Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/03203

 

 

               Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, эмэгтэй, ..., Б... овогт Б....ын М...,

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, эмэгтэй, ..., Ш... овогт Н....ын О...,

Нэхэмжлэлийн шаардлага:39 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.М..., хариуцагч Н.О..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М... нь Н.О...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би Н.О...д 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 3 000 000 төгрөг, сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн, хүүг төлбөрийг 3 сар буюу 900 000 төгрөг төлж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 3 500 000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 1 400 000 төгрөг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1 470 000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд эдгээр зээлийн дүн болон хүү нийлээд 15 000 000 төгрөг болсон, үүн дээр хүү, алданги нэмээд 38 700 000 төгрөг болсон, дээр нь 2023 онд  зээлдүүлсэн 300 000 төгрөгийг нэмээд 39 000 000 төгрөг болж байгаа.Тооцоолол хийхэд үндсэн зээл 15 000 000 төгрөг, 9 сарын хүүний төлбөр 10 800 000 төгрөг, алданги 12 900 000 төгрөг, 2023 оны 3 сард нэмж авсан 300 000 төгрөг, нийт 39 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би Б.М...аас 2020 оны 7 дугаар сард 10 хувийн хүүтэй, 3 000 000 төгрөг зээлж авсан, үүнийг төлнө, 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зээлсэн 1 000 000 төгрөг болон 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлсэн 2 000 000 төгрөгийг төлсөн, 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр зээлсэн 500 000 төгрөгийг өгнө, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн 3 500 000 төгрөгийг өдрийн 100 000 төгрөгөөр төлөөд дуусгасан, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 1 400 000 төгрөг бэлнээр аваагүй, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр авсан 1 470 000 төгрөгийг өгнө, 2023 оны 3 дугаар сард авсан 300 000 төгрөгийг өгнө,  2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр жирэмсний хордлоготой үед Б.М... дуудаж нотариат орж, хүчээр дарамталж байгаад гарын үсэг зуруулсан, нэхэмжилсэн 39 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс-2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зээлийн гэрээ, Н.О...гийн гараар бичсэн баримт, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгыг шүүхэд өгсөн./хх 4, 5, 6-7, 8-15/, хариуцагчаас -Хаан банкны дансны хуулгыг шүүхэд өгсөн./26-174/

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.М...ын нэхэмжлэлээс 11 770 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 27 230 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

           Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Би Н.О...д 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 3 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 3 500 000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 1 400 000 төгрөг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1 470 000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд эдгээр зээлийн дүн болон хүү нийлээд 15 000 000 төгрөг болсон, үүн дээр хүү, алданги нэмээд 38 700 000 төгрөг болсон, үүн дээр 2023 онд  зээлдүүлсэн 300 000 төгрөгийг нэмээд 39 000 000 төгрөгийг авна, Н.О...  2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 3 сая төгрөгийн зээлийн 3 сарын хүү 900 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Нэхэмжлэлээс 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 3 сая төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1 470 000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 500 000 төгрөг, 2023 оны 300 000 төгрөг нийт 5 270 000 төгрөгийг төлнө, бусдыг нь төлөөд дуусгасан, хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зээлийн гэрээ, Н.О...гийн гараар бичсэн баримт, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, хариуцагчийн Хаан банкны дансны хуулга, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр гэрээ байгуулагдаж, Н.О... нь 3 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Зохигчдын хооронд 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээгээр Б.М... нь 15 000 000 төгрөгийг Н.О...д бодитоор шилжүүлж өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зохигчдын хооронд 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй тул энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй байна.

Харин Н.О... нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс өмнөх хугацаанд Б.М...аас зээлсэн мөнгөн дүнд зээлийн гэрээ байгуулаагүй боловч 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 3 500 000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1 470 000 төгрөг, 2023 оны 3 дугаар сард 300 000 төгрөг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Б.М... 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 1 400 000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн тухайгаа баримтаар нотлоогүй байна.

Дээрх мөнгөн дүнгээс Н.О... нь 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 3 000 000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1 470 000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 500 000 төгрөг, 2023 оны 300 000 төгрөг нийт 5 270 000 төгрөгийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Н.О... нь үлдсэн 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1 000 000  төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2 000 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 3 500 000 төгрөг нийт 6 500 000 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарлаж байх боловч Б.М...д төлсөн тухайгаа баримтаар нотлоогүй байна.

Нөгөө талаар дээрх зээлийн мөнгөн дүнд талууд гэрээ байгуулж, зээлийн хүү болон алданги тохироогүй байх тул нэхэмжлэгч хүү, алданги шаардах эрхгүй байна.

Иймд Н.О...гээс 11 770 000 төгрөг гаргуулан Б.М...д олгож, нэхэмжлэлээс үлдсэн 27 230 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 203 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Н.О...гээс 11 770 000 /арван нэгэн сая долоон зуун далан мянган/ төгрөг гаргуулан Б.М...д олгож, нэхэмжлэлээс үлдсэн 27 230 000 /хорин долоон сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О...гээс 203 270 төгрөг гаргуулан Б.М...д олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг  зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН