Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 215/МА2023/00028

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2023/00376 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ............ сумын ........... багийн ... - ... - ... тоотод оршин суух Х овгийн Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГАА-ийн А........хотын ТҮГ ААТҮГ-т холбогдох

А хотын ТҮГ, ААТҮГ-ын Хог тээвэр үйлчилгээний хэсгийн ............... ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: А...... хотын ТҮГ, ААТҮГ-ын Хог тээвэр үйлчилгээний хэсгийн ............. ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Б нь 19 ... онд Говь-Алтай аймгийн ............... сумд төрсөн. 1989-1991 оны хооронд Завхан аймгийн Худалдааны техникум техник мэргэжлийн сургуулийг худалдааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. А.......... хотын ТҮГ, ААТҮГ-ын захирлын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/55 дугаартай тушаалаар байгууллагын Хог тээвэр хэсгийн ................ -аар түр, мөн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар байгууллагын хог тээвэр, үйлчилгээний хэсгийн ............. .-аар тус тус томилогдсон. Ингээд ажиллаж байтал 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/32 дугаар захирлын тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн учир шүүхэд хандаж байна. Ингэж чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсгийг баримтлан ажлаас чөлөөлсөн байдаг. Мөн аудитын акт, албан шаардлагуудыг баримтлан ажлаас чөлөөлдөг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар ажил мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэх үндэслэлийг барьж ажлаас чөлөөлсөн байгаа. Үүнтэй холбоотой байгууллагын ямар нэгэн дүгнэлт гараагүй гэж үзэж байгаа. Тухайн байгууллагад ирсэн аудитын албан шаардлагад 5 хүн ажиллаж байгаа ажил мэргэжилдээ тэнцэхгүй, нэг хүний холбогдох хувийн хэрэгт нь боловсролыг гэрчилсэн баримт байхгүй гэх шалтгаанаар аудитын акт үйлдэгдсэн байдаг. Ажлын байрны тодорхойлолт байхгүй, энийг мөрдөж ажиллаагүй байна гэх үндэслэлээр тухайн аудитын албан шаардлага бичигдсэн байдаг. Тэгэхээр тухайн үед энэ ажлын байрны тодорхойлолт мөрдөгдөж ажиллаагүй байсан юм байна гэж үзэж байгаа. Ингэж тодорхойлолт үйлдэгдээгүй нь тухайн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа биш гэж үзэж байгаа. Мөн тухайн ажиллаж байсан албан тушаал дээр ямар мэргэжил шаардагдах, ер нь заавал мэргэжил шаардагдах ажил мөн байсан юм уу, биш байсан юм уу гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Иймээс ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар Б.