Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 133/ШШ2023/00226

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 133/ШШ2023/00226

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ...... аймгийн .............сумын Ерөнхий боловсролын ....... дугаар сургуульд холбогдох

халаалтын тариф нэмэгдсэн зөрүү 6,605,909 төгрөг, алданги 7,993,150.66 төгрөг, нийт 14,599,059.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 14ий өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Г.Б, хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Халаалтын тариф нэмэгдсэн зөрүү 6,605,909 төгрөг, алданги 7,993,150.66 төгрөг, нийт 14,599,059.66 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: М ХХК нь .......  аймгийн 80 гаруй хувийг дулааны эрчим хүчээр ханган ажилладаг. Манай байгууллага нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлээд төсөвт байгууллага, айл өрхүүдийн үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос ирсэн бичгийн дагуу үнээ нэмсэн. Тухайн үед бүх төсөвт байгууллагад албан бичгээр хүргүүлсэн. Тэрний дагуу нэхэмжлэл үүсгээд тооцоондоо оруулсан байсан. Зарим нэг төсөвт газрууд төсвийн дундуур үнэ нэмсэн гэсэн шалтгаанаар өгөөгүй. 2022 оноос эхлээд манай захирал энэ байгууллагуудаас шүүхээр шийдүүлж мөнгөө гаргуулж авъя та нар шүүхэд баримтаа бүрдүүлж өг гэсний дагуу нэхэмжилж байгаа. Өмнө нь төсөвт байгууллага, аж ахуйн нэгж адилхан 1980 төгрөгөөр халаалтыг өгдөг байсан бол төсөвт байгууллагыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2270 төгрөгөөр тооцож авч байгаа. 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх зөрүү 6,605,909 төгрөг болж байгаа. Энэ мөнгөө хоёрдугаар сургууль төлөөгүй. Иймд манай компаний бурдүүлсэн материалыг үндэслэн хариуцагчаас халаалтын тариф нэмэгдсэн зөрүү болох 6,605,909 төгрөг, алданги 7,993,150.66 төгрөг, нийт 14,599,059.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн тайлбар: Тус сургууль нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 225 дугаар тогтоолоор халаалтын талбайн 1 м3-ийн тариф 1800 төгрөгөөр тооцож нийт 13083.60 м3 талбайд 25,905,528 төгрөгийн халаалтын төлбөр төлдөг байсан. Гэвч 2021 оны 10 дугаар сард Эрчим хүчний зохицуулах хорооны 10 дугаар сарын 14-ний өдрийн 467 дугаар тогтоол гарч халаалтын талбайн 1 м3-ийн тариф 2070 төгрөг болсноор манай сургууль нийт 13083.60 м3 талбайд 29,791,357 төгрөг төлөхөөр болсон байдаг. М ХХК-иас шинээр тогтоосон тарифаар ирүүлсэн 2021 оны 11, 12 саруудад ирсэн нэхэмжлэхийн дүнг манай сургууль хүлээн зөвшөөрөхгүй, 2021 оны санхүүгийн тайлан балансад М ХХК-д өргүйгээр тайлан гаргасан. Энэ нь дараах үндэслэлтэй. 1. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалт “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх”-ын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 467 дугаар тогтоолоор баталсан тарифыг 2022 оноос мөрдөхөөр Орон нутгийн төсөвт тусган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан байдаг. 2. Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.2.2 дахь заалт “Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ”, “Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”-ын дагуу тус сургууль нь батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж халаалтын төлбөрөө төлсөн байдаг. Тэгэхээр манай тухайн оны төсөв батлагдсан. Халаалтын тариф 11, 12 дугаар сард нэмэгдээд ороод ирэхэд оны эхэнд батлагдсан төсвөөр тооцоолсон тул ямар ч нэмж төлөх санхүүгийн эх үүсвэр байхгүй. Нэгэнт батлагдсан төсвөөс давсан мөнгө орж ирсэн учраас манай төсөв дээр тийм мөнгө суугаагүй. Дараа нь аймгийн Засаг даргын орлогчийн тушаал гарсан. Энэ мөнгөн төлбөрийг дараа оны буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдье гэсэн тушаал гарсны дагуу манайх мөнгөө хийгээгүй. Иймд М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Эрчим хүчний зохицуулах хорооны 35/2013, 36/2013 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,

-М ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /2-р сургууль/,

-М ХХК-ийн №2021/11, 2021/12 дугаар нэхэмжлэхүүд,

-М ХХК-ийн 2023 оны алдангийн тооцооны нэхэмжлэх,

-Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 467 дугаар тогтоол, хавсралтын хуулбар,

-Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/4637 дугаар албан бичгийн хуулбар,

-Эрчим хүчний зохицуулах хороо Улсын ахлах байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 60-07-001/03 дугаар албан шаардлага,

-М ХХК-ийн дулаан эрчим хүчээр хангах гэрээ /2019-2023 он/

-М ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 351 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Итгэмжлэл.

