Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 133/ШШ2023/00220

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 133/ШШ2023/00220

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: “Төрийн албаны зөвлөл”-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: .... овгийн Б.Бд холбогдох

төрд учирсан хохирол 17,629,064 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахимаар/, хариуцагч Б.Б, гэрч Д.Б, иргэдийн төлөөлөгч О.Э нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж-д шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

Шүүх хуралдаанд оролцогчийн ирцтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагч Б.Б нар нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан хохирол 17,629,064 төгрөгийг гаргуулж, Төрийн банк дахь 100900021501 тоот санд оруулах тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2 дахь хэсэгт “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан.

Б.Б нь ....... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаал гаргаж, С.Б-г мал эмнэлгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлжээ.

Уг тушаалыг эс зөвшөөрч С.Б нь шүүхэд гомдол гаргаснаар Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар, мөн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00322 дугаар шийдвэр тус тус гарч, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 8,853,387 төгрөг, Мал эмнэлгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 8,775,677 төгрөг, нийт 17,629,064 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалд тооцож, С.Болгосон байна.

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 17,629,064 төгрөгийг буруутай албан тушаалтан Б.Бэс гаргуулж, Төрийн албаны зөвлөлийн Төрийн банк дахь 100900021501 тоот дансанд оруулж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр “Төрийн албаны зөвлөлийн даргаар улируулах томилох тухай” тогтоол,

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Төрийн албаны зөвлөл/,

- Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэр,

- Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04/56 дугаар “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” албан бичиг,

 

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 109 дүгээр албан бичиг, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00322 дугаар шийдвэр,

- ........... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2/377 дугаар албан бичиг, ........ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын  даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар “С.Б-г ажлаас чөлөөлөх тухай” тушаал, ....... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 188 дугаар төлбөрийн хүсэлт, .... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 190 дүгээр төлбөрийн хүсэлт,

- ........ аймгийн Мал эмнэлгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 64 дүгээр албан бичиг, ...... аймгийн Мал эмнэлгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 279 дүгээр төлбөрийн хүсэлт, ....... аймгийн мал эмнэлгийн газрын нөхөн тайлан-2019 он /С.Б/.

 

5. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

 

6. Татгалзлын үндэслэл: Хариуцагч Б.Б миний бие нэхэмжлэгч “Төрийн албаны зөвлөл”-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 133/ШШ2022/00611 дүгээр шийдвэрээр Б.Б намайг буруугүй, 8,853,387 төгрөгийг төлөх ёсгүй гэж дүгнэсэн.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 133/ШШ2020/0019 дүгээр шийдвэрээр С.Б-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Б.Б миний бие Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан болохоос Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаагүй. Мал эмнэлгийн газар нь 2019 оноос хойш бие даасан төсөвтэй газар болсон. Тухайн байгууллага С.Б-д мөнгө өгөх, өгөхгүй асуудал нь тэр байгууллагын эрх хэмжээний асуудал.

Нийт 17 сая төгрөгийн асуудал яригдаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн газартай холбоотой 8,700,000 төгрөгийн маргааны асуудал шийдэгдсэн байгаа. Өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 133/ШШ2022/00611 дүгээр шийдвэр гарсан.

Засгийн газрын шийдвэрээр Мал эмнэлгийн газар нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  бүтэц, орон тоо өөрчлөгдөж, тусдаа газар болсон учир миний удирдаж байсан газартай холбоогүй гэж үзэж байгаа. Тухайн газрын цалингаас аваад хэн нэгэн хүнд хохирол учруулаад эсхүл нэмэгдэл, урамшууллаас хасаад хохирсон зүйл байхгүй.

Учир нь С.Б Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Т-тэй хувиараа очиж, уулзаад би 2022 оны 03 дугаар сард тэтгэвэрт гарна, тэтгэмж тасалдах гээд байна гэж хэлээд төсвөөс илүү мөнгө оруулаад шийдсэн байгаа.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс би хэдийгээр өөр газар удирдаж байгаа ч гэсэн яриад 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажилд авах шийдвэр гарсан. Энэ хүн өөрөө шалтгаангүйгээр ажилд ороогүй явж байгаад 10 дугаар сард Мал эмнэлгийн ерөнхий газар дээр очоод орсон байдаг.

Бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой бүх асуудал үүссэн. Хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтэс нь Мал эмнэлгийн газар болж, тусдаа тэмдэгтэй, удирдлагатай болсон.

Би Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын хувьд эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэлгүй болсон. С.Б нь хэд хэдэн удаа шүүхэд хандсан байдаг. Шүүх шийдвэрээ Мал эмнэлгийн газарт холбогдуулж гаргасан байдаг.

Мал эмнэлгийн ерөнхий газраас аймгийн Мал эмнэлгийн газарт С.Б 2020 оны 03 дугаар сард тэтгэвэрт гарна, иймээс ажиллуулаад 2020 оны 03 дугаар сард тэтгэвэрт нь гарга гэсэн бичиг ирсний дагуу С.Б-г 2019 оны 10 дугаар сард ажилд аваад 2020 оны 03 дугаар сард тэтгэвэрт гаргасан байдаг гэв.

 

7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00019 дүгээр шийдвэр,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 133/ШШ2022/00611 дүгээр шийдвэр,

 

8. Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

 

9. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэл үндэслэлтэй тул хариуцагч Б.Б-с гаргуулах ёстой төлбөр байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Төрийн албаны зөвлөл” нь хариуцагч Б.Б-д холбогдуулан “С.Б-г ........ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн албаны даргын ажлаас хууль бусаар чөлөөлж, төрд хохирол учруулсан” гэх үндэслэлээр 17,629,064 төгрөгийг гаргуулан Төрийн банк дахь 100900021501 тоот дансанд оруулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Б нь “Шүүхийн шийдвэрээр ........ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Б.Б-д холбогдох С.Б-д олгосон 8,853,387 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, шүүхийн шийдвэрээр С.Б-н ........ аймгийн Мал эмнэлгийн газарт холбогдох цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, Засгийн газрын шийдвэрээр ...... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн нэгж нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн .............. аймгийн Мал эмнэлгийн газар болсон тул захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, С.Б-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох эрх хэмжээгүй болсон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

2. ......... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б-н 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар С.Б-г “2014 оны Мал эмнэлгийн хэлтсийн даргаар хуулийн дагуу томилогдоогүй, сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүйгээр ажиллаж байгаа” үндэслэлээр мал эмнэлгийн хэлтсийн даргын ажлаас чөлөөлжээ.

Уг тушаалыг эс зөвшөөрч С.Б нь ..... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдуулан Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр ..... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б-н 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Б-г урьд эрхэлж байсан ...... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 116 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6,038,148 төгрөгийг ....... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулан С.Б-д олгож, шийдвэрлэжээ.

Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул энэхүү шийдвэрээр тогтоогдсон “С.Б-г мал эмнэлгийн албаны даргын ажлаас чөлөөлсөн ....... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б-н 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаал нь эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт” гэсэн үйл баримтыг дахин нотлохгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэжээ.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хууль/2012 он/-ийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэжээ.

Хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, .... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б, нягтлан бодогч Т.Г нарын гарын үсэг бүхий 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 188 дугаар төлбөрийн хүсэлтээр 1,802,821 төгрөгийг “Актын төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар Нийгмийн даатгалын хэлтэст, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 190 дугаар төлбөрийн хүсэлтээр 7,050,566 төгрөгийг “Тэтгэмж” гэсэн гүйлгээний утгатайгаар С.Б-д тус тус бэлэн бусаар шилжүүлжээ.

Дээрх бичмэл нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Б.Б нь ....... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны актаар С.Б-г төрийн жинхэнэ албанаас чөлөөлсний улмаас ...... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8,853,387 төгрөг олгогдсон болох нь тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогч маргаагүй.

4. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2019/00019 дүгээр шийдвэрээр С.Б-н ...... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох “2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 267 дугаар тогтоолоор “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт “Мал эмнэлгийн газар” гэж нэмсүгэй...”,

Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын бүтэц, орон тоог 1 дүгээр, сум, мал бүхий дүүргийн Мал эмнэлгийн тасгийн бүтэц, орон тоог 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-174 дугаар тушаал зэргээс дүгнэхэд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ...... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцээс Мал эмнэлгийн газар тусгаарлаж, шинээр байгуулагдсан болох нь тогтоогдож байна”,

“...Нэхэмжлэгч С.Б нь .... аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үржлийн нэгж болон дотоод хяналт, шилжилт хөдөлгөөн, баталгаажуулалт, эмийн хяналтын асуудал хариуцсан улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилогдсон боловч ...... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна...” гэж тус тус дүгнэжээ.

Дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул энэхүү шийдвэрээр тогтоогдсон “2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ........ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцээс Мал эмнэлгийн газар тусгаарлаж, шинээр байгуулагдсан” үйл баримтыг дахин нотлохгүй.

