Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 133/ШШ2023/00376

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 133/ШШ2023/00376

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: .......... овгийн Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ...... аймгийн ....... хотын тохижилт үйлчилгээний газар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох

......... хотын тохижилт үйлчилгээний газар, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Хог тээвэр үйлчилгээний хэсгийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: ..... хотын тохижилт үйлчилгээний газар, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Хог тээвэр үйлчилгээний хэсгийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Б нь .... онд ....... аймгийн ....... сумд төрсөн. ......-......... оны хооронд ...... аймгийн Худалдааны техникум техник мэргэжлийн сургуулийг худалдааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. ...... хотын Тохижилт үйлчилгээний газар ААТҮГазрын захирлын 2015 оны 08-р сарын 17-ны өдрийн Б/55 дугаартай тушаалаар байгууллагын хог тээвэр хэсгийн зохицуулагчаар түр, мөн 2016 оны 02-р сарын 22-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар байгууллагын хог тээвэр, үйлчилгээний хэсгийн зохицуулагчаар тус тус томилогдсон. Ингээд ажиллаж байтал 2023 оны 05-р сарын 10-ны өдрийн Б/32 захирлын тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн учир шүүхэд хандаж байна. Ингэж чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсгийг баримтлан ажлаас чөлөөлсөн байдаг. Мөн аудитын акт, албан шаардлагуудыг баримтлан ажлаас чөлөөлдөг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар ажил мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэх үндэслэлийг барьж ажлаас чөлөөлсөн байгаа. Үүнтэй холбоотой байгууллагын ямар нэгэн дүгнэлт гараагүй гэж үзэж байгаа. Тухайн байгууллагад ирсэн аудитын албан шаардлагад 5 хүн ажиллаж байгаа ажил мэргэжилдээ тэнцэхгүй, нэг хүний холбогдох хувийн хэрэгт нь боловсролыг гэрчилсэн баримт байхгүй гэх шалтгаанаар аудитын акт үйлдэгдсэн байдаг. Ажлын байрны тодорхойлолт байхгүй, энийг мөрдөж ажиллаагүй байна гэх үндэслэлээр тухайн аудитын албан шаардлага бичигдсэн байдаг. Тэгэхээр тухайн үед энэ ажлын байрны тодорхойлолт мөрдөгдөж ажиллаагүй байсан юм байна гэж үзэж байгаа. Ингэж тодорхойлолт үйлдэгдээгүй нь тухайн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа биш гэж үзэж байгаа. Мөн тухайн ажиллаж байсан албан тушаал дээр ямар мэргэжил шаардагдах, ер нь заавал мэргэжил шаардагдах ажил мөн байсан юм уу, биш байсан юм уу гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Иймээс ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158-р зүйлийн 158.2.2, 43-р зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар Б.Б-г ..... хотын Тохижилт үйлчилгээний газрын Хог тэээвэр үйлчилгээний хэсгийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацаанд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлөхийг ........ хотын Тохижилт үйлчилгээний газар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгаж өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн хариу тайлбар: Б.Б нь 2015 онд манайд ажилд орсон байдаг. 2023 он хүртэл өөрийн боловсролын байдлыг тодорхойлох баримтыг хувийн хэрэгт өгөөгүй. Би сая материал өглөө. Төрийн албан хаагчийн анкетийг ажилд орохдоо бөглөөд гарын үсэг зураад өгсөн байдаг. Тэр анкет дээрээ .....-...... онд ......... аймгийн техникумыг төгссөн гэж бичсэн байдаг, нотлох боловсролын бичиг баримт байдаггүй. Мөн ........ их сургуулийг санхүү, эдийн засгийн мэргэжлээр төгссөн гэсэн ч нотлох баримт нь байхгүй. Өөрөөр хэлбэл 2 сургууль төгссөн гэх боловч боловсролыг гэрчлэх бичиг баримт нь байхгүй. 2021 оны 10 сард аудит ороод акт тавигдсан. Тэгээд өөрт нь боловсролынхоо байдлыг нотлох баримт бичгийг авч ирж өг гээд 01 сарын 01 хүртэл хугацаатай мэдэгдэл өгсөн. Энэ хугацаанд сая өгсөн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, сургуулийн архивт байхгүй гэсэн тодорхойлолтыг надад авч ирж өгсөн. Энэ 2 баримтыг нь үндэслээд аудитын албан шаардлагын хариу өгсөн чинь энэ бол манайд нотлох бичиг баримт болохгүй гэсэн үндэслэлээр Аудитын албан шаардлага биелүүлээгүй гэсэн. Наад дээр чинь 5 хүн байгаа. 5 хүний 2 нь жолооч, С ангилалтай, 3,5 тонны ачааны машин барьдаг хүн байсан. Тэр нь В ангилалтай гэж андуурагдсан нь залруулга хийгдсэн. Хөдөлмөр, аюулгүй байдлын ажилтан нь өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан гээд бусад хүмүүсийн тухайд албан шаардлага нь биелсэн боловч Б.Б-ийн асуудлаас болоод энэ хавар дахин албан шаардлага биелүүлээгүй гэх үндэслэлээр манай байгууллагын нягтлан бодогч н.Ц дээр арга хэмжээ авагдсан. Миний нэр дээр арга хэмжээ авах шийдвэр нь ....... дээр ирчихсэн байгаа. Б.Б нь анх ажилд орохдоо төрийн албан хаагчийн анкет дээр бичигдсэн боловсролыг гэрчлэх нотлох баримтаа хувийн хэрэгтээ хийгээгүй байсан. Би одоо хувийн хэргийг нь аваад явж байна. Энд байсан баримтыг сая өглөө. Мөн шүүр ажиллагааны бичиг ирсэн. Түвшин таарахгүй хүмүүсийг чөлөөлж, ажлын байрны шаардлагыг хангуул гэсэн. Энэ хавар 04 сард ахиад хугацаатай мэдэгдэл өгсөн. Тэр мэдэгдлийн хугацаа 05 сарын 10-нд дуусаад ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс миний хувьд хууль ёсны дагуу болсон гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-.......... аймгийн ...... хотын тохижилт үйлчилгээний газар ААТҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/32 дугаар тушаал,

