Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2023/02537

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 16

181/ШШ2023/02537

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Ч-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М банк ХХК

 

Хариуцагч: М банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: М банкны дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.Ч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.М,

Хариуцагч М банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж,

Хариуцагч М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б, Г.О нар оролцож,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч М банк ХХК, М ТУЗ холбогдуулан М банкны дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Ц.Ч нь М банк ХХК-ийн дотоод аудитын албаны дарга албан тушаалд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн 18 дугаар тогтоолоор үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

М банкны ТУЗ, түүнийг төлөөлж М.Б 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 04 тоот хөдөлмөрийн гэрээг надтай байгуулсан бөгөөд тус хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар гэрээг 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай байгуулсан болно.

М банкны Төлөөлөх удирдах зөвлөл 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж манай албаны нэр бүхий 5 ажилтныг ажлаас халсан.

М банкны ТУЗ-ийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт М банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1.12, М банкны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.20, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг тус тус үндэслэн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон намайг ажлаас чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгасныг хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

М банк ХХК-д Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн засаг захиргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй, байгуулагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа ажилтантай байгуулсан гэрээг хугацааны хувьд дагаж мөрдөнө гэж заасан. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан талаар маргахгүй.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан хугацаа тоолох журам, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар тухайн хугацаа дуусгавар болох юм бол анх заасан хугацаагаар сунгагдана гэсэн ойлголт байна.

Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д заасны дагуу 1 жилийн хугацаатай байгуулахаар заасан. Энэ үед 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байсан учраас 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан учраас дахин нэг жилийн хугацаатай сунгагдсан. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байсан учраас дахин нэг жилийн хугацаатай сунгагдсан гэж үзэж байна.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаас нэхэмжлэгч хойш ажил үүргээ хийж байсан нь нийгмийн даатгалын лавлагаа, цалингийн тодорхойлолтоор нотлогдоно. Мөн хариуцагчийн гаргаж өгсөн Төлөөлөн Удирдах зөвлөлийн тогтоол нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гарсан гэдэг үйл баримтаар нотлогдоно. Хариуцагчаас ирүүлсэн дээрх бичмэл нотлох баримтуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан нөхцөл байдал бий болсон гэдэг нь тогтоогдсон байна.

Тийм учраас 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр дуусаад 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Тэгэхээр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан учраас цаашид хөдөлмөрийн гэрээ сунгагдсан гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх нөхцөл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар ажил олгогч гэж хуулийн этгээдийг хэлнэ.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу М банкны ТУЗ нь тусдаа хуулийн этгээд биш. Тухайн үед нэхэмжлэл гаргаж байхад Төлөөлөн Удирдах зөвлөл нь бие даасан хуулийн этгээд мөн үү? Иргэний хуулийн 29, 30, 32 дугаар зүйлд заасан хуулийн эрх эдлэх талаар тодорхойгүй байсан.

Гэрч Хулангийн мэдүүлгээр Цалингаа М банк ХХК-иас авдаг нь тогтоогдсон. Тийм учраас энэ асуудал дээр М банк ХХК нь хариуцагч мөн. Томилох, чөлөөлөх асуудал нь Төлөөлөн Удирдах зөвлөлтэй холбоотой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар Төлөөлөн Удирдах зөвлөл хариуцагч биш. Энэ талаар заавал тусгайлан хүсэлт гаргахгүйгээр шийдүүлэх боломжтой.

М банкны ТУЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарлаж байгаагаар Аудитын хорооны үнэлгээ гарсан гэдэг. М банк ХХК-ийн дотоод журмын дагуу улирал тутам ажилтнуудаа үнэлээд урамшуулал олгосон. Нэхэмжлэгч 5 жил ажиллахдаа 90-с дээш оноо авсан. 2020 оны сүүлийн хагас жил гэмтэл авсны улмаас ажиллаагүй. 2022 онд үнэлгээ хийгдэж танилцуулагдсан зүйл байгаагүй. Журмын дагуу 60-с доош үнэлгээ 2-3 удаа дараалан авсан зүйл байхгүй. 90-с дээш үнэлгээ авсан талаарх баримт архивт нь хадгалагддаг.

Аудитын хорооны санал дүгнэлтээр 68 оноогоор үнэлэгдсэн ч гэсэн сахилгын шийтгэл оногдуулах, албан тушаал бууруулах гэсэн 2 санал дүгнэлт үйлдсэн. Энэ дүгнэлтийг танилцуулаагүй. Уг дүгнэлтээр гэрээг дуусгавар дуусгавар болгоно, ажлаас чөлөөлнө гэж шийдвэрлээгүй.

Ц.Ч Аудитын хорооны хуралд оролцсон гэдэг нь гэрээний хугацаа дуусгавар болоход цааш сунгагдахгүй болсон гэж мэдэж байсан гэсэн үндэслэл болохгүй.

Гэрчийн мэдүүлгээс Төлөөлөн удирдах зөвлөл бүрэн өөрчлөгдсөн. Шинэ Төлөөлөн удирдах зөвлөл нь дотоод аудитын албатай хамтран ажиллахгүй гэж шийдвэр гаргасан нь тогтоогддог. Энэ шийдвэр бодит байдал дээр юу болсныг харуулж байгаа.

Хариуцагч тал 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Төлөөлөн удирдах зөвлөл томилогдоогүй байсан гэж тайлбарладаг. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй. Энэ тайлбараар нь аваад үзсэн ч 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааг Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаа тоолох журмын дагуу тооцоход 14 хоног өнгөрсөн. Засгийн газар хэзээ хуралдаж, ямар шийдвэр гаргах нь дотоод асуудал. Өөрсдөө зохион байгуулалтын асуудлаа хариуцах ёстой. Үүнд ямар нэг байдлаар ажилтан буруугүй.

Тийм учраас 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл М банкны ТУЗ томилогдоогүй асуудал Ц.Чд хамаагүй.

Иймд М банкны ТУЗийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр Ц.Ч-ийг ажлаас чөлөөлөх тухай тогтоол үндэслэлгүй гарсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж өгнө үү.

Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/193 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу 2022 оны 01, 02, 03 дугаар саруудын цалин хөлсөөр тооцоход 01 дүгээр сард 6,333,000 төгрөг, 2 дугаар сард 6,297,000, 3 дугаар сард 6,342,000 төгрөгийн цалинтай, үүнийг нэмээд 18,972,000 төгрөг, дундаж цалин 6,324,000 төгрөг, дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу 21 хоногт хуваахаар 1 өдрийн дундаж цалин 301,142.85 төгрөг, нийт 90,644,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч М банк ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь Төлөөлөн удирдах зөвлөл нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг үндэслэлгүй болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан уг маргааны жинхэнэ хариуцагч нь Төлөөлөн удирдах зөвлөл байна.

Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12 болон 26 дугаар зүйлд Банкны Дотоод аудитын нэгж нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулж, ажлын үр дүнгээ Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө хариуцлага хүлээх-ээр заасан буюу Банкны гүйцэтгэх удирдлага болон бусад газар, нэгжүүдээс хараат бус, бие даасан байх талаар зохицуулж өгсөн.

Мөн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаа нь Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн, нэхэмжлэгчийн маргаж буй ажлаас чөлөөлсөн гэх 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр байгаа нь энэхүү маргаанд Монгол Улсын Хөгжлийн банкийг хариуцагчаар татах үндэслэлгүй болохыг илэрхийлж байна.

Иймд М банк ХХК нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргаагүй буюу нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар М банк ХХК-ийг хариуцагчаар тогтоосон шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна гэв. 

 

3. Хариуцагч М банкны ТУЗ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Ч-тай М банк, түүнийг төлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Б нь 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр №04 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Уг хөдөлмөрийн гэрээний 2.7 дахь хэсэгт гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан.

Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу 1 жилийн хугацаа дууссан тул талууд харилцан тохиролцож 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс дахин 1 жилийн хугацаагаар гэрээг сунгасан байдаг.

Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд зааснаар ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний нэг төрөл болохын хувьд хөдөлмөрийн гэрээнд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлын зарчим нэгэн адил үйлчилнэ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №04 тоот хөдөлмөрийн гэрээний хугацааг талууд 1 жилээр харилцан тохиролцож байгуулсан.

Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж, танилцсан үйл баримт, мөн талууд жил бүр хөдөлмөрийн гэрээний биелэлтийг дүгнэж, гэрээг жил бүр сунгадаг байсан нь нэхэмжлэгч тухайн хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсныг хүлээн зөвшөөрснийг харуулж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр дуусах байсан тул хариуцагчаас цаашид сунгахгүй талаарх мэдэгдлийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэгч тухайн мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурсан байдаг.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.5 дахь хэсэгт ажил олгогчийн дараах эрхийг тусгасан. Ажилтны ажлын цагийн ирц болон цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга, ёс зүйн хэм хэмжээ, нууцын баталгааны биелэлт, хариуцлагын байдалд байнгын хяналт тавих, сар улирал жилээр дүгнэх, гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, зөрчил дутагдал гарсан тухай бүрт энэхүү гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу арга хэмжээ авах эрхийг заасан.

Харин гэрээний 4.2 дахь хэсэгт ажилтны дараах үүргийг тусгасан. Гүйцэтгэх ажил, үүрэгтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, Хөгжлийн банкны дотоод журам, нууцын баталгааг мөрдөж, ажил олгогчоос хариуцуулсан ажил, албан тушаалын үүрэгт ажлыг үнэнч шударга, цаг хугацаанд нь хариуцлагатай гүйцэтгэж, эрхэлсэн ажилдаа үр дүнтэй, идэвхи санаачилгатай ажиллаж, байгууллагын эд хөрөнгийг зохистой, хэмнэлтэй зарцуулан гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэн ажиллах үүргийг тусгасан.

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А-1456 дугаар тушаалын хавсралтаар Ажилтны ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийг үнэлэх журам-ыг баталсан. Уг журмын 4.11-т Ажилтан 3 улирал дараалан 70-аас доош үнэлэгдсэн тохиолдолд захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан хэлтэс тухайн ажилтны цалингийн шатлалыг бууруулах, эсхүл сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг гүйцэтгэх удирдлагад танилцуулж, шийдвэрлэнэ. гэж заасан.

Мөн журмын 4.12-т Ажилтан 2 улирал дараалан ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 60 онооноос бага үнэлэгдсэн тохиолдолд мэргэжил, ур чадварын хувьд эрхэлж буй ажилдаа тэнцэж байгаа эсэх талаар банкны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс дүгнэлт гаргаж, гүйцэтгэх удирдлагад танилцуулан ажилдаа тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргах талаар заасан.

Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны үнэлгээгээр нэхэмжлэгчийн ахалж буй дотоод аудитын албаны аудиторууд нь 2020 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр М.Г 61, Б.Д 74, Ц.Э 63, Э.Х 69 үнэлгээг, авсан бол 2021 оны үнэлгээгээр албаны дарга Ц.Ч 68, М.Га 53, Б.Д 71, Ц.Э 50, Э.Х 60 хувийн үнэлгээг авч өмнөх онтой харьцуулахад гүйцэтгэлийн үнэлгээ нь буурсан байдаг.

М банкны ТУЗийн Аудитын хорооны 2022 оны 02 дугаар сарын 18-ны №03 дугаартай дүгнэлтэнд Дотоод аудитын албаны дарга Ч.Чандманийн ажлын гүйцэтгэлд 68 үнэлгээ өгч, дотоод аудитын нэгжийн аудиторууд нь аудит хийж илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар хангалттай арга хэмжээг авч ажиллаагүй гэсэн дүгнэлтийг өгсөн байдаг. Мөн хангалтгүй үнэлгээ авсан аудиторуудыг хууль журмын дагуу сахилгын арга хэмжээ авах, албан тушаал бууруулах эсэх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх саналыг хүргүүлсэн.

М банкны ТУЗийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №14 дүгээр тогтоолоор Ц.Ч-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалт болох Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1-т Гэрээг Хөдөлмөрийн тухай хууль, Хөгжлийн банкны хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээнд заасан үндэслэлээр дуусгавар болгоно. гэж, 6.2. Гэрээг ажил олгогчийн болон Ажилтны санаачилгаар цуцлах бөгөөд энэ тухайгаа цуцлах санаачилгаа гаргасан тал нөгөө талдаа Хөдөлмөрийн тухай хууль болон Хөгжлийн банкны хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу бичгээр нөгөө талдаа мэдэгдэх талаар, 2.8 дахь хэсэгт гэрээний хугацаа дуусахад аль нэг тал нь цуцлах санал тавиагүй, ажилтан ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа бол гэрээний биелэлтийг дүгнэж сунгалт хийнэ гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл талууд гэрээний биелэлтийг дүгнэсний дараа гэрээг сунгахаар харилцан тохиролцсон тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах өдөр болох 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар хөдөлмөрийн гэрээг дүгнээгүй нь хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй байсныг нотолно.

М банкны тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн томилох, чөлөөлөх эрхтэй этгээд нь Төлөөлөн удирдах зөвлөл. Сангийн сайд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөр Төлөөлөн удирдах зөвлөлийг бүхэлд нь чөлөөлсөн. Тиймээс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгаагүй. Үүнээс шалтгаалж бүх шийдвэр дээр гацсан. Улмаар 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн томилогдсон. Төлөөлөн удирдах зөвлөл бүрдээд даргаа томилоод уг асуудлыг шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8-д Гэрээний хугацаа дууссан бол ажилтан ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа бол гэрээний биелэлтийг дүгнэж сунгалт хийнэ гэж байна. Хичнээн хугацаа өнгөрсөн ч гэсэн гэрээний биелэлтийг дүгнэнэ гэж байна.

Аудитын хорооны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар хангалтгүй үнэлгээ авсан, хангалгүй үнэлгээ авсан бол гэрээний хугацаа цааш сунгагдах боломжгүй гэдгийг Ц.Ч захирал мэдэж байсан. Хугацааг сунгахгүй болсон нь гэрээний биелэлтийг дүгнэж гарсан шийдвэр.

Нэхэмжлэгчид 2021 онд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад сунгахгүй талаар мэдэгдэл өгсөн. Үүнийг нэхэмжлэгч гардаж аваад гарын үсэг зурсан. Ковидын нөхцөлөөс болоод хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар шийдвэр гараагүй учраас үргэлжлүүлэн ажилласан.

Иймд Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар М банкны ТУЗийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай Ц.Ч-ийг ажлаас чөлөөлөх тухай тогтоол, 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, гэрээний нэмэлт, өөрчлөлт, нууцын баталгаа, гэрээний сунгалт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, М банкны ТУЗийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай Үндсэн ажилтнаар томилох тухай тогтоол, М банкны ТУЗийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 110 дугаартай Ажилд томилох тухай тогтоолыг ирүүлсэн.