 

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-......... аймгийн .............сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/61 дугаар тушаал.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч М ХХК нь ......... аймгийн .............сумын Ерөнхий боловсролын .... дугаар сургуульд холбогдуулан 2021 оны 11, 12 дугаар сарын халаалтын тариф нэмэгдсэн зөрүү 6,605,909 төгрөг, алданги 7,993,150.66 төгрөг, нийт 14,599,059.66 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч М ХХК нь “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлээд төсөвт байгууллага, айл өрхүүдийн үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос ирсэн бичгийн дагуу үнээ нэмсэн. Зарим нэг төсөвт газрууд төсвийн дундуур үнэ нэмсэн гэсэн шалтгаанаар өгөөгүй. Өмнө нь төсөвт байгууллага, аж ахуйн нэгж адилхан 1980 төгрөгөөр халаалтыг өгдөг байсан бол төсөвт байгууллагыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2270 төгрөгөөр тооцож авч байгаа. 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх зөрүү 6,605,909 төгрөг болж байгаа. Энэ мөнгөө ........ дугаар сургууль төлөөгүй. Иймд хариуцагчаас халаалтын тариф нэмэгдсэн зөрүү болох 6,605,909 төгрөг, алданги 7,993,150.66 төгрөг, нийт 14,599,059.66 төгрөгийг гаргуулна...” гэж шаарджээ.

4. Хариуцагч ........ аймгийн .............сумын Ерөнхий боловсролын ......... дугаар сургууль нь “... М ХХК-иас шинээр тогтоосон тарифаар ирүүлсэн 2021 оны 11, 12 саруудад ирсэн нэхэмжлэхийн дүнг манай сургууль хүлээн зөвшөөрөхгүй, 2021 оны санхүүгийн тайлан балансад М ХХК-д өргүйгээр тайлан гаргасан. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалт “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх”-ын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 467 дугаар тогтоолоор баталсан тарифыг 2022 оноос мөрдөхөөр Орон нутгийн төсөвт тусган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан байдаг. 2. Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.2.2 дахь заалт “Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ”, “Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”-ын дагуу тус сургууль нь батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж халаалтын төлбөрөө төлсөн байдаг. Нэгэнт батлагдсан төсвөөс давсан мөнгө орж ирсэн учраас манай төсөв дээр тийм мөнгө суугаагүй...” гэж татгалзжээ.

5. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

М ХХК болон ........ аймгийн .............сумын Ерөнхий боловсролын ...... дугаар сургуулийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 26 дугаартай “дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ” байгуулагдаж, 2021 оны 09 сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар гэрээг сунгахдаа үнэ/НӨАТ-тэй 1800/1980 байхаар тэмдэглэгээ хийгдэж, талуудын гарын үсэг зурж тамга дарагдсан байна.

Ийнхүү гэрээний хугацааг сунгасны дараа буюу Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 467 дугаар тогтоол болон хавсралтаар ........ аймгийн .............сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф /НӨАТ-гүй/-ыг Төсөвт байгууллагын эзлэхүүнээр тооцох халаалт Төг/м3 нь 2070 төгрөг байхаар тогтоожээ.

Нэхэмжлэгч М ХХК нь буюу Эрчим хүчний зохицуулах хорооны энэхүү тогтоолыг үндэслэн 2021 оны 11, 12 дугаар сарын халаалтын тариф нэмэгдсэн зөрүүг гаргуулахаар шүүхэд хандсан байх бөгөөд зохигчид халаалтын тариф нэмэгдсэн болон тарифийн зөрүүг төлүүлэхээр шаардаж байсан гэх үйл баримтын талаар маргаагүй болно.

6. Уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эрчим хүч" гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг” ойлгоно гэж,

3.1.34-д "эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ" гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээ” гэж,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус зааснаар М ХХК болон ........ аймгийн .............сумын Ерөнхий боловсролын ...... дугаар сургуулийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

7. Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын халаалтын төлбөрийг төлсний дараа М ХХК нь 11 сарын 10-ны өдрөөс 11 сарын 30-ны өдөр хүртэлх халаалтын үнэ нэмэгдсэн зөрүү 2,472,800.40 төгрөг, 12 сарын халаалтын төлбөрт 27,083,052 төгрөг гаргуулахаар 2021 оны 12 дугаар 14-ний өдрийн №2021/11, 2021/12 дугаар нэхэмжлэхүүдийг хүргүүлсэн байна.

8. Хариуцагч ...... аймгийн .............сумын Ерөнхий боловсролын ......... дугаар сургуулийн 2021 оны төсөв батлагдсаны дараа буюу оны эцсээр Эрчим хүчний зохицуулах хорооноос .............сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифад өөрчлөлт оруулсны улмаас үүссэн төлбөрийн зөрүүг хариуцагч төсвийн байгууллага төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

9. Хариуцагч нь шүүх хуралдаанд “Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.2.2 дахь заалт “Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ”, “Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” гэж заасны дагуу тус сургууль нь батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж халаалтын төлбөрөө төлсөн байдаг. Нэгэнт батлагдсан төсвөөс давсан мөнгө орж ирсэн учраас мөнгийг төлөх боломжгүй” гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 467 дугаар тогтоол болон хавсралтаар тариф нэмэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд харин Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалт “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж зааснаар нэмэгдсэн тарифыг дараагийн төсвийн жилээс төлөх ёстой гэж маргажээ.

