Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2023/00383

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2023/00383

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ....... овгийн Р.Б-д холбогдох

төрд учирсан хохирол 13,488,367 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ө /цахимаар/, хариуцагч Р.Б, түүний өмгөөлөгч Б.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, иргэдийн төлөөлөгч Б.С нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцогчийн ирцтэй холбогдуулан зохигчид нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд 100 дугаар зүйлийн 100.2, 100.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан хохирол 13,488,367 төгрөгийг гаргуулж, Төрийн банк дахь 100900021501 тоот санд оруулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан. Р.Б нь ........ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Д.А-г тус газрын ахлах мэргэжилтний албан тушаалаас бууруулан улмаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар мэргэжилтний албан тушаалаас халах шийдвэр гаргасан байна. Иргэн Д.А нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2019/0005 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0275 дугаар магадлал, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 133/ШШ2021/00178 дугаар шийдвэр тус тус гарч, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/46 дугаар тушаалаар 13,488,367 төгрөгийг Д.А-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 13,488,367 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк, Төрийн албаны зөвлөл 100900021501/ буруутай албан тушаалтан Р.Б-с гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн тайлбар: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлтэй танилцахдаа би энэ талаар судалсан. Юуны өмнө нэхэмжлэгчийн өмнө барьсан хууль зүйн үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтын хугацааны эхлэл болох 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуульд байгаагүй зүйл заалт бөгөөд энэ нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн хуульд орсон зүйл гэдгийг шүүх ойлгож байгаа гэж бодож байна. Нэхэмжлэгчийн нотлох баримтаа болгоод байгаа шүүхийн шийдвэрүүдээр ......... аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/21 тоот тушаал, тус газрын мэргэжилтний албан тушаалаас халсан эсэх шийдвэрийн талаар ямар нэгэн байдлаар яригдсан, тогтоогдсон шүүхээс дүгнэсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл ......... аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалаас эхлэлтэй үйл баримт яригдаж, тэр үеэс өмнө хашиж байсан албан тушаалд эгүүлэн томилсон асуудал л яригдсан гэсэн үг болохоор дагаж мөрдөж эхлээгүй хуулийн заалтаар төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргах боломж байхгүй гэж харж байна. Сайдын тушаалын үндэслэл болгосон Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Хууль зүй дотоод хэргийн сайдын зарцуулах зардлын хэмжээ тусгагдсан ба энэ нь эргэн төлөгдөх ямар нэгэн болзлоор тусгасан зардал биш юм. Би тухайн үед төрийн хариуцлагатай албыг хашиж байсан. Тухайн албан хаагч төрийн албаны ёс зүйгүй байдал гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Ажил тасалж, ажиллаж байсан байж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. 2017 онд миний бие авто осолд ороод биеийн байдал хүнд байсан учраас ахлах мэргэжилтэн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Тиймээс ч илүү сайн ажиллах ёстой байсан. Эцэст нь хэлэхэд миний эрүүл мэндийн байдал ч дээр дурдсан хууль зүйн үндэслэл багатай төлбөрийг төлөх чадвар байхгүй болохыг шүүх анхааралдаа авна уу гэж хүсэж байна гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дугаар тогтоол,

-Төрийн албаны зөвлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01/769 дугаар албан бичиг,

-мөн зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02/331 дугаар албан бичиг,

-.......... аймгийн Боловсрол соёл урлагийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/21 дугаар тушаалуудын хуулбар,

-Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/46 дугаар тушаал, хавсралтын хуулбар,

-Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2019/0005 дугаар шийдвэр,

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0275 дугаар магадлал,

-Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 133/ШШ2021/00178 дугаар шийдвэр.

 

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Эмчилгээ, оношилгоо, ор хоногийн төлбөрийн баримтууд, эмийн баримтууд, рентгэн зургууд.

 

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

-Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/46 дугаар тушаал, хавсралт,

-......... аймгийн Боловсрол соёл урлагийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/21 дугаар тушаалууд.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Төрийн албаны зөвлөл нь Р.Б-д холбогдуулан төрд учирсан хохирол 13,488,367 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан. Р.Б нь ....... аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Д.А-г тус газрын ахлах мэргэжилтний албан тушаалаас бууруулан улмаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар мэргэжилтний албан тушаалаас халах шийдвэр гаргасан байна. Иргэн Д.А нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2019/0005 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0275 дугаар магадлал, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 133/ШШ2021/00178 дугаар шийдвэр тус тус гарч, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/46 дугаар тушаалаар 13,488,367 төгрөгийг Д.А-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 13,488,367 төгрөгийг буруутай албан тушаалтан Р.Б гаргуулахаар нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлаж байна.

