Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 215/МА2023/00022

 

 

“МГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ж.Б, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2023/00226 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “МГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЕБ-ын ... дугаар сургуульд холбогдох,

Халаалтын тариф нэмэгдсэн зөрүү 6,605,909 төгрөг, алданги 7,993,150.66 төгрөг, нийт 14,599,059.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Халаалтын тариф нэмэгдсэн зөрүү 6,605,909 төгрөг, алданги 7,993,150.66 төгрөг, нийт 14,599,059.66 төгрөг гаргуулах тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “МГ” ХХК нь Говь-Алтай аймгийн 80 гаруй хувийг дулааны эрчим хүчээр ханган ажилладаг. Манай байгууллага нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлээд төсөвт байгууллага, айл өрхүүдийн үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос ирсэн бичгийн дагуу үнээ нэмсэн. Тухайн үед бүх төсөвт байгууллагад албан бичгээр хүргүүлсэн. Тэрний дагуу нэхэмжлэл үүсгээд тооцоондоо оруулсан байсан. Зарим нэг төсөвт газрууд төсвийн дундуур үнэ нэмсэн гэсэн шалтгаанаар өгөөгүй. 2022 оноос эхлээд манай захирал энэ байгууллагуудаас шүүхээр шийдүүлж мөнгөө гаргуулж авъя та нар шүүхэд баримтаа бүрдүүлж өг гэсний дагуу нэхэмжилж байгаа. Өмнө нь төсөвт байгууллага, аж ахуйн нэгж адилхан 1980 төгрөгөөр халаалтыг өгдөг байсан бол төсөвт байгууллагыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2270 төгрөгөөр тооцож авч байгаа. 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1... дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх зөрүү 6,605,909 төгрөг болж байгаа. Энэ мөнгөө ... дугаар сургууль төлөөгүй. Иймд манай компаний бүрдүүлсэн материалыг үндэслэн хариуцагчаас халаалтын тариф нэмэгдсэн зөрүү болох 6,605,909 төгрөг, алданги 7,993,150.66 төгрөг, нийт 14,599,059.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн тайлбар: Тус сургууль нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 225 дугаар тогтоолоор халаалтын талбайн 1 м3-ийн тариф 1800 төгрөгөөр тооцож нийт 13083.60 м3 талбайд 25,905,528 төгрөгийн халаалтын төлбөр төлдөг байсан. Гэвч 2021 оны 10 дугаар сард Эрчим хүчний зохицуулах хорооны 10 дугаар сарын 14-ний өдрийн 467 дугаар тогтоол гарч халаалтын талбайн 1 м3-ийн тариф 2070 төгрөг болсноор манай сургууль нийт 13083.60 м3 талбайд 29,791,357 төгрөг төлөхөөр болсон байдаг. “МГ” ХХК-иас шинээр тогтоосон тарифаар ирүүлсэн 2021 оны 11, 12 саруудад ирсэн нэхэмжлэхийн дүнг манай сургууль хүлээн зөвшөөрөхгүй, 2021 оны санхүүгийн тайлан балансад “МГ” ХХК-д өргүйгээр тайлан гаргасан. Энэ нь дараах үндэслэлтэй. 1. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалт “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх”-ын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 467 дугаар тогтоолоор баталсан тарифыг 2022 оноос мөрдөхөөр орон нутгийн төсөвт тусган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан байдаг. 2. Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.2.2 дахь заалт Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ, “Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”-ын дагуу тус сургууль нь батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж халаалтын төлбөрөө төлсөн байдаг. Тэгэхээр манай тухайн оны төсөв батлагдсан. Халаалтын тариф 11, 1... дугаар сард нэмэгдээд ороод ирэхэд оны эхэнд батлагдсан төсвөөр тооцоолсон тул ямар ч нэмж төлөх санхүүгийн эх үүсвэр байхгүй. Нэгэнт батлагдсан төсвөөс давсан мөнгө орж ирсэн учраас манай төсөв дээр тийм мөнгө суугаагүй. Дараа нь аймгийн Засаг даргын орлогчийн тушаал гарсан. Энэ мөнгөн төлбөрийг дараа оны буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдье гэсэн тушаал гарсны дагуу манайх мөнгөө хийгээгүй. Иймд “МГ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ЕБ-ын ... дугаар сургуульд холбогдуулан халаалтын тариф нэмэгдсэн зөрүү болох 6,605,909 төгрөг, алданги 7,993,150.66 төгрөг, нийт 14,599,059.66 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч “МГ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж ..... шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “МГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2023/00226 дугаар шийдвэрээр манай компаниас Ерөнхий боловсролын ... дугаар сургуулиас халаалтын тарифын нэмэгдэл зөрүү 6.605.909 төгрөг, алданги 7.993.150.66 төгрөг нийт 14.599.059.66 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гарсан. Манай зүгээс дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах хүсэлтэй байна.

