Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 215/МА2023/00026

 

 

Говь-Алтай аймгийн Т............багийн

ЕБС-ийг төлөөлөн Говь-Алтай аймгийн

ПГ-ын гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ц.О, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00323 дугаар шийдвэртэй,

 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Т............багийн ЕБС төлөөлөн Говь-Алтай аймгийн ПГ-ын гаргасан нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Говь-Алтай аймгийн ............ сумын ... дугаар баг, ........, ............ байр ... тоотод оршин суух С.Г-д холбогдох

 Гэм хорын хохирол 3,511,612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Прокурор Л.Г, хариуцагч С.Г /цахимаар/, түүний өмгөөлөгч Х.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Байгууллагад учруулсан гэм хорын хохирол 3,511,612 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл: Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Г нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаартай захирамжаар Говь-Алтай аймгийн Б...... сумын Т............бага сургуулийн захирлаар ажиллаж байсан Л.Б үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Л.Б нь засаг дарга С.Г-ийн дээрх захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай шийдвэрээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаартай захирамжийг хүчингүй болгож Л.Б Говь-Алтай аймгийн Б........ сумын Т............бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 3,511,612 төгрөгийг Б........ сумын Т............бага сургуулиас гаргуулж... шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Б........ сумын Т............бага сургуулиас 3,511,612 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.

 Захиргааны ерөнхий хуулийн 103.1-д “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж хуульчилсны дагуу С.Г нь албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас иргэн Л.Б-ийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж түүнд хохирол учирч, уг хохирлыг захиргааны байгууллага нөхөн олговор байдлаар төсвөөс төлж арилгасан тул С.Г-ээс гэм хорын хохиролд 3,511,612 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Б.......... сумын Т............бага сургуульд гаргаж өгнө үү гэжээ.

 

  3. Хариуцагчийн тайлбар: С.Г миний бие 2016 оноос 2019 оны хооронд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Боловсролын газраас санал нь орж ирээд Нийгмийн бодлогын хэлтсээр дамжуулаад захирамжийн төсөл дээр дэмжигдэн гарын үсэг зурагдаж орж ирээд Б........ сумын Т............бага сургуулийн захирал Л.Б 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Захиргааны хэргийн шүүхээр шийдвэр гарснаар шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажилд нь буцаагаад томилсон. Нэхэмжлэх үндэслэл болсон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж хуульчилсан. Нэхэмжлэлд дурьдсан 3,511,612 төгрөгийг С.Г надаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Г-ээс байгууллагад учруулсан хохирол 3,511,612 /гурван сая таван зуун арван нэгэн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Т............багийн ЕБС-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 3.511.612 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 71.136 /далан нэгэн мянга нэг зуун гучин зургаан/ төгрөгийг хариуцагч С.Г-ээс гаргуулж, улсын орлогод оруулж ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

         Говь-Алтай аймгийн Засаг дарга асан С.Г нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д /2017 оны/ зааснаар төрийн улс төрийн албан албан тушаал эрхэлж байсан байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэж заасан.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 101.1, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна.

Төрийн албан тушаалтнаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх түүнд хяналт тавих талаар 2022 оны 7 дугаар сард Төрийн албаны тухай хуульд дор дурдсан нэмэлтийг оруулсан.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д: “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэжээ.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд орсон дээрх нэмэлтийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

  Анхан шатны шүүх тухайн маргааны зүйлийг зохицуулсан хууль байхад хуулийг буруу тайлбарлан Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  Прокурор Л.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн ПГ-аас 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 19 дүгээр прокурорын нэхэмжлэлээр гэм хорын хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг бичсэн. Дээрх нэхэмжлэлийн агуулгын хувьд Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Г нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаартай захирамж гаргаж Говь-Алтай аймгийн Б......... сумын Т............бага сургуулийн захирлаар ажиллаж байсан Л.Б үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрт нь хариуцагч Л.Б-ийн зүгээс гомдол гаргаж, гомдлыг Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хууль бус шийдвэр үйл ажиллагаа байсан байна гэж үзээд хариуцагч С.Г-ийн захирамжийг хүчингүй болгож албан тушаалтны хууль бус үндэслэлгүй шийдвэрийн улмаас төрд 3,511,612 төгрөгийн хохирол учирсан. Дээрх үйл ажиллагаатай нь холбогдуулан Б....... сумын Т............ бага сургуулиас энэ мөнгийг гаргаж олгохоор шийдвэрлэсэн. Дээрх мөнгийг Б-д шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-д заасны дагуу этгээд шууд санаатай хуульд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй талаар хуульчилсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103.1-д иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу буруутай албан тушаалтнаас буцааж төлүүлэх талаар хуульчилсан байдаг. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар аймгийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засаг дарга төрийн төлөөлөгч бөгөөд, улс төрийн сонгуулийн үр дүнгээр томилогддог байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг хуульчлахдаа 29 дүгээр зүйлийн 29.2 дахь Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах эрхтэй. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ. Мөн хуулийн 41.2-т Засаг дарга гаргасан шийдвэртээ хууль зүйн үндэслэлийн хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж тус тус заасан байж байгаа. Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд бол С.Г Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа аливаа шийдвэр үйл ажиллагаагаа гаргахдаа хууль дээдлэх, сахин биелүүлэх үүрэгтэй байсан. Төрийн байгууллагад учирсан гэм хортой холбоотой асуудал байх тул анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 323 дугаартай шийдвэр бол хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                                 ХЯНАВАЛ:

  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

  1. Говь-Алтай аймгийн Т............ багийн ЕБС-ийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар албан бичгээр прокурорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг Говь-Алтай аймгийн ПГ-т гаргаж, уг хүсэлтийн үндсэн дээр Говь-Алтай аймгийн ПГ нь С.Г-д холбогдох байгууллагад учруулсан гэм хорын хохирол 3,511,612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хавтаст хэргийн 1-3 дахь тал/

 

  2. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан тул уг нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байна.

 

3. Хариуцагч С.Г түүний өмгөөлөгч Х.Э нараас маргаан бүхий захирамж 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн. Иймд 2002 онд батлагдсан Төрийн албаны хуулиар зохицуулагдах эрх зүйн харилцаа гэж үзэж байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж хуульчилсан. Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж хуульчилсан. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан. Хэрвээ энэ харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж үзэх юм бол хариуцагчийн эрх зүйн байдал дордуулах нөхцөл байдал үүсэж болзошгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.

 

 4. Үйл баримтын тухайд:

 Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар Л.Б-ийг  ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, түүнийг Говь-Алтай аймгийн Б......... сумын Т............бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 75 хоногийн олговор 3,511,612 төгрөгийг Б....... сумын Т............бага сургуулиас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай гэж шийдвэрлэж, энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

  4.1 Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Говь-Алтай аймгийн Т............бага сургуулиас 3,511,612 төгрөгийг Л.Б-д гаргуулан  өгсөн нь Говь-Алтай аймгийн ШШГАлбаны 240000028082 тоот данснаас мөнгө шилжүүлэх тухай маягт, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 04/100 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор тогтоогдсон байдлыг талууд хүлээн зөвшөөрчээ.

 

  5. Хууль зүйн дүгнэлт:

  Хариуцагч С.Г нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж, захиргааны албан тушаалтаны хувьд захиргааны акт гаргаж Л.Б-тэй харьцаж, түүнийг төрийн албаас чөлөөлсөн маргаан бүхий  харилцаа нь захиргааны эрх зүйн харилцаа, маргаан байна.

          Эрх зүйн үндсэн харилцаа нь захиргааны эрх зүйн маргаан байх тул  Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх хууль зүйн боломжтой байна.

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-т засаг дарга эрх хэмжээний хүрээнд хуульд тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах эрхтэй гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж тус тус заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтуудаас дүгнэхэд хариуцагч С.Г нь Говь-Алтай аймгийн Засаг дарга байх хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа хууль дээдлэн, сахин биелүүлэх үүрэг бүхий улс төрийн томилгоогоор томилогдсон албан тушаалтан байх тул тэрээр өөрийн гаргасан хууль бус шийдвэрийн үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Засаг даргын энэхүү хуулиар хүлээж буй үүрэг нь Захиргааны Ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д ... Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна гэж, хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр зааж хуульчилснаар тодорхойлогдож байна.

 

Энэхүү үйлдэхүй нь санаатай (хүсэж хийсэн), болгоомжгүй (үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан) гэм буруугийн хэлбэрээр илрэх бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж үздэг, өөрөөр хэлбэл хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Х.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Х.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71136 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.Э

                  ШҮҮГЧИД                                         Ц.О

                                                                     Ш.Б