Хариуцагч М банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.Б, Ү.А, Ц.А, Б.Ж нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2/616 дугаартай Б.Ж-д олгосон итгэмжлэлийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагч М банкны ТУЗөөс шүүхэд нотлох баримтаар хариу тайлбар, Хөдөлмөрийн дотоод журам, хавсралт, 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, гэрээний сунгалт, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэл, нууцын баталгаа, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн мэдэгдэл, Монгол Улсын хөгжлийн банк Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/02 дугаартай Аудитын хорооны санал дүгнэлт, Ажилтны ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийг үнэлэх журам, ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийг үнэлэх маягт, Ажилтны ур чадварын үнэлгээний маягт, Нэмэлт ажил, үүрэг даалгаврын биелэлтийн үнэлгээ, Нэгдсэн үнэлгээний маягт, Монгол Улсын хөгжлийн банк Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай Ц.Ч-ийг ажлаас чөлөөлөх тухай тогтоол, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1/1024 дугаартай Г.Оюундарьд олгосон итгэмжлэл, М банкны ТУЗийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг томилох тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 39 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороодын дарга гишүүдийн бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоол, Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх аудитын хорооны Аудитын хорооны ээлжит хурлаар хэлэлцэх асуудал, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2 дугаартай Аудитын хорооны хурлын дэлгэрэнгүй тэмдэглэл, Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаартай М банкны ТУЗийн гишүүнийг чөлөөлөх, бүрэн эрхийг дуусгавар болгох тухай тушаал, Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаартай М банкны ТУЗийн гишүүнийг томилох тухай тушаал, М банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А-21 дугаартай Журам батлах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам, үндсэн ажилтнаар томилох эсэх талаарх саналын хуудас, ажилд томилох эсэх талаарх саналын хуудас, ажил хүлээлцэх баримт, Монгол Улсын хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А-394 дугаартай Цалингийн сүлжээ шинэчлэн батлах тухай тушаал, МУХБ-ны албан тушаалын үндсэн цалингийн сүлжээ, Ц.Ч-ийн 2022 оны сүүлийн 4 сарын цалингийн дэлгэрэнгүй, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1/626 дугаартай Г.Буян, Г.Оюундарь нарт олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр М банк ХХК-иас Ц.Ч-ийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал сар бүл бодогдсон цалингийн задаргааг нотлох баримтаар гаргуулан, Д.Х, Ц.Э нарыг гэрчээр асуусан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ч-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан нөхцөл байдал үүссэн. Гэрээний хугацаа сунгагдсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол үндэслэлгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад Төлөөлөн удирдах зөвлөл томилогдоогүй байсан асуудал нэхэмжлэгчид хамааралгүй. Мөн Аудитын хорооны дүгнэлтээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлээгүй. Иймд М банкны ТУЗийн тогтоол үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны олговорт 90,644,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхээр шаардах эрхтэй гэв.

 

3. Хариуцагч М банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаа нь М банкны ТУЗийн тогтоол, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн, нэхэмжлэгчийг Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор ажлаас чөлөөлсөн тул уг маргааны жинхэнэ хариуцагч нь Төлөөлөн Удирдах зөвлөл юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Хариуцагч М банкны ТУЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд томилогдоогүй байсан. Нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Аудитын хорооны хуралд оролцсон учраас хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад цаашид сунгахгүй болсныг мэдэж байсан, Аудитын хорооны санал дүгнэлт нь гэрээний хугацааг цааш сунгахгүй байх үндэслэл болсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Нэхэмжлэгч Ц.Ч нь М банк ХХК-ийн Дотоод аудитын албаны даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад М банкны ТУЗийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар болон нэхэмжлэгч Ц.Чтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, М банкны ТУЗийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор тогтоогдож байна. /хх4/

 

5.2. М банкны ТУЗийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 8.20-д заасыг үндэслэн Дотоод аудитын албаны дарга Цогтсайханы Чандманьтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

5.3. М банкны ТУЗ, Ц.Чтай 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 1 жилийн хугацаагаар сунгасан болох нь зохигчдын маргаагүй тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний сунгалтаар тогтоогдож байна. /хх5-14/

 

5.4. М банкны ТУЗөөс 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Дотоод аудитын албаны дарга Ц.Чд Монгол Улсын Хөгжлийн банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөр дууссан. Уг гэрээг цаашид сунгахгүй болсныг үүгээр мэдэгдэж байна гэх мэдэгдлийг хүргүүлжээ. /хх66/

 

5.5. М банкны ТУЗийн дэргэдэх Аудитын хорооны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/02 дугаар санал дүгнэлтээр Дотоод аудитын албаны дарга Ц.Чандманийн 2021 оны ажлын гүйцэтгэлийг 68 хувь, дотоод аудитор М.Ганболдыг 53 хувь, Б.Долгорсүрэнг 71 хувь, Ц.Энхтүвшинг 50 хувь, Э.Хуланг 60 хувиар үнэлж, Дотоод аудитын албаны 2021 оны үйл ажиллагааны тайлан, аудиторуудын ажлын тайлантай танилцаад дотоод аудитын нэгжийн аудиторууд нь аудит хийж илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар хангалттай арга хэмжээ авч ажиллаагүй гэж дүгнэж, цаашид аудитаар илэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө гарган Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах, мөн хангалтгүй үнэлгээ авсан аудиторуудыг хууль, журмын дагуу сахилгын арга хэмжээ авах, албан тушаал бууруулах эсэх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлэх санал гаргажээ./хх67-72/

 

5.6. Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн М банкны ТУЗийн гишүүнийг чөлөөлөх, бүрэн эрхийг дуусгавар болгох тухай 45 дугаар тушаалаар М банкны ТУЗийн нэр бүхий гишүүдийн өөрсдийн гаргасан хүсэлтийн дагуу тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, улмаар Төлөөлөн удирдах зөвлөл нь цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон үндэслэлээр Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг бүрэлдэхүүнээр нь тушаал гарсан өдрөөр тасалбар болгон дуусгавар болгожээ. /хх194/

 

5.7. Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаар М банкны ТУЗийн гишүүнийг томилох тухай тушаалаар М банкны ТУЗийн гишүүдийг томилжээ./хх195/

 

5.8. М банкны ТУЗийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг томилох тухай 10 дугаар тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Ж.Ганбатыг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс томилжээ./хх190/

 

6. Нэхэмжлэгч Ц.Ч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй талаарх гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэх үндэслэлээр 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцсэн байна.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлийг заасан.

М банкны ТУЗ, Ц.Ч нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 04 тоот хөдөлмөрийн гэрээний 2.7-д Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 1 жилийн хугацаатай байгуулав, 2.8-д Гэрээний хугацаа дуусахад аль нэг тал нь цуцлах санал тавиагүй, ажилтан ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа бол гэрээний биелэлтийг дүгнэж, сунгалтыг хийнэ гэж заажээ.

 

Талууд 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрээний хугацааг ахин 1 жилийн хугацаагаар сунгасан байх бөгөөд гэрээний хугацаа дууссан 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш гэрээний аль нэг тал цуцлах санал гаргаагүй байна.

 

Улмаар нэхэмжлэгч Ц.Ч 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан, ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед гэрээний харилцааг дуусгавар болгох санал гаргаагүй, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэн төлж, баталгаажуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.3.-т зааснаар уг гэрээг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгагдсан гэж үзнэ.

 

8. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1-т Гэрээг Хөдөлмөрийн тухай хууль, Хөгжлийн банкны дотоод журам болон энэхүү гэрээнд заасан үндэслэлээр дуусгавар болгох буюу цуцална гэж заажээ.

 

Гэвч хэрэгт авагдсан баримтаар хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн болох нь тогтоогдоогүй, Аудитын хорооны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/02 дугаар санал, дүгнэлтэд нэхэмжлэгч Ц.Чтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад цаашид сунгахгүй болсон талаар тусгагдаагүй байна.

 

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А-145б тушаалаар батлагдсан Ажилтны ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийг үнэлэх журам-ын 1.4-т Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг улирлын урамшуулалт цалин олгох, ажилтныг сургах, хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, цалингийн шатлал, албан тушаал өөрчлөх, ажилтанд зориулсан хөнгөлөлт, тусламжид хамруулах, шагналт тодорхойлох, ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор хийх-ээр заасан байна. /хх73-81/

 

Уг журмаар үнэлгээний босго оноог 70 оноо байхаар заасан байх ба ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 2 улирал дараалан 70 онооноос бага байгаа тохиолдолд тухайн ажилтны харъяалах удирдлага болон Захиргаа хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, ажилтан хамтарсан уулзалт зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнгийн талаар хэлэлцэх ба ажилтны ажлын гүйцэтгэлийг сайжруулахтай холбоотой тусгайлсан ажлын төлөвлөгөө болон шаардлагатай тохиолдолд сургалт, хөгжлийн төлөвлөгөө гаргах, ажилтан 3 улирал дараалан 70-аас доош оноогоор үнэлэгдсэн тохиолдолд Захиргаа хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, тухайн ажилтны цалингийн шатлалыг бууруулах, эсхүл сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг Гүйцэтгэх удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэхээр заасан байна.

 

Иймд Аудитын хорооны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/02 дугаар санал, дүгнэлтээр нэхэмжлэгч Ц.Чтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн гэж үзэх үндэслэлгүй, уг дүгнэлтэд Ц.Чандмантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад цаашид сунгахгүй талаар тусгаагүй, нэхэмжлэгч Ц.Ч-ийг Аудитын хорооны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралд орсноор хөдөлмөрийн гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй болсныг мэдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Сангийн сайдын тушаалаар М банкны ТУЗийн бүрэн эрхийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болгосон учраас шийдвэр гаргах эрх бүхий этгээд томилогдоогүй байсан, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд шинээр томилогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажил үүрэгтэйгээ танилцсан, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж тайлбарласан.

 

Гэвч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад эрх бүхий этгээд томилогдоогүй байсан, улмаар эрх бүхий этгээд томилогдсоноос хойш 14 хоногийн хугацаанд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тогтоолоо гаргаагүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, М банкны ТУЗийн даргаас 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад цаашид сунгахгүй талаарх мэдэгдлийг хүргүүлсэн боловч ажилтан ажил үүргээ гүйцэтгэсээр байсан, аль нэг талаас цуцлах санал тавиагүй гэрээ ахин 1 жилийн хугацаагаар сунгагдсан учраас дээрх мэдэгдэл үр дагавар үүсгэхгүй.

 

10. Нэхэмжлэгч Ц.Ч М банкны ТУЗийг ажлаас чөлөөлсөн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг гаргасан, хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндэслэлээр хариуцагчаар тодорхойлсон.

 

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12.-т зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь банкны дотоод аудитын нэгжийг гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар зохион байгуулж, түүний төсөв, орон тоог батлах, ажилтныг томилох, цалин, урамшууллын хэмжээг тогтоох бүрэн эрхтэй байна.

 

Түүнчлэн, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Хөгжлийн банк нь төлөөлөн удирдах зөвлөлийн шууд удирдлагад үйл ажиллагаа явуулах дотоод аудитын нэгжтэй байна гэж заажээ.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ., 26.1-т Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно. гэж тус тус заасан.

 

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд зааснаар Дотоод аудитын нэгж нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шууд удирдлагад үйл ажиллагаа явуулж байгаа нь Төлөөлөн удирдах зөвлөлийг Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч банкнаас тусдаа бие даасан хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээх чадвар, чадамжтай гэж үзэх үндэслэлгүй.

Иймд М ТУЗ холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн М банкны ТУЗийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоол үндэслэлгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ч-ийг Монгол Улсын Хөгжлийн банкны Дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

12. Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу Ц.Чандманийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагч М банк ХХК-иас гаргуулах үндэслэлтэй.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу нэхэмжлэгч Ц.Чандманийн сарын дундаж цалинг тодорхойлох 2022 оны 1, 2, 3 дугаар сард авсан цалингаар тодорхойлоход 1 сарын цалин 6,324,000 төгрөг /6,333,000+6,297,000+6,342,000=18,972,0003/, 1 өдрийн цалин 301,143 төгрөг /6,324,00021/ байна.

 

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажлын 309 хоногоор тооцоход 93,053,187 төгрөг боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр буюу 90,644,000 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулан олгох үндэслэлтэй.

 

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Чандманийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч М банк ХХК-д даалгах нь зүйтэй.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Чандманийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, М банк ХХК-аас 681,370 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ч-ийг М банк ХХК-ийн Дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, М банк ХХК-иас олговорт 90,644,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Чд олгож, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, бичилт хийхийг М банк ХХК-д даалгаж, М ТУЗ холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Чандманийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, М банк ХХК-аас 681,370 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