Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 215/МА2023/00023

 

 

“ТАЗ”-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ж.Б, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2023/00220 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Нийслэлийн ............ дүүрэг, ........ гудамж, .......... байранд оршин байрлах, “ТАЗ”-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ............ сумын ............ багийн ... - ... тоотод оршин суух, О овгийн Б.Б-д холбогдох,

Төрд учирсан хохирол 17,629,064 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д (цахимаар), Р.Ж (цахимаар), хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан хохирол 17,629,064 төгрөгийг гаргуулж, Төрийн банк дахь 100............... тоот санд оруулах тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан.

Б.Б нь Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаал гаргаж, С.Б-ыг мал эмнэлгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлжээ.

Уг тушаалыг эс зөвшөөрч С.Б нь шүүхэд гомдол гаргаснаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар, мөн аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00322 дугаар шийдвэр тус тус гарч, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 8,853,387 төгрөг, Мал эмнэлгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 8,775,677 төгрөг, нийт 17,629,064 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалд тооцож, С.Б-т олгосон байна.

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 17,629,064 төгрөгийг буруутай албан тушаалтан Б.Б-ээс гаргуулж, ТАЗ-ийн Төрийн банк дахь 100............... тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

 

3. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

4. Татгалзлын үндэслэл: Хариуцагч Б.Б миний бие нэхэмжлэгч “ТАЗ”-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 133/ШШ2022/00611 дугаар шийдвэрээр Б.Б намайг буруугүй, 8,853,387 төгрөгийг төлөх ёсгүй гэж дүгнэсэн.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 133/ШШ2020/0019 дугаар шийдвэрээр С.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Б.Б миний бие Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан болохоос Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаагүй. Мал эмнэлгийн газар нь 2019 оноос хойш бие даасан төсөвтэй газар болсон. Тухайн байгууллага С.Б-т мөнгө өгөх, өгөхгүй асуудал нь тэр байгууллагын эрх хэмжээний асуудал.

Нийт 17 сая төгрөгийн асуудал яригдаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн газартай холбоотой 8,700,000 төгрөгийн маргааны асуудал шийдэгдсэн байгаа. Өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 133/ШШ2022/00611 дугаар шийдвэр гарсан.

Засгийн газрын шийдвэрээр Мал эмнэлгийн газар нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бүтэц, орон тоо өөрчлөгдөж, тусдаа газар болсон учир миний удирдаж байсан газартай холбоогүй гэж үзэж байгаа. Тухайн газрын цалингаас аваад хэн нэгэн хүнд хохирол учруулаад эсхүл нэмэгдэл, урамшууллаас хасаад хохирсон зүйл байхгүй.

Учир нь С.Б Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Т-тэй хувиараа очиж, уулзаад би 2022 оны 03 дугаар сард тэтгэвэрт гарна, тэтгэмж тасалдах гээд байна гэж хэлээд төсвөөс илүү мөнгө оруулаад шийдсэн байгаа.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс би хэдийгээр өөр газар удирдаж байгаа ч гэсэн яриад 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажилд авах шийдвэр гарсан. Энэ хүн өөрөө шалтгаангүйгээр ажилд ороогүй явж байгаад 10 дугаар сард Мал эмнэлгийн ерөнхий газар дээр очоод орсон байдаг.

Бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой бүх асуудал үүссэн. Хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтэс нь Мал эмнэлгийн газар болж, тусдаа тэмдэгтэй, удирдлагатай болсон.

Би Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын хувьд эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэлгүй болсон. С.Б нь хэд хэдэн удаа шүүхэд хандсан байдаг. Шүүх шийдвэрээ Мал эмнэлгийн газарт холбогдуулж гаргасан байдаг.

Мал эмнэлгийн ерөнхий газраас аймгийн Мал эмнэлгийн газарт С.Б 2020 оны 03 дугаар сард тэтгэвэрт гарна, иймээс ажиллуулаад 2020 оны 03 дугаар сард тэтгэвэрт нь гарга гэсэн бичиг ирсний дагуу С.Б-ыг 2019 оны 10 дугаар сард ажилд аваад 2020 оны 03 дугаар сард тэтгэвэрт гаргасан байдаг гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТАЗ”-ийн хариуцагч Б.Б-д холбогдох төрд учирсан хохирол 17,629,064 төгрөгийг гаргуулж, Төрийн банк дахь 100............... тоот санд оруулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ТАЗ нь хариуцагч Б.Б-д холбогдуулан төрд учирсан хохирол 17,629,064 төгрөгийг гаргуулж, Төрийн банк дахь 100............... тоот санд оруулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж ..... шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б-ийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Б-ыг урьд эрхэлж байсан тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 116 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6,038,148 төгрөгийг Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулан С.Б-т олгож, шийдвэрлэсэн.

Мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00322 дугаартай шийдвэрээр 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9,696,881 төгрөгийг Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас гаргуулж С.Б-т олгож шийдвэрлэсэн байна.

