Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2023/02854

 

 

 

 

 

2023 09 15

181/ШШ2023/02854

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.О-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, 2,850,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагч Б.О , түүний өмгөөлөгч Д.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг тэмдэглэл хөтлөв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А нь хариуцагч Б.О ийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, түүнээс 2,850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Эдгээр шаардлагынхаа үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ...нэхэмжлэгч П.С  нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Х-100 айл гудамж, 2 дугаар байр, 05 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий орон сууцыг 2006 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006995 дугаарт бүртгүүлэн хууль ёсоор өмчилсөн.

П.С  нь Б.У т уг орон сууцыг сарын 190,000 төгрөгийн төлбөртэйгээр 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаагаар хөлслүүлэхээр 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, түүний эзэмшилд шилжүүлсэн бөгөөд өөрөө одоо АНУ-д сурч амьдарч байгаа болно.

Гэтэл Б.У нь уг орон сууцыг өмчлөгч П.С ын зөвшөөрөлгүйгээр хариуцагч Б.О ийн эзэмшилд шилжүүлсэн болохыг 2022 оны 7 дугаар сард мэдээд, улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 3800 дугаар тогтоолоор иргэний эрх зүйн шинжтэй асуудал гэж дүгнэн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Хариуцагч Б.О нь өмчлөгч П.С той Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулаагүй, өмчлөгч бус атлаа уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж одоог хүртэл чөлөөлж өгөхгүй байгаагийн улмаас П.С ын өмчлөх эрх зөрчигдөж байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Х-100 айл гудамж, 2 дугаар байр, 05 тоотод байрлах орон сууцыг хариуцагч Б.О ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү. ...

1.2. ...Б.У нь уг орон сууцыг хариуцагч Б.О д 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс шилжүүлж өгсөн ба энэ өдрөөс өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа тул бид орон сууцаа хөлсөлж олох ёстой байсан орлого болох 2,850,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. ... гэжээ.

 

2. Хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

2.1. ...хариуцагчаар миний ээж Г.Б оролцох шаардлагатай. Миний ээжийн аав болох Ш.Гэндэнсамбуу нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айлын 2 дугаар байр, 05 тоот орон сууцыг олон хүүхэдтэй өрх толгойлсон гэж ээжид маань худалдан авч өгснөөр бид амьдрах болсон. 2018 оноос Б.У гэх эмэгтэй манай байрыг замаск худалддаг хүнд хөлсөлж байхыг 2021 онд олж мэдээд ээждээ хэлсэн. Мэдсэн даруй ээж маань орон сууцны 3 дугаар контор луу орж миний байрыг надад мэдэгдэхгүй өөр хүн дур мэдэн эзэмшиж ашиглаад байгаа талаар хүсэлт гомдол гаргаж эхэлсэн. Орон сууцны 3 дугаар конторын нягтлан ийм асуудал зөндөө байдаг юм, одоо түрээслээд, худалдаад Энхболд та 2 хуваагаад авахгүй юу гэж хэлсэн. Ингэж анх Ц.Э гэдэг хүн авсныг мэдсэнээс хойш хандаагүй, яваагүй газар байхгүй. Б.У ийн хөлсөлж байсан н.Ерөөлт гэх залуутай ээж маань уулзаад хүү минь ээ, эгч нь байраа авъя гэхэд суллаад өгсөн учраас байраа хууль бус эзэмшлээс авсан юм. Сүхбаатар дүүргийн 10 хорооны Засаг даргын тодорхойлолтоор ээжийг маань уг хаягт 1970-2002 онд оршин сууж байсныг нотолно. Ээж маань одоо 77 настай, 2002 оноос /56 настайдаа/ бөөрний дутагдал өвчний улмаас том ахынд асаргаанд амьдардаг байсан. Гэхдээ байраа үргэлж эргэж тойрч байсан юм.

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг биднийг амьдарч байхад 1999 онд Ц.Э хувьчилж аваад бэлэглэлийн гэрээгээр 3 удаа шилжүүлж, 2006 онд П.С-д Худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байх юм. Эдгээр нь бусдын амьдарч байсан буюу миний ээжийн байрыг хууль бусаар өмчлөөд, нууцаар дамжуулж шилжүүлсээр байгаад П.С-д худалдсан болохыг нотолж байна. П.С  гэдэг хүн өмчлөгч гэдгийг намайг эрүүгийн хэрэгт гомдол гаргаж шалгуулахад сонсож мэдсэн. Гэхдээ П.С  нь өөрөө Монгол Улсад байхгүй хэрнээ цагдаа, шүүхээр яваад намайг шалгуулаад байдаг эрх дархтай хүн байна. Ээж бид хоёр амьдарч байсан байраа дурын этгээдүүдээр дээрэмдүүлж хохирсоор байна. Эдгээр хүмүүст маш их гомдолтой байна. ...

2.2. ...бид өөрсдийн байрны түлхүүрийг Б.У ийн хөлсөлж байсан хүнээс 2022 оны 7 сард авсан. Уг байранд хүн амьдрах нөхцөл бололцоо байхгүй. Бид 2002 оноос хойш амьдраагүй. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас одоо буулгаж, шинээр барилгажуулах гэж байгаа. Байрны түлхүүрийг авснаас хойш хүн амьдрах болон бусад зориулалтаар хөлсөлж орлого олсон зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэлийн хуулбар, улсын бүртгэлийн Ү-2203006995 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Х-100 айл хороолол, 2 дугаар байрны 05 тоотод байршилтай, 18 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Б.У тэй байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө хөлслөх гэрээний хуулбар, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Хохирогчоор тогтоох тогтоолын хуулбар, хохирогч П.А , гэрч Б.У , Б.О нараас мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийн хуулбар, Сүхбаатар дүүргийн прокурорын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 3800 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар /хх 3-17, 55, 71/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга /үүрэг гүйцэтгэгч/-ын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 845 дугаартай тодорхойлолт, өмгөөлөгч Д.Б тай байгуулсан 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, иргэн М.Ганболд, Я.Эрдэнэчимэг, С.Бадамханд, Д.Хоролмаа, Б.Бадмаа нарын тус шүүхэд бичгээр гаргасан тодорхойлолтууд, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/122 дугаар Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах тухай, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/536 дугаар Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай захирамжийн хувилсан хувиуд, тухайн орон сууцны гадна байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 27, 62-69, 72-75, 83-88/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчийн гаргасан хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2022/17504 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Х-100 айл гудамж, 2 дугаар байр, 05 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203006995 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн талаарх түүхчилсэн лавлагааг холбогдох баримтуудын хамт /хх 36-50/ шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

Шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006995 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Х-100 айл хороолол, 2 дугаар байрны 05 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч Б.О ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд ийнхүү хууль бус эзэмшилд байснаас олох ёстой байсан орлого 2,850,000 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

 

2. Хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...уг орон сууц нь миний эх Г.Б ынх бөгөөд бид 1970-2002 он хүртэл амьдарч байсан. Гэтэл орон сууцны өмчлөх эрхийг нууцаар, хууль бусаар дамжуулан шилжүүлсээр П.С ын өмчлөлд бүртгэсэн байна. П.С  нь өөрөө Монгол Улсад байхгүй хэрнээ цагдаа, шүүхээр намайг шалгуулаад байдаг эрх дархтай хүн. 2018 оноос Б.У гэх эмэгтэй манай орон сууцыг барилгын материал худалддаг хүнд хөлсөлж байхыг 2021 онд олж мэдсэн. Ингээд 2022 оны 7 сард хөлсөлж байсан н.Ерөөлт гэх залуутай ээж маань уулзаад орон сууцаа суллаж авсан. Бид түлхүүрээ авснаас хойш хүн амьдрах болон бусад зориулалтаар хөлсөлж орлого олсон зүйл байхгүй. ... хэмээн тайлбарлаж байна.

 

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, үлдэх 2,850,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна. гэж заасан.

 

Төлөөлөгч П.А нь төлөөлүүлэгч П.С -с 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бичгээр олгосон итгэмжлэлийн дагуу дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд мөн 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бичгээр олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож бүрэн эрхээ хэрэгжүүлжээ. /хх 5-6, 55/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. ... гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч болох этгээдийг өөрөө тодорхойлох ба мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан хариуцагчийг солих ажиллагаа нь гагцхүү нэхэмжлэгчийн хүсэлт, зөвшөөрлөөр явагддаг болно.

 

Иймээс хариуцагчаар Б.О ийг тодорхойлж, түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

 

3.2. Нэхэмжлэгч П.С  нь Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Х-100 айл хороолол, 2 дугаар байрны 05 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006995 дугаарт бүртгэгдэж, өмчлөх эрхийн 000195327 тоот гэрчилгээ олгогджээ. /хх 7/

Үүнээс өмнө уг орон сууц Ц.Э , Г.Т , Ц.Сувд, Н.С нарын өмчлөлд ээлж дараалан бүртгэлтэй байсан бөгөөд П.С  нь 2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр өмнөх өмчлөгч Н.С ээс 10,500,000 төгрөгөөр худалдан авсан байна. /хх 9, 35-50/

 

Нэхэмжлэгч П.С нь орон сууцны үнийг төлж, Орон сууц худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр өмчлөх эрхийг олж авсан нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн байх ба түүнийг орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006995 дугаарт бүртгэсэн бүртгэл өнөөдөр Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар үнэн зөв гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгч П.С ын өмчлөх эрхийг хууль ёсных гэж үзэх үндэслэлтэй тул тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

3.3. Хариуцагч Б.О нь өөрийн эх Г.Б ыг уг орон сууцны өмчлөгч гэж тайлбарлаж, өмчлөх эрх нэр бүхий хүмүүст хууль бусаар очсон гэж маргаж байгаа боловч энэхүү татгалзал нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Хэрэв ийнхүү эрхээ зөрчигдсөн гэж үзсэн бол уул эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл мэдсэн даруйд Цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргах боломжтой байсан ба эдгээр арга хэмжээг авсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. ... гэж заасан тул П.С ыг шударга өмчлөгч гэж үзнэ.

 

Уг орон сууц хариуцагч Б.О ийн эзэмшилд байгаа талаар маргаагүй бөгөөд тэрээр тухайн орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаагаа шүүхэд нотлоогүй, нэхэмжлэлд үндэслэл бүхий татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч буюу өмчлөгч П.С ын шаардлагаар хариуцагч буюу хууль бус эзэмшигч Б.О ийн эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006995 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Х-100 айл хороолол, 2 дугаар байрны 05 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг чөлөөлөх үндэслэлтэй тул энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3.4. Харин нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч П.С нь Б.У тэй 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр хөлслүүлэгч П.С нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006995 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Х-100 айл хороолол, 2 дугаар байрны 05 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг зориулалтын дагуу 2018 оны 8 дугаар сарын 02-ноос 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд хөлслөгч Б.У ийн эзэмшилд шилжүүлэхээр, хөлслөгч нь сард 190,000 төгрөг /улиралд 570,000 төгрөг/-ийн хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 8/

Гэвч гэрээний хугацаа цаашид сунгагдсан эсэх нь тодорхойгүй, тэрчлэн хариуцагч Б.О ийн эзэмшилд шилжих үед тухайн орон сууцыг Б.У нь дээрх гэрээний дагуу хариу төлбөртэйгээр эсхүл өөр бусад харилцааны үндсэн дээр хариу төлбөргүй эзэмшиж байсан эсэх талаарх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт Эд юмсын төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон буюу эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмсын үр шим байна. гэж,

мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ. гэж тус тус заасан.

 

Хариуцагчийн ...2002 оноос хойш уг орон сууцад хүн амьдрах нөхцөл алдагдсан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас одоо буулгаж, шинээр барилгажуулах гэж байгаа... гэх тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй ба үүнээс дүгнэвэл орон сууцны зориулалтаар эзэмшиж ашиглах, өөр бусад байдлаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжтой гэх байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн эзэмшилд байх хугацаанд тухайн хөрөнгөөс орлого олсон, олох ёстой байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,850,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн хуваарилсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.С ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006995 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Х-100 айл хороолол, 2 дугаар байрны 05 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч Б.О ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН