Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 215/МА2023/00031

 

Р.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2023/00400 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .......... багийн ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, Ж овгийн Р.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГАА-ийн ЗД-д холбогдох

Өндөр насны тэтгэврийн хохирол 5,062,317.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэврийн хохирол 5,062,317.5 төгрөг гаргуулах тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ажил олгогчийн буруугаас Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохиролыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1-2-5, 1-3, 2-1-5, 3-2-1 дүгээр заалтуудыг үндэслэн Өндөр насны тэтгэвэр /2014-2020 он/ 7 жилийн цалингийн дундажаар 2020 оны 12 дугаар сарын 02-нд тогтоогдсон.

Шүүхийн шийдвэрээр 2014 оны 02 сарын 21-нээс 2016 оны 04 сарын 07-ны хооронд 25 сар 15 хоногийн цалингийн 60 орчим хувь нь олгогдсон. Энэ хугацаанд ажил олгогчоос, Нийгмийн даатгалын шимтгэл огт төлөгдөөгүй тасарсан. Нийгмийн даатгалын шимтгэл 25 сар 15 хоног төлөгдөөгүй, тасарч, миний өндөр насны тэтгэврийг 782,998 төгрөгөөр урьдчилсан байдлаар тогтоосон.

Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний тогтоолоор тэтгэвэр 15 хувь нэмэгдсэн. Ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийн зарим сарын төлбөр 2022 оны 08 сард төлөгдөж, өндөр насны тэтгэвэр 125,150 төгрөгөөр нэмэгдсэн. 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл 14 сарын өндөр настны тэтгэвэрийн зөрүү 1,752,100 төгрөг байна. Хэрвээ энэ нэмэгдэл анх тэтгэвэр тогтоолгоход олгогдсон бол тэтгэвэр 908,148 төгрөг болно. Засгийн газрын тогтоолоор 2022 оны 02 дугаар сарын 01-нд тэтгэвэр 15 хувь нэмэгдэхэд 908,148 төгрөгийн 15 хувь нь 1,044,370.2 төгрөг болно. Харин 782,998 төгрөгийн 15 хувь нь 900,447.7 төгрөг юм. Зөрүү 143,922.5 төгрөг.

2022 оны 02 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 сарын 31 хүртэл 23 сарын зөрүү 3,310,217.5 төгрөг байна. Өндөр насны тэтгэвэр 2020 оны 12 сарын 02-нд тогтоогдон олгогдож эхэлсэн. 2023 оны 06 сарын 02 хүртэл 28 сарын зөрүү нь 5,062,317.5 төгрөг. тооцоолол: / 3,310,217.5 + 1,752,100 = 5,062,317.5 төгрөг/.

Ажил олгогчийн буруу шийдвэрээс үүссэн өндөр насны тэтгэврийн алдагдал 5,062,317.5 /таван сая жаран хоёр мянга гурван зуун арван долоон/ төгрөгийг Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1-2-5, 1-3, 2-1-5, 3-2-1 дүгээр заалтуудыг үндэслэн нэхэмжилж байна.

Миний бие 2014 оны 02 дугаар сарын 20-ны аймгийн Засаг даргын Б/29 дугаартай захирамжаар шалтгаангүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хооронд ажилгүй явж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 07-ны аймгийн Засаг даргын Б/19 дугаартай захирамжаар томилогдсон. Энэ нь Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны 31 дугаартай шийдвэрээр томилогдсон. Энэ шүүхийн шийдвэр 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдсэн, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 94 дугаартай тогтоолоор мөн хэвээр үлдээж, энэ дагуу томилогдсон.

Анхан шатны шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн магадлалууд гээд хоёр, гурван удаа гарсан. Дээр нь хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд гурван ч удаа гарсан.

Энэ хооронд би ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 10 сая төгрөг төсвөөс өгсөн. Өөрөөр хэлбэл тэр нь өмнөх ажил хийж байх үеийн цалингийн 60 гаруй хувьтай дүйж байсан.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцна гэж заасан.

Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл энэ хугацаанд ажил олгогчоос огт төлөгдөөгүй юм байна билээ.

