Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 215/МА2023/00032

 

 

МУ-ын ТАЗ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2023/00383 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: МУ-ын ТАЗ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .......... багийн ... дугаар байр ... тоотод оршин суух Ж овгийн Р.Б-д холбогдох

Төрд учирсан хохирол 13,488,367 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ө /цахимаар/, Э.Д /цахимаар/, хариуцагч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан хохирол 13,488,367 төгрөгийг гаргуулж, Төрийн банк дахь 1009000............ тоот санд оруулах тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан. Р.Б нь Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Д.А-г тус газрын ахлах мэргэжилтний албан тушаалаас бууруулан улмаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар мэргэжилтний албан тушаалаас халах шийдвэр гаргасан байна. Иргэн Д.А нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2019/0005 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0275 дугаар магадлал, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 133/ШШ2021/00178 дугаар шийдвэр тус тус гарч, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/46 дугаар тушаалаар 13,488,367 төгрөгийг Д.А-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 13,488,367 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк, Төрийн албаны зөвлөл 1009000........../ буруутай албан тушаалтан Р.Б-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн тайлбар: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлтэй танилцахдаа би энэ талаар судалсан. Юуны өмнө нэхэмжлэгчийн өмнө барьсан хууль зүйн үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтын хугацааны эхлэл болох 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуульд байгаагүй зүйл заалт бөгөөд энэ нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн хуульд орсон зүйл гэдгийг шүүх ойлгож байгаа гэж бодож байна. Нэхэмжлэгчийн нотлох баримтаа болгоод байгаа шүүхийн шийдвэрүүдээр Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/21 тоот тушаал, тус газрын мэргэжилтний албан тушаалаас халсан эсэх шийдвэрийн талаар ямар нэгэн байдлаар яригдсан, тогтоогдсон шүүхээс дүгнэсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалаас эхлэлтэй үйл баримт яригдаж, тэр үеэс өмнө хашиж байсан албан тушаалд эгүүлэн томилсон асуудал л яригдсан гэсэн үг болохоор дагаж мөрдөж эхлээгүй хуулийн заалтаар төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргах боломж байхгүй гэж харж байна. Сайдын тушаалын үндэслэл болгосон Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Хууль зүй дотоод хэргийн сайдын зарцуулах зардлын хэмжээ тусгагдсан ба энэ нь эргэн төлөгдөх ямар нэгэн болзлоор тусгасан зардал биш юм. Би тухайн үед төрийн хариуцлагатай албыг хашиж байсан. Тухайн албан хаагч төрийн албаны ёс зүйгүй байдал гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Ажил тасалж, ажиллаж байсан байж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. 2017 онд миний бие авто осолд ороод биеийн байдал хүнд байсан учраас ахлах мэргэжилтэн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Тиймээс ч илүү сайн ажиллах ёстой байсан. Эцэст нь хэлэхэд миний эрүүл мэндийн байдал ч дээр дурдсан хууль зүйн үндэслэл багатай төлбөрийг төлөх чадвар байхгүй болохыг шүүх анхааралдаа авна уу гэж хүсэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүх: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Р.Б-өөс 13,488,367 /арван гурван сая дөрвөн зуун наян найман мянга гурван зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулж Төрийн банк дахь 1009000........ тоот санд оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 13,488,367 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 225,392 /хоёр зуун хорин таван мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг хариуцагч Р.Б-өөс гаргуулж, улсын орлогод оруулж ..... шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Р.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2023/00383 дугаар шийдвэрийн 1, 2 дугаар заалтыг эсэргүүцэж байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Үндэслэл нь: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2023/00383 дугаар шийдвэрийн 3 дугаар заалтын дагуу гомдол гаргах эрх үүссэн. Миний бие төрийн албанд 39 жил зүтгэж, Төрийн албаны тэргүүний ажилтан болсон. Мэргэшсэн төрийн албан хаагч, төрийн эсрэг, төр хохироох, сэтгэл, хандлага, үйлдэл гаргахгүй. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2019/0005 дугаар шийдвэр нэг талыг баримтлан гарчээ. Миний бие авто осолд орсон нэхэмжлэгчийн шат шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй болохыг онцлон дурьдая. Шүүхийн шийдвэр буруу, алдаатай гарсан ч хамаагүй гэдэг зарчимтай шүүх хуралдаан боллоо. Миний бие хүнд гэмтэлтэй байсан тул шүүх хуралд оролцох боломжгүй байсныг Д.А-ийн өмгөөлөгч А нэхэмжлэгчтэй үгсэн хуйвалдаж хууль бус нотлох баримт цуглуулж хууль зөрчиж бүрдүүлсэн материалаар шүүхийн шийдвэр гаргуулсан юм байна лээ. Төрийн албан хаагч А зан ааш эвдрэн зохисгүй байдал гаргах нь хэрээс хэтэрч, ажил тасалж, ажлын байранд удаа дараа архидаж байжээ. Манай хамт олон удаа дараа санал ирүүлж, гомдол мэдүүлж байсан. Жишээ нь: Мэргэжилтэн Х.Э, С.М, Э, жижүүр Д.С, С, Д.Г ... гэх мэт. Тиймээс ажлаас халагджээ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хариуцагч Р.Б нь Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Д.А тус газрын ахлах мэргэжилтний албан тушаалаас бууруулан улмаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар мэргэжилтний албан тушаалаас халсныг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, Д.А урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13,488,367 төгрөгийг ажил олгогчоос нь гаргуулж шийдвэрлэсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/46 дугаар тушаалаар Д.А ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож 13,488,367 төгрөгийг олгосон байна.

