Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/01887

 

 

 

 

 

 

  2023         10           27                                       210/МА2023/01887

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03203 дугаар шийдвэртэй

Б.М-ын  нэхэмжлэлтэй, Н.О-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 10,800,000 төгрөг, алданги 12,900,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сард нэмж авсан 300,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Миний бие Б.М нь Н.О-д 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагчаас 3 сарын хүүгийн төлбөрт 900,000 төгрөг төлсөн. Дараа нь 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөгийг нэмж авсан. Мөн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн. Дээрх мөнгөний хүү нэмэгдээд нийт 6,700,000 төгрөг болоход хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 500,000 төгрөгийг нэмж аваад нийт 7,200,000 төгрөг болсон бөгөөд хариуцагчийн төлөгдөөгүй хүүгийн үлдэгдлийг нэмээд нийт 7,600,000 төгрөгийг үлдэгдэлтэй байсан. Гэтэл хариуцагч 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 1,400,000 төгрөг бэлнээр аваад нийт 9,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болоход 500,000 төгрөгийн төлөлт хийж 8,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Улмаар 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 3,500,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,470,000 төгрөг, зээлдүүлсэн ба зээл, хүү нийлээд 15,000,000 төгрөг болоход хариуцагчаас 1,240,000 төгрөгийн төлөлт хийсэн. Иймд үндсэн зээл 15,000,000 төгрөг, 9 сарын хүү 10,800,000 төгрөг, алданги 12,900,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сард нэмж авсан 300,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Би Б.М-аас 2020 оны 7 дугаар сард 10 хувийн хүүтэй, 3,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлсэн 500,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,470,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сард 300,000 төгрөгийг тус тус зээлсэн бөгөөд уг мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөгийг зээлсэн мөнгөө буцаагаад төлсөн. Мөн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн 3,500,000 төгрөгийг өдрийн 100,000 төгрөгөөр төлөөд дуусгасан. Би нэхэмжлэгчээс 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 1,400,000 төгрөгийг бэлнээр аваагүй. Харин нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр жирэмсний хордлоготой үед намайг дуудаж нотариат оруулж хүчээр дарамталж байгаад зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 39,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Н.О-гээс 11,770,000 төгрөг гаргуулан Б.М-д олгож, нэхэмжлэлээс үлдсэн 27,230,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О-гээс 203,270 төгрөг гаргуулан Б.М-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн хувьд үнэн зөв дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талуудын хооронд 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь талууд өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэн шинээр гэрээ байгуулж, хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан Н.О-гийн гар бичмэл, тайлбар болон Хаан банкны дансны хуулгаар өмнө үүссэн зээлийн харилцаанаас хариуцагч нь нэхэмжлэгчид 15,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь нотлогдсон байхад шүүх зохигчдын хооронд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээгээр Б.М-аас 15,000,000 төгрөгийг Н.О-д бодитоор шилжүүлж өгөөгүй тул зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй, мөн гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээгээр хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгчид сарын 8 хувийн хүү төлөх, мөн гэрээнд заасан хугацаанд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон байхад шүүх дээрх зээлийн мөнгөн дүнд талууд гэрээ байгуулж, зээлийн хүү болон алданги тохироогүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт тооцооллын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1.Б.М, Н.О нар 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Б.М- нь 3,000,000 төгрөгийг зээлдэгч Н.О-д 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 5/

 

Зээлдэгч Б.М нь гэрээний үүргээ биелүүлж, ХААН банк дахь өөрийн ********** тоот данснаас Н.О-гийн ХААН банк дахь *********** тоот данс руу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэргийн 15 дугаар тал дахь “Хаан банк” ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тэдгээрийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаангүй байна. /хх-ийн 15/

 

Уг зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь нэхэмжлэгчид зээлд 3,000,000 төгрөг, хүүд 900,000 төгрөг нийт 3,900,000 төлөхөөс хүүд 900,000 төгрөг төлсөн, үлдэх 3,000,000 төгрөгийг төлөөгүй гэж хариуцагч тайлбарласан байна.

 

3.2.Дээрх гэрээг байгуулснаас хойш Б.М нь Н.О-д 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 3,500,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,470,000 төгрөг нийт 9,370,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг хэрэгт авагдсан банкны дансны хуулга, хариуцагчийн гар бичмэл болон талуудын тайлбар зэрэг нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоожээ.   /хх-ийн 6-14/

 

3.3 Талууд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  зээлийн гэрээ бичгээр байгуулж, зээлдүүлэгч Б.М нь 15,000,000 төгрөгийг зээлдэгч Н.О-д 10 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-ийн 4/

 

Уг гэрээний дагуу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй, өмнөх зээлийн үүргүүдийг нэгтгэн тооцож бичгийн гэрээ байгуулсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогджээ. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө нэхэмжлэгч нь хариуцагчид 9,370,000 төгрөг шилжүүлсэн, мөн  эхний зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөг, нийт 12,370,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн гэж үзэхээр байна.

 

3.4. Хэрэгт авагдсан зохигчдын ХААН банк дахь дансны хуулгын баримтаас үзэхэд хариуцагчаас үндсэн зээлд 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 50,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 660,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 900,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 100,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 300,000 төгрөг, нийт 4,510,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь нотлогдож байна. Иймд хариуцагчийн гүйцэтгэх үүрэг болох 12,370,000 төгрөгөөс төлсөн 4,510,000 төгрөгийг хасч тооцоход 7,860,000 төгрөг үлдэж байна. /12,370,000-4,510,000=7,860,000/  /хх-ийн 26-174/

 

4. Анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 15,000,000 төгрөг бодитойгоор шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Учир нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 15,000,000 төгрөг шилжүүлээгүй боловч талууд аман хэлбэрээр байгуулсан зээлийн гэрээгээ бичгийн хэлбэрт оруулан нөхөн байгуулсан гэж үзэхээр байна. Талууд хэлэлцэн тохиролцоод уг гэрээгээр зээлийн хүү болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги тогтоосон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Хариуцагч нь бичгийн гэрээ байгуулахаас өмнө зээлийн үүрэгт 4,510,000  төгрөг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул түүний гүйцэтгээгүй үүрэг болох 7,860,000 төгрөгийн хэмжээнд дээрх гэрээний хүү болон алдангийн тохиролцоо үйлчилнэ. .

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хүү, алданги шаардах эрхгүй гэж дүгнэн, хариуцагч Н.О-гээс 11,770,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 27,230,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах замаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Үүнд:

Хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 540,000 төгрөг төлсөн байна. Уг төлбөрөөс гэрээ байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл хугацааны  3 хоногийн хүү 62,880 төгрөгийг хасч, үлдэх 477,120 төгрөгийг үндсэн зээл 7,860,000 төгрөгөөс хасаж тооцоход 7,382,880 төгрөг үлдэж байна. /7,860,000төгрөг*8хувь=628,800:30=20,960*3=62,880 төгрөгийн хүү, 7,860,000-477,120=7,382,880 төгрөг/

Хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1,040,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 200,000 төгрөг, нийт 1,240,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ. 

Уг төлбөрийг дээрх дарааллын дагуу тооцвол: 7,382,880х8хувь=590,630:30=19,687х37хоног=728,443 төгрөгийн хүү болно. 1,240,000-728,443 хүү=511,557 төгрөг үлдэх ба үндсэн зээл 7,382,880-511,557=6,871,323 төгрөг болно. Харин 6,871,323х8 хувь =549,705 төгрөг:30=18,323х18=329,823 төгрөгийн хүү болно. Гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 7 сарын хүүд 6,871,323х8 хувь=549,705х7=3,847,935+329,823=4,177,758 төгрөгийн хүү болно. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 6,871,323 төгрөг, хүүгийн төлбөрт 4,177,758 төгрөг, нийт 11,049,081 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Харин хариуцагч нь 900,000 төгрөгийг сүүлд төлснийг нэхэмжлэгч маргахгүй байх тул дээрх дүнгээс хасч, хариуцагчаас 10,149,081 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох  нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.

 

6. Хариуцагч Н.О нь гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй болох нь түүний тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь алданги тооцон шаардах эрхтэй.  Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан хэмжээнд нийцүүлэн хариуцагчаас 5,074,540 төгрөгийн алданги гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

7. Хариуцагч нь 2023 оны 3 дугаар сард нэхэмжлэгчээс зээлсэн 300,000 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй байгаа гэдгээ зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргажээ.

 

Дээрх тооцоог нэгтгэн дүгнээд хариуцагч Н.О-гээс зээлийн гэрээний үүрэгт 15,523,621 /10,149,081+5,074,540+300,000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,476,379 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцнэ. 

 

8. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэснийг нэмж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.О-ээс 15,523,621 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,476,379 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 

2 дахь заалтын “...203,270” гэснийг “...235,568” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

 

                                          ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

 

                                                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