Тийм учраас нэхэмжлэл гаргасан. Би 2020 оны 12 дугаар сарын 02-нд өндөр насны тэтгэвэрт гарсан. Тухайн үед өндөр насны тэтгэврийг 7 жилээр тооцож тогтоож байсан. Үүнд 2014, 2015 онууд орчихож байгаа юм. Гэтэл энэ онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас тэтгэвэр анх тогтооход 782,998 төгрөгөөр тогтоогдсон байдаг. Нэхэмжлэлдээ тодорхой бичсэн.

Үүний дагуу алдагдал гарч явсаар 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх алдагдал нь 5,062,317.5 төгрөг болж байгаа. Ажил олгогчийн буруугаас болоод миний бие хохирсон. Цаашдаа ч 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тэтгэвэр авах хугацаанд ийм хохирол байнга явагдах юм байна. Иймд миний бие хуулийн болон өмгөөлөгчийн зааврын дагуу хууль хяналтын байгууллагадаа хандаж шийдвэрлүүлье гэж нэхэмжлэл гаргасан. Иймд миний нэхэмжилсэн 5,062,317.5 төгрөгийг шүүхээр шийдвэрлүүлж олгуулах хүсэлтэй байна.

Хоёр асуудал байна. Нэгдүгээрт Засаг даргын олговор бол улсын төсвөөс олгогдсон олговор юм. Энд бол би нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогчоос төлөгдөх хуулийн хүрээнд л нэхэмжилж байгаа. Энэ асуудал хариуцагч талаас ерөөсөө яригдахгүй байна. Тийм учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйгээс тэтгэвэр тогтоолгоход алдагдал гарсан бөгөөд энэ алдагдлыг нөхөж авах нэхэмжлэл юм. 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 25 сарын 5,062,317.5 төгрөгийг л шүүхээр шийдвэрлүүлж, олгуулах хүсэлт гаргаж байгаа юм гэжээ.

 

3. Хариуцагчийн тайлбар: Нэхэмжлэгч нь ажлаас халагдсан шийдвэрийг эс зөвшөөрч ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, шүүх хуралдаанд оролцоход гарсан зардал, өмгөөлөгчийн хөлс, сургалтад хамрагдсан зардал нийт 2,176,090 төгрөг, мөн 2015 оны 07, 08 дугаар сарын цалин хөлс, хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоход гарсан зардал гээд нийт 2,546,358 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийтдээ 15,022,448 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан байдаг.

Тэгээд энэ хэрэг маань 2015 онд шийдэгдээд шүүхийн шийдвэрээр 10,976,634 төгрөгийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Энэ мөнгөнд юу юу орж байдаг вэ? гэхээр аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны олговорт 10,582,430 төгрөг, шүүх хуралдаанд оролцоход гарсан зардал болох 397,200 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Мөн Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаартай магадлалаар 10,213,463 төгрөгийг Засаг даргаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Эдгээр шийдвэрүүдийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/227 дугаартай тушаалаар мөнгө нь шийдвэрлэгдээд тухайн үед нэхэмжлэгчийн дансанд мөнгө нь орсон болох нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.

Тухайн үед энэ хэрэг нь шийдвэрлэгдээд шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Хоёр удаагийн шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тухайн нэхэмжлэгчийн данс руу Хууль зүйн сайдын багцаас мөнгө нь шилжиж орсон байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/227 дугаартай захирамжаар шийдвэрлэгдсэн. Эндээс тодруулаад хэлэхэд нэг шүүхийн шийдвэрт 10,929,630 төгрөгийг нийт дүнгээр нь гаргуулахаар шийдсэн байдаг. Үүнд 397,200 төгрөгийг замын зардал, 10,582,430 төгрөгөөс нийгмийн даатгалын хураамжийг тооцохоор шүүх шийдсэн.

Хууль зүйн сайдын багцаас нийгмийн даатгалын хураамжтайгаа буюу 10,929,630 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн байдаг. Ер нь ажлаас чөлөөлөгдөөд, ажилгүй байсан хугацааны цалин Хууль зүйн сайдын багцаас орохдоо шүүхийн шийдвэрийн нийт дүнгээр тухайн хүнийхээ данс руу ордог. Харин тэр орсон мөнгөнөөсөө тухайн хүн нийгмийн даатгалаа төлөөд байгууллагаараа бичилтээ хийлгээд явдаг.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын бичилт Тамгын газар дээр хийгдэхгүй. Тухайн үед Боловсрол, шинжлэх ухааны газар гэж байсан. Тэр газрын нягтлан бодогч хийх ёстой байсан. Ерөнхийдөө бол нийгмийн даатгалын шимтгэл, ажилгүй байсан хугацааны цалин, замын зардал нийт дүнгээрээ Хууль зүйн сайдын багцаас орсон учраас тухайн нэхэмжлэгч маань өөрөө л тэр мөнгөнөөсөө төлөөд бичилтээ хийлгэх байсан. Өөрөө шүүхийн шийдвэр биелэсэн гэж үзээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасан байх гэжээ.

