Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2019/02084

 

                                             

 

 

 

 

 

 

 

                                        2019         11          28

             182/ШШ2019/02084

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ж.Цэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: М. Э

          Хариуцагч: Ц. Н         нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, уучлалт хүсэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхмандах, өмгөөлөгч Б.Мэргэн, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, иргэдийн төлөөлөгч Ч.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Хонгорзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

          Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Э 30 гаруй жил төр, нийгмийн байгууллагад хүчин зүтгэж, 2005 оноос Монгол улсын их хурлын гишүүнээр, 2016 оноос Улсын Их хурлын даргаар ажиллаж байна. Гэвч ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэх явцад, тодруулбал 2018 оны 12 сарын 19-ний өдөр болсон Монгол Ардын намын бага хурал дээр Ц.Нийн зүгээс М.Эын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд илтэд үндэслэлгүйгээр халдсан. Ийнхүү гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийсэн нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, цахим орчинд нийтлэгдэж, видео хэлбэрээр тараагдсан. Тэрээр үг хэлэхдээ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудалд М.Эыг холбоотой мэтээр гүжирдэж, Худалдаа хөгжлийн банктай холбон “бүлэглэл” гэсэн үгийн доор М.Эын нэрийг хамааруулан “Энэ бүлэглэл Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж Дархан, Сэлэнгийн районы өнгөтэй өөдтэй бүхнийг хамсан. Хөтөл, Эрдэнэт, Дарханы төмөрлөгийг Монголросцветметээр дамжуулаад Алтай таван богдоос Бор өндөр хүртэл тавиад лиценз, өнгөт металлыг бүгдийг эд нар цөлмөсөн. Улаанбаатар гэдэг банк нь М.Эын байгуулсан банк... үүнийг чинь бүлэглэл гээд байгаа юм” гэж гүтгэсэн. Ингээд ч зогсохгүй “Э 2016 онд яагаад ерөнхий сайд болоогүй вэ гэвэл мөнгө, эрх мэдэл хоёроор ерөнхийлөгч болчихоод, үгнээс гардаггүй Эрдэнэбатыг намын дарга, ерөнхий сайд болгоод 10 жил Монголд эзэн суух гэсэн процесс шүү дээ” гэж гүтгэн доромжилсон болно. Ер нь бол Эрдэнэтийн 49 хувь, ашигт малтмалын лиценз, Улаанбаатар банк, Ж.Эрдэнэбаттай холбоотой асуудлуудаар нэхэмжлэгчийн нэр төрд халдсан. Ц.Н Монгол ардын намын бага хурлын гишүүн биш боловч зориуд бага хуралд оролцож үг хэлсэн.

          Иймд М.Эын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж өгнө үү. Иргэний хуулийн 21.2, 511 дүгээр зүйлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа болно. Алдар хүндийг сэргээлгэх болон уучлалт хүсэхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

          Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Н 2018 оны 12 сарын 19-ний өдөр болсон Монгол Ардын намын хаалттай бага хурал дээр сүүлийн жилүүдэд Монголын улс төрд бий болсон нөхцөл байдлын талаар ярьсан бөгөөд хэн нэгнийг гүтгэсэн гэх үндэслэл байхгүй байна. Тус бага хуралд Улсын их хурлын гишүүд, тухайлбал, нэхэмжлэгч хариуцагч, Оюун-Эрдэнэ зэрэг гишүүд оролцсон. Хэлэлцсэн асуудал нь үүссэн улс төрийн нөхцөл байдлын тухай болон намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал байсан. Намын дүрэмд Улсын их хурлын гишүүн намын бага хуралд оролцож болох зохицуулалт бий. Мөн намын бага хурал нь хаалттай байдалд, зөвхөн намын бага хурлын гишүүдийн дунд явагдсан байна. Ц.Н нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж, ямар нэгэн телевиз болон сэтгүүлчдэд хандаагүй. Түүний үг хэлсэн тухай бичлэг нь www.youtube.com сайтад байршиж, олон нийтэд түгсэн нь Ц.Нтой огт холбоогүй байна. Түүний үг хэлсэн бичлэг хэрхэн олон нийтэд түгсэн талаарх тайлбарыг Монгол ардын намын удирдах зөвлөлийн ажлын алба, хурал зохион байгуулсан хүмүүсээс авах нь зүйтэй. Иргэн Ц.Нийн Монгол Ардын намын хаалттай бага хурал дээр ярьсан асуудлыг урьд өмнө нь өөр нэр бүхий хүмүүс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон телевизийн мэдээ, сурвалжлага, нэвтрүүлгээр мөн нийгмийн сүлжээгээр олон нийтэд түгээсэн байдаг. Жишээлбэл: Иргэн Ц.Н уг асуудлыг анх удаагаа хөндөж яриагүй болох нь олон нийтлэл, бичлэгүүдээр тогтоогдож байгаа. Мөн улс төрийн шинжтэй асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлснийг гүтгэсэн гэж үзэх нь зохисгүй байна. Нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд зориуд гүтгэж халдаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүх хариуцагчийн хүсэлтээр CD-ний бичлэг, сайтад үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн нь хэргийн материалд хавсаргагдсан болно.

 

          Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, Монгол ардын намын бага хурлын III хуралдааны дотоод журам, хурлын тэмдэглэл, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны албан бичгүүд, 2019 оны 11 сарын 13-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргагдсан баримтууд болон бичгийн бусад баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

          Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Ц.Нид холбогдуулж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, уучлалт хүсэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаан дээр алдар хүндийг сэргээлгэх болон уучлалт хүсэхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна.

 

              Нэхэмжлэгч нэхэмжлэлээ үндэслэхдээ хариуцагч Ц.Н нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудалд М.Эыг холбоотой гэж гүжирдэж, Худалдаа хөгжлийн банктай холбон “бүлэглэл” гэсэн үгийн доор М.Эын нэрийг хамааруулан энэ бүлэглэл өнгөтэй өөдтэй ашигт малтмал бүхнийг хамсан, Улаанбаатар гэдэг банк нь М.Эын байгуулсан банк, мөн үгнээс гардаггүй Эрдэнэбатыг намын дарга, ерөнхий сайд болгоод 10 жил Монголд эзэн суух гэсэн гэж гутаасан шинжтэй мэдээ тараасан нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, М.Э Улсын их хурлын даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж тайлбарлаж байна.

         

          Хариуцагч Монгол Ардын намын хаалттай бага хурал дээр ярьсан асуудлыг урьд өмнө нь өөр нэр бүхий хүмүүс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон телевизийн мэдээ, сурвалжлага, нэвтрүүлгээр мөн нийгмийн сүлжээгээр олон нийтэд түгээсэн байдаг, хурал дээр үг хэлэх эрхийнхээ хүрээнд үүссэн улс төрийн нөхцөл байдлын талаар ярьсан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг зориуд гутаасан зүйл байхгүй. Хаалттай бага хурлын бичлэг олон нийтэд тарсан нь хариуцагчтай хамааралгүй гэж маргаж байна.

 

          Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, 2018.12.19-ний өдөр Монгол Ардын намын хаалттай бага хурал зохион байгуулагдаж, хуралд нийт 323 гишүүн, үүн дотор Их хурлын гишүүдээс оролцсон байна. Намын бага хуралд бага хурлын гишүүдээс гадна Улсын их хурлын гишүүн, намын дарга, албадын дарга нар урилгаар оролцож болохыг Намын дүрмийн 21.3 заасан гэж хариуцагч тал  тайлбарлаж байна. Монгол Ардын намын хаалттай бага хуралдаанаар Монгол Ардын намын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн нөхцөл байдлын тухай, зохион байгуулалтын асуудал болон дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах талаар, хяналтын хорооны дарга Д.Батбаатар хяналтын хорооны талаар тус тус мэдээлэл хийж, энэ хүрээнд намын гишүүд санал шүүмжлэлээ хэлжээ.

 

          Энэ дагуу Д.Н нь хурал дээр өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байх ба түүний хэлсэн үгэнд 60 тэрбумын яриа, ЖДҮ-гийн мөнгө дээр Батзориг алдаа гаргасан, Эрдэнэтийн 49 хувийг Ардчилсан намын үндэсний дэвшлийн фракцид багтдаг цөөхөн асар их мөнгөтэй хүмүүс, хотын фракцид ордог нууцлагдмал хоёр, гурван хүн нийлж /Ганбат, Эрдэнэбилэг нарын нэр дурьдагдсан/ авсан, Эрдэнэтийн асуудлаар болон Зоригийн хэргийн талаар ярьсны төлөө олон удаа хэрэг нээсэн, хууль хяналтынхан 2012 онд өөрийг нь Хууль зүйн сайдаас явснаас хойш хүнээ алдсан, Бадамжунай Энхтөрийг Цагдаагийн дарга болгосон, энэ хуйвалдааны цаад талд мөрийтэй тоглоомын бүлэг байна, энэ бүлэглэл Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж Дархан, Сэлэнгийн районы өнгөтэй өөдтэй бүхнийг, Хөтөл, Эрдэнэт, Дарханы төмөрлөг, Монголросцветметээр дамжуулаад Алтай таван богдоос Бор өндөр хүртэл тавиад лиценз, өнгөт металлыг бүгдийг эд нар цөлмөж хамсан, Улаанбаатар банк нь М.Эын байгуулсан банк, Дашдоржийн авгай байж байгаад Дашдорж руу очоод, дараа нь Эрдэнэбилэгт очоод алга болсон, энэ бүлэглэлийг тэвчихгүй гэж, мөн Цэцийн дүгнэлт гарсан тухай, Элбэгдорж ерөнхийлөгч болсны дараа ардын намынхныг урхидаж хамтарсан засаг байгуулж байгаад Эрдэнэтийг авч, Дубайн гэрээ байгуулж дуусгасан, мөн түүнчлэн М.Э 2016 онд яагаад ерөнхий сайд болоогүй вэ гэвэл Ж.Эрдэнэбатыг намын дарга, ерөнхий сайд болгоод өөрөө ерөнхийлөгч болж 10 жил Монголд эзэн суух гэсэн процесс шүү дээ, тэд бараг хамаатан, Монголын улс төр Наранхүү шиг болсон, морины уяа болохоор Эынх дээр байдаг, намыг харахаар Ардчилсан нам руу гүйгээд орчихдог, Н.Энхбаяр намыг хаяад явсан, одоо М.Эыг харж байна, хангалттай эрх мэдэл өгч, хангалттай удирдуулж, зүтгүүлж болох юманд нь зүтгүүлж тавьсан, яагаад нам хагалах гэж байна, одоо Намын даргын ажил авсан, өгсөн даргын тал гэж 2 тал болж байлдаад байна, болохгүй гэж бодож байна, одоо больцгоо, надад ямар ч тохиолдолд Ардын нам гэж ганц л хамт олон байгаа гэж дурьдагдсан байна.

         

          Дээрх хэлсэн үгний агуулгаас харахад хариуцагч улс оронд өрнөж буй улс төрийн нөхцөл байдлыг ерөнхийд нь хамруулж, Улсын их хурлын гишүүн, намын ахмад гишүүний хувьд хурлаар тогтоосон дэг, санал шүүмжлэлийн хүрээнд өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн асуудал байна. Хариуцагч нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг зориуд гутаасан мэдээ тараасан гэж үзэх боломжгүй байна. Улс орны улс төрийн нөхцөл байдлын талаар яригдсан зүйл тэр үед, намын бага хурлаас өмнө, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтаар мэдээлэгдэж байсан байна.

 

          Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-иудын 49 хувийн энгийн хувьцааг хууль бусаар худалдан авсан гэх үйлдэлд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай дээрх газруудын албан бичгийг хариуцагч шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх хариуцагчийн хүсэлтээр цаг хугацааны хувьд Монгол ардын намын бага хурлаас өмнө бичигдэж нийтлэгдсэн сайтуудын нийтлэл, бэхжүүлж авсан CD-ний бичлэгт үзлэг хийхэд өөр бусад этгээдээс нэхэмжлэгчтэй холбож ярьсан Төрийн албан тушаалыг наймаалцах болон 60 тэрбум төгрөгийн асуудал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Ганбат нар М.Эын ээжийн талын хамаатан болох, тэднийг дэмжиж сайд болгосон тухай яриа, мөн “Н.Энхбаяр ам нээвэл”, “Н.Энхбаяр-Эрдэнэтийн асуудлаар” гэсэн бичлэгт Н.Энхбаяр, М.Э нар тохиролцох гээд тохиролцоонд хүрээгүй, М.Э Ерөнхийлөгч болно гэж бат итгэсэн байсан тухай, Эрдэнэтийн 49 хувийг луйврын аргаар авсныг, мөн газар наймаалцахаар ярьж байсныг мэдэх тухай, Улаанбаатар иргэний форум дээр нийтлэлч Д.Жаргалсайхан Улаанбаатар сан, Улаанбаатар банк, Улаанбаатар даатгал-ын талаар ярьсан, “Эын Улаанбаатар банктай холбогдсон түүх” бичлэгт 1998 онд Улаанбаатар банкыг нийслэлийн хөрөнгөөр байгуулсан боловч дүрмийн санг нэмэгдүүлэх замаар М.Э өөрийн хүмүүсийг хувь эзэмшүүлсэн тухай тус тус ярьсан нь бичигдсэн байна.

 

          Мөн eagle.mn, ikon.mn, ubinfo.mn, asuudal.mn, amjilt.news, tv 5.mn сайтуудаар “МАН албан тушаалын наймаагаар сонгуулийн зардлаа босгосон уу” (2016-06-24), “60 тэрбумын хэрэг, асуудлыг сэргээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” (2018-08-27), “60 тэрбумд хариуцлага тооцох нь нийгмийн захиалга” (2017-09-22), “Эрдэнэтийн 49 хувь ба Ц.Элбэгдорж, М.Э нарын цусгүй тулаан” (2017-09-22), “Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын сүүдэрт Монголросцветмет нэгдэл дарагдав” (2017-09-21), “Манан гэдэг бол нам хамаагүй нийлсэн цөөн хүмүүсийн бүлэглэл” гэсэн нийтлэлүүд нийтлэгдэж гарсан байжээ.

 

          Нэхэмжлэгч хариуцагчийн үйлдлийн улмаас ямар гэм хор учирсныг заагаагүй ба шүүх хуралдаан дээр түүний төлөөлөгч хариуцагчийн үйлдэл нэхэмжлэгчийг Их хурлын даргын ажлаа өгөхөд нөлөөлсөн, өөрийн хүсэлтээр Их хурлын даргын ажлаа өгсөн гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч өөрийнх нь нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хариуцагч гутаасан гэж үзсэн атлаа өөрийн хүсэлтээр Их хурлын даргын ажлаа өгсөн гэдэг нь хоорондоо авцалдахгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ Монгол улсын Их хурлын даргаар ажиллаж байсан байна.

 

          Яг хариуцагч Ц.Нийн Монгол ардын намын бага хурал дээр хэлсэн үгнээс болж нэхэмжлэгч Их хурлын даргын ажлаа өгсөн гэм хор учирсан гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн үйлдэл, нэхэмжлэгчид учирсан гэх гэм хорын хооронд шалтгаант холбоо байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

 

  1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-ийг баримтлан Ц.Нид холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай М.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч алдар хүндээ сэргээлгэх, уучлалт хүсэхийг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

         

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч М.Эоос тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

          3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                               

 

 

   

                                     ДАРГАЛАГЧ                                    С. БУД

                                        

                                          ШҮҮГЧИД                                   Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                              Ж.ЦЭНГЭЛ