Б-ийг А......... хотын ТҮГ-ын Хог тээвэр үйлчилгээний хэсгийн .............. -ийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлөхийг А........ хотын ТҮГ, ААТҮГ-т даалгаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн хариу тайлбар: Б.Б нь 2015 онд манайд ажилд орсон байдаг. 2023 он хүртэл өөрийн боловсролын байдлыг тодорхойлох баримтыг хувийн хэрэгт өгөөгүй. Би сая материал өглөө. Төрийн албан хаагчийн анкетийг ажилд орохдоо бөглөөд гарын үсэг зураад өгсөн байдаг. Тэр анкет дээрээ 1989-1991 онд Завхан аймгийн техникумыг төгссөн гэж бичсэн байдаг, нотлох боловсролын бичиг баримт байдаггүй. Мөн Их засаг их сургуулийг Санхүү, эдийн засгийн мэргэжлээр төгссөн гэсэн ч нотлох баримт нь байхгүй. Өөрөөр хэлбэл 2 сургууль төгссөн гэх боловч боловсролыг гэрчлэх бичиг баримт нь байхгүй. 2021 оны 10 сард аудит ороод акт тавигдсан. Тэгээд өөрт нь боловсролынхоо байдлыг нотлох баримт бичгийг авч ирж өг гээд 01 сарын 01 хүртэл хугацаатай мэдэгдэл өгсөн. Энэ хугацаанд сая өгсөн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, сургуулийн архивт байхгүй гэсэн тодорхойлолтыг надад авч ирж өгсөн. Энэ 2 баримтыг нь үндэслээд аудитын албан шаардлагын хариу өгсөн чинь энэ бол манайд нотлох бичиг баримт болохгүй гэсэн үндэслэлээр Аудитын албан шаардлага биелүүлээгүй гэсэн. Наад дээр чинь 5 хүн байгаа. 5 хүний 2 нь жолооч, С ангилалтай, 3,5 тонны ачааны машин барьдаг хүн байсан. Тэр нь В ангилалтай гэж андуурагдсан нь залруулга хийгдсэн. Хөдөлмөр, аюулгүй байдлын ажилтан нь өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан гээд бусад хүмүүсийн тухайд албан шаардлага нь биелсэн боловч Б.Б асуудлаас болоод энэ хавар дахин албан шаардлага биелүүлээгүй гэх үндэслэлээр манай байгууллагын нягтлан бодогч н.Ц дээр арга хэмжээ авагдсан. Миний нэр дээр арга хэмжээ авах шийдвэр нь ............ дээр ирчихсэн байгаа. Б.Б нь анх ажилд орохдоо төрийн албан хаагчийн анкет дээр бичигдсэн боловсролыг гэрчлэх нотлох баримтаа хувийн хэрэгтээ хийгээгүй байсан. Би одоо хувийн хэргийг нь аваад явж байна. Энд байсан баримтыг сая өглөө. Мөн шүүр ажиллагааны бичиг ирсэн. Түвшин таарахгүй хүмүүсийг чөлөөлж, ажлын байрны шаардлагыг хангуул гэсэн. Энэ хавар 04 сард ахиад хугацаатай мэдэгдэл өгсөн. Тэр мэдэгдлийн хугацаа 05 сарын 10-нд дуусаад ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс миний хувьд хууль ёсны дагуу болсон гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х овгийн Б.Б-ийн ГАА-ийн А........хотын ТҮГ ААТҮГ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж ..... шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2023/00376 дугаар шийдвэрийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад дараах гомдлыг гаргаж байна.

 

Б.Б нь 2015 оноос хойш А....... хотын ТҮГ-т байгууллагын хог тээвэр хэсгийн ...........-аар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

 

Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх шүүхийн шийдвэрээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

 

А........... хотын ТҮГ нь анхнаасаа ажил мэргэжил боловсролын шаардлага тавиагүй ажилд авсан бөгөөд 2022 онд ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж нэмэлт шаардлага оруулчихаад түүндээ үндэслэн хүнийг ажлаас нь чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүхээс тухайн нөхөж оруулсан шаардлагыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байгаа учир хэргийг бүхэлд нь хянан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

7. Нэхэмжлэгч Б.Б нь А......... хотын ТҮГ, ААТҮГ-ын Хог тээвэр үйлчилгээний хэсгийн ..............-ийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

8. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

9. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

 

10. Нэхэмжлэгч Б.Б нь А....... хотын ТҮГ ААТҮГ-ын захирлын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/55 дугаартай тушаалаар байгууллагын хог тээвэр хэсгийн ..........-аар түр, мөн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар байгууллагын хог тээвэр, үйлчилгээний хэсгийн ..........-аар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллажээ.

 

11. Нэхэмжлэгч Б.Б нь Завхан аймгийн Худалдааны техникум техник мэргэжлийн сургуулийг худалдааны эдийн засагч мэргэжлээр төгссөн болох нь 41........ дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар  /хх-ийн 34 хуудас/, Завхан аймгийн Худалдааны техникум-техник мэргэжлийн сургуулийн захирлын 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 27 тоот “Үйлдвэрлэлийн дадлага хийлгэх тухай”  тушаалын хавсралт /хх-ийн 38-40 хуудас/,  Завхан аймаг дахь Худалдааны техникум-техник мэргэжлийн сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 55 тоот “Төгсөгчдийг хуваарилах тухай” тушаал, “Б.Б 1971  Говь-Алтай Ш” гэсэн бичвэр бүхий тус сургуулийн 1991 оны төгсөгчдийн анкетын хавсралтын хуулбар /хх-ийн 35-37 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Говь-Алтай аймгийн Төрийн аудитын газрын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 79/199 дугаар зөрчил арилгуулах тухай албан шаардлагад боловсрол зөрүүтэй 2, мэргэжил зөрүүтэй 1, мэргэшил зөрүүтэй 2 нийт 5 ажилтан ажлын байрны тодорхойлолтын дагуу шаардлага хангахгүй байгаа талаар дүгнээд  “Батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангасан ажилтныг авч ажиллуулах, биелэлтийг ирүүлэхийг” даалгасан байна.

 

Мөн аудитын энэхүү шаардлагад нэг ажилтны хувийн хэрэгт боловсролын байдлын материал байхгүй, аудитын хугацаанд ирүүлээгүйг дурдсан боловч энэ байдлыг ажлын байрны тодорхойлолтын дагуу шаардлага хангахгүй гэдэг ойлголтод болон “Батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангасан ажилтныг авч ажиллуулах” тухай шаардлагад хамааруулаагүй байна.

 

Гэтэл ГАА-ийн А........хотын ТҮГ ААТҮГ 2022.09.13, 2023.04.12-ны өдрийн мэдэгдлүүдэд, Төрийн аудитын газрын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 79/199 дугаар албан шаардлагын дагуу Б.Б-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг удаа дараа мэдэгдэж байсан байна.

 

Ингэж мэдэгдэхдээ Б.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалт, Төрийн аудитын газрын албан шаардлагын дагуу ажлаас нь чөлөөлөх болсныг мэдэгдэж байжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох үндэслэлийг заасан болно.

 

Гэтэл ажил олгогч нь Б.Б-ийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт ажил олгогч энэ хуулийн  80.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухайгаа ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэхийг   үүрэг болгосон байна.

 

Гэтэл ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Төрийн аудитын газрын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 79/199 дугаар албан шаардлагын дагуу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэж байснаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар буюу мэдэгдэж байснаасаа өөр үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалтад заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй.

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын дээр дурдсан албан шаардлагыг Б.Б нь мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг тогтоосон нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байхаар, мөн зүйлийн 10.4 дэх хэсэгт төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батлахаар, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн тайлбарт тухайн хуулийн 10.2-т заасан туслах албан тушаалд дээд боловсролтой байх шаардлага хамаарахгүй талаар тусгасан байна.

 

Тиймээс аудитын шаардлагыг үндэслэн Б.Б-ийг тус байгууллагын хог тээвэр үйлчилгээний хэсгийн ..........-ийн ажлаас чөлөөлсөн Говь-Алтай аймгийн А........ хотын ТҮГ ААТҮГ-ын захирлын тушаал үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар Б.Б-ийг А....... хотын ТҮГ-ын хог тээвэр үйлчилгээний хэсгийн .........-ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлөхийг А......... хотын ТҮГ ААТҮГ-т даалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

 

Иймд ажилгүй байсан 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,881,278 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахаар заасан тул ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Б.Б ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 93050 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2023/00376 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Х овогтой Б.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар Б.Б-ийг А....... хотын ТҮГ-ын Хог тээвэр үйлчилгээний хэсгийн ..............-ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 881 278 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлөхийг А........ хотын ТҮГ ААТҮГ-т даалгасугай.

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас 4 881 278 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 93050 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

                         ШҮҮГЧИД                            Ш.Б       

                                                                            Ц.О