Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2023/02880

 

 

 

 

 

2023 09 18

181/ШШ2023/02880

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  П ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ф ХХК -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний төлбөр 150,000 ам.доллар буюу 476,598,000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, түүний өмгөөлөгч Ч.Л нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Аюуш тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Ф ХХК-д холбогдуулан нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний төлбөр 150,000 ам.доллар буюу 476,598,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...манай компани АНУ-ын иргэн У ийн үүсгэн байгуулсан ИТ ГХОХХК-д 2008 оноос эхлэн Нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулан гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд уг үйлчилгээний төлбөр 150,000 ам.доллар болсон.

Дээрх төлбөрөө төлөхийг ИТ ХХК-ийн үүсгэн байгуулагч АНУ-ын иргэн У ээс шаардахад ИТ ХХК-ийг Ф ХХК-д өр төлбөрийн хамт шилжүүлсэн тухай хэлж 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох гэрээг өгсөн юм. Тус гэрээгээр Ф ХХК нь ИТ ХХК-ийн манай компанид төлөх 150,000 ам.долларыг төлөхийг зөвшөөрсөн байдаг.

Ингээд мэдсэн даруй Ф ХХК-д холбогдуулан 150,000 ам.доллар гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/Ш32020/13140 дугаар захирамжаар ...Ф ХХК нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж-8, БНБУ-ын ЭСЯ-ны байранд байрладаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Нэгэнт шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу Ф ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хянаад 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02893 дугаар шийдвэрээр Ф ХХК /РД: 5122279, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажил зохион байгуулж Ф ХХК /РД: 5122279/-ийг Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Твин тауэр 303 тоотод үйл ажиллагаа явуулж байгаа болохыг тогтоосон байна.

Мөн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан дахин нэхэмжлэл гаргасан боловч 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 181/Ш32022/08375 дугаар шүүгчийн захирамжаар ...П ХХК нь Ф ХХК-д нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан талаарх баримт болон Ф ХХК-ийг нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний төлбөрт 150,000 ам.долларын өр төлбөртэй талаарх баримтыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлээгүй ..., мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийн дансанд улсын тэмдэгтийн хураамжийг төлөөлгүй гэх үндэслэлүүдээр ... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Иймд энэхүү нөхцөл байдлыг арилган дахин нэхэмжлэл гаргаж буйг харгалзан үзэж хариуцагч Ф ХХК-иас нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний төлбөр 150,000 ам.доллар буюу 476,598,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... гэжээ.

 

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...Ф ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тухай хариу тайлбарыг шүүхэд хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс татгалзалын үндэслэлээ тодруулж ирүүлэхийг шаардсаны дагуу татгалзлын үндэслэлийг тодруулан хүргүүлж байна. Үүнд:

а. Хэрэгт авагдсан 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох гэрээ-г шинжлэн судлаж үзвэл нэг талаас АНУ-ын иргэн У , АНУ-ын Колорадо мужийн хуулийн этгээд болох Даблью-Эм майнинг компани (цаашид хамтад нь хувьцаа эзэмшигч гэх), Монгол Улсын хуулийн этгээд болох ИТ ХХК (цаашид компани гэх), нөгөө талаас Монгол Улсын хуулийн этгээд болох Ф ХХК (цаашид ФДМ гэх) нар байгуулсан байх бөгөөд тухайн гэрээгээр хувьцаа эзэмшигч нар нь Санхүүжилтийн гэрээгээр хүлээсэн зээл болон хүүгийн төлбөрийг зээлийн барьцаа хөрөнгө болох ИТ ХХК-ийн гаргасан нийт хувьцаа, түүнд холбогдох эрхийг Ф -д шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч нар болох АНУ-ын иргэн У , АНУ-ын Колорадо мужийн хуулийн этгээд болох Даблью-Эм майнинг компани нар нь өөрсдийн эзэмшиж буй нийт хувьцаа, түүнд холбогдох эрхийг Ф -д шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний 2.8 болон 3.2-т тус тус зааснаар Ф ХХК нь хувьцаа эзэмшигч нар болох АНУ-ын иргэн У , АНУ-ын Колорадо мужийн хуулийн этгээд болох Даблью-Эм майнинг компани нарыг ИТ ХХК-ийн гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн өр төлбөртэй холбооотой эрх зүйн маргаан, нэхэмжлэл, хариуцлагаас чөлөөлөх буюу ангид байлгахаар заасан байна. Энэхүү заалт нь мэдээжийн ойлгомжтой заалт байх бөгөөд тухайн компанийн хувьцаа эзэмшигч нар нь хувьцаагаа шилжүүлэн өгснөөр тухайн компанитай холбоотой үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх нь ойлгомжтой. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд Компанийн болон хувьцаа эзэмшигчийн хариуцлагын талаар тодорхой заасан.

