Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1336

 

М.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00804 дугаар шийдвэртэй, М.Э-ын нэхэмжлэлтэй, Ц.Н-ид холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Хариуцагч Ц.Н- нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр МАН-ын бага хуралд “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудалд М.Э- холбоотой” гэж гүжирдэн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай холбогдуулан бүлэглэл гэдэг үгийн дор М.Э-ын нэрийг хамааруулан “...энэ бүлэглэл Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж Дархан, Сэлэнгийн районы бүх өнгөтэй өөдтэй бүхнийг хамсан. Хөтөл, Эрдэнэт, Дарханы төмөрлөгийг, Монгол росцеветментээр дамжуулаад Алтай таван богдоос Бор өндөр хүртэл тавиад лиценз, өнгөт металлыг бүгдийг эд нар цөлмөсөн, Улаанбаатар гэдэг банк чинь М.Э-ын байгуулсан банк... үүнийг чинь бүлэглэл гээд байгаа юм” гэж гүтгэсэн. Үүнээс гадна, “...Энхболд 2016 онд яагаад ерөнхий сайд болоогүй вэ гэвэл мөнгө, эрх мэдэл хоёроор ерөнхийлөгч болоод 10 жил Монголд эзэн суух гэсэн процесс шүү дээ” гэж гүтгэн доромжилсон болно.

Нэр төр гэдэг нь тухайн хүнд нийгмээс өгч байгаа үнэлэмж, алдар хүнд гэдэг нь тэр үнэлэмж дээрээ тулгуурлаад өөрийгөө үнэлж байгаа үнэлгээ, ажил хэргийн нэр хүнд гэдэг нь тухайн хүний ажил хөдөлмөр эрхлэхдээ бусад хүмүүсээс ажил хөдөлмөр, албан тушаалтай нь хамааруулан өгч байгаа үнэлгээ буюу намын дарга байсантай нь холбогдуулаад нэр хүндэд нь халдаж байгаа нь цаашдын ажил, хэрэг албан тушаалд нь сөргөөр нөлөөлөх үйл явц юм. Ц.Н- нь дээр хэлсэн зүйлийнхээ бодит үнэн байдлыг мэдэж байгаа мэтээр, ингэж мэдэхдээ миний үйлчлүүлэгчийн эрх ашиг сонирхол, нэр төрд халдсан байдлаар илэрхийлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлд хүний нэр төр, эрх, эрх чөлөө нь халдашгүй чөлөөтэй байна гэж тус тус заасан. Түүнчлэн, Монгол Улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай факт, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Женевийн конвенц зэрэг олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орсон байдаг бөгөөд ардчилсан нийгмийг цогцлоох, хувь хүний эрх, эрх чөлөө халдашгүй байдал нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний үндсэн эрх юм. Энэ эрхээ баталгаатай эдлэх эрхтэйгээс гадна эдлүүлэхийн тулд шүүх засаглал, түүнийг хамгаалахыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар зохицуулсан.

Тиймээс хариуцагч нь тараасан мэдээнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол хариуцлага хүлээнэ. МАН-ын бага хуралд 368 гишүүн оролцохоос 323 гишүүн ирсэн, хариуцагч энэ хэмжээнд залруулга хийх үүрэгтэй. Энэхүү хурал хаалттай эсхүл нээлттэй байх, хэдэн хүн оролцсон эсэх нь хамаагүй. Тухайн хүний өөрийнх нь хүсээгүй байдлаар нэр төрд нь халдаж, түүнийг өөрөөс нь гадна нэг л этгээд мэдсэн байх нь нэр төрд халдсан гэх хангалттай үндэс болно.

Нэхэмжлэгч нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээллийг тараасан хэлбэрээр няцаахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулж, нэхэмжлэгч М.Э-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, бага хурал дээр хэлсэн байдлаар буцааж уучлалт гуйлгахыг шаардаж байна гэжээ.

                                                                                                              

Хариуцагч тал тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр МАН-ын хаалттай бага хуралд ямар нэгэн хэвлэл мэдээллийн болон нийтийн байгууллага оролцоогүй үндсэндээ хаалттай явагдсан байхад Ц.Н- намын гишүүдэд хандаж М.Э-ын талаар ярьсан 12 минутын бичлэг нь www.youtube.com сайтад байршуулагдсанд хариуцагч хамаагүй, уг бичлэгийг хийж, тараасан зүйл байхгүй. Тэр талаар зохион байгуулсан улсуудаас нэг нь бичлэг хийж, олон нийтийн сайтад тавьсан, яагаад байршсан гэдэг нь одоо болтол ойлгомжгүй байгаа.

М.Э- нэр хүндэд халдсан гэх боловч түүний ямар хэмжээнд байсан нэр хүндэд ямар байдлаар халдаад байгаа юм. Нэхэмжлэлд Эрдэнэтийн 49 хувийн талаар тайлбарлаад байгаа атлаа 60 тэрбумын асуудлыг яагаад ярихгүй байгаа юм. Энэ талаар МАН-ын бага хурал дээр мөн яригдсан. Ц.Н-ийн хэлсэн 12 минутын бичлэгийг нэг бүрчлэн үзэхэд Ц.Н- “Улаанбаатар банк” ХХК-тай холбоотой асуудлыг ярьсан бөгөөд намын, улс төрийн асуудлын хүрээнд өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн, энэ нь нийтэд илэрхий сэдвүүд байсан. Энэ сэдвээр 2017 онд хэд хэдэн хүмүүс ярьсныг жишээ болгож дурдсан байдаг. Анх “Улаанбаатар сан” гэж байгуулагдсан ба М.Э- байгуулаад 500 000 000 төгрөг босгосон талаар МАН-ын бага хурал дээр хариуцагч ярихаас өмнө хүмүүс олон нийтийн цахим сайтуудад мэдээлэл тавьсан байдаг. Тухайн мэдээлэл бүхий баримтуудыг шүүх үзлэг хийж бэхжүүлсэн. Үүнээс харагдана. Нэр төрд халдсан, гүтгэсэн гэж байгаа нь бас ойлгомжгүй байна.

Ц.Н- нь илт хууль бусаар, гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээлэл хийж, олон нийтэд хандаагүй харин УИХ-ын гишүүний хувьд, МАН-ын хаалттай бага хурлын дэгийн дагуу өөрт олгогдсон үг хэлэх боломжийнхоо хүрээнд олон асуудлын талаар хөндөж ярьсны нэг нь нэхэмжлэгчтэй холбоотой мэдээлэл гэж ойлгож байна.

М.Э- руу чиглэж, түүний нэр хүндийг унагасан зүйл байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй гэх үндэслэлээр хариуцагч Ц.Н-ид холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгүүлэх тухай М.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Тодруулбал, шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...М.Э- нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн үнэлэмж ямар хэмжээнд байсан, хариуцагчийн дээрх үйлдлээс улбаатай уг нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрд хэрхэн яаж нөлөөлсөн, үнэлэмж нь яаж доройтсон талаарх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан дээрх зохицуулалт нь Иргэний хуульд заасан нотлох үүргийн хуваарилалт хийсэн обьектив заалттай хамт хэрэглэгдэх ёстой. Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалт болон Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсгийг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Хэдийгээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн зохигчид өөрсдийн шаардлага, татгалзлаа нотлох үүргийг ерөнхий байдлаар хуульчилсан ч яг ямар үйл баримтыг, хэргийн ямар оролцогчид нотлох талаарх суурь зохицуулалт, обьектив хэм хэмжээ нь Иргэний хууль болон бусад материаллаг хуульд агуулагддаг.

Талуудын хооронд үүссэн М.Э-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой маргааны хувьд нотлох үүргийн хуваарилалт нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлээр зохицуулагдах ба 511.1 дэх хэсэгт зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэжээ.

Өөрөөр хэлбэл, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд холбоотой худал мэдээлэл тараасан үйлдэл нь бодит байдалд нийцэж байгаа эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй бол хариуцагч эд хөрөнгийн хохирлоос гадна эдийн бус хохирлыг нөхөн төлөх ёстой. Үүнийг нотлох үүргийн хуваарилалт гэж үзэж болно.

Шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэвэл талуудын хоорондын маргаанд нэхэмжлэгч өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хохирсон гэдгийг нотлох үүрэг хүлээхгүй. Харин хариуцагч өөрийн тараасан мэдээллийг бодит байдалд нийцсэн гэдгийг нотлох үүрэгтэй байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагч хуулиар хүлээсэн нотлох үүргээ биелүүлээгүй, өөрийн тараасан мэдээллийг бодит байдалд нийцсэн эсэхийг нотлоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М.Э- нь хариуцагч Ц.Н-ид холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн байна. Тодруулбал, зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдийн тайлбар, татгалзлаа нотлохоор “бичмэл баримт болон цахим файлд үзлэг хийлгэх тухай” хүсэлт /хх52, 90-92/ гаргасан, шүүх хүсэлт /хх61-63, 116-118/ тус бүрийг нь ханган шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар үзлэг хийх ажиллагааг явуулсан боловч тухайн үзлэг хийсэн тухай тэмдэглэлээс /хх65-67, 124-125/ үзвэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг тусгасан байх нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэх байжээ.

 

Шүүхээс үзлэгийг хийсэн талаарх тэмдэглэлд “уг бичлэг нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн тексттэй тохирч байгааг тэмдэглэв” /хх67/ эсхүл “нэр бүхий 6 нийтлэлийг интернетээс дарааллын дагуу хайж үзэхэд бүх нийтлэл тохирч байна” /хх125/ гэх зэргээр тусгагджээ. Тухайн тохирсон гэх баримт /хх126-145/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад уг эх сурвалжид чиглэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл /хх176/ болгон дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан ... шийдвэрийг өөрчлөх боломжгүй зөрчилд хамаарах юм.

 

Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шаардлагын үндэслэлийг тодруулаагүй гэж үзнэ. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр МАН-ын бага хуралд оролцсон 323 гишүүний өмнө няцаалт хийхийг шаардсан талаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байхад анхан шатны шүүх үүнийг тодруулаагүй, энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой болохыг анхаараагүй байна.

 

Үүнээс гадна, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй боловч талуудын хооронд үүссэн маргааны нотлох үүргийн хуваарилалтыг шүүх буруу хийжээ. Хариуцагчийн хувьд өөрийн хэлсэн үгэнд гутаасан агуулга байхгүй, мэдээ тараагаагүй, гэм буруугүй гэх тайлбараа нотлох үүрэг нь гэм хорын хохирлын талаар маргаантай байгаа тохиолдолд бий болох ёстой. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тусгайлан зохицуулсан байдаг. Иймд нотлох үүргийн хуваарилалтын талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00804 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч М.Э-ын төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

                                                           

         ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

Т.ТУЯА