 

4. Анхан шатны шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар ГАА-ийн ЗД холбогдуулан өндөр насны тэтгэврийн хохирол 5,062,317.5 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч Ж овгийн Р.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч Р.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа:

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2023/00400 дугаар шийдвэрийн 1 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү.

Үндэслэл нь: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 326 дугаар шийдвэрийг ажил олгогч хэрэгжүүлээгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, хохирол үүссэн. Үүнийг зөвхөн хохирогчид үлдээж болохгүй. Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, тухайн үед үйлчилж байсан Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 сарын 06-ны 03 магадлалын 1 дүгээр заалт Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1-2-5, 1-3, 2-1-5, 3-2-1 дүгээр заалтууд, Монгол Улсын хууль, Шүүхийн шийдвэр, магадлал хэрэгжиж, ажил олгогч бүрэн хариуцах эрх зүй үйлчилж байхад Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх ажил олгогчийн үйлдлийг илэрхий хамгаалж, хохирогчийг хохироож байна.

Миний нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч аймгийн Засаг дарга хуулийн мэдлэггүй, ажил хариуцах чадваргүй, мэдлэг дутуугаасаа багшийгаа хохироохыг хүссэн.  Намчирхсан, намын харьяаллаар, маш жижигхэн ухаан зарж, байр суурьгүй иргэн хүний хохирлыг үл тоож, төлөх сэтгэл гаргаагүй. Насан туршдаа хохироосоор л байна. Цаашдаа сар бүр 350,000-400,000 мянган төгрөгөөр хохирч байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2023/00400 дугаар шийдвэрийн 1 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

  

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

7. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 20-ны аймгийн Б/29 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны Б/19 дугаар захирамжаар эгүүлэн томилогдсон.

Энэ хооронд би сум дундын шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулахаар нэхэмжилсний дагуу 10 сая төгрөг төсвөөс өгсөн нь миний ажлаа хийж байх үеийн цалин хөлсний 60 гаруй хувьтай тэнцэж байсан.

Ингээд 2020 оны 12 дугаар сарын 02-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 7 жилийн цалин хөлсний дундажаар тооцоход 2014, 2015 онуудын буюу ажлаас халагдсан байх үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нөхөн төлөөгүйгээс миний тэтгэвэр 782,998 төгрөгөөр буюу бага хэмжээгээр тогтоогдож, алдагдал гарч явсаар 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх алдагдал нь 5,062,317.5 төгрөг болсон тул энэ хохирлыг ажлаас үндэслэлгүй халж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүй ГАА-ийн ЗД-аас гаргуулна гэж шаарджээ.

 

8. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: 2015 онд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн 10,976,634 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Мөн Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны магадлалаар 10,213,463 төгрөгийг Засаг даргаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Эдгээр хоёр удаагийн шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/227 дугаартай тушаалаар, хууль зүйн сайдын багцаас эдгээр мөнгийг нь нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн.

Хууль зүйн сайдын багцаас нийгмийн даатгалын хураамжтай нь буюу 10,929,630 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн байдаг.

Ер нь ажилд эгүүлэн тогтоогдсоны улмаас ажилгүй байсан хугацааны цалинг Хууль зүйн сайдын багцаас олгохдоо шүүхийн шийдвэрийн нийт дүнгээр тухайн хүний данс руу хийдэг тул, тухайн хүн нийгмийн даатгалаа төлөөд байгууллагаараа бичилтээ хийлгэх байсан.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын бичилт Тамгын газар дээр хийгдэхгүй. Тухайн үед Боловсрол, шинжлэх ухааны газар гэж байсан. Тэр газрын нягтлан бодогч хийх ёстой байсан.

Өөрөө шүүхийн шийдвэр биелэсэн гэж үзээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасан байгаа гэж маргажээ.