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 13,488,367 төгрөгийг буруутай албан тушаалтан Р.Б-өөс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэн Д.А ажилд нь эгүүлэн тогтоосон Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2019/0005 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0275 дугаар магадлал, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 133/ШШ2021/00178 дугаар шийдвэрүүд хүчин төгөлдөр болж, хэрэгжсэн, эдгээр шийдвэрүүдээр Д.А нь хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоож урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаанд ногдох 13,488,367 төгрөгийн олговор олгохоор шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/46 дугаар тушаалаар 13,488,367 төгрөгийг Д.А ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон үйл баримт нь зохигчдын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон энэ үйл баримтын талаар маргаагүй байна.

Тиймээс шүүхийн дээрх шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон үйл баримт нөхцөл байдлын талаар шүүх дахин дүгнэлт хийх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан.

 

Төрийн албан хаагч үйл ажиллагаа явуулж байхдаа бусдад хохирол учруулсан бол тухайн ажиллаж байгаа байгууллага эхний ээлжинд хохирлыг төлж, гэм буруутай этгээдээр уг хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байхаар Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь хэсэгт зохицуулсан байна.

Ажилтны хууль ёсны эрх, ашиг сонирхол, төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж хууль бусаар албан тушаал бууруулсан, ажлаас чөлөөлсөн албан тушаалтны үйлдлийг шууд санаатай, хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд хариуцагч Р.Б-ийн  Д.А хууль бусаар ажлаас чөлөөлсөн үйлдлийн улмаас төрийн байгууллага Д.А-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,488,367 төгрөг төлж төрд эд хөрөнгийн хохирол учирсан байх тул төр түүнийг төлөөлж ТАЗ, ГАА-ийн ЗДТГ төрд учирсан учирсан хохирлыг Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Төрийн байгууллагад гэм хор учруулснаас үүсэх үүрэг хариуцлага, түүнийг нөхөн төлөхтэй холбоотой харилцааг тухайн үйл явдал болох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зохицуулсан, энэ маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.1 дэх зохицуулалтыг хэрэглэсэн нь Иргэний хуулийн 4, 5 дугаар зүйлд заасан зарчимтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч төрд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэх Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна.

Тиймээс анхан шатны шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдвэрийн тогтоох хэсгийн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасныг баримталсан хэсгийг хасаж өөрчилж, бусад зүйл заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хууль хэрэглээний талаарх буюу анхан шатны шүүх 2018 оны үйл баримтад 2019 онд хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэсэн талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй хэдий ч энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй, харин анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болсныг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2023/00383 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг” гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 225.392 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

                         ШҮҮГЧИД                            Ш.Б

                                                                            Ц.О