4.1. Хариуцагч Р.Б нь “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Юуны өмнө нэхэмжлэгчийн өмнө барьсан хууль зүйн үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтын хугацааны эхлэл болох 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуульд байгаагүй зүйл заалт бөгөөд энэ нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн хуульд орсон зүйл гэдгийг шүүх ойлгож байгаа гэж бодож байна. Нэхэмжлэгчийн нотлох баримтаа болгоод байгаа шүүхийн шийдвэрүүдээр ......... аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/21 тоот тушаал, тус газрын мэргэжилтний албан тушаалаас халсан эсэх шийдвэрийн талаар ямар нэгэн байдлаар яригдсан, тогтоогдсон шүүхээс дүгнэсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл ........ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалаас эхлэлтэй үйл баримт яригдаж, тэр үеэс өмнө хашиж байсан албан тушаалд эгүүлэн томилсон асуудал л яригдсан гэсэн үг болохоор дагаж мөрдөж эхлээгүй хуулийн заалтаар төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргах боломж байхгүй...” гэж,

4.2. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э нь “Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг бид нар өнөөдөр энд ярих шаардлагагүй. Харин тэр шийдвэр нь хэдий үеийн үйл баримтыг шийдэж вэ гэдэг дээр бид нар өнөөдөр анхаарлаа хандуулах ёстой. Ингээд үзэхээр Захиргааны хэргийн 2 шатны шүүхийн шийдвэр нь ахлах мэргэжилтэн Д.А-г ажилд нь эгүүлэн тогтоосон тухай асуудал, харин албан тушаал өөрчилж байгаа нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаал. Үүнээс улбаалж хойшоо гүйсэн хугацааны үйл баримтын асуудал өнөөдөр яригдах ёстой. Одоо нэхэмжлэлийн гол үндэслэл болгоод байгаа Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан энэ эрх, үүрэг тухайн үеийн үйл баримтад хамаарах уу, үгүй юу гэдгийг бид нар анхаарал хандуулах ёстой гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гармагц авсангүй гэж байгаа юм. Тэгвэл шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрх нь тухайн шүүхэд хэрэг хянан шийдвэр тухай хуулийн төдийгүй хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан тухайн зохигч, хэргийн оролцогчийн эрх юм. Гэтэл энэ эрхээ эдлэх хугацааг эргүүлээд 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс хойш төрд учруулсан хохирол гэж үзэх нь зөв үү. Энэ дээр л манай үйлчлүүлэгчийн татгалзлын гол үндэс нь байгаа юм. Нэгэнт Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 178 дугаартай шийдвэрт тодорхойлоод дүгнэлт өгчихсөн байдаг. Тийм учраас хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж татгалзжээ.

5. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Үйл баримтын хувьд хариуцагч Р.Б нь ........ аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар ахлах мэргэжилтэн Д.А-г албан тушаал бууруулан Боловсрол соёл урлагийн ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас 2018 оны 04 сарын 02-ны өдрөөс чөлөөлжээ.

Энэхүү шийдвэрийг Д.А нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2019/0005 дугаар шийдвэрээр:

“Д.А-ийн тухайд ажлын цагаар архи ууж, ажил таслах, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй, албан тушаал хэтрүүлж, ажлын хариуцлага алдаж хууль зөрчсөн гэж үзэж албан тушаал бууруулсан боловч дээрх нөхцөл байдал нь хангалттай нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл ахлах мэргэжилтнээр ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүрэгт тусгагдсан ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан тушаал хэтрүүлж, ажлын хариуцлага алдсан байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэргийн материалд авагдсан, хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтаас тогтоогдохгүй байна. Харинн Д.А нь 2015, 2016 онуудад үр дүнгийн гэрээний биелэлт А буюу маш сайн үнэлгээ авсан, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан тул 2017 оны үр дүнгийн гэрээ үнэлэгдээгүй байна. ... 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр тушаалд Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.9, 17 дугаар зүйлийн 17.1.12 заалтуудыг үндэслэл болгосон байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж зааснаар төрийн захиргааны байгууллагаас бичгээр гаргасан захиргааны актын шаардлагыг хангахгүй байна. Учир нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах тушаалд санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх төсвийн зарчим, төсвийн шууд захирагч буюу байгууллагын дарга төсвийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг болон Төсвийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 гэх байхгүй хуулийн заалтыг үндэслэл болгосон байгаа нь захиргааны акт гаргах бодит нөхцөл байдалд нийцээгүй байна” гэж дүгнэн ........ аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2019 он 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгон, Д.А-г аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын ахлах  мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс Д.А-г ажлаас нь чөлөөлсөн болон халсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа ажиллуулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цалингийн зөрүү гаргуулах шаардлагыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж  шийдвэрлэжээ.