5.  Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00322 дугаар шийдвэрээр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9,696,881 төгрөгийг .......... аймгийн Мал эмнэлгийн газраас гаргуулан С.Б олгож, нэхэмжлэлээс үлдэх 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Уг шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, ........ аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Н, нягтлан бодогч Д.Б нарын гарын үсэгтэй 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 279 дүгээр төлбөрийн хүсэлтээр “шүүхийн шийдвэрийн дагуу” гэсэн гүйлгээний утгатайгаар 8,775,677 төгрөгийг С.Б-д бэлэн бусаар шилжүүлжээ.

Энэхүү үйл баримтыг шүүх хуралдаанд оролцсон ..... аймгийн Мал эмнэлгийн газрын нягтлан бодогч ажилтай гэрч Д.Б нь батлан мэдүүлсэн болно.

6. Монгол Улсын их хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдан, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалт нь төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүхээс “иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан үйл баримтыг тогтоосон/уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон/, үүний улмаас төрд бодит хохирол учирсан зэрэг урьдчилсан нөхцөл 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш бүрдсэн тохиолдолд хэрэгжихээр байна.

Энэхүү иргэний хэргийн тухайд Төрийн албаны тухай хууль/2017 он/ хүчин төгөлдөр мөрдөхөөс өмнө буюу Төрийн албаны тухай хууль/2002 он/ хүчин төгөлдөр мөрдөгдөж байх хугацаанд С.Б-г мал эмнэлгийн албаны даргын ажлаас хууль бусаар чөлөөлсөн үйл баримтыг захиргааны хэргийн шүүх 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тогтоожээ.

Харин 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор  8,853,387 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 8,775,677 төгрөг, нийт 17,629,064 төгрөг С.Б-д олгогдож, бодит хохирол төрд учирсан байна.

Үүнээс үзэхэд цаг хугацааны хувьд Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг хэрэглэх хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх тул энэхүү зохицуулалтыг Төрийн албаны тухай хууль /2002 он/ хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан захиргааны хэргийн шүүх 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр С.Б-г мал эмнэлгийн албаны даргын ажлаас хууль бусаар чөлөөлсөн үйл баримтад буцаан хэрэглэхгүй.

Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэжээ. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ.

Энэхүү үндэслэлээр Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Б-с төрд учруулсан хохирлыг мөнгөн дүнгээр тооцон гаргуулах тухай нэхэмжлэгч “Төрийн албаны зөвлөл”-ийн нэхэмжлэлийг хангах боломжгүй.

7.  Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна”, 7.1.10 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал” гэж тус тус заажээ.

Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл”-д аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын даргыг төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэлийн ангилал, ТЗ-9 зэрэглэлд хамааруулжээ.

Хууль, тогтоолын дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч Б.Б-н эрхэлж байсан ........ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын  дарга нь төрийн захиргааны удирдах албан тушаалд хамаарч байна. Төрийн захиргааны албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал юм.

8. Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт “...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах”-ыг Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхэд хамааруулснаас өөрөөр төрийн захиргааны албан хаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг гаргуулах үндэслэл, журмыг тухайлан зохицуулаагүй байна.

Энэ тохиолдолд хууль тогтоогч төрийн захиргааны албан хаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг арилгуулах харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан гэж үзэхээр байна.

Учир нь Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэжээ.

9. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.

Энэхүү иргэний хэргийн маргааны үйл баримт нь цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө тул тухайн үед хүчин хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

10. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.

Хариуцагч Б.Б нь ........ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт гарган С.Б-г тус газрын мал эмнэлгийн албаны аргын ажлаас хууль бусаар чөлөөлсөн тул түүнд хуулийн дээрх заалтын дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

11Гэвч Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг .......... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б нь ажилтан С.Б-тэй бус харин томилох эрх бүхий этгээд/......... аймгийн Засаг дарга/-ээс доод шатны албан тушаалтан ...... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б байгуулсан байхыг шаардана.

Энэ тохиолдолд хариуцагч Б.Бд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүсэх бөгөөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэжээ.

Энэхүү үндэслэлээр хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан хариуцагч Б.Б-д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх боломжгүй.

12. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй” гэжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ын “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” дундаж цалин хөлсийг тодорхойлно”, 9-т “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна” гэж тус тус заажээ.

Хариуцагч Б.Б-н цалин хөлсний цэс, данс, бүртгэл нь иргэний хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, уг нотлох баримтыг нэхэмжлэгчээс цуглуулж, нотлох баримтаар гарган өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэнгүй.

Иймд нэхэмжлэгч “Төрийн албаны зөвлөл”-ийн хариуцагч Б.Б-д холбогдох “Төрд учирсан хохирол 17,629,064 төгрөгийг гаргуулж, Төрийн банк дахь 100900021501 тоот санд оруулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй.

Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

Энэхүү үндэслэлээрНэхэмжлэл үндэслэлтэй тул хариуцагч Б.Б-с гаргуулах ёстой төлбөр байна” гэх агуулга бүхий иргэдийн төлөөлөгч О.Э-н дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3 дахь “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, 6.5 дахь хэсэгт “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэж мэтгэлцэх зарчмын агуулгыг хуульчилжээ.

Мэтгэлцэх зарчмын дагуу хэргийн оролцогч нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг гаргах үүрэгтэй бөгөөд шүүх нь хөндлөнгийн байгууллагын хувьд мэтгэлцээний тэнцвэртэй байдлыг хангах, хэргийн оролцогчийн диспозитив эрхийг зөрчихгүйн үүднээс хариуцагчийн цалин хөлсний цэсийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Шүүхээс хэргийн оролцогч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулж, энэ талаар баримтад гарын үсэг зуруулсан болно.

15. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”, 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төрийн албан хаагч нь албан үүргээ биелүүлэх явцад гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгадаг.

Энэхүү иргэний хэргийн тухайд хариуцагч Б.Б нь .......... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга ажиллаж байхдаа ажил олгогч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлж, ажилтан С.Б-г ажлаас чөлөөлж, хүний нөөцийн удирдлагын шийдвэр гаргах эрх хэмжээтэй байжээ.

Хүний нөөцийн удирдлагын шийдвэрийг эрх зүйн алдаатайг шүүхээс тогтоож, ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй юм.

Учир нь гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэх үзэх тохиолдолд тухайн үйлдэл нь хууль бус/тодруулбал хуулиар хориглосон/ байх шаардлагатай. Ажилтны хөдөлмөрийн харилцаатай холбогдох шийдвэр гаргах нь ажил олгогчид хуулиар хориглосон үйл ажиллагаа биш юм. 

16. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 133/ШШ2022/00611 дүгээр шийдвэрээр хариуцагч Б.Б-с шүүхийн шийдвэрээр С.Б-д олгосон 8,853,387 төгрөг гаргуулах тухай ..... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн хариуцагч Б.Б-с 8,853,387 төгрөг гаргуулах тухай ....... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын нэхэмжлэлийн шаардлага нь төрд учруулсан хохирол 17,629,064 төгрөг гаргуулах тухай “Төрийн албаны зөвлөл”-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, хоорондоо хамааралтай байна.

Гэвч урьд шийдвэрлэсэн иргэний хэргийн болон одоо шүүхээс хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн нэхэмжлэгч нь өөр өөр этгээд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаагүй болно.

Учир нь урьд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч ......... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хариуцагч Б.Б-с 8,853,387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагч Б.Б-с 17,629,064 төгрөг гаргуулахаар шаардах нэхэмжлэгч “Төрийн албаны зөвлөл”-ийн нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл биш болно.

17. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсэгт заасны дагуу “тодорхой үйлдэл, үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг даалгасан шийдвэрийг биелүүлсэн” тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах үндэслэл байхаар заажээ.

Хэдийгээр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ..... аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцээс Мал эмнэлгийн газар тусгаарлаж, шинээр байгуулагдсан боловч С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсон тул түүнд ...... аймгийн Мал эмнэлгийн газраас олгосон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 8,775,677 төгрөг нь хариуцагч Б.Б-н эрх зүйн зөрчилтэй, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.

Учир нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00322 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч С.Б нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар ...... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 19050130 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтаар тогтоогдож байна...”,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу ........ аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар С.Б-г мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үржлийн нэгж болон дотоод, хяналт, шилжилт хөдөлгөөн, баталгаажуулалт, эмийн хяналтын асуудал хариуцсан улсын ахлах байцаагчаар томилжээ” гэж тус тус дүгнэжээ.

18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт “төсвийн байгууллагын нэхэмжлэл” нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч “Төрийн албаны зөвлөл” нь хариуцагч Б.Б холбогдуулан “Төрд учирсан хохирол 17,629,064 төгрөгийг гаргуулж, Төрийн банк дахь 100900021501 тоот санд оруулах тухай” нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасны тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Төрийн албаны зөвлөл”-ийн хариуцагч Б.Б-д холбогдох “Төрд учирсан хохирол 17,629,064 төгрөгийг гаргуулж, Төрийн банк дахь 100900021501 тоот санд оруулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Төрийн албаны зөвлөл” нь хариуцагч Б.Б-д холбогдуулан “Төрд учирсан хохирол 17,629,064 төгрөгийг гаргуулж, Төрийн банк дахь 100900021501 тоот санд оруулах тухай” нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                       

                        

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ

 

   ШҮҮГЧ                             Ц.ҮЙТҮМЭН

 

   ШҮҮГЧ                             Б.МӨНХБАТ