Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 133/ШШ2023/00400

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 133/ШШ2023/00400

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ........ овгийн Р.Б-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ...... аймгийн Засаг даргад холбогдох

өндөр насны тэтгэврийн хохирол 5,062,317.5 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 19ий өдөр өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Б, харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх тэтгэврийн алдагдал нь 5,062,317.5 төгрөгийг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дугаар хэсэг Ажил олгогчийн буруугаас Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохиролыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1- 2-5, 1-3, 2-1-5, 3-2-1 дүгээр заалтуудыг үндэслэн Өндөр насны тэтгэвэр /2014-2020 он/ 7 жилээр 2020 оны 12 дугаар 02 нд тогтоогдсон. Шүүхийн шийдвэрээр 2014 оны 02 сарын 21-нээс 2016 оны 04 сарын 07-ны хооронд 25 сар 15 хоногийн цалингийн 60 орчим хувь нь олгогдсон. Энэ хугацаанд ажил олгогчоос, Нийгмийн даатгалын шимтгэл огт төлөгдөөгүй тасарсан. Нийгмийн даатгалын шимтгэл 25 сар 15 хоног төлөгдөөгүй, тасарч, миний өндөр насны тэтгэврийг 782,998 төгрөгөөр урьдчилсан байдлаар тогтоосон баримт байна. Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 01 ны тогтоолоор тэтгэвэр 15 хувь нэмэгдсэн. Ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн зарим сарын төлбөр 2022 оны 08 сард төлөгдөж, өндөр насны тэтгэвэр 125,150 төгрөгөөр нэмэгдсэн. Өндөр насны тэтгэвэр 2020 оны 12 сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл 14 сарын тэтгэвэрийн зөрүү 1,752,100 төгрөг байна. Хэрвээ энэ нэмэгдэл анх тэтгэвэр тогтоолгоход олгогдсон бол тэтгэвэр 908,148 төгрөг болно. Засгийн газрын тогтоолоор 2022 оны 02 дугаар сарын 01-нд тэтгэвэр 15 хувь нэмэгдэхэд 908,148 төгрөгийн 15 хувь нь 1,044,370.2 төгрөг болно. Харин 782,998 төгрөгийн 15 хувь нь 900,447.7 төгрөг юм. Зөрүү 143,922.5 төгрөг. 2022 оны 02 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 сарын 31 хүртэл 23 сарын зөрүү 3,310,217.5 төгрөг байна. Өндөр насны тэтгэвэр 2020 оны 12 сарын 02-нд тогтоогдон олгогдож эхэлсэн. 2023 оны 06 сарын 02 хүртэл 28 сарын зөрүү нь 5,062,317.5 төгрөг. тооцоолол: / 3,310,217.5 + 1,752,100 = 5,062,317.5 төгрөг/. Ажил олгогчийн буруу шийдвэрээс үүссэн өндөр насны тэтгэврийн алдагдал 5,062,317.5 /таван сая жаран хоёр мянга гурван зуун арван долоон/ төгрөгийг Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүлийн 2-р хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1-2-5, 1-3, 2-1-5, 3-2-1 дүгээр заалтуудыг үндэслэн нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Миний бие 2014 оны 02 дугаар сарын 20-ны аймгийн Засаг даргын Б/29 дугаартай захирамжаар шалтгаангүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хооронд ажилгүй явж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 07-ны аймгийн Засаг даргын Б/19 дугаартай захирамжаар томилогдсон. Энэ нь Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны 31 дугаартай шийдвэрээр томилогдсон. Энэ шүүхийн шийдвэр 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдсэн, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 94 дугаартай тогтоолоор мөн хэвээр үлдэж, энэ дагуу томилогдсон. Анхан шатны шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн магадлалууд гээд хоёр, гурван удаа гарсан. Дээр нь хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд гурван ч удаа гарсан. Энэ хооронд би сум дундын шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах нэхэмжлээд хангаж шийдвэрлэж байсан. Д.Янжиндулам шүүгч шийдэж байсан юм байна билээ. Энэ дагуу 10 сая төгрөг төсвөөс өгсөн. Өөрөөр хэлбэл тэр нь өмнөх ажил хийж байх үеийн цалингийн 60 гаруй хувь байсан нь ингэж шийдэгдсэн. Энэ хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцна гэж заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл энэ хугацаанд ажил олгогчоос огт төлөгдөөгүй юм байна билээ. Тийм учраас нэхэмжлэл гаргасан. Яагаад нэхэмжилж байгаа вэ? гэхээр би 2020 оны 12 дугаар сарын 02-нд өндөр насны тэтгэвэрт гарсан. Тухайн үед өндөр насны тэтгэврийг 7 жилээр тооцож тогтоож байсан. Үүнд 2014, 2015 онууд орчихож байгаа юм. Гэтэл энэ онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас тэтгэвэр анх тогтооход 782,998 төгрөгөөр тогтоогдсон байдаг. Нэхэмжлэлдээ тодорхой бичсэн. Энэний дагуу алдагдал гарч явсаар 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх алдагдал нь 5,062,317.5 төгрөг болж байгаа. Энэ нь ажил олгогчийн буруугаас болоод миний бие хохирсон. Цаашдаа ч 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тэтгэвэр авах хугацаанд ийм хохирол байнга явагдах юм байна. Иймд миний бие хуулийн болон өмгөөлөгчийн зааврын дагуу хууль хяналтын байгууллагадаа хандаж шийдвэрлүүлье гэж нэхэмжлэл гаргасан. Иймд миний нэхэмжилсэн 5,062,317.5 төгрөгийг шүүхээр шийдвэрлүүлж олгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Хоёр асуудал байна. Нэгдүгээрт Засаг даргын олговор бол улсын төсвөөс олгогдсон олговор юм. Энд бол би нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогчоос төлөгдөх хуулийн хүрээнд л нэхэмжилж байгаа. Энэ асуудал хариуцагч талаас ерөөсөө яригдахгүй байна. Тийм учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйгээс тэтгэвэр тогтоолгоход алдагдал гарсан бөгөөд энэ алдагдлыг нөхөж авах нэхэмжлэл юм. 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 25 сарын 5,062,317.5 төгрөгийг л шүүхээр шийдвэрлүүлж, олгуулах хүсэлт гаргаж байгаа юм гэв.