 

9. Үйл баримтын дүгнэлт: Нэхэмжлэгч Р.Б-ийг Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/29 дүгээр захирамжаар тус аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалаас чөлөөлснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 282 дугаар магадлалаар хүчингүй болгож, Р.Б-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд нь тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 206 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгч Р.Б-ийг Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/143 дугаар захирамжаар аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон байх бөгөөд мөн өдрийнхөө Б/144 дугаар захирамжаар аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

Засаг даргын уг захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 175 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Р.Б-ийг аймгийн Боловсролын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

9.2. Улмаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 326 дугаар шийдвэрээр 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нийт 8 сар 19 хоногийн олговорт 10,582,434 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар 10,582,434 төгрөгийн олговроос Р.Б нийгмийн даатгалын хураамжийг тооцон авч, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч ГАА-ийн ЗД үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

9.3. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар магадлалаар 2015 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2016 оны 1, 2, 3 дугаар сарын цалин 8,590,257 төгрөг, 2014 оны 11, 12 дугаар сар, 2015 оны 1-8 дугаар сарын цалингийн нэмэгдэл 1,623,211 төгрөг нийт 10,213,463 төгрөгийг хариуцагч ГАА-ийн ЗД-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Мөн нэхэмжлэгчид дээрх олговрыг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих сан, дансанд шилжүүлэхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй гэж магадлалд дүгнэжээ. Дээр дурдсан шүүхийн шийдвэрүүд нь хүчин төгөлдөр болсон байна.

 

10. Нотлох баримтын талаарх дүгнэлт:

10.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй байхаар заасан байна.

Тиймээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон дээр дурдсан үйл баримтуудыг шүүх нэгэнт тогтоогдсон гэж үзнэ.

10.2. Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгч Р.Б Хаан банкны дансанд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/227 тушаалаар 10,213,463 төгрөг, 10,929,634 төгрөг нийт 21,143,097 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

10.3. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

11. Эрх зүйн үндэслэл, давж заалдах гомдлын талаарх дүгнэлт:

11.1. Харин шүүхийн шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгч Р.Б-д олгогдсон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохдоо нийгмийн даатгалын хураамжийг тооцон авч, Р.Б нийгмийн даатгалын шимтгэлийг ажилгүй байсан бүх хугацаанд нь зохих ёсоор нөхөн төлж бичилт хийсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

11.2. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 326 дугаар шийдвэрээр 10,582,434 төгрөгийг, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар магадлалаар 10,213,463 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Р.Б ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт хариуцагч ГАА-ийн ЗД-аас гаргуулан олгож, уг олговруудаас Р.Б нийгмийн даатгалын хураамжийг тооцон авч, түүний нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч ГАА-ийн ЗД үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн  46.2 дахь хэсэгт ажил олгогч ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байхаар зохицуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхээр, 11.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заасан байна.

Ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор олгож, уг олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг ажил олгогч сайн дураар, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгүүлэх боломжтой бөгөөд шүүхийн шийдвэр зохих ёсоор биелэгдээгүйд ажил олгогч буруутай болох нь тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

11.3. Шүүхийн дээрх шийдвэрүүдийг гүйцэтгэх ажиллагаа хэрхэн хийгдсэн болон нэхэмжлэгчийн тэтгэвэрийг тогтооход 2014, 2015 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байдал хэрхэн нөлөөлсөн болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасны  дагуу ажил олгогч хохирлыг төлөх үүрэгтэй гэж мэтгэлцэж байгаа боловч уг заалт нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйгээс учирсан хохирлыг шаардах эрхийн үндэслэл болохгүй байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын өмнөөс хууль зүйн сайдын багцаас нэхэмжлэгчид 21,143,097 төгрөгийг шилжүүлсэн үйлдэл, нэхэмжлэгчийн тэтгэвэр бага тогтоогдсон гэх үйл явдлын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. 

11.4. Тиймээс нэхэмжлэгчийн 2020 оноос хойш авах ёстойгоосоо бага хэмжээний тэтгэвэр авч байсны улмаас учирсан хохирол 5,062,317 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

11.5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг зөрчөөгүй, зохигчийн тайлбар, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү нэхэмжлэл нь тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлд хамаарч байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.1 дэх заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2023/00400 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.1-д заасныг баримтлан энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.О

            ШҮҮГЧИД                            Ш.Б

                                                  Ч.Э