-....... аймгийн ........ хотын Тохижилт үйлчилгээний газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/55 дугаар тушаал,

-мөн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/08 дугаар тушаал,

-Б.Б-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

-......... хотын тохижилт үйлчилгээний хэсгийн зохицуулагчийн ажил үүргийн хуваарийн хуулбар,

-2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ажил хүлээлцэх акт,

-Б.Б-н 412058 дугаар Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны харьяа ...... аймаг дахь Худалдааны техникум-техник мэргэжлийн сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаар тушаал, хавсралт,

-мөн сургуулийн захирлын 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар тушаал, хавсралт.

 

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-.......... аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 79/199 дугаар албан шаардлага,

-........ аймгийн ....... хотын тохижилт үйлчилгээний газар ААТҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 139 дугаар мэдэгдэл,

-........ хотын тохижилт үйлчилгээний газар ААТҮГ-ын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар мэдэгдэх хуудас,

-........... аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 7/533 дугаар албан бичиг,

-Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар албан бичиг,

-Б.Б-н Төрийн албан хаагчийн анкет,

-Б.Б-н 412058 дугаар Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны харьяа ......... аймаг дахь Худалдааны техникум-техник мэргэжлийн сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаар тушаалын хуулбар,

-Албан тушаалын тодорхойлолт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Б нь ....... аймгийн ....... хотын тохижилт үйлчилгээний газар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан тус газрын Хог тээвэр үйлчилгээний хэсгийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “....... аймгийн ............. хотын тохижилт үйлчилгээний газар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2023 оны 05-р сарын 10-ны өдрийн Б/32 тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэг, аудитын акт, албан шаардлагуудыг баримтлан ажлаас чөлөөлдөг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар ажил мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэх үндэслэлийг барьж ажлаас чөлөөлсөн. Үүнтэй холбоотой байгууллагын ямар нэгэн дүгнэлт гараагүй гэж үзэж байгаа. Тухайн байгууллагад ирсэн аудитын албан шаардлагад 5 хүн ажиллаж байгаа ажил мэргэжилдээ тэнцэхгүй, нэг хүний холбогдох хувийн хэрэгт нь боловсролыг гэрчилсэн баримт байхгүй гэх шалтгаанаар аудитын акт үйлдэгдсэн байдаг. Ажлын байрны тодорхойлолт байхгүй, энийг мөрдөж ажиллаагүй байна гэх үндэслэлээр тухайн аудитын албан шаардлага бичигдсэн байдаг. Тэгэхээр тухайн үед энэ ажлын байрны тодорхойлолт мөрдөгдөж ажиллаагүй байсан юм байна гэж үзэж байгаа. Мөн тухайн ажиллаж байсан албан тушаал дээр ямар мэргэжил шаардагдах, ер нь заавал мэргэжил шаардагдах ажил мөн байсан юм уу, биш байсан юм уу гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Иймээс ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй тул Б.Б-г ...... хотын Тохижилт үйлчилгээний газрын Хог тэээвэр үйлчилгээний хэсгийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацаанд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлөхийг ............ хотын Тохижилт үйлчилгээний газар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгаж өгнө үү” гэж шаарджээ.

4. Хариуцагч тал нь “Б.Б нь 2015 онд манайд ажилд орсон. 2023 он хүртэл өөрийн боловсролын байдлыг тодорхойлох баримтыг хувийн хэрэгт өгөөгүй. Төрийн албан хаагчийн анкетийг ажилд орохдоо бөглөөд гарын үсэг зураад өгсөн. Тэр анкет дээрээ .....-....... онд ......... аймгийн техникумыг төгссөн гэж,  мөн ........ их сургуулийг санхүү, эдийн засгийн мэргэжлээр төгссөн гэсэн ч нотлох баримт нь байхгүй. Өөрөөр хэлбэл 2 сургууль төгссөн гэх боловч боловсролыг гэрчлэх бичиг баримт нь байхгүй. 2021 оны 10 сард аудит ороод акт тавигдсан. Тэгээд өөрт нь боловсролынхоо байдлыг нотлох баримт бичгийг авч ирж өг гээд 01 сарын 01 хүртэл хугацаатай мэдэгдэл өгсөн. Энэ хугацаанд сая өгсөн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, сургуулийн архивт байхгүй гэсэн тодорхойлолтыг надад авч ирж өгсөн. Энэ 2 баримтыг нь үндэслээд аудитын албан шаардлагын хариу өгсөн чинь энэ бол манайд нотлох бичиг баримт болохгүй гэсэн үндэслэлээр Аудитын албан шаардлага биелүүлээгүй гэсэн. Мөн шүүр ажиллагааны бичиг ирсэн. Түвшин таарахгүй хүмүүсийг чөлөөлж, ажлын байрны шаардлагыг хангуул гэсэн. Энэ хавар 04 сард ахиад хугацаатай мэдэгдэл өгсөн. Тэр мэдэгдлийн хугацаа 05 сарын 10-нд дуусаад ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс миний хувьд хууль ёсны дагуу болсон гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж татгалзжээ.

5. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Б.Б нь ........ аймгийн ......... хотын Тохижилт үйлчилгээний газарт 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хог тээвэр хэсгийн зохицуулагчаар томилогдон ажиллаж байсан болох нь ........... аймгийн ........... хотын Тохижилт үйлчилгээний газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/55 дугаар тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

6. Улмаар ........ аймгийн ........ хотын Тохижилт үйлчилгээний газар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Х71/595 албан тоот, үйлдвэрийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн хог тээвэр үйлчилгээний хэсгийн зохицуулагч Б.Б-г 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ.

7. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс .......... аймгийн ........ хотын Тохижилт үйлчилгээний газарт хог тээвэр хэсгийн зохицуулагчаар томилогдон ажиллаж эхэлснээр зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ” гэж заажээ.

Иймд Б.Б-н ажлаас үндэслэлгүй халагдсан гэх агуулга бүхий нэхэмжлэлийг шүүх харьяалан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,

154.2.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гомдол гаргана гэж заажээ.

Энэхүү ажлаас чөлөөлсөн ........ аймгийн ........ хотын Тохижилт үйлчилгээний газар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг нэхэмжлэгч Б.Б нь эс зөвшөөрч, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

10. Ажил олгогч ....... аймгийн ........... хотын Тохижилт үйлчилгээний газар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон” гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

Хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн ........ аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 79/199 дугаар албан шаардлагад “Ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагын дагуу ажилчдын хувийн хэргийг үзэж тулгахад боловсрол зөрүүтэй 2, мэргэжил зөрүүтэй 1, мэргэшил зөрүүтэй 2, нийт 5 ажилтан ажлын байрны тодорхойлолтын дагуу шаардлага хангахгүй, 1 ажилтны хувийн хэрэгт боловсролын байдлын материал байхгүй, аудитын хугацаанд ирүүлээгүй” гэжээ.

Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд “....Төрийн албан хаагчийн анкетийг ажилд орохдоо бөглөөд гарын үсэг зураад өгсөн. Тэр анкет дээрээ .......-.......... онд ....... аймгийн техникумыг төгссөн гэж,  мөн ........ их сургуулийг санхүү, эдийн засгийн мэргэжлээр төгссөн гэсэн гэх боловч боловсролыг гэрчлэх бичиг баримт нь байхгүй. 2021 оны 10 сард аудит ороод акт тавигдсан. Тэгээд өөрт нь боловсролынхоо байдлыг нотлох баримт бичгийг авч ирж өг гээд 01 сарын 01 хүртэл хугацаатай мэдэгдэл өгсөн. Энэ хугацаанд сая өгсөн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, сургуулийн архивт байхгүй гэсэн тодорхойлолтыг надад авч ирж өгсөн. Энэ 2 баримтыг нь үндэслээд аудитын албан шаардлагын хариу өгсөн чинь энэ бол манайд нотлох бичиг баримт болохгүй гэсэн үндэслэлээр Аудитын албан шаардлага биелүүлээгүй гэсэн” тул ажлаас чөлөөлсөн гэж мэтгэлцэж байна.  

11. Зохигчдын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Б-н ажиллаж байсан хог тээвэр үйлчилгээний хэсгийн зохицуулагчийн ажлын байр нь мэргэжил, мэргэшил шаардах эсэх, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

12. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад Хог тээврийн хэсгийн зохицуулагчийн албан тушаалын тодорхойлолтод “албан тушаалын ангилал, зэрэглэл ТҮ-5, албан тушаалын зорилт: 1. Хэсгийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг бүрдүүлэлт, хийх ажлын төлөвлөгөө боловсруулах 2. Хог хаягдлын хураамжийн төвлөрүүлэлт, тээвэрлэлт, 3. Үйл ажиллагааны бусад чиглэл. Боловсрол – Бакалавр түүнээс дээш, мэргэшил – Санхүү эдийн засгийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б-н төрийн албан хаагчийн анкетын Боловсролын талаарх мэдээлэлд “......... аймаг Худалдааны техникум ...... онд элсэж, ...... онд төгссөн, эзэмшсэн мэргэжил худалдааны эдийн засагч, гэрчилгээ, дипломын дугаар 05, ....... сургууль ......... онд элсэж, ........ онд төгссөн, эзэмшсэн мэргэжил банк санхүүч, гэрчилгээ, дипломын дугаар 191” гэж бөглөж, нэхэмжлэгч гарын үсгээ зурсан байна.  

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүх хуралдаанд “...Б.Б .....-...... онд .......... аймагт суралцаж эдийн засагч мэргэжилтэй болсон. Хөдөлмөрийн дэвтэр дээр хэзээ сургуульд хэзээ элсээд, хэзээ төгссөн нь тодорхой нотлогдож байгаа. Заавал диплом гэдэг баримт бичгээсээ гадна сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй төгссөн болох нь тэндээс нотлогдож байгаа. Ерөнхийдөө диплом шатчихсан. Сургуулиас шалтгаалах буюу архивлагдаагүй асуудлаас болоод диплом нөхөж олгогдохгүй нөхцөл байдал бий болчихсон байгаа. Гэхдээ тухайн сургуулийг төгссөн болох нь хангалттай нотлогдож байгаа. ...... их сургуульд сурч байгаад яг төгсөх шалгалт өгөхийн өмнө хүүхэд нь өвдөөд улсын шалгалтаа өгч чадаагүй. Тэрийгээ хэдэн семистр сууж нөхөөд дахиж шалгалтаа өгөх шаардлагыг тавьж байгаа. Одоохондоо төгсөөгүй...” гэж тайлбарладаг,

Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч “........ аймгийн .....-...... оны техник мэргэжлийн сургууль байсан. Одоогоор бол Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн үг шүү дээ. Техник мэргэжлийн сургууль бол дипломын боловсролтой төгсгөдөг. Хөдөлмөрийн дэвтэр дээр орсон бичилт байгаа. Нийгмийн даатгал давхар төлөгдөөд явж байсан юм шиг байгаа юм. Түүнээс биш яг төгссөн жагсаалт дээр Б.Б-ийн нэр байдаггүй. Аудит бол ирсэн материалыг энэ нотлох баримт болохгүй гэж үзсэн...” гэж тайлбарлаж байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн анкетад бичсэн “..... сургуульд ...... онд элсэж, ..... онд төгссөн, эзэмшсэн мэргэжил банк санхүүч, гэрчилгээ, дипломын дугаар 191” гэх мэдээлэл нь хуурамч болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “....... их сургуульд сурч байгаад яг төгсөх шалгалт өгөхийн өмнө хүүхэд нь өвдөөд улсын шалгалтаа өгч чадаагүй. Тэрийгээ хэдэн семистр сууж нөхөөд дахиж шалгалтаа өгөх шаардлагыг тавьж байгаа. Одоохондоо төгсөөгүй” гэх тайлбараар тогтоогдож байна.

Харин ....... аймаг Худалдааны техникумд суралцаж байсан гэх байдал нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн ....... дугаар Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт ...... оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус суруульд элсэн орж, ....... оны 06 дугаар сарын 30-ны өдөр төгссөн, БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны харьяа ........ аймаг дахь Худалдааны техникум-техник мэргэжлийн сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаар тушаал, хавсралт, мөн сургуулийн захирлын 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар тушаал, хавсралтуудад үйлдвэрлэлийн дадлага хийсэн, төгсөгчдийн анкетад нэр бичигдсэн зэргээр тогтоогдож байх боловч энэ нь ажлын байрны тодорхойлолтод заасан бакалаврын боловсролтой байх шаардлагад нийцсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д зааснаар ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоно гэж заасан байх тул Б.Б-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

13. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн .......... аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 79/199 дугаар албан шаардлагад зөрчил бүхий ажилчдын нэр бичигдээгүй боловч Шаардах хэсэгт батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангасан ажилтныг авч ажиллуулахыг... даалгасан,

Хог тээврийн хэсгийн зохицуулагчийн албан тушаалын тодорхойлолтод “албан тушаалын ангилал, зэрэглэл ТҮ-5, Боловсрол – Бакалавр түүнээс дээш, мэргэшил – Санхүү эдийн засгийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх” гэж тухайлан заасан байгаа нь хариуцагчийн тайлбараар мөн тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийг 2015 онд анх ажилд томилох үед, хожим 2023 онд ажлаас чөлөөлөх үед ч түүний ажиллаж байсан ажлын байрны ангилал зэрэглэл нь ТҮ-5 байсан болох нь ........ аймгийн ............. хотын Тохижилт үйлчилгээний газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/55 дугаар тушаал, мөн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/08 дугаар тушаал, ........ аймгийн ........ хотын тохижилт үйлчилгээний газар ААТҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/32 дугаар тушаалуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтанд “Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын зохион байгуулагч нь ТҮ-5 зэрэглэлээр ажилладаг, гүйцэтгэх албан тушаал” байхаар заажээ.

Энэхүү тогтоол нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтанд ч адил агуулгатайгаар тогтоогдсон байна.

14. Иймээс ажил олгогчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т заасан үндэслэлээр ажилтныг чөлөөлж байгаа тохиолдолд энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байхыг шаардах бөгөөд

Мөн хуулийн 80.4-т зааснаар “Ажил олгогч энэ хуулийн ...80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх” үүрэгтэй.

Ажил олгогч нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 139 дугаар мэдэгдэл, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар мэдэгдэх хуудсаар тус тус Б.Б-г ажлаас чөлөөлөх болсон талаар мэдэгдэж, улмаар 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн байх тул хуульд заасан хугацаанд мэдэгдэх үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6.ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор заажээ.

Нэхэмжлэгч Б.Б нь ажилд орох үедээ ........ сургуулийг банк санхүүч мэргэжлээр ......... онд төгссөн гэж төрийн албан хаагчийн анкетад бичсэн боловч одоо болтол уг сургуулийг төгсөөгүй байгаа талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх тул түүнийг анх ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

15. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Б-г ....... аймгийн ...... хотын Тохижилт үйлчилгээний газар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хог тээвэр үйлчилгээний хэсгийн зохицуулагчийн ажлаас чөлөөлсөн шийдвэр нь бодит байдалд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

16. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан ..... овгийн Б.Б-ийн ........ аймгийн .... хотын тохижилт үйлчилгээний газар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан ....... овгийн Б.Б-ийн ....... аймгийн ......... хотын тохижилт үйлчилгээний газар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

                         ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