Хариуцагч ......... аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Р.Б нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан үзээд 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0275 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2019/0005 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “.... аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2019 он 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгон, Д.А-г тус газрын ахлах  мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ...... аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Р.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Улмаар Д.А нь ...... аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт холбогдуулан цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 133/ШШ2021/00178 дугаар шийдвэрээр “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ....... аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан тушаал бууруулсан үе буюу 153 хоногийн цалингийн зөрүүнд 2,413,728 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 11,074,639 төгрөг, нийт 13,488,367 төгрөгийг гаргуулан ........... овогт Д.А-д олгож”  шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна.

6. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/46 дугаар “Хөрөнгө хуваарилах тухай” тушаалаар Д.А-д Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 133/ШШ2021/00178 дугаар шийдвэрээр тогтоогдсон 13,488,367 төгрөгийг олгосон байна.

7. Зохигчид ........... аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн Д.А-г ажлаас чөлөөлсөн, шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилсон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгосон гэх дээрх үйл баримттай маргаагүй.

Харин уг үйл баримт болсон цаг хугацаа нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарах эсэх нь маргааны зүйл болжээ.

8. Нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь төрийн албан тушаалтны учруулсан хохирлыг арилгаж, хохирлыг буруутай албан тушаалтнаас шаардсан, гэрээний бус үүргийн харилцаа болно.

9. Шүүх хариуцагч Р.Б-ийн ....... аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар “Д.А-ийн албан тушаалыг бууруулах тухай” тушаал нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд хамаарахгүй гэх татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэв.

10. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйл, 10 дугаар зүйлд төрийн алба, төрийн албан тушаалыг улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний гэж ангилж, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагч байхаар хуульчилжээ.

Дээрх ангилал нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 3, 5 дугаар зүйлд мөн адил агуулгатайгаар хуульчлагдсан байна.

Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 7 дугаар зүйлийн 7.1.10-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал” нь төрийн захиргааны албан тушаал байна гэж гэж зааснаар Р.Б, Д.А нарын ажиллаж байсан ......... аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга болон ахлах мэргэжилтний ажлын байр нь төрийн захиргааны албан тушаал бөгөөд төрийн жинхэнэ алба байжээ.

11. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус зааснаар төрийн жинхэнэ албан хаагч Д.А-г хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн уг үйл баримт нь дээрх хуулийн үйлчилж эхэлсэн цаг хугацаанд хамаарч байх тул Төрийн албаны зөвлөл нь төрд учруулсан хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Тодруулбал, хуулийн дээрх зохицуулалтаас өмнө Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлд энэ агуулга байсан, хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “Төрийн албаны зөвлөл нь ...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан байсан болохыг дурдвал зохино.

12. Түүнчлэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа захиргааны акт /............. аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаал/-ыг хууль бус болохыг тогтоосон учир дээрх харилцаанд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан зохицуулалт хамаарна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.А-ийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү 2,413,728 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 11,074,639 төгрөг, нийт 13,488,367 төгрөгийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/46 дугаар “Хөрөнгө хуваарилах тухай” тушаалаар Д.А-д шилжүүлсэн байх бөгөөд Төрийн албаны тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш буюу 2022 онд төрд хохирол учирсан болох нь нотлогдсон байна.

13. Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төр хохирлыг барагдуулсан бол Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “...Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ...” гэж заасан нь хариуцагчид хуулиар хүлээлгэж буй үүрэг байх ба Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-д заасан төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаас шаардах тухай зохицуулалт нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан хэм хэмжээтэй зөрчилдөхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

14. Д.А-г ...... аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын ахлах мэргэжилтний ажлаас 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хууль бусаар бууруулсан үйл баримтыг захиргааны хэргийн шүүх 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тогтоосон байх бөгөөд энэхүү эрх зүйн харилцаа нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хууль үйлчилж эхлэхээс өмнө буюу 2002 оны Төрийн албаны тухай хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд хамаарах харилцаа байна.

15. Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”-ыг захиргааны байгууллага гэж үзнэ гэжээ.

............ аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нь захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтны хувьд аливаа шийдвэр гаргахдаа хууль дээдлэх үндсэн зарчмын хүрээнд хуулийг нэг мөр сахин биелүүлэх үүрэгтэй, нийтийн эрх зүйн этгээд байх бөгөөд хууль зөрчсөн шийдвэр гаргасан тохиолдолд түүний үр дагавар, хариуцлагыг хүлээж төрд учирсан хохирлыг барагдуулах нь түүнд хуулиар хүлээлгэсэн үүрэг гэж үзнэ.

Боловсрол, соёл урлагийн газрын даргын энэхүү хуулиар хүлээж буй үүрэг нь Захиргааны Ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “... Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна гэж, хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр зааж хуульчилснаар тодорхойлогдож байна.

16. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “....эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө.

Хууль бус үйлдэл (эс үйлдэхүй) гэдэг нь хууль тогтоомж зөрчсөн байхаас гадна нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тохиолдол ч мөн хамаардаг байна.

Энэхүү үйлдэхүй нь санаатай (хүсэж хийсэн), болгоомжгүй (үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан) гэм буруугийн хэлбэрээр илрэх бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж үздэг, өөрөөр хэлбэл хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг юм.

17. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд байгууллага албан тушаалтны бусдад гэм хор учруулсны хариуцлагын талаар зааж мөн зүйлийн 498.2, 498.5-д хохирлыг арилгах дараалал журмыг заажээ.

Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төр хохирлыг барагдуулсан бол Захиргааны Ерөнхий хуулийн 103.1-д зааснаар Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж байгаа нь тус албан тушаалтанд хуулиар хүлээлгэж буй үүрэг юм.

Хариуцагч Р.Б нь ......... аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар ахлах мэргэжилтэн Д.А-г албан тушаал бууруулан Боловсрол соёл урлагийн ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас 2018 оны 04 сарын 02-ны өдрөөс чөлөөлсөн нь хууль бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт байна.

Иймээс захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн үр дагавар болох 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү 2,413,728 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар хариуцагч улсын төсөвт хариуцан буцаан төлөх үүрэгтэй байна.

Харин Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 133/ШШ2021/00178 дугаар шийдвэрээр Д.А-д 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 11,074,639 төгрөгийг олгож шийдвэрлэсэн уг үйл баримт нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн үйлчилж эхэлсэн цаг хугацаанд хамаарч байх тул мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч Д.А-г хууль бусаар төрийн албанаас чөлөөлсний улмаас төрд учруулсан хохирол 11,074,639 төгрөгийг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

18. Хариуцагч Р.Б нь эрүүл мэндийн шалтгааны улмаас дээрх төлбөрийг төлөх чадваргүй гэж тайлбарлаж эмчилгээ, оношилгоо хийлгэж байсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон эмийн баримтууд, рентгэн зургуудыг нотлох баримтаар ирүүлсэн боловч дээрх үндэслэлээр хариуцагчийг төлбөрөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

19. Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Р.Б-с 13,488,367 /арван гурван сая дөрвөн зуун наян найман мянга гурван зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулж Төрийн банк дахь 100900021501 тоот санд оруулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 13,488,367 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 225,392 /хоёр зуун хорин таван мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг хариуцагч Р.Б-с гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасны тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Р.Б-с 13,488,367 /арван гурван сая дөрвөн зуун наян найман мянга гурван зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулж Төрийн банк дахь 100900021501 тоот санд оруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 13,488,367 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 225,392 /хоёр зуун хорин таван мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг хариуцагч Р.Б-с гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                       

                        

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ

 

   ШҮҮГЧ                             Ц.ҮЙТҮМЭН

 

   ШҮҮГЧ                             Б.МӨНХБАТ