Харин Ф ХХК нь ИТ ХХК-ийн өмнөөс өр төлбөрийг нь хариуцан барагдуулах буюу өр шилжүүлэх талаар нэг ч үг, өгүүлбэр тухайн гэрээнд дурдагдаагүй болохыг анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Ф ХХК нь ИТ ХХК-ийн хувьцаа, түүнд ноогдох эрхийг шилжүүлэн авсанаар компанийн хүлээх үүргийг түүний өмнөөс гүйцэтгэх үүрэг үүсэхгүй.

Энэ талаар буюу өр шилжих харилцааг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд маш тодорхой зааж, зохицуулсан байдаг.

Өр шилжих харилцаа нь хуульд заасан тодорхой процесс ажиллагаа шаарддаг. Өөрөөр хэлбэл Ф ХХК нь ИТ ХХК-ийн П ХХК-д төлөх өрийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэх тохиолдолд П ХХК-тай гэрээ байгуулсан байх хуулийн шаардлагатай. Хуулийн энэ шаардлага хангагдаагүй, түүнчлэн Ф ХХК нь анхнаасаа ИТ ХХК-ийн өмнөөс өрийг хариуцаж барагдуулах талаар хүсэл сонирхол илэрхийлээгүй байна.

б. Нэхэмжлэгч П ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ИТ ХХК-тай байгуулсан Нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний гэрээ-ний дагуу тооцогдсон төлбөр буюу гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан төлбөр 150,000 ам.доллар гэжээ. Хэрэгт авагдсан тухайн гэрээг судалж үзвэл нэг талаас WM mining LIX болон ИТ ХХК, нөгөө талаас П ХХК-ийн хооронд 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд гэрээний хүчинтэй хугацаа 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дууссан. Гэтэл нэхэмжилж буй төлбөр нь 2011, 2012 онд хамаарах ажил үйлчилгээтэй холбоотой төлбөр гэж харагдахаар байна. Тооцоо нийлсэн акт гэх баримт нь 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд үүнээс хойш хугацаанд тухайн төлбөрийг хариуцах этгээд буюу үүрэг гүйцэтгэгч ИТ ХХК-иас тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаж байсан баримт байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн гэрээний маргааныг Арбитраар шийдвэрлүүлэхээр заасан байгаа нь анхаарал татаж байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ ИТ ХХК-д холбогдуулан Арбитрт хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Иймд П ТМЗ ХХК-ийн зүгээс Ф ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ... гэжээ.

 

 3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, П ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хууль зүйн үйлчилгээний гэрээ, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2020/13140 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болох тухай захирамжийн хуулбар, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02893 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хариуцагчийн хаягийг тогтоосон талаарх тодорхойлолт, Даблью Эм майнинг, ИТ ХХК-тай байгуулсан 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар /орчуулгын хамт/, гэрээний дагуу төлөх төлбөрийн тооцоо нийлсэн баримтын хуулбар /орчуулгыг хамт/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2022/08375 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, АНУ-ын иргэн Уаллас Мэйс, тус улсын хуулийн этгээд болох Даблью-Эм майнинг, Швейцарь улсын хуулийн этгээд болох Даблью Эм майнинг Эй-Жи, Монгол Улсын хуулийн этгээд болох ИТ ХХК болон Ф ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох гэрээний хуулбар, хавсралтын хамт /хх 4-7, 15-33, 57-64/ шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: Ф ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /хх 42, 54-56/-ийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Ф ХХК-д холбогдуулан нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний төлбөр 150,000 ам.доллар буюу 476,598,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргахдаа нэхэмжлэл үндэслэлгүй, хэргийн харьяалал зөрчигдсөн гэх 2 үндэслэлийг тайлбарлажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх эсэх асуудлаас наана хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч П ХХК /өмнөх оноосон нэрээр Интегрейтед финансиал сервис ТМЗ/-ийн Даблью-Эм майнинг, ИТ ХХК /Групп компани/-тай байгуулсан 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний 10 дугаар зүйлийн 10.2, 10.4-т ...шийдвэрлэх оролдлого бүтэлгүйтсэн тохиолдолд маргааныг Арбитрын комиссоор эцэслэн шийдвэрлүүлнэ. /Дүрэм/ Арбитрын шүүх хуралдаан явагдах газар нь Монгол Улсын Улаанбаатар хот байна. Дүрэм үйлчлэхгүй нөхцөлд тус газрын шүүхийн хууль үйлчилнэ. гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн шаардлага дээрх гэрээнээс үүдэлтэй маргаан мөн тул хэргийн харьяаллын талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ. гэж, 65 дугаар зүйлийн 65.1.1-д энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт Энэ хуулийн ...65.1.1...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж тус тус заасан.

 

Хуулийн эдгээр зохицуулалт болон гэрээний 10.2, 10.4 дэх заалтаас үзвэл энэхүү маргаан нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхаар талууд харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Гэвч дээрх гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн өр төлбөр болох 150,000 ам.долларыг шилжүүлэн авсан Ф ХХК-иас гаргуулах П ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс 2022 оны 9 дүгээр сарын 02, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гаргаснаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах нөхцөлийг бүрдүүлсэн байх тул дээрх цаг хугацаанаас хойш иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны турш мэтгэлцсэн талуудын маргааныг хэргийн харьяалал зөрчигдсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох замаар дуусгавар болгох нь Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх зохицуулалтад нийцэхгүй.

 

Учир нь, Арбитрын хэлэлцээртэй талууд шүүхэд нэхэмжлэл гаргасан бол аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгохоор тухайн зүйл, хэсэгт хуульчилсан байдаг тул анхнаасаа нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан тайлбар гаргасан хариуцагчийг одоо харьяаллын талаар маргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн зохигчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх одоо хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч П ХХК буюу IFS /өмнөх оноосон нэрээр Интегрейтед финансиал сервис ТМЗ/ нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн санхүү, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд АНУ-ын иргэн Уаллас Майкл Мэйс-ийн үүсгэн байгуулсан Даблью-Эм майнинг, ИТ ХХК /Групп компани/-д 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу зөвлөх үйлчилгээг үзүүлж, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөл зохих үлдэгдэл хөлс 148,236 ам.доллар болохыг талууд харилцан зөвшөөрч, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн баримтаар баталгаажуулжээ. /хх 6, 21-30/

 

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд гэрээний агуулга, зорилгын хувьд дүгнэн үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...дээрх төлбөрөө төлөхийг ИТ ХХК-ийн үүсгэн байгуулагч АНУ-ын иргэн У ээс шаардахад ИТ ХХК-ийг Ф ХХК-д өр төлбөрийн хамт шилжүүлсэн тухай хэлж 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох гэрээг өгсөн... хэмээн тайлбарладаг.

 

Энэхүү гэрээнээс үзвэл, нэг талаас АНУ-ын иргэн Уаллас Мэйс, тус Улсын хуулийн этгээд Даблью-Эм Майнинг компани, Швейцар Улсын хуулийн этгээд Д компани /цаашид хамтад нь Хувьцаа эзэмшигч гэх/, Монгол Улсын хуулийн этгээд ИТ ХХК, түүнийг төлөөлөн гүйцэтгэх захирал Уаллас Мэйс /цаашид Компани гэх/, нөгөө талаас Монгол Улсын хуулийн этгээд Ф ХХК /цаашид ФДМ гэх/ нар /цаашид талууд гэх/ 2010 оны 4 дүэгэр сарын 20-ны өдрийн АНУ-ын Засгийн Газрын агентлаг болох Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци болон Монгол Улсын хуулийн этгээд болох ИТ ХХК-ийн хооронд байгуулсан санхүүжилтийн гэрээ болон түүний хүрээнд байгуулагдсан Төслийн гүйцэтгэлийн гэрээ, Хувьцаа хадгалах гэрээ, Барьцааны гэрээ, 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хувьцааны барьцааны гэрээ /цаашид нийтэд нь Бусад гэрээ гэх/-тэй холбоотой харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгохоор харилцан тохиролцож байгуулжээ. /хх 58-62/