3. Хариуцагчийн тайлбар:  Нэхэмжлэгч нь ажлаас халагдсан шийдвэрийг эс зөвшөөрч ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, шүүх хуралдаанд оролцоход гарсан зардал, өмгөөлөгчийн хөлс, сургалтад хамрагдсан зардал нийт 2,176,090 төгрөг, мөн 2015 оны 07, 08 дугаар сарын цалин хөлс, хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоход гарсан зардал гээд нийт 2,546,358 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийтдээ 15,022,448 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан байдаг. Тэгээд энэ хэрэг маань 2015 онд шийдэгдээд шүүхийн шийдвэрээр 10,976,634 төгрөгийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Энэ мөнгөнд юу юу орж байдаг вэ? гэхээр аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны олговорт 10,582,430 төгрөг, шүүх хуралдаанд оролцоход гарсан зардал болох 397,200 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Мөн Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаартай магадлалаар 10,213,463 төгрөгийг Засаг даргаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байдаг. Эдгээр шийдвэрүүдийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/227 дугаартай тушаалаар мөнгө нь шийдвэрлэгдээд тухайн үед нэхэмжлэгчийн дансанд мөнгийг нь орсон нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тухайн үед энэ хэрэг нь шийдвэрлэгдээд шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Хоёр удаагийн шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тухайн нэхэмжлэгчийн данс руу Хууль зүйн сайдын багцаас мөнгө нь шилжиж орсон байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/227 дугаартай захирамжаар шийдвэрлэгдсэн. Эндээс тодруулаад хэлэхэд нэг шүүхийн шийдвэрт 10,929,630 төгрөгийг нийт дүнгээр нь гаргуулахаар шийдсэн байдаг. Үүнд 397,200 төгрөгийг замын зардал, 10,582,430 төгрөгөөс нийгмийн даатгалын хураамжийг тооцохоор шүүх шийдсэн. Хууль зүйн сайдын багцаас нийгмийн даатгалын хураамжтайгаа буюу 10,929,630 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн байдаг. Ер нь ажлаас чөлөөлөгдөөд, ажилгүй байсан хугацааны цалин Хууль зүйн сайдын багцаас орохдоо шүүхийн шийдвэрийн нийт дүнгээр тухайн хүнийхээ данс руу ордог. Харин тэр орсон мөнгөнөөсөө тухайн хүн нийгмийн даатгалаа төлөөд байгууллагаараа бичилтээ хийлгээд явдаг. Шүүхийн шийдвэрээр гарсан мөнгөн дүн бол нэхэмжлэгчийн дансанд ороод шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан байдаг. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын бичилт Тамгын газар дээр хийгдэхгүй. Тухайн үед Боловсрол, шинжлэх ухааны газар гэж байсан. Тэр газрын нягтлан бодогч хийх ёстой байсан. Ерөнхийдөө бол нийгмийн даатгалын шимтгэл, ажилгүй байсан хугацааны цалин, замын зардал нийт дүнгээрээ Хууль зүйн сайдын багцаас орсон учраас тухайн нэхэмжлэгч маань өөрөө л тэр мөнгөнөөсөө төлөөд бичилтээ хийлгэх байсан. Өөрөө шүүхийн шийдвэр биелэсэн гэж үзээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасан байх гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-........... аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/29 дугаар захирамжийн хуулбар,

-мөн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/19 дүгээр захирамжийн хуулбар,

-Р.Б-ийн 2377 дугаар “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгийн үнэмлэхийн хуулбар,

-2021 оны 01 дүгээр сарын 11,м 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрүүдийн Тэтгэвэр тогтоолтын хуудсын хуулбар.

 

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.

6. Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

-2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 359 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 321 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1249 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай тухай шүүгчийн захирамж,

-Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар магадлал,

-Р.Б-ийн Говь-Алтай аймгийн ШШГ хэлтэст гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар,

-Р.Б-ийн Хаан банкны депозит дансны хуулга /2017.12.01-2017.12.31/,

-Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/342 дугаар тогтоол,

-2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 496 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 250 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1327 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай тухай шүүгчийн захирамж,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 326 дугаар шийдвэр,

-Р.Б-ийн Говь-Алтай аймгийн ШШГ хэлтэст гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар,

-Р.Б-ийн Хаан банкны депозит дансны хуулга /2017.12.01-2017.12.31/,

-Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/343 дугаар тогтоол.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Р.Б нь ........ аймгийн Засаг даргад холбогдуулан өндөр насны тэтгэврийн хохирол 5,062,317.5 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие 2014 оны 02 дугаар сарын 20-ны аймгийн Засаг даргын Б/29 дугаартай захирамжаар шалтгаангүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хооронд ажилгүй явж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 07-ны аймгийн Засаг даргын Б/19 дугаартай захирамжаар томилогдсон. Энэ нь Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны 31 дугаартай шийдвэрээр томилогдсон. Энэ шүүхийн шийдвэр 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдсэн, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 94 дугаартай тогтоолоор мөн хэвээр үлдэж, энэ дагуу томилогдсон. Энэ хооронд би сум дундын шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах нэхэмжлээд хангаж шийдвэрлэж байсан. Энэ дагуу 10 сая төгрөг төсвөөс өгсөн. Өөрөөр хэлбэл тэр нь өмнөх ажил хийж байх үеийн цалингийн 60 гаруй хувь байсан нь ингэж шийдэгдсэн. Энэ хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцна гэж заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл энэ хугацаанд ажил олгогчоос огт төлөгдөөгүй юм байна билээ. Тийм учраас нэхэмжлэл гаргасан. Би 2020 оны 12 дугаар сарын 02-нд өндөр насны тэтгэвэрт гарсан. Тухайн үед өндөр насны тэтгэврийг 7 жилээр тооцож тогтоож байсан. Үүнд 2014, 2015 онууд орчихож байгаа юм. Гэтэл энэ онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас тэтгэвэр анх тогтооход 782,998 төгрөгөөр тогтоогдсон байдаг. Энэний дагуу алдагдал гарч явсаар 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх алдагдал нь 5,062,317.5 төгрөг болж байгаа...” гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч нь “...2015 оны шүүхийн шийдвэрээр 10,976,634 төгрөгийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Энэ мөнгөнд аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны олговорт 10,582,430 төгрөг, шүүх хуралдаанд оролцоход гарсан зардал болох 397,200 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Мөн Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаартай магадлалаар 10,213,463 төгрөгийг Засаг даргаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байдаг. Эдгээр шийдвэрүүдийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/227 дугаартай тушаалаар мөнгө нь шийдвэрлэгдээд тухайн үед нэхэмжлэгчийн дансанд мөнгө нь орсон нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин Хууль зүйн сайдын багцаас орохдоо шүүхийн шийдвэрийн нийт дүнгээр тухайн хүнийхээ данс руу ордог. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын бичилт Тамгын газар дээр хийгдэхгүй. Тухайн үед Боловсрол, шинжлэх ухааны газар гэж байсан. Тэр газрын нягтлан бодогч хийх ёстой байсан. Ерөнхийдөө бол нийгмийн даатгалын шимтгэл, ажилгүй байсан хугацааны цалин, замын зардал нийт дүнгээрээ Хууль зүйн сайдын багцаас орсон учраас тухайн нэхэмжлэгч маань өөрөө л тэр мөнгөнөөсөө төлөөд бичилтээ хийлгэх байсан...” гэж татгалзжээ.

4.1. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

Үйл баримтын хувьд нэхэмжлэгч Р.Б-г анх аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/29 дүгээр захирамжаар ажлаас халагдсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 282 дугаар магадлалаар аймгийн Засаг даргын Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Р.Б-г аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд нь тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 206 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгч Р.Б-г ........ аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/143 дугаар захирамжаар аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон байх бөгөөд мөн өдрийнхөө Б/144 дугаар захирамжаар аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн, уг захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 175 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Р.Б-г аймгийн Боловсролын газрын даргын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

4.2. Улмаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 326 дугаар шийдвэрээр 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нийт 8 сар 19 хоногийн олговорт 10,582,434 төгрөг, шүүх хуралдаанд оролцоход гарсан замын зардалд 397,200 төгрөг, нийт 10,979,634 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,582,370 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар 10,582,434 төгрөгийн олговроос Р.Б-ийн нийгмийн даатгалын хураамжийг тооцон авч, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч .......... аймгийн Засаг даргад үүрэг болгож,

Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар магадлалаар 2015 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2016 оны 1, 2, 3 дугаар сарын цалин 8,590,257 төгрөг, 2014 оны 11, 12 дугаар сар, 2015 оны 1-8 дугаар сарын цалингийн нэмэгдэл 1,623,211 төгрөг нийт 10,213,463 төгрөгийг хариуцагч ........ аймгийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс ХБНГУ, Франц улсуудад сургалтад хамрагдахад гарсан зардал 3,623,970 төгрөг, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцоход гарсан зардал 187,200 төгрөг, нийт 3,820,170 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус шийдвэрлэжээ.

Дээрх магадлалын Тогтоох хэсэгт нийгмийн даатгалын шимтгэлийн талаар дурдаагүй боловч Үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгчид дээрх олговрыг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих сан, дансанд шилжүүлэхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй гэж үзнэ” гэж дүгнэжээ.

5. Дээрх шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгч Р.Б-ийн Хаан банкны дансанд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ХЗДХСайдын А/227 тушаал төлбөр гэх агуулгаар 10,213,463 төгрөг, 10,929,634 төгрөг нийт 21,143,097 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

6. Улмаар нэхэмжлэгч Р.Б нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 326 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар магадлалын дагуу үүсгэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгохоор хүсэлт гаргасан болох нь түүний Говь-Алтай аймгийн ШШГ хэлтэст гаргасан хүсэлтүүд, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/342, 12/343 дугаар тогтоолуудаар тогтоогдож байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Дээрх шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болж, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговрыг олгосон талаар хэргийн оролцогч нар маргаагүй болно.

8. Харин шүүхийн шийдвэрүүдээр олгогдсон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохдоо нэхэмжлэгч Р.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч буюу аймгийн Засаг дарга нөхөн төлж, баталгаажуулалт хийх ёстой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.

9. Нэхэмжлэгч нь шаардлагынхаа эрх зүйн үндэслэлийг Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүлийн 2-р хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1.2.5, 1.3, 2.1.5, 3.2.1 дүгээр заалтууд гэж тодорхойлжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-д “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж,

Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын

1.2.5-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлсөн тохиолдолд тухайн хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно” гэж,

1.3-д “Төр, ажил олгогчоос энэ журмын дагуу төлөх шимтгэлд шаардагдах зардлыг улсын төсөв, нийгмийн даатгалын сангийн төсөв, байгууллагын төсөвт тусгах ажлыг холбогдох төрийн захиргааны төв болон бусад байгууллага хариуцан гүйцэтгэнэ” гэж,

2.1 Ажил олгогч шимтгэл төлснөөр тооцогдох дараах хугацааны шимтгэлийг нийгмийн даатгалын санд доор дурдсанаар төлнө:

2.1.5. энэ журмын 1.2.5-д заасан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон тухайн даатгуулагчийг ажилдаа эргэн орсноос хойш нэг сарын дотор нэг удаа бүрэн хэмжээгээр” гэж,

3.2.Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны шимтгэл төлөлтийн тайланг доор дурдсаны дагуу гаргана:

3.2.1.энэ журмын 1.2.1, 1.2.3-1.2.5, 1.2.7, 1.2.8, 1.2.10-т заасан хугацааны  шимтгэл төлөлтийн тайланг ажил олгогч гарган нийгмийн даатгалын байгууллагад сар бүр” гэж тус тус заажээ.

Дээрх заалтууд нь ажил олгогч нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, ийнхүү нөхөн төлөөгүйгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөх агуулгатай байна.

10. Харин нэхэмжлэгч Р.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүйд буруутай болох нь тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 326 дугаар шийдвэрээр Р.Б-д олгосон ажилгүй байсан хугацааны олговор 10,582,434 төгрөг ч,

-Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар магадлалаар Р.Б-д олгосон 2015 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2016 оны 1, 2, 3 дугаар сарын цалин 8,590,257 төгрөг, 2014 оны 11, 12 дугаар сар, 2015 оны 1-8 дугаар сарын цалингийн нэмэгдэл 1,623,211 төгрөг нийт 10,213,463 төгрөг ч аль аль нь нэхэмжлэгчийн гарт олгох цэвэр мөнгөн дүн биш юм.

Учир нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 326 дугаар шийдвэрээр 10,582,434 төгрөгийн олговроос Р.Б-ийн нийгмийн даатгалын хураамжийг тооцон авч, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч ........... аймгийн Засаг даргад үүрэг болгосон,

Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар магадлалаар 2015 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2016 оны 1, 2, 3 дугаар сарын цалин 8,590,257 төгрөг, 2014 оны 11, 12 дугаар сар, 2015 оны 1-8 дугаар сарын цалингийн нэмэгдэл 1,623,211 төгрөг нийт 10,213,463 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих сан, дансанд шилжүүлэхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй гэж тус тус шийдвэрлэсэн байна.

Эндээс дүгнэхэд дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч Р.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулалд олгосон нийт 20,795,897 төгрөг /10,582,434+10,213,463=20,795,897 төгрөг/-ийн олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, үлдэх хэсгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд харин Хууль зүй дотоод хэргийн сайдын А/227 дугаар тушаалаар дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ ажил олгогчийн суутган төлөх байсан нийгмийн даатгалын шимтгэлийг хасаагүй нийт дүнгээр нэхэмжлэгчийн дансанд мөнгийг шилжүүлжээ.

11. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Ажилгүй байсан хугацааны цалин Хууль зүйн сайдын багцаас орохдоо шүүхийн шийдвэрийн нийт дүнгээр тухайн хүнийхээ данс руу ордог. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын бичилт Тамгын газар дээр хийгдэхгүй. Тухайн үед Боловсрол, шинжлэх ухааны газар гэж байсан. Тэр газрын нягтлан бодогч хийх ёстой байсан. Ерөнхийдөө бол нийгмийн даатгалын шимтгэл, ажилгүй байсан хугацааны цалин, замын зардал нийт дүнгээрээ Хууль зүйн сайдын багцаас орсон учраас тухайн нэхэмжлэгч маань өөрөө л тэр мөнгөнөөсөө төлөөд бичилтээ хийлгэх байсан...” гэж татгалзаж байгааг үгүйсгэх боломжгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт

-1/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

-3/хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч нийгмийн даатгалд албан журмаар даатгуулна гэж,

Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ 11.7 хувь, Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ 11.5 хувь байна” гэж тус тус заажээ.

Тодруулбал, нэхэмжлэгч Р.Б-ийн дансанд түүний ажилгүй байсан хугацааны олговор, түүнээс ажил олгогчийн тооцон суутгах нийгмийн даатгалын шимтгэл нийт дүнгээрээ шилжин орсон байх бөгөөд хувь хүний дансанд орсон мөнгөнөөс ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авах боломжгүй тул нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүйд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй юм.

12. Нэхэмжлэгч нь “Би 2020 оны 12 дугаар сарын 02-нд өндөр насны тэтгэвэрт гарсан. Тухайн үед өндөр насны тэтгэврийг 7 жилээр тооцож тогтоож байсан. Үүнд 2014, 2015 онууд орчихож байгаа юм. Гэтэл энэ онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас тэтгэвэр анх тогтооход 782,998 төгрөгөөр тогтоогдсон байдаг...” гэж тайлбарлаж байх боловч Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 326 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн хууль бусаар ажлаас халагдсан хугацааны шимтгэлийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөх боломжтой болсон, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд уг шимтгэлийг нөхөн төлөх мөнгийг шилжүүлсэн байхад нэхэмжлэгч тухайн үед нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйд өөрөө буруутай байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Р.Б-ийн ажил олгогчийн буруугаас өндөр насны тэтгэвэр бага тогтоогдсон тул 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх тэтгэврийн алдагдал нь 5,062,317.5 төгрөгийг ажил олгогч ......... аймгийн Засаг даргаас гаргуулна гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

13. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар ........ аймгийн Засаг даргад холбогдуулан өндөр насны тэтгэврийн хохирол 5,062,317.5 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч ....... овгийн Р.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар ...... аймгийн Засаг даргад холбогдуулан өндөр насны тэтгэврийн хохирол 5,062,317.5 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч ...... овгийн Р.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                        

 

                        

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