10. Хэдийгээр Эрчим хүчний зохицуулах хорооноос халаалтын тариф-ыг нэмсэн боловч талууд гэрээнд үнийн талаар нэмэлт өөрчлөлт оруулаагүй, хариуцагч ......... аймгийн .............сумын Ерөнхий боловсролын ....... дугаар сургууль нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаартай “дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-нд заасны дагуу 2021 оны 11, 12 дугаар сарын төлбөрийг төлсөн гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

11. Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 26 дугаартай “дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-ний 2.2.5-д “Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан тогтоол, шийдвэрээр дулааны эрчим хүчний үнэ тариф болон үйлчилгээний төлбөр хураамжид өөрчлөлт орсон тохиолдолд заасан хугацаанаас эхлэн дагаж мөрдөх” гэж,

4.5-д “Хэрэглэгч тал хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хангагч тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5%-иар алданги тооцож, сар бүрийн төлбөрт тус тусад нь ногдуулж байна” гэж заасныг тус тус үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тарифийн зөрүү 6,605,909 төгрөг, тарифийн зөрүүг хугацаанд нь төлөөгүй алданги 7,993,150.66 төгрөг, нийт 14,599,059.66 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т “Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ...” гэж,

28 дугаар зүйлийн 28.5-д “Хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ.

Хэдийгээр тарифт өөрчлөлт орсны дараа талууд гэрээнд өөрчлөлт оруулаагүй боловч энэ мөн хуулийн 28.5-д зааснаар шинэчилсэн тарифыг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

12. Харин энэ тохиолдолд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-т “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж зааснаар дээрх тарифын өөрчлөлтийг хэрэгжиж эхэлсэн хугацаанаас бус, харин дараагийн төсвийн жилээс мөрдөх боломжтой байна.

Учир нь Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

40.4.2-т “ерөнхий боловсролын сургуульд улсын төсөв, орон нутгийн төсөв, өөрийн үйл ажиллагааны орлого” гэж зааснаар хариуцагч ...... аймгийн .............сумын Ерөнхий боловсролын .......... дугаар сургууль нь улсын төсвөөс санхүүждэг байгууллага байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны 35/2013, 36/2013 дугаартай тусгай зөвшөөрлүүдэд зааснаар нэхэмжлэгч М ХХК нь ......... аймгийн .............сумын нутаг дэвсгэрт М ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд дулаан үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааг хүргэх бөгөөд дээрх үйлчилгээг .............сумын нутаг дэвсгэрт байрлаж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх авдаг байна.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, М ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 26 дугаартай “дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-ний 2.2.5 дахь заалтууд нь нийтлэг байдлаар буюу бусад хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхөд хамаарахаар байна.

Харин төсөвт байгууллагуудын хувьд тусгай зохицуулалт буюу Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалт нь илүү нарийвчилсан зохицуулалт байна.

Энэ нь санхүүжилтийн эх үүсвэрийн онцлог, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулдаг зэрэгтэй холбоотой юм.

Эндээс дүгнэхэд төсвийн бус байгууллага, айл өрх нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар шинэчилсэн тарифыг мөрдөж эхэлсэн үеэс эхлэн төлөх үүрэгтэй бөгөөд харин төсвийн байгууллагын хувьд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-т заасан үндэслэлээр дараагийн төсвийн жилээс дээрх тарифын өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломжтой байх тул хариуцагч ..... аймгийн .............сумын Ерөнхий боловсролын ....... дугаар сургууль нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тарифын зөрүүг төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

13. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаартай “дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-ний 4.5-д алданги төлөхөөр заасан боловч хариуцагч ...... аймгийн Ерөнхий боловсролын ...... дугаар сургууль нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тарифийн зөрүүг төлөх үүрэггүй тул уг хугацаанд алданги тооцогдохгүй, нэхэмжлэгч нь алданги гаргуулахаар шаардах эрхгүй байна.

14. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ...... аймгийн Ерөнхий боловсролын .......... дугаар сургуульд холбогдуулан халаалтын тариф нэмэгдсэн зөрүү болох 6,605,909 төгрөг, алданги 7,993,150.66 төгрөг, нийт 14,599,059.66 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ...... аймгийн Ерөнхий боловсролын ...... дугаар сургуульд холбогдуулан халаалтын тариф нэмэгдсэн зөрүү болох 6,605,909 төгрөг, алданги 7,993,150.66 төгрөг, нийт 14,599,059.66 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

                         ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