1. ЕБ-ын ... дугаар сургуультай хийсэн “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх” гэрээнд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1800/1980 байхаар гэрээ хийсэн хэдий ч үнэ тарифийн нэмэгдлийг тухайн үед албан бичгээр мэдэгдсэн.

2. ЕБ-ын ... дугаар сургуультай хийсэн “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх” гэрээний 2.2.5 дахь заалт буюу Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан тогтоол, шийдвэрээр дулааны эрчим хүчний үнэ тариф болон үйлчилгээний төлбөр хураамжид өөрчлөлт орсон тохиолдолд заасан хугацаанаас эхлэн дагаж мөрдөх гэж заасан. Иймд манай гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “МГ” ХХК нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЕБ-ын ... дугаар сургуульд холбогдуулан 2021 оны 11, 1... дугаар сарын халаалтын тариф нэмэгдсэн зөрүү 6,605,909 төгрөг, алданги 7,993,150.66 төгрөг, нийт 14,599,059.66 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“МГ” ХХК болон Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 26 дугаартай “Дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээ байгуулагдаж, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар гэрээг сунгахдаа үнэ /НӨАТ-тэй 1800/1980 байхаар тэмдэглэгээ хийгдэж, талуудын гарын үсэг зурж тамга дарагдсан байна.

 

Ийнхүү гэрээний хугацааг сунгасны дараа буюу Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 467 дугаар тогтоол болон хавсралтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф /НӨАТ-гүй/-ыг Төсөвт байгууллагын эзлэхүүнээр тооцох халаалт Төг/м3 нь 2070 төгрөг байхаар тогтоожээ.

 

Нэхэмжлэгч “МГ” ХХК нь буюу Эрчим хүчний зохицуулах хорооны энэхүү тогтоолыг үндэслэн 2021 оны 11, 1... дугаар сарын халаалтын тариф нэмэгдсэн зөрүүг гаргуулахаар шүүхэд хандсан байх бөгөөд зохигчид халаалтын тариф нэмэгдсэн болон тарифийн зөрүүг төлүүлэхээр шаардаж байсан гэх үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эрчим хүч” гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг ойлгоно гэж,

 

3.1.34-д “эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээ гэж,

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус зааснаар “МГ” ХХК болон Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын халаалтын төлбөрийг төлсний дараа “МГ” ХХК нь 11 сарын 10-ны өдрөөс 11 сарын 30-ны өдөр хүртэлх халаалтын үнэ нэмэгдсэн зөрүү 2,472,800.40 төгрөг, 12 сарын халаалтын төлбөрт 27,083,052 төгрөг гаргуулахаар 2021 оны 1... дугаар сарын 14-ний өдрийн №2021/11, 2021/1... дугаар нэхэмжлэхүүдийг хүргүүлсэн байна.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн 2021 оны төсөв батлагдсаны дараа буюу оны эцсээр Эрчим хүчний зохицуулах хорооноос Есөнбулаг сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифад өөрчлөлт оруулсны улмаас үүссэн төлбөрийн зөрүүг хариуцагч төсвийн байгууллага төлөх эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 467 дугаар тогтоол болон хавсралтаар тариф нэмэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд харин Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалт Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэж зааснаар нэмэгдсэн тарифыг дараагийн төсвийн жилээс төлөх ёстой гэж маргажээ.

 

Хэдийгээр “Эрчим хүчний зохицуулах хорооноос халаалтын тариф”-ыг нэмсэн боловч талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 26 дугаартай “Дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээ байгуулагдаж, гэрээнд үнийн талаар нэмэлт өөрчлөлт оруулаагүй байх тул халаалтын тариф нэмэгдсэн зөрүү 6,605,909 төгрөг, алданги 7,993,150.66 төгрөг, нийт 14,599,059.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үйл баримтыг бодитой тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг зөрчөөгүй, зохигчдын тайлбар, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан холбогдох зүйл заалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2023/00226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.645 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 17... дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.Б

                  ШҮҮГЧИД                            Ж.Б

                                                                Ц.О