 

Ингэхдээ гэрээний 1.6-д Энэ гэрээний дагуу ИТ ХХК-ийн хувьцаа 100 хувь шилжсэнээр энэ гэрээний хавсралтад тусгагдсан ИТ ХХК-ийн өр төлбөр хувьцаагаа даган хамт шилжихийг талууд хүлээн зөвшөөрч, дараах нөхцөлөөр тохиролцов. гэж, 2.5-т Хувьцааны барьцааны гэрээний дагуу ИТ ХХК-ийн хувьцаа барьцаалагч буюу ФДМ, эсхүл түүний нэрлэсэн этгээдийн нэр дээр шилжсэнээр Хувьцаа эзэмшигч нар нь Санхүүжилтийн гэрээ болон түүнтэй холбоотой бусад гэрээний дагуу хүлээсэн аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөнө. гэж, 2.8-д ФДМ нь Хувьцаа эзэмшигч болон Уаллас Мэйс нарыг хавсралтад дурдсан өр төлбөртэй холбоотой ямар нэг эрх зүйн маргаан, нэхэмжлэл, хариуцлагаас чөлөөлөх үүрэг хүлээнэ. гэж, 3.2-т Энэхүү гэрээг байгуулж, төлбөрийг бүрэн төлснөөр ФДМ энэхүү гэрээний хавсралтад заасан өр төлбөр, түүнтэй холбоотой аливаа маргаанаас Хувьцаа эзэмшигчийг ангид байлгахаа үүгээр хүлээн зөвшөөрч баталж байна. гэж тус тус заасан ба хавсралт хэсгийн 11-д IFS, ХХК - санхүүгийн тайлан, зөвөлгөө - 150.000 гэж тусгагджээ. /хх 63-64/

 

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал, өр төлбөрийн хэмжээний талаар маргаагүй. Харин өр шилжих хэлцэл хуулийн дагуу хийгдсэн эсэхэд маргаж байна. /хх 15/

 

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд өр шилжих хэлцэл нь мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тохиолдолд шаардах эрх үүсэхээр, 123.8 дахь хэсэгт хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж заажээ.

 

Манай тохиолдолд ийнхүү өр төлбөр шилжиж буй асуудлыг тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба нэхэмжлэгч мэдсэн даруй шүүхэд хандсан гэх тайлбарыг буруутгах аргагүй. Хариуцагчийн хувьд гэрээний 1.6, хавсралт хэсгийн 11-д зааснаар нэхэмжлэгчид төлөх мөнгөн төлбөрийн үүргийг өөртөө шилжүүлэн авсан гэж үзэхээр байна.

 

Иймд 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох гэрээ-гээр хүлээсэн үүргээ хариуцагч нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар биелүүлэх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь мөнгөн төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаад шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №181/ШЗ2020/13140 дугаартай захирамжаар ...хариуцагчийн хаяг тодорхойгүй... үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа нэхэмжлэгчийн хүсэлтээр уг маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлахаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №181/ШШ2020/02893 дугаартай шийдвэр гарчээ. /хх 16-19/

 

Улмаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс хариуцагчийн оршин байгаа хаягийг олж тогтоосны дагуу тус шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мөн нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №181/ШЗ2022/08375 дугаартай захирамжаар ...нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй... үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан ба уг захирамжид заасан зөрчлийг арилгаж, дахин 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. /хх 1, 20, 31-33/

 

Эндээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байх ба мөн зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолвол мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жил-ийн хугацааны дотор байна.

 Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Ф ХХК-иас Харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох гэрээний өр төлбөрт 150,000 ам.доллар буюу 476,598,000 төгрөгийг шаардах эрхтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн тул хариуцагчаас 476,598,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,540,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2,540,940 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ф ХХК-иас 476,598,000 /дөрвөн зуун далан зургаан сая таван зуун ерэн найман мянга/ төгрөг гаргуулж, П ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,540,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,540,940 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2022/13210 дугаар захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН