Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 133/ШШ2023/00323

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 133/ШШ2023/00323

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ....... аймгийн ..........багийн Ерөнхий боловсролын сургуулийг төлөөлөн .......... аймгийн Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлтэй

хариуцагч: С.Г-д холбогдох

гэм хорын хохирол 3,511,612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 17ы өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор Л.Г, хариуцагч С.Г, түүний өмгөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

Нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Л.Б болон иргэдийн төлөөлөгч Б.Х нар нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцогчийн ирцтэй холбогдуулан прокурор Л.Г, хариуцагч С.Г, түүний өмгөөлөгч Х.Э нар нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд 100 дугаар зүйлийн 100.2, 100.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч болон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Байгууллагад учруулсан гэм хорын хохирол 3,511,612 төгрөг гаргуулах тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл: .... аймгийн Засаг дарга С.Г нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаартай захирамжаар ....... аймгийн ............ сумын ..........бага сургуулийн захирлаар ажиллаж байсан Л.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байна. Л.Б нь засаг дарга С.Г-н дээрх захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай шийдвэрээр ... аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаартай захирамжийг хүчингүй болгож Л.Б-г ........ аймгийн ............ сумын ..........бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны 3,511,612 төгрөгийг ............ сумын ..........бага сургуулиас гаргуулж түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай шийдвэрийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ............ сумын ..........бага сургуулиас 3,511,612 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна. Албан тушаалтны хууль бус үндэслэлгүй шийдвэрийн улмаас төрд 3,511,612 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 3,511,612 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Дээрх цаг хугацаанд гэм хор учирсан буюу шаардах эрх үүссэн байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 103.1-д "Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж хуульчилсны дагуу захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр төлүүлэх хууль зүйн боломжтой байна. Хариуцагч төрийн албан хаагч С.Г нь албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас иргэн Л.Б-н хөдөлмөрлөх эрх зөрчигдөж түүнд хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага нөхөн олговор байдлаар төсвөөс төлж арилгасан, ингэснээр тухайн захиргааны байгууллагад гэм хор учирсан бөгөөд уг хохирлыг нэхэмжлэгчээс шаардаж байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан урьдчилсан нөхцөл хангагджээ. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “5.1.Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэж заасныг тус тус зөрчиж төрийн алба хаагч С.Г нь хууль дээдлэх, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж түүний хууль бус шийдвэрийн улмаас иргэн Л.Б-н хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол буюу хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, цалин болон эрүүл мэнд, даатгалын бичилт тасалдсан буюу хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгасан ба хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой байх тул Л.Б-д олгосон ажилгүй байсан хугацааны цалин 3,511,612 төгрөгийг С.Г-с гаргуулж, ...... аймгийн ............ сумын ..........бага сургуульд олгох хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашигсонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж заасны дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн

31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд С.Г-с гэм хорын хохиролд 3,511,612 төгрөгийг гаргуулж ......... аймгийн ............ сумын ..........бага сургуульд үндсэн үйл ажиллагааны данс болох ........... тоот дансанд оруулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн тайлбар: ........... аймгийн Прокурорын газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь: С.Г-с гэм хорын хохиролд 3,511,612 төгрөгийг гаргуулж ..... аймгийн ............ сумын ..........бага сургуульд үндсэн үйл ажиллагааны данс болох ........ тоот дансанд оруулж өгнө үү гэжээ. Хариуцагч ........ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Г миний бие 2016 оноос 2019 оны хооронд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа ............ сумын ..........бага сургуулийн захирал Л.Б-г 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Боловсролын газраас санал нь орж ирээд Нийгмийн бодлогын хэлтсээр дамжуулаад захирамжийн төсөл дээр дэмжигдэж гарын үсэг зурагдаж орж ирсний улмаас би ажлаас нь чөлөөлсөн. Буруутай үйл ажиллагаа явагдсан байна гэж Захиргааны хэргийн шүүхээр шийдвэр гарснаар шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажилд нь буцаагаад томилсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Хариуцагч төрийн албан хаагч С.Г нь албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас иргэн Л.Б-н хөдөлмөрлөх эрх зөрчигдөж түүнд хохирол учирсан, уг хохирлыг нэхэмжлэгчээс шаардаж байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан нөхцөл хангагджээ гэжээ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж хуульчилсан. ............ сумын ..........бага сургуулийн захирал Л.Б-г ажлаас чөлөөлсөн үйл явдал 2017 оны 10 дугаар сарын 19-нд болсон үйл явдал юм. Нэхэмжлэлд дурьдсан 3,511,612 төгрөгийг С.Г надаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-...... аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Ц-1/290, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Ц-1/619 дугаар албан бичгүүд,

-.......... аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дугаар Прокурорын тогтоол,

-....... аймгийн ..........багийн Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар албан бичиг,

-...... аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/138 дугаар захирамж,

-мөн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамж,

-мөн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/32 дугаар захирамж,

-Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар шийдвэр,

-2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18050147/01 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлийн хуулбар,

-2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн төлбөрийн хүсэлтийн хуулбар,

-Л.Б-н Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга,

-.......... аймгийн ШШГАлбаны ...... тоот данснаас мөнгө шилжүүлэх тухай маягт,

-2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт,

-2028 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 04/100 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол,

-....... аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3/588 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн С.Г-н цалингийн тодорхойлолт,

-...... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 233 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

-........... аймгийн ............ сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар тодорхойлолт.

 

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. ....... аймгийн ..........багийн Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар албан бичгээр прокурорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг ......... аймгийн Прокурорын газарт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, ... иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэжээ.

......... аймгийн Прокурорын газар нь ...... аймгийн ..........багийн Ерөнхий боловсролын сургуулиас гаргасан дээрх хүсэлтийн дагуу С.Г-д холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохирол 3,511,612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хавтаст хэргийн 1-3 дахь тал/

3. ........... аймгийн Прокурорын газар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 103.1-д "Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж хуульчилсны дагуу захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр төлүүлэх хууль зүйн боломжтой байна. Хариуцагч төрийн албан хаагч С.Г нь албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас иргэн Л.Б-н хөдөлмөрлөх эрх зөрчигдөж түүнд хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага нөхөн олговор байдлаар төсвөөс төлж арилгасан, ингэснээр тухайн захиргааны байгууллагад гэм хор учирсан бөгөөд уг хохирлыг нэхэмжлэгчээс шаардаж байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан урьдчилсан нөхцөл хангагджээ. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “5.1.Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэж заасныг тус тус зөрчиж төрийн алба хаагч С.Г нь хууль дээдлэх, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж түүний хууль бус шийдвэрийн улмаас иргэн Л.Б-н хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол буюу хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, цалин болон эрүүл мэнд, даатгалын бичилт тасалдсан буюу хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгасан ба хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой байх тул Л.Б-д олгосон ажилгүй байсан хугацааны цалин 3,511,612 төгрөгийг С.Г-с гаргуулж, ....... аймгийн ............ сумын ..........бага сургуульд олгох хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарлаж байна.

4.1. Хариуцагч С.Г нь “Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Хариуцагч төрийн албан хаагч С.Г нь албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас иргэн Л.Б-н хөдөлмөрлөх эрх зөрчигдөж түүнд хохирол учирсан, уг хохирлыг нэхэмжлэгчээс шаардаж байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан нөхцөл хангагджээ гэжээ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж хуульчилсан. ............ сумын ..........бага сургуулийн захирал Л.Б-г ажлаас чөлөөлсөн үйл явдал 2017 оны 10 дугаар сарын 19-нд болсон үйл явдал юм. Нэхэмжлэлд дурьдсан 3,511,612 төгрөгийг С.Г надаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэж татгалзжээ.

4.2. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Э нь “Аймгийн Засаг дарга С.Г нь ажил олгогчийн бүрэн эрхийн хэмжээнд ажилд авах, ажлаас чөлөөлөх захирамж гаргасан. Энэхүү захирамж нь хууль зүйн хувьд алдаатай байсныг Захиргааны хэргийн шүүх тогтоож Л.Б-д ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох шийдвэр 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гарсан байдаг. Засаг дарга С.Г-н хувьд хууль бусаар санаатай, болгоомжгүй үйлдлээр ............ сумын ..........бага сургуульд гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Засаг даргын хувьд аймгийн Боловсролын газрын саналыг үндэслэн захирамж дээр гарын үсэг зурсан байдаг. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх нь аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх байхаар хуульчилсан байгааг Засаг дарга хэрэгжүүлсэн байдаг. С.Г-н хувьд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг авч үзэх юм бол С.Г, ............ сумын ..........бага сургуулийн захирал Л.Б нарын хооронд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ хэрэгт байхгүй болохыг дурдах нь зүйтэй. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр захирамж гарсан байдаг. Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн. Тэгэхээр 2002 онд батлагдсан Төрийн албаны хуулиар зохицуулагдах эрх зүйн харилцаа гэж үзэж байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж хуульчилсан. Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж хуульчилсан. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан. Хэрвээ энэ харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж үзэх юм бол хариуцагчийн эрх зүйн байдал дордуулах нөхцөл байдал үүсэж болзошгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлаж байна.

5.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Үйл баримтын хувьд хариуцагч С.Г нь ..... аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжаар ............ сумын ..........бага сургуулийн захирал Л.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэхүү шийдвэрийг Л.Б нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр:

-“... аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн аймгийн засаг даргын Б/70 дугаар бүхий ............ сумын ..........бага сургуулийн захирал Л.Б-г ажлаас чөлөөлөх тухай захирамжиндаа сургуулийн захирлын ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн Төрийн үйлчилгээний албан тушаалын 9.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж зааснаар Л.Б-н 2011 сарын 10 дугаар сарын 01 -ны өдрөөс 2014 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл тус сургуульд туслах ажилтнаар ажиллаж байсан нь төрийн байгууллагад 3 жил ажилласан гэж үзэхээр байна. Мөн уг тушаалдаа Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг үндэслэсэн байх ба ”.аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэсэн заалтын уг албан тушаалд сонгон шалгаруулалт одоог хүртэл зарлагдаагүй, тухайн захирлын үр дүнгийн гэрээ харгалзан үзээгүй мөн засаг дарга захирамж гаргаж ажлаас чөлөөлөхдөө боловсролын газрын саналыг авсан нь тогтоогдоогүй байна. Иймд энэ байдлуудыг судлаагүй байж үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь үндэслэлгүй юм. ...нэхэмжлэгч нь сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлж “Зохиомж” дээд сургуулийг бага ангийн багшаар суралцаж төгссөн, үр дүнгийн гэрээгээ хангалттай дүгнүүлж байсан, төрийн албанд ажиллаж байсан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Дээрх нөхцлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэг болон сургуулийн захирлын ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байна гэж үзэхээргүй байна гэж дүгнэн ....... аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, Л.Б-г ......... аймгийн ............ сумын ..........бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 75 хоногийн олговор 3,511,612 төгрөгийг ............ сумын ..........бага сургуулиас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай” гэж шийдвэрлэж, энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна.

6. .......... аймгийн ..........бага сургуулиас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар Л.Б-д 3,511,612 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Л.Б-н Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулганд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 3,511,612 төгрөгийг ШШГАлбанаас ..........гэх агуулгаар шилжүүлсэн, ........ аймгийн ШШГАлбаны ........ тоот данснаас мөнгө шилжүүлэх тухай маягт, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт, 2028 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 04/100 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор тогтоогдож байна.

7. Нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь төрийн албан тушаалтны учруулсан хохирлыг арилгаж, хохирлыг уг албан тушаалтнаас шаардсан, гэрээний бус үүргийн харилцаа болно.

Л.Б-г ........... аймгийн ............ сумын ..........бага сургуулийн захирлын ажлаас 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хууль бусаар чөлөөлсөн үйл баримтыг захиргааны хэргийн шүүх 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тогтоосон байх бөгөөд энэхүү эрх зүйн харилцаа нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хууль үйлчилж эхлэхээс өмнө буюу 2002 оны Төрийн албаны тухай хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд хамаарах харилцаа байна.

8. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар бүх шатны Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтны ангилалд хамаарч байна.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 26 дугаар зүйлд зааснаар Аймгийн засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч бөгөөд улс төрийн сонгуулийн үр дүнгээр томилогддог байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын нийтлэг бүрэн эрхийг хуульчлахдаа хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т засаг дарга эрх хэмжээний хүрээнд хуульд тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах эрхтэй гэж, хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж, мөн зүйлийн 41.2-т засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас дүгнэхэд хариуцагч С.Г нь ....... аймгийн Засаг дарга байх хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа хууль дээдлэн, сахин биелүүлэх үүрэг бүхий улс төрийн томилгоогоор томилогдсон албан тушаалтан байх тул тэрээр өөрийн гаргасан хууль бус шийдвэрийн үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

9. Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ гэжээ.

Засаг дарга нь захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтны хувьд аливаа шийдвэр гаргахдаа хууль дээдлэх үндсэн зарчмын хүрээнд хуулийг нэг мөр сахин биелүүлэх үүрэгтэй, нийтийн эрх зүйн этгээд байх бөгөөд Засаг дарга нь хууль зөрчсөн шийдвэр гаргасан тохиолдолд түүний үр дагавар, хариуцлагыг хүлээж төрд учирсан хохирлыг барагдуулах нь түүнд хуулиар хүлээлгэсэн үүрэг гэж үзнэ.

Засаг даргын энэхүү хуулиар хүлээж буй үүрэг нь Захиргааны Ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “... Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна гэж, хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр зааж хуульчилснаар тодорхойлогдож байна.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “....эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө.

Хууль бус үйлдэл (эс үйлдэхүй) гэдэг нь хууль тогтоомж зөрчсөн байхаас гадна нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тохиолдол ч мөн хамаардаг байна.

Энэхүү үйлдэхүй нь санаатай (хүсэж хийсэн), болгоомжгүй (үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан) гэм буруугийн хэлбэрээр илрэх бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж үздэг, өөрөөр хэлбэл хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг юм.

11. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд байгууллага албан тушаалтны бусдад гэм хор учруулсны хариуцлагын талаар зааж мөн зүйлийн 498.2, 498.5-д хохирлыг арилгах дараалал журмыг заажээ.

Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төр хохирлыг барагдуулсан бол Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж байгаа нь тус албан тушаалтанд хуулиар хүлээлгэж буй үүрэг юм.

Хариуцагч С.Г нь ........ аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжаар ....... аймгийн ............ сумын ..........бага сургуулийн захирал Л.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт байна.

Иймээс захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин олговорт шүүхийн шийдвэрийн дагуу төсвөөс ажилтанд олгосон 3,511,612 төгрөгийг хариуцагч улсын төсөвт хариуцан буцаан төлөх үүрэгтэй байна.

12. Тухайн үйл баримт болсон буюу Л.Б-г ажлаас чөлөөлж, захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх үед түүний ажиллаж байсан байгууллага нь ....... аймгийн ............ сумын ..........бага сургууль гэх нэртэй байжээ. Улмаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүхэд нэхэмжлэл гаргах үед байгууллагын нэршил ..... аймгийн ..........багийн ерөнхий боловсролын сургууль болж өөрчлөгдсөн байна.

13. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Г-с байгууллагад учруулсан хохирол 3,511,612 /гурван сая таван зуун арван нэгэн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж, ........... аймгийн ..........багийн ерөнхий боловсролын сургууль /хуучнаар нь ........ аймгийн ............ сумын ..........бага сургууль/-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 3,511,612 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 71,136 /далан нэгэн мянга нэг зуун гучин зургаан/ төгрөгийг хариуцагч С.Г-с гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Г-с байгууллагад учруулсан хохирол 3,511,612 /гурван сая таван зуун арван нэгэн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж, ......  аймгийн ..........багийн ерөнхий боловсролын сургууль /хуучнаар нь ..... аймгийн ............ сумын ..........бага сургууль/-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 3,511,612 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 71,136 /далан нэгэн мянга нэг зуун гучин зургаан/ төгрөгийг хариуцагч С.Г-с гаргуулж, улсын орлогод оруулсугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

                        

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ

 

   ШҮҮГЧ                             Ц.ҮЙТҮМЭН

 

   ШҮҮГЧ                             Б.МӨНХБАТ