Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2023/02494

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 08

181/ШШ2023/02494

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М холбоо НҮТББ

 

Хариуцагч: Ө.Ш,

 

Хариуцагч:А.Б нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 27,960,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 21/2 байр, 18 тоот улсын бүртгэлийн Ү-22060214** дугаартай 136,06 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №001 дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: П.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.О,

Хариуцагч М холбоо НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.М, түүний өмгөөлөгч Б.Н,

Хариуцагч Ө.Ш-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г,

Хариуцагч А.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч М холбоо НҮТББ, Ө.Ш, А.Б нарт холбогдуулан 27,960,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б ХХК нь 2016 оноос хойш М холбоонд тэмдэг хийж өгөөд зарсных нь дараа мөнгөө авдаг зарчмаар ажиллаж байсан. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 07-нд М холбоо НҮТББ-тай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Б ХХК нь хариуцагчид 25,000 ширхэг медаль зээлээр худалдах, хариуцагч М холбоо НҮТББ нь медалийн төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн.

М холбоо НҮТББ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний барьцаа болгон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт /18101/ Москвагийн гудамж 48а байр 9** тоот, улсын бүртгэлийн Ү-22010366** дугаар бүхий 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн гудамж 21/2 дугаар байрны 18 тоот, улсын бүртгэлийн Ү-22060214** дугаар бүхий таван өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

Б ХХК-ийн хувьд тухайн компанийг улсын бүртгэлд төлөөлөх эрхтэй гэж бүртгэгдсэн ерөнхийлөгчтэй нартай гэрээ байгуулсан.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал магадлалын хамгийн доод хуудсанд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү магадлал саад болох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй гэж бичсэн.

Б ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, нийт 2,100 ширхэг медалийг БНХАУ-д үйлдвэрлүүлэн авч ирсэн боловч хариуцагч нь медалийг хүлээн авах, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болно. Улмаар манай компанийн зүгээс 2,100 ширхэг медалийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгч акт үйлдсэн. М холбоо НҮТББ-ын нягтлан бодогч Б.Т 2021 оны 7 дугаар сард ажилд орсон, 2022 оны 8 дугаар сар хүртэл ажилласан гэж гэрчийн мэдүүлэг дээрээ хэлсэн.

Хариуцагч байгууллага нь медалийг хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг нь төлөөгүй байна. 2019 онд 1 юань 380 төгрөг байсан. Одоо 1 юань 490 гаруй төгрөг байгаа. 1 юань дээр 110 төгрөгийн зөрүү буюу маш их мөнгөний зөрүү гарсан. Шүүхийн шийдвэрээс өмнө гарсан 200 гаруй сая төгрөгийн зөрүү болон Хятад руу мөнгө шилжүүлнэ гэсэн болохоор нь ямар ч НӨАТ-гүй өгсөн. Дахиад 10 хувийн 20, 30 сая төгрөгийн НӨАТ-ын үүрэг үүссэн. Энэ гэрээнээс болж 600 гаруй сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Олон боломж алдсан.

Иймд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний дагуу нийлүүлсэн 2,100 ширхэг медалийн үнэ нийт 27,960,000 төгрөгийг М холбоо НҮТББ-аас гаргуулж өгнө үү.

Хариуцагч А.Б, Ө.Ш нарын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан учраас хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч М холбоо НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарласан. Дээрх гэрээний дагуу өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэрэгсэхгүй болгосон.

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлд заасны дагуу худалдагч гэрээнээс татгалзана гэдэг нь шүүхэд өмнө нь нэхэмжлэл гаргаснаар гэрээнээс татгалзсан. Уг гэрээний үндсэн дээр сүүлд медаль хүлээлгэж өгснөөр шаардах эрх үүсэх юм уу? Гэрээг дуусгавар болгосон үндэслэлийг шүүхээс тогтоосон учраас үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй. Харин хохирлоо шаардах эрхтэй.

2.2. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2020 оны 10 дугаар сарын 07-ний өдөр байгуулагдсан. Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр М холбоо ТББ-ын 6 дугаар их хурал хуралдаж А.М-ыг чөлөөлөөд О.Г-ыг сонгосон. Төрийн бус байгууллагын 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар их хурал ерөнхийлөгчөө сонгох, чөлөөлөх эрхтэй.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дүгнэлтээр гэрээнд дарагдсан тамгыг хүчингүй болгосон. Уг дүгнэлтийг хүчингүй болгохоор шүүхэд хандахад захиргааны хэргийн шүүх дүгнэлтийг хэвээр нь үлдээсэн.

Тэгэхээр А.М ажлаасаа чөлөөлөгдсөн, тамга нь хүчингүй болсон байхад гэрээ байгуулсан, дээрх үйл баримт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон учраас уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

М холбоо ТББ-ын ерөнхийлөгч гэрээ байгуулах эрх байхгүй. Компани биш учраас Төрийн бус байгууллагын тухай хууль баримтална. ТББ-ын тэргүүн дангаараа хөрөнгө захиран зарцуулах эрхгүй. Дүрмээр зохицуулаагүй бол хуулиа баримтална. Тиймээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. А.Мын дураараа хийсэн гэрээний үр дагаврыг Монголын залуучуудын холбоо ТББ болон хариуцагч нар эд хөрөнгөөрөө хариуцах боломжгүй.

2.3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч Б ХХК-ийг медалийг Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлээд Монголын залуучуудын холбоо ТББ-д хүлээлгэн өгсөн гэдгээ нотлох ёстой гэсэн. Медалийг хүлээлцсэн акт үйлдсэн боловч 27,960,000 төгрөгийн үнэтэй бараа нийлүүлж авч ирсэн гэж нотлох баримт байхгүй.

Медаль хүлээлгэн өгсөн талаар баримт эргэлзээтэй. Гэрч Б.Төөс Та өөрөө хүлээж авсан уу? гэж асуухад Үгүй, би өөрөө тоолж аваагүй. Өмнө нь хүлээлгэж өгсөн байсан. Дараа нь актад гарын үсэг зурсан гэж хариулдаг. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд медалийг бодитоор хүлээлгэж өгөөд нэхэмжлэх эрхтэй гэсэн болохоос нөхөж акт үйлд гээгүй.

Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 361 дүгээр тушаалаар батлагдсан Санхүүгийн тайлангийн А,Б маягтад бараа материалын тайланг жилд 1 удаа гаргаж өгнө. Орлого, зарлага, авлагыг тайлагнахаар баталж өгсөн. Бараа материалын хөдөлгөөнийг эмх цэгцтэй байлгах өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор зөвшөөрлийн хуудсыг аж ахуй нэгж эрхлэгч, нярав нар 1 хувь бичиж өгнө. Бараа материалын зөвшөөрлийг хүлээлгэн өгнө. Ингээд бараа материалын тайланг санхүүгийн тайланд тусгахаар зааж өгсөн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Монголын залуучуудын холбоо ТББ-аас авлагатай гэж тайланд тусгаагүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчийн тайлбар нотлох баримтад хамаарна. Нэхэмжлэгч авлагатай гэдгээ нотлох ёстой.

Хэрэгт нэхэмжлэгчийг үүргээ гүйцэтгэсэн, хариуцагчаас авлагатай гэж нотлох баримт байхгүй байна.

Монголын залуучуудын холбоо ТББ нэхэмжлэгчид төлөх ёстой мөнгөө төлж байгаа. Харин 2100 ширхэг медалийг хүлээлгэж өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Ө.Шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч эрхээ буруу хэрэгжүүлээд байна гэж харж байна. Өмнө нь энэ нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Тухайн шүүх хуралдаанд мэдэх боломжгүй байсан шинээр нотлох баримт гарч ирсэн тохиолдолд нэхэмжлэл гаргаад шаардах эрхээ хэрэгжүүлэх нь зөв. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор медаль нийлүүлэхээр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч талын үндэслээд байгаа тооцооны баримт нь тухайн гэрээний үйлчлэлд хамаарахгүй, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлийг хүлээлцсэн баримт байгаа учраас өөр гэрээний зүйл гэж үзэж байна.

Бараа материал хүлээлгэж өгсөн баримтад М холбоо ТББ-ын нягтлан Б.Т, нярав Д.Амарбаясгалан нар гарын үсэг зурсан. Ямар нэг байдлаар компанийн эд хөрөнгийг хүлээн авах, захиран зарцуулах эрхтэй субъект биш учраас нотлох баримтыг үнэлэх боломжгүй. Б.Т нь тухайн байгууллагаас ажлаас гарсны дараа медаль хүлээн авсан нь нотлох баримтыг үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.

Талуудын хооронд 2 барьцааны гэрээ байгуулагдсан. Ө.Ш тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хадгалуулах юм байна гэж ойлгосон. Хариуцагч Ө.Шгийн зүгээс гэрээний үр дагавраа андуурч, хөнгөмсгөөр хандсаны улмаас гол нөхцөлийг андуурсантай холбоотой барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хариуцагч А.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нөхцөл тогтоогдсон гэж үзэж байна. Хариуцагч нарын хэлж байгаагаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Дахин нэхэмжлэл гаргах хууль зүйн хувьд боломжгүй. Шүүхэд өгсөн баримт бүрийн тайлбар, үндэслэл нь өөр байна. Шагнал хүлээлгэж өгсөн баримт нь гараад ирэхээр дахин нэхэмжлэл өгсөн юм шиг харагдаад байна. Шинээр илэрсэн нөхцөл байдлаар тавигдах шаардлага байхгүй. Тусдаа бие даасан шаардлага гаргаад байгааг үндэслэлгүй гэж харж байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд А.Б 27,960,000 төгрөг төлөх ёстой юм шиг шаардлага гаргасан. Гэрээний оролцогч нь М холбоо ТББ, Б ХХК нар байна. Иймд А.Б хариуцагч байх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар гэрээний үүргийг гүйцэтгүүлэх боломжтой. Гэтэл Б ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний дотор шагналыг нийлүүлэх ёстой байсан. Гэрээний хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаатай. Гэрээний хүчинтэй хугацаанд байрыг барьцаалуулсан. Тодорхой нөхцөлтэй барьцаалуулсан. Монголын залуучуудын холбоо ТББ нь хэн нэгнээс хариу төлбөртэй үүрэг үүсгэх бүрт нь А.Б хөрөнгөөрөө барьцааг хангана гэсэн ойлголт байхгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага болон төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Хариуцагч Ө.Ш сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:

Ө.Ш нь Б ХХК болон М холбоо НҮТББ-ын хооронд байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №001 дугаартай Барьцааны гэрээ-г нэхэмжлэгч Б ХХК-тай байгуулсан байдаг.

Барьцааны гэрээ байгуулах явцад Ө.Ш өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б ХХК-д хадгалуулах нөхцөлтэй гэрээ хийнэ гэж ойлгосон. Гэтэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ хийсэн байх тул барьцаалуулагч Ө.Ш нь бодит нөхцөл байдал дээр барьцааны гэрээний үр дагаврыг буруугаар тооцоолж хөнгөмсгөөр хандаж, тухайн байгуулж буй хэлцлийнхээ агуулгыг эндүүрч хэлцэл хийсэн байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №001 дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

6. Хариуцагч А.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэн А.Б нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №001 дугаартай Барьцааны гэрээ-г М холбоо НҮТББ болон Б ХХК-ийн хооронд байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд тухайн гэрээний үүрэгтэй холбогдох үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 хороо, Зайсангийн гудамж, 21/2 байр, 18 тоот улсын бүртгэлийн Ү-22060214** дугаар бүхий таван өрөө орон сууцыг барьцаалсан.

М холбоо НҮТББ болон Б ХХК-ийн хооронд байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хүчин төгөлдөр хугацаанд зээлээр шагнал нийлүүлэх тал Б ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, талуудын хооронд гэрээтэй холбоотой ямар нэгэн хариу төлбөр төлөх харилцаа үүсээгүй, гэрээ хэрэгжээгүй, гэрээний хүчинтэй хугацаа дуусгавар болж, гэрээ дуусгавар болсон байдаг.

Тухайн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд л талууд хооронд үүссэн үүрэг, түүний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан нэхэмжлэгч А.Б нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан.

Гэвч Монголын залуучуудын холбоо ТББ болон Б ХХК нарын хооронд гэрээ байгуулсан өдрөөс гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу ямар нэгэн шагнал нийлүүлэгдэж, талуудын хооронд өр төлбөр үүсээгүй тул тухайн гэрээний хугацаа дуусгавар болж гэрээ дуусгавар болсон өдрөөс хойш талууд хооронд үүссэн аливаа хэлцэл, гэрээтэй холбогдох үүргийн гүйцэтгэлийг М холбоо ТББ-ын өмнөөс А.Б нь хариуцах, түүнчлэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээгээгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Б ХХК-ийн барьцаанд байгаа Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 21/2 байр, 18 тоот улсын бүртгэлийн Ү-22060214** дугаар бүхий 136.06 м.кв талбайтай таван өрөө орон сууцыг барьцаалбараас чөлөөлж өгөхийг Б ХХК-д даалгаж барьцаа хөрөнгийг барьцаалбараас чөлөөлж өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгч Б ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани М холбоо НҮТББ-ын хүсэлтээр өмнө нь медаль нийлүүлж байсан боловч төлбөрөө аваагүй байсан. Харин тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Ш, ерөнхийлөгч А.М нар 2020 оны 9 дүгээр сараас эхлээд дахин медаль нийлүүлж өгөөч, медаль нийлүүлмэгц өмнө үүссэн өр төлбөрийг бүрэн барагдуулна гэж надад хандаж эхэлсэн. Улмаар Ө.Ш өөрийн байрыг, А.М өөрийн эгчийн байрыг барьцаалуулж, мөнгийг найдвартай төлнө гэж амлаж байсан.

М холбоо НҮТББ-ын хүсэлтээр иргэн Ө.Ш, А.Б нар нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт /18101/ москвагийн гудамж 48а байр 9** тоот, улсын бүртгэлийн Ү-22010366** дугаар бүхий 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 21/2 дугаар байрны 18 тоот, улсын бүртгэлийн Ү-22060214** дугаар бүхий таван өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Чухам барьцааны гэрээ байгуулахыг зөвшөөрч, байгуулсан нь Б ХХК-ийн зүгээс их хэмжээний эрсдэл, зардлыг урьдчилан гаргаж БНХАУ-д медаль захиалж хийлгэх үндэслэл болсон юм.

М холбоо НҮТББ нь медаль тус бүрийн үнийг тухайн үед 30,000 орчим төгрөгөөр тооцож медаль дамжуулан авсан байгууллагаас авдаг байсан. Энэ мөнгө, орлогоороо манай компанид төлөх төлбөрийг барагдуулах бүрэн боломжтой байсан. Гэрээнд заасан үүргээ зөрчиж, холбооны удирдлагаар ажиллаж байсан хугацаандаа, боломжтой үедээ төлбөрөө төлөөгүйн улмаас өнөөдрийн ийм байдалд хүрээд байна.

Барьцааны гэрээнүүдийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, барьцаалагч, барьцаалуулагч талууд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн. Мөн Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дүгээр зүйлд зааснаар ипотек нь үүссэн буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн тэмдэглэгээтэй, улсын бүртгэгчийн дардастай байна.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т зааснаар барьцааны гэрээ нь үндсэн үүрэгтэй хамааралтай. Бараа нийлүүлсэн, үнийг нь төлөөгүй байна. Барьцаа дуусгавар болгох үндэслэл байхгүй.

Ө.Ш нь гэрээнд өөрөө гарын үсэг зурсан. Гэрээний агуулгыг андуурсан, өөр хүсэл зоригтой байсан талаар нотлох баримт байхгүй. Энэ талаараа гомдол гаргаж байгаагүй. Нотариат дээр гэрээгээ батлуулах гээд очиход нь нотариат тайлбарлаж хэлж өгөөгүй гэсэн баримт байхгүй.

Иймд хариуцагч Ө.Ш, А.Б нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

8. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 297,750+140,400 төгрөг төлсөн баримт, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ү-22010366**, Ү-22060214** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №001 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №001 дугаартай Барьцааны гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №001 дугаартай Бараа хүлээлгэж өгсөн акт, П.Ганзориг, А.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/00767 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 974 дугаартай магадлал, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/01 дугаартай Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, хариу тайлбарыг ирүүлсэн.

Хариуцагч М холбоо НҮТББ-аас шүүхэд нотлох баримтаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/212 дугаартай Б.Нарангэрэлд олгосон итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/214 дугаартай хариу тайлбар, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/10 дугаартай Н.Гүнчинсаран, Э.Туул нарт олгосон итгэмжлэл, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/95 дугаартай Итгэмжлэлээс татгалзах тухай албан тоот, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/94 дугаартай Ц.Мөнхбат, Т.Маргад-Эрдэнэ нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, хариу тайлбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаар тогтоолыг ирүүлсэн.

Хариуцагч А.Бгаас шүүхэд нотлох баримтаар А.Эрдэнэтулгад олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн.

Хариуцагч Ө.Шгээс шүүхэд нотлох баримтаар 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б.Ган-Эрдэнэд олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 362,950 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн.

Хариуцагч М холбоо НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Б.Төөс гэрчийн мэдүүлэг авч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр мэйл хаягт үзлэг хийсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу Б ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 001 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хавсралт 01, 02-ыг, хариуцагч М холбоо НҮТББ-аас Б.Тийг ажлаас чөлөөлсөн тушаал, А.Мын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалыг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон А.Б, Ө.Ш нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч М холбоо НҮТББ, А.Б, Ө.Ш нарт холбогдуулан 27,960,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч А.Бгийн зүгээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 21/2 байр, 18 тоот улсын бүртгэлийн Ү-22060214** дугаартай 136,06 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай, хариуцагч Ө.Шгийн зүгээс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №001 дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3. Нэхэмжлэгч Б ХХК шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: М холбоо НҮТББ-тай 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 2100 ширхэг медалийг М холбоо НҮТББ-д 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгч акт үйлдсэн тул медалийн үнэ 27,960,000 төгрөгийг М холбоо НҮТББ-аас гаргуулахаар, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

4. Хариуцагч М холбоо НҮТББ нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 2100 ширхэг медалийн үнэ нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр магадлал байгаа тул дээрх гэрээний дагуу шаардах эрхгүй. Түүнчлэн, дээрх зээлээр худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан М холбоо ТББ-ын ерөнхийлөгч А.Мыг гэрээ байгуулах үед холбооны их хурлаар чөлөөлсөн, гэрээн дээр дарагдсан тамгыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болгосон. Уг үйл баримтууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учир гэрээ хүчин төгөлдөр бус. Хариуцагч 2100 ширхэг медалийг бодитоор хүлээн аваагүй, нэхэмжлэгч авлагатай болохоо нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

5. Хариуцагч Ө.Шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Өмнө нь энэ нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Медалийг хариуцагч Монголын Залуучуудын холбоо ТББ-д хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Нэхэмжлэгч эрхээ буруу хэрэгжүүлж байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй гэж маргав..

 

6. Хариуцагч А.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нөхцөл тогтоогдсон гэж үзэж байна. Хариуцагч нарын хэлж байгаагаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Дахин нэхэмжлэл гаргах нь хууль зүйн хувьд боломжгүй. Б ХХК нь гэрээний хүчинтэй хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул барьцааны гэрээ дуусгавар болж, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах эрх үүсээгүй дуусгавар болсон гэж маргав.

 

7. Хариуцагч Ө.Ш сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ө.Ш нь Б ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний үр дагаврыг буруугаар тооцоолж хөнгөмсгөөр хандаж, тухайн байгуулж буй хэлцлийнхээ агуулгыг эндүүрч хэлцэл хийсэн тул талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №001 дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

8. Хариуцагч А.Б сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: М холбоо НҮТББ болон Б ХХК нарын хооронд байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд Б ХХК үүргээ гүйцэтгээгүй, гэрээний хугацаа дууссан тул барьцааны эрх дуусгавар болсон үндэслэлээр Б ХХК-ийн барьцаанд байгаа Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 21/2 байр, 18 тоот улсын бүртгэлийн Ү-22060214** дугаар бүхий 136.06 м.кв талбайтай таван өрөө орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

9. Нэхэмжлэгч Б ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс А.Б, Ө.Ш нарын сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талуудын хооронд хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан. Гэрээний агуулгыг эндүүрсэн гэх нөхцөл тогтоогдоогүй, түүнчлэн үндсэн үүрэг дуусгавар болоогүй тул барьцаа дуусгавар болгох үндэслэл байхгүй гэж маргасан.

 

10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

10.1. Б ХХК, М холбоо НҮТББ нар 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 001 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б ХХК нь 25,000 ширхэг медалийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийлүүлэх, М холбоо НҮТББ нь нэг бүрийн үнийг 8800 төгрөгөөр тооцож, 220,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээжээ. /хх8-12/

 

10.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б ХХК, М холбоо НҮТББ нар 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №001 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, А.Бгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22060214** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 21/2 дугаар байрны 18 тоот хаягт байрлах 136.06 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ө.Шгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22010366** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт, Москвагийн гудамж, 48 а байр, 9** тоот хаягт байрлах 26.7 мкв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалжээ. /хх13-16/

 

10.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/00767 дугаар шийдвэрээр Б ХХК-ийн М холбоо НҮТББ-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 565,320,720 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. /20-23/

 

10.4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 974 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/00767 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч МЗХ НҮТББ-аас 241,317,920 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 324,002,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 974 дүгээр магадлалын Хянавал хэсэгт:

...Талуудын хооронд хийгдсэн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний хувьд Зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч худалдах-худалдан авах гэрээнд хамаарч байна.

...Уг гэрээгээр 25,000 ширхэг медалийг нийт 220,000,000 төгрөгөөр нэг талаас нийлүүлэх, нөгөө талаас үнийг төлөхөөр тохиролцсон байдаг бөгөөд уг гэрээний 3.5-д худалдагч тал нь шагналыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний дотор худалдан авагч талд хаягийн дагуу хүргэж өгөх гэж худалдагч тал буюу Б ХХК-ийн барааг хүлээлгэн өгөх үүргийг тодорхойлсон боловч энэ үүргээ биелүүлсэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

...Нэхэмжлэгч тал 2100 ширхэг медалийг хариуцагч талд хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлсэн гэх байдлыг нотлоогүй, 2100 ширхэг медалийг БНХАУ-д үйлдвэрлэгдэж, нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа болох нь тус тус нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч нь барааны үнийг шаардах эрхгүй, нөгөө талаас хүлээн аваагүй бараа бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг хүлээхгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч МЗХ нь нийлүүлэгдээгүй барааны үнийг төлөх үүрэг үүсээгүй байх тул 2100 ширхэг медалийн үнэ болох 26,887,600 төгрөгийг Б ХХК-д шаардах эрх үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй...Үндсэн үүрэг буюу барааны үнийг төлөх үүрэг үүсээгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

...Харин нэхэмжлэгч Б ХХК нь дээр дурдсан гэрээнд заасан худалдагчийн үүргээ биелүүлж, бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчид шилжүүлсний дараа хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүний үнийг худалдан авагч МЗХ-ноос шаардах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй гэжээ. /хх24-29/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдэвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/00767 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 974 дүгээр магадлалаар Б ХХК, М холбоо НҮТББ нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 001 тоот Зээлээр худалдах худалдах авах гэрээ болон мөн өдөр байгуулагдсан 001 тоот Барьцааны гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн, уг шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул талуудын хооронд байгуулагдсан Зээлээр худалдах худалдах авах гэрээ болон мөн өдөр байгуулагдсан 001 тоот Барьцааны гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 974 дүгээр магадлалаар нэхэмжлэгч Б ХХК-д шаардах эрх үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, гэрээнд заасан худалдагчийн үүргээ биелүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй талаар дурдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, гэрээ байгуулах үед буюу 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр М холбоо НҮТББ-ын ерөнхийлөгчөөр А.М улсын бүртгэлд бүртгэлтэй байсан, гэрээн дээр дарагдсан 9019110109 дугаартай тамгыг хүчингүйд тооцсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон улсын ахлах байцаагч Д.Эрдэнэчимэгийн 3421 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгоогүй байсан болох нь хэрэгт авагдсан М холбоо НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх Отгон овогтой Гэрэлтод-ыг Ерөнхийлөгчөөр сонгосныг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн талаарх тэмдэглэгээ, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 974 дүгээр магадлалын 3 дугаар талд хариуцагч М холбоо НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, С.Буянхишиг нарын шүүх хуралдаанд гаргасан ...МЗХ-г итгэмжлэлгүйгээр дотоод, гадаадад төлөөлөх эрх бүхий ганц субьект нь холбооны Үндсэн дүрмийн 7.4.7 дахь хэсэгт зааснаар Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.М юм.. гэх тайлбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2023/363 дугаар магадлалаар тогтоогдож байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гэрээ хүчин төгөлдөр бус гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

10.5. Б ХХК, М холбоо НҮТББ нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Иймд хүчин төгөлдөр гэрээний үүргээ биелүүлэхийг худалдагч шаардах эрхтэй.

 

10.6. Хэрэгт авагдсан 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №001 дугаартай Бараа хүлээлгэж өгсөн акт-аар Б ХХК-иас М холбоо НҮТББ-д 18,960,000 төгрөгийн үнэтэй 2080 ширхэг медаль, 9,000,000 төгрөгийн үнэтэй 20 ширхэг хэв, нийт 27,960,000 төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн талаар бичигджээ. /хх18/

 

10.7. Б ХХК-ийг төлөөлж П.Г, М холбоо НҮТББ-ыг төлөөлж Б.Т нар 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж, М холбоо НҮТББ нь 27,960,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлджээ. /хх17/

 

Уг бараа хүлээлгэж өгсөн акт болон тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурсан хариуцагч байгууллагын нягтлан бодогч Б.Т шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ ...Би 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл ажилласан. Намайг ажилд орохоос өмнө медаль ирсэн байсан. Авсан байсан. Шинэ медалийн зүүлт өөрчлөгдсөн байсан. Тооцоо нийлсэн актад зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн гэж мэдүүлсэн.

 

Түүнчлэн, М холбоо НҮТББ-ын ерөнхий нарийн бичгийн даргын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 014 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нягтлан бодогч албан тушаалтай Баттулгын Төгөлдөрийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь тогтоогдсон. Иймд гэрч Б.Тийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзнэ.

 

Хариуцагч М холбоо НҮТББ-ын зүгээс 2100 ширхэг медалийг бодитоор хүлээж аваагүй гэсэн тайлбар гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иймд хариуцагч М холбоо НҮТББ нь 2080 ширхэг медалийн үнэ 18,960,000 төгрөгийг нэхэмжлэгч Б ХХК-д төлөх үүрэгтэй.

 

10.8. Нэхэмжлэгч Б ХХК 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 001 дугаартай Зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний дагуу хариуцагчаас 27,960,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Гэрээний 3.1-т Энэхүү гэрээгээр худалдах авах МЗХ-ны нэрэмжит медалийн нэгжийн үнэ нь 8800 төгрөг буюу 21.00 юаньтай тэнцэх монгол төгрөгөөр тооцоо хийнэ, 3.2.-т Энэхүү үнэнд МЗХ-ны медаль, хайрцаг, үнэмлэх, үнэмлэхний хавтас зэрэг бүтээгдэхүүний өртөг болон медалийн хэвний үнэ, Улаанбаатар хот хүртэлх тээврийн зардал, гаалийн татвар зэрэг нийт төлбөр багтсан болно гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагчаас медалийн хэв өөрчлөгдсөн үндэслэлээр 20 ширхэг хэвний үнэ 9,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч талууд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Зээлээр худалдах худалдан авах гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байх тул 20 ширхэг хэвний үнэ 9,000,000 төгрөгийг хариуцагч М холбоо НҮТББ төлөх үүрэгтэй болох нь тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч М холбоо НҮТББ-аас 18,960,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

11. Хариуцагч Ө.Шгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №001 дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч Ө.Ш Б ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 001 тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б ХХК-д хадгалуулах нөхцөлтэй гэрээ хийнэ гэж ойлгосон. Гэтэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ хийсэн байх тул бодит нөхцөл байдал дээр барьцааны гэрээний үр дагаврыг буруугаар тооцоолж хөнгөмсгөөр хандаж, тухайн байгуулж буй хэлцлийнхээ агуулгыг эндүүрч хэлцэл хийсэн гэж тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т Хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол ноцтой төөрөгдсөн гэж үзнэ гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчийн тайлбар нотлох баримтад хамаарна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/00767 дугаар шийдвэрийн Тодорхойлох хэсэгт:

Гуравдагч этгээд Ө.Ш, түүний өмгөөлөгч И.Хонгор шүүхэд гаргасан тайлбартаа: Б ХХК, М холбоо НҮТББ хоёр хоорондоо 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №001 тоот Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Өлзийпүрэвийн Шинэхүү миний бие өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт /18101/ москвагийн гудамж 48а байр, 9** тоот 26,7 м.кв талбайтай орон сууцыг М холбоо НҮТББ-тай байгуулсан эд хөрөнгө барьцаалуулах, батлан даах гэрээний дагуу Б ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №001 тоот барьцааны гэрээ байгуулан байраа барьцаанд тавьсан. гэх тайлбар гаргасан байна.

 

Иймд Ө.Шг уг Барьцааны гэрээ-г байгуулахдаа ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Ө.Шгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 001 дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Хариуцагч А.Бгийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 21/2 байр, 18 тоот улсын бүртгэлийн Ү-22060214** дугаартай 136,06 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болно гэж заасан.

 

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б ХХК, А.Б нарын хооронд байгуулагдсан 001 тоот Барьцааны гэрээ-ээр Хан-Уул дүүрэг, 15 хороо, Зайсангийн гудамж, 21/2 байр, 18 тоот улсын бүртгэлийн Ү-22060214** дугаар бүхий таван өрөө орон сууцыг барьцаалсан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч М холбоо НҮТББ, Б ХХК-тай байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг биелүүлж дуусгаагүй, барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй байх тул Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 21/2 байр, 18 тоот улсын бүртгэлийн Ү-22060214** дугаартай 136,06 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай А.Бгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар М холбоо НҮТББ нь 18,960,000 төгрөгийг Б ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Ө.Шгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22010366** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Толгойт /18101/, Москвагийн гудамж 48а байр, 9** тоот, 2 өрөө орон сууц, А.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22060214** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо Зайсангийн гудамж 21/2 дугаар байрны 18 тоот, 5 өрөө орон сууцыг тус тус албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн төлсөн 438,150 төгрөг, хариуцагч Ө.Шгийн төлсөн 362,950 төгрөг, хариуцагч А.Бгийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М холбоо НҮТББ-аас 252,750 төгрөг, хариуцагч А.Бгаас 70,200 төгрөг, хариуцагч Ө.Шгээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч М холбоо НҮТББ-аас 18,960,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасан үндэслэлгүй тул Б ХХК, Ө.Ш нарын байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 001 дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Ө.Шгийн сөрөг нэхэмжлэл, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 21/2 байр, 18 тоот улсын бүртгэлийн Ү-22060214** дугаартай 136,06 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай А.Бгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар М холбоо НҮТББ нь 18,960,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ө.Шгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22010366** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Толгойт /18101/, Москвагийн гудамж 48а байр, 9** тоот, 2 өрөө орон сууц, А.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22060214** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо Зайсангийн гудамж 21/2 дугаар байрны 18 тоот, 5 өрөө орон сууцыг тус тус албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн төлсөн 438,150 төгрөг, хариуцагч Ө.Шгийн төлсөн 362,950 төгрөг, хариуцагч А.Бгийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М холбоо НҮТББ-аас 252,750 төгрөг, хариуцагч А.Бгаас 70,200 төгрөг, хариуцагч Ө.Шгээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