Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2023/02090

 

 

 

 

 

 

 

2023 12 01 210/МА2023/02090

 

 

П.С-гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/02854 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.С-гын хариуцагч Б.О-д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, олох байсан орлого 2,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч П.С нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Х-100 айл гудамж, 2 дугаар байр, тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий орон сууцыг 2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгүүлэн хууль ёсоор өмчилсөн. П.С нь Б.У-т уг орон сууцыг сарын 190,000 төгрөгийн төлбөртэйгээр 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаагаар хөлслүүлэхээр 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, түүний эзэмшилд шилжүүлсэн бөгөөд өөрөө одоо АНУ-д сурч амьдарч байгаа болно. Гэтэл Б.У нь уг орон сууцыг өмчлөгч П.С-гын зөвшөөрөлгүйгээр хариуцагч Б.О-ийн эзэмшилд шилжүүлсэн болохыг 2022 оны 07 дугаар сард мэдээд, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хариуцагч Б.О нь өмчлөгч П.С-той эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулаагүй, өмчлөгч бус атлаа уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж одоог хүртэл чөлөөлж өгөхгүй амьдарч, П.С-гын өмчлөх эрхийг зөрчиж байна. Иймд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Х-100 айл гудамж, 2 дугаар байр, тоот од байрлах орон сууцнаас хариуцагч Б.О-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. Мөн Б.У нь уг орон сууцыг хариуцагч Б.О-д 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс шилжүүлж өгсөн ба энэ өдрөөс өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа тул бид орон сууцаа хөлсөлж олох ёстой байсан орлого болох 2,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Өвөө болох Ш.Г нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айлын 2 дугаар байр, тоот орон сууцыг манай эхГ.Б т худалдан авч өгснөөр бид амьдрах болсон. 018 оноос Б.У нь өөр этгээдэд орон сууцыг хөлсөлж байхыг 2021 онд олж мэдсэн. Тухайн орон сууцны конторт хандахад Ц.Э амьдарч байсан. Ингээд орон сууцыг буцаан авсан. Сүхбаатар дүүргийн 10 хорооны Засаг даргын тодорхойлолтоор эхГ.Б оршин сууж байсныг нотолно. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг биднийг амьдарч байхад 1999 онд Ц.Э хувьчилж аваад бэлэглэлийн гэрээгээр 3 удаа шилжүүлж, 2006 онд П.Солонгод худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Эдгээр нь бусдын амьдарч байсан буюу миний эхийн орон сууцыг хууль бусаар өмчилж, нууцаар дамжуулж шилжүүлсээр байгаад П.Солонгод худалдсан болохыг нотолж байна. П.С нь өмчлөгч болохыг эрүүгийн хэрэгт гомдол гаргаж шалгуулахад сонсож мэдсэн. Манай эх, бид хоёр амьдарч байсан орон сууцаа бусдад алдаж хохирсоор байна. Бид өөрсдийн орон сууцны түлхүүрийг Б.У ийн хөлсөлж байсан хүнээс 2022 оны 07 дугаар сард авсан. Бид 2002 оноос хойш амьдраагүй. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас одоо буулгаж, шинээр барилгажуулах гэж байгаа. Байрны түлхүүрийг авснаас хойш бусад хөлсөлж орлого олсон зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.С-гын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Х-100 айл хороолол, 2 дугаар байрны тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч Б.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Улмаар Б.У нь уг орон сууцыг Б.О-д шилжүүлэх хүртэл түрээслэж байсан талаар цагдаад өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан байхад түрээсийн орлого олсон эсэх талаарх үйл баримт тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий орон сууцыг өмчлөгч П.С нь Б.О-д шилжүүлээгүй харин уг орон сууцыг хөлслөгч Б.У нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Б.Оюун- Эрдэнэд шилжүүлснээр хууль бус эзэмшлийн асуудал үүсэж, П.С нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардсан. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсгийг хэрэглэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд олох ёстой байсан үр шимийг төлөх үүрэг хүлээж, олох байсан орлого 2,850,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ гэж үзэж байна. Иймд олох байсан орлогод 2,850,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үγ гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Би уг орон сууцыг хөлсөлсөн гэх ямар ч баримт байхгүй. Дээвэр нь унаад, хаалгагүй болчихсон байрыг намайг ашигласан гэж гүтгэж, хүч хэрэглэсэн. Б.У надад орон сууцны түлхүүр өгөөгүй. Б.У нь өөр хүнд тус орон сууцыг түрээсэлдэг байсан ба Б.У ийн ачаа зөөгч нь манай лангуун дээр түлхүүрийг авчирч өгсөн. 1970-2002 он хүртэл миний ээж уг орон сууцанд амьдардаг байсан. Би энэ байранд өсөж торнисон. П.С манай байрыг конторын даргын жолоочид нь өгөөд, жолооч нь цааш ах, дүү нартаа дамжуулсан байсан. Байрны даргын жолоочийн эхнэр нь нягтлан бодогч нь байсан болохоор та нар өөрсдөө учраа ол гэж хэлсэн. Энэ байрыг хөлсөлж мөнгө авсан зүйл байхгүй. Миний хувьд 2,850,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь миний эхГ.Б ыг хамтран хариуцагчаар татах гомдол, санал хүсэлтийг хүлээж аваагүй. Уг байранд миний эх айл болсон цагаас хүүхдүүдийн хамтаар амьдарч байгаад уурын зуухны утаа тоос тортгоос болоод хүн амьдрах орчин нөхцөлгүйн улмаас өөр газар амьдарсан байдаг. 1970-2002 оны хүртэл амьдарч байсныг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогддог. 100 айлын цагаан байрыг дахин төлөвлөлтөд орж шинээр баригдахыг хүлээж байсан. Эхийн хувьд уг байраа өөрийнх гэж бодож байсан боловч Ц.Э нь биднийг амьдардаг болохыг мэдсээр байж бэлэглэлээр аваад эгч, дүү нартаа бэлэглэж явсаар байгаад Н.С-д худалдсаныг хариуцагчаар татагдсанаас хойш мэдсэн. Мөн тухайн байрны оршин суугчид эхийнх гэдгийг нотолсон нотлох баримтыг шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүйгээр зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээнд үндэслэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.У манай байр гэдгийг мэдээд түлхүүрийг өгсөн. Б.У болон Ц.Э нараас мэдүүлэг аваагүй өмчийн асуудлыг шийдээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хөлслөгч Б.У тус байрыг 10 гаруй жил хөлсөлж байгаа. Б.О шүүхийн шийдвэр гарчихсан, байраа авна гээд орон сууцны түлхүүр авсан байсан. Би түлхүүрээ авах гэтэл надад өгөхгүй байсан тул цагдаа дуудсан. Цагдаа дуудсан чинь манай ээж тоотоо андуурчихсан байна гэхээр нь Б.У ийг дуудсан. Б.У , Б.О нар нэг нэгнийгээ таньдаг хүмүүс байсан. Бид дараа нь цагдаад хандаад байраа авмаар байна, одоо хөлсөлж байгаа хүнээ дууд гэхэд 100 айлд барилгын материал худалддаг н.Ариунаа гэж хүн ирээд манайх 20,000,000 төгрөг өгөөд энэ орон сууцанд бүх барилгын материалаа оруулаад тавьчихсан гэхээр нь шүүхэд хандсан. Б.О 1970 онд тус орон сууцанд амьдардаг байсан гэх боловч 1970 онд улсаас үнэгүй орон сууц өгдөг байсан. 1997 онд өмч хувьчлалаар бүртгэгдээд, 1999 онд орон сууцны гэрчилгээ авсан тул Б.О 2002 он хүртэл амьдарч байсан гэх ямар ч баталгаа байхгүй. Өмч хувьчлалыг тухайн байранд амьдарч байгаа иргэний бичиг баримтыг үндэслэж олгодог байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч П.С нь хариуцагч Б.О-д холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Х-100 айл хороолол, 2 дугаар байр, тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Б.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд хууль бус эзэмшилд байснаас олох ёстой байсан орлого 2,850,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч болсон тул Б.О-ийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...миний эх айл гэр болсон цагаас хойш уг орон сууцанд амьдарч байсан нь Засаг даргын тодорхойлолтоор нотлогдох бөгөөд эх өөрийн орон сууц гэж бодож байсан боловч Ц.Э нь бусдад бэлэглэж, бэлэглэгч нар нь Н.С-д худалдсан, эхГ.Б нь энэ хэргийн хариуцагч, би хариуцагч биш гэж үгүйсгэн маргасан.

4. Талууд маргаан бүхий орон сууцыг бодитоор хэн эзэмшиж, ашигласан үйл баримтад маргаагүй. Харин уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл хууль ёсны эсэх асуудал маргааны зүйл болжээ.

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах үйл баримтуудыг зөв тогтоосон. Үүнд:

5.1. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд маргаан бүхий Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Х-100 айл хороолол, 2 дугаар байр, тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий орон сууцыг 1999 онд төрөөс хувьчлан өмчлөгчөөр анх Ц.Э ыг бүртгэж, дараа нь Г.Т, Ц.С Н.С нар өмчлөгчөөр бүртгэгдэж байжээ. /хх-9/

5.2. 2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр П.С нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-7/

6. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасан тул нэхэмжлэгч П.С нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

6.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэл болгож шаардах эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх ёстой. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдсон учраас шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

6.2. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн уг шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч Б.О-ийг орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

6.3. Хариуцагч тайлбар болон давж заалдах гомдлын үндэслэлдээ хариуцагчийн эхГ.Б ыг уг орон сууцны өмчлөгч гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн татгалзлыг үнэн зөв гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой байсан орлого 2,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

7.1. Хэрэгт авагдсан нотлох баримтыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэвэл П.Солонго, Б.У нарын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээг Б.О тэй байгуулаагүй, түүнтэй ямар нэгэн гэрээний үүрэг үүсээгүй байх тул тухайн хөрөнгөөс олох ёстой байсан орлого үр шимийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/02854 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 60,550 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН