.3.1-д зааснаар хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрч хийсэн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч **.** , ***.*** , ****.**** нарт холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 310 дугаар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, газар болон хувийг сууцыг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагчийн татгалзалыг дэмжин тайлбар гаргасан.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.

3.1 *.* болон **.** нарын хооронд байгуулагдсан 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 310 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу улсын бүртгэлийн Г-* дугаарт бүртгэлтэй, ** нэгж талбарын дугаартай, *** дүүрэг, ** дугаар хороо, *** гудамж, * тоот хаягт байршилтай, 540 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрх 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр *.* оос **.** ид шилжсэн.

/1хх 159-164/

 

3.2 Улмаар **.** болон *.*** нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2750 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу дээрх газрын өмчлөх эрх 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр **.** оос *.*** д шилжсэн. /1хх 168-172/

 

3.3 *.* болон **.** нарын хооронд байгуулагдсан 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 310 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ /хувийн сууц/-ний дагуу улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, ** дугаар хороо, *** гудамж, * тоот хаягт байршилтай, 322 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр *.* оос **.** ид шилжсэн. /1хх 177-181/

 

3.4 Улмаар **.** болон *.*** нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2749 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу дээрх сувийн сууцны өмчлөх эрх 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр **.** оос *.*** д шилжсэн. /1хх 186-190/

 

3.5 *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/02995 дугаар захирамжаар **.** ийн нэхэмжлэлтэй, *.* ид холбогдох, улсын бүртгэлийн Г-* дугаарт бүртгэлтэй, ** нэгж талбарын дугаартай, *** дүүрэг, ** дугаар хороо, *** гудамж, * тоот хаягт байршилтай, 540 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 322 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *.* ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, 60,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг шийдвэрлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

/1хх 13-14/

 

3.6 *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2023/01028 дугаар захирамжаар *.*** ий нэхэмжлэлтэй, **.** ид холбогдох, улсын бүртгэлийн Г-* дугаарт бүртгэлтэй, ** нэгж талбарын дугаартай, *** дүүрэг, ** дугаар хороо, *** гудамж, * тоот хаягт байршилтай, 540 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 322 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг **.** ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. /1хх 232-234/

 

4. Нэхэмжлэгч болон хариуцагч **.** нарын хооронд байгуулагдсан 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 310 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ /газар/-ний 1, 3-т зааснаар худалдагч буюу нэхэмжлэгч *.* нь газрыг худалдан авагч буюу хариуцагч **.** ид 4,000,000 төгрөгөөр, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээний 1, 3-т зааснаар хувийн сууцыг 26,000,000 төгрөгөөр тус тус худалдахаар заасан байна. Өөрөөр хэлбэл, талууд газар болон хувийн сууцны үнийг гэрээнд заасан байна.

 

4.1 Анхан шатны шүүх дээрх гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.2 Нэхэмжлэгч нь дээрх газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т зааснаар хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн тул ноцтой төөрөгдсөн буюу нэхэмжлэгч нь гэрээний дагуу тохиролцсон үнээс үлдэх төлбөрийг авахаар гэрээний зүйлийг шилжүүлсэн гэж, мөн зүйлийн 58 дугаар зүйлийн 58.3.1-т зааснаар хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн буюу хариуцагч нар нь нэхэмжлэгчийн төрөл, садангийн байдалд төөрөгдөж гэж, мөн зүйлийн 58.3.2-т зааснаар хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн гэж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хууран мэхэлж гэрээг байгуулсан гэж тодорхойлжээ. /2хх 15/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь газар болон хувийн сууцыг анхнаасаа 140,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, хариуцагчид хууртагдсан, ноцтой төөрөгдсөний улмаас гэрээнд үнийн дүнг нийт 30,000,000 төгрөгөөр бичсэн гэх агууллагатай байна.

 

5. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох бөгөөд мөн зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

 

5.1 Хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн тохиолдолд шүүх ноцтой төөрөгдсөн гэж үзэх талаар мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасан. Харин хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн, мөн хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн тохиолдолд шүүх ноцтой төөрөгдсөн гэж үзэж болох талаар Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.3.2-т тус тус заасан.

 

5.2 Талууд хувийн сууц худалдах-худалдан авах гэрээнд үнийг 4,000,000 төгрөг, газар худалдах-худалдан авах гэрээнд 26,000,000 төгрөг гэж тус тус бичсэн нь гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар талууд тухайн худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа худалдах-худалдан авахаас өөр ямар хэлцлийг зөвшөөрөн хийсэн болох нь, мөн хариуцагч нар нэхэмжлэгчтэй төрөл садангийн холбоотой нь тухайн гэрээг байгуулах гол үндэслэл болсон буюу энэ талаар нэхэмжлэгч төөрөгдсөн, мөн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэл нотлогдоогүй байна.

 

5.3 Түүнчлэн, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нэхэмжлэгчийг хууран мэхэлж худалдах-худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

6. Талууд гэрээний үний талаар буюу нэхэмжлэгч нь хариуцагчаас 97,000,000 төгрөг авсан, хариуцагч **.** нь 111,408,500 төгрөг төлсөн талаар маргасан нь, мөн *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/02995 дугаар захирамжид, мөн шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2023/01028 дугаар захирамжид заасан үндэслэл нь гэрээг дээр дурдсан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлийг нотлохгүй.

 

Иймд худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул газар болон хуувийн сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч нь хариуцагч **.** оос буцаан шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

7. Хариуцагч ***.*** , ****.**** нар нь дээрх гэрээний тал буюу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд буюу үүрэг хүлээсэн этгээд биш байх тул анхан шатны шүүх тэдэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

8. Нэхэмжлэгч нь газар болон хувийн сууцыг **.** оос *.*** д шилжүүлсэн улсын бүртгэлийн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШЗ2023/07141 дугаар захирамжаар ...Улсын бүртгэл нь захиргааны эрхийн акт бөгөөд улсын бүртгэлийг хүчингүй болгохыг хүссэн шаардлага нь иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хэрэгт хамаарахгүй гэх үндэслэлээр /1хх 237-239/, мөн нэхэмжлэгч нь **.** оос *.*** д шилжүүлсэн газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг **.** , *.*** д нарт даалгах шаардлагыг шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШЗ2023/07287 дугаар захирамжаар ...сонирхогч этгээдийн хүсэлтээр гаргах нэхэмжлэл нь энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй, нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх үндэслэлгүй гэж /2хх 1-3/ үзэн хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй бөгөөд харин дээрх шаардлага нь хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх гэх агууллагад нийцээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн ...**.** , *.*** д нарт даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/02049 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

М.БАЯСГАЛАН

 

.