 

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 8,853,387 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 8,775,677 төгрөг, нийт 17,629,064 төгрөг С.Б-т олгогдож, бодит хохирол төрд учирсан байна...” гэж үзсэн атлаа “...цаг хугацааны хувьд Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг хэрэглэх хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх тул энэхүү зохицуулалтыг Төрийн албаны тухай хууль /2002 он/ хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан захиргааны хэргийн шүүх 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр С.Б-ыг Мал эмнэлгийн албаны даргын ажлаас хууль бусаар чөлөөлсөн үйл баримтад буцаан хэрэглэхгүй. Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэжээ”. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ. Энэхүү үндэслэлээр Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Б-с төрд учруулсан хохирлыг мөнгөн дүнгээр тооцон гаргуулах тухай нэхэмжлэгч “ТАЗ-ийн нэхэмжлэлийг хангах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд энэ хууль үйлчлэхгүй” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл С.Б-ыг Мал эмнэлгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б-ийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаал нь эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт, уг хууль бус захиргааны актын улмаас С.Б-т ажилгүй байсан хугацааны нөхөн олговор нийт 17,629,064 төгрөгийг олгосон гэсэн үйл баримт нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт нотлогдсон асуудал юм.

Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтад “...энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж;

Төрийн албаны тухай хууль /2017 оны/-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

Тодруулбал, маргаан бүхий захиргааны актыг шүүхээр хянан шийдвэрлэх цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль /2002 оны/-д төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах бүрэн эрхийг ТАЗ-д хуулиар олгосон байдаг бөгөөд уг зохицуулалт нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хууль /2017 оны/-иар улам нарийвчлан, боловсронгуй болсон, залгамж халаа бүхий зохицуулалт гэж үзнэ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2023/00220 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.Б-ээс төрд учруулсан хохирол 17,629,064 төгрөгийг гаргуулах тухай ТАЗ-ийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.    

 

8. Маргааны үйл баримт, нотлогдсон байдал:

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б-ийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Б-ыг урьд эрхэлж байсан тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 116 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6,038,148 төгрөгийг Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулан С.Б-т олгож, шийдвэрлэжээ.

 

Мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00322 дугаартай шийдвэрээр 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9,696,881 төгрөгийг Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас гаргуулж С.Б-т олгож шийдвэрлэсэн байна. (хэргийн 9-19 дэх талд авагдсан шүүхийн шийдвэрүүд)

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 8.853.387 төгрөгийг С.Б-т ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор, нийгмийн даатгалын шимтгэлд төлж барагдуулжээ. (хэргийн 62 дахь талд авагдсан баримт)

 

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-174 дугаар тушаалаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцээс, Мал эмнэлгийн газрыг тусгаарлаж, бие даасан бүтэцтэй болгожээ. (хэргийн 16 дахь талд авагдсан баримт )

 

Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 8.775.677 төгрөгийг С.Б-т ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт төлж барагдуулжээ. (хэргийн 64 дэх талд авагдсан баримт)

 

9. Эрх зүйн дүгнэлт:

 

9.1 С.Б-ын эрхэлж байсан тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах маргаан учир захиргааны хэргийн шүүх харьяалан маргааныг шийджээ. Энэ тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд С.Б-ын эрх зүйн байдал нь Төрийн албаны хуулиар тодорхойлогдож, хариуцагч байгууллага буюу түүнийг төлөөлөгч Б.Б нь нийтийн эрх зүйн этгээдийн хувьд Захиргааны ерөнхий хууль эрх зүйн байдлыг нь тодорхойлохоор байна.

 

9.2 Захиргааны эрх зүйн этгээдийн хувьд нь захиргааны хэргийн анхан шатны шүүх Б.Б-ийг эрх зүйн алдаатай шийдвэр гаргасан байдлыг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээрээ нэгэнт тогтоосон тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх үндэслэлтэй байна. Маргаан бүхий үйл явдлын цаг хугацааны үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтад “...энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж нэхэмжлэл гаргах эрх нэхэмжлэгч ТАЗ-д олгогджээ.

 

9.3 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 8.853.387 төгрөгийг С.Б-т ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор, нийгмийн даатгалын шимтгэлд төлж барагдуулсан нь хэргийн 62 дахь талд авагдсан баримтаар тогтоогдсон тул  дээр дурдсан (9.2-д заасан) талуудын эрх зүйн байдал нь тодорхойлогдох зохицуулалтын дагуу уг 8.853.387 төгрөгийг Б.Б-с гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

9.4 Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-174 дугаар тушаалаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцээс, Мал эмнэлгийн газрыг тусгаарлаж, бие даасан бүтэцтэй болсон тул Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар бие даан байгуулагдсан хуулийн этгээдийн эрх үүргийг тухайн байгууллагад хамааралгүй этгээд болох Б.Б хүлээх хууль зүйн боломжгүй тул Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас дээрх шүүхийн шийдвэрийн дагуу С.Б-т ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт төлж барагдуулсан 8.775.677 төгрөгийг хариуцуулах боломжгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. (хэргийн 16 дахь талд авагдсан баримт )

 

9.5 Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 133/ШШ2022/00611 дугаар шийдвэртэй, Б.Б-с шүүхийн шийдвэрийн дагуу олгосон 8,853,387 төгрөг гаргуулах тухай Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хувьд, нэхэмжлэгч нь тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар байсан, нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь шүүхэд маргаанаа нотлох үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл хэрэгсэхгүй болгосон байгааг дурдах нь зүйтэй байна. Энэхүү тохиолдолд Төрийн албаны тухай хуулиар олгогдсон эрхийн дагуу нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч ТАЗ-ийн нэхэмжлэлийг урьд шүүх шийдвэрлэсэн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2023/00220 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар Б.Б-с 8,853,387 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол Улсын ТАЗ-д олгосугай.” гэж,

2 дахь заалтыг  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-с 155,361 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ш.Б                    

                                  ШҮҮГЧИД                          Ж.Б                   

                                                                            Ц.О