Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2023/02622

 

                                                                                                                              

 

 

 

 

 

 

 

               2023        09        22

182/ШШ2023/02622

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Ц.Т -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э.Т” ХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч Ц.Т нь “Э” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2014 оны 11 дүгээр сард “Э” ХК-д үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд хууль бусаар 3 удаа халагдаж, 7 гүйцэтгэх захиралтай хамтран ажиллаж байснаас 5 захирал нь хулгайн хэрэгт холбогдож байсан. 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ажлын байр орхиж, хэвлэлийн хурал хийн олон нийтэд худал мэдээлэл түгээж, компанийн нэр хүндэд халдсан зөрчил гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж, сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 3 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн. Уг хэвлэлийн хурлыг хийхдээ уурхайн газрыг хууль бусаар гадны хөрөнгө оруулалттай компанид эзэмшүүлсэн нь буруу учраас үүнийг засахын төлөө хэвлэлийн бага хурал хийсэн болохоос компанийн нэр хүндэд халдсан зүйл байхгүй. 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Э” ХК-ийн засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн Б/379 тоот тушаалаар МУ-н Засгийн газрын шүүр ажиллагааг хэрэгжүүлэх, мөн түүнчлэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж ямар үндэслэлгүйгээр намайг ажлаас халсанд гомдолтой байна. Миний бие үүрэгт ажлаа цаг тухайд хийж гүйцэтгэдэг хариуцлагатай ажилтан бөгөөд тус байгууллагад 9 жил тасралтгүй ажиллаж байгаа. 2023 онд намайг салбарын төсөл хариуцсан ерөнхий менежер гэсэн албан тушаалын нэршлийг тус байгууллагын удирдлага хүчээр өөрчилж, салбарын төсөл хариуцсан ерөнхий инженер болгож Засгийн газраас хэрэгжүүлж буй шүүр ажиллагаанд албан тушаалын нэршил өөрчилж намайг санаатайгаар хамруулан ажлаас үндэслэлгүйгээр халж, сахилгын шийтгэл оногдуулж, ажилтныг ихээр доромжилж байгаад гомдолтой байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбоотойгоор 5Ш ажиллагааг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоот чиглэлийг тус компани  /төрийн өмчийн оролцоотой/-д ирүүлсэн. Чиглэлийн 4-рт ...төрийн өмчийн оролцоотой компани ... ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил ... шаардлагыг хангаагүй томилогдсон... этгээдийг олж тогтоон, хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүрэг болгосон. Улмаар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/90 дүгээр тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон ажлын байрны шаардлага хангаагүй ажилд томилогдсон ажилтны судалгааг гаргаж танилцуулах чиг үүрэг бүхий “Ажлын хэсэг” байгуулсан. Ажлын хэсэг компанийн Төв оффис болон Салбарын ажилтнуудын холбогдох баримт бичигт шинжилгээ хийж үзэхэд Ц.Т нь Салбарын төсөл хариуцсан инженер-ийн ажлын байранд тавигдах “мэргэжил”-ийн шаардлага /III-р/ үзүүлэлтийг хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь зөвхөн хувийн хэрэгт авагдсан мэдээлэлд үндэслэгдсэн бөгөөд ажилтан өөрт нь гаргаж өгөөгүй, “Мэргэжил”-ийн шаардлага хангах баримт байж болзошгүй, түүнийг гаргаж өгөх боломжоор хангаж, шаардлага хангах баримт байгаа эсэх, байгаа бол ажил олгогчид ирүүлэх тухай 2023 оны 04 дүгээр сарын 06-ны №01 тоот мэдэгдлийг хүргүүлсэн /гардуулсан/ бөгөөд нэхэмжлэгч Ц.Т хувьд дээрх мэдэгдлийн дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан “мэргэжил”-ийн шаардлага хангах баримт, мэдээллийг ажил олгогчид ирүүлээгүй. Мэдэгдэл өгснөөс хойш “Салбарын төсөл хариуцсан инженер”-ийн ажлын байранд тавигдах “мэргэжил”-ийн шаардлага хангаагүй гэх нөхцөл байдал өөрчлөгдөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон цуцлах тухай 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №24 тоот мэдэгдлийг түүнд гардуулан өгсөн. Тэрээр 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “...ажлын байрны мэргэжил таарахгүй байгаа учир ... ажлын байрны тохирох мэргэжлээр өөр ажилд шилжин ажиллах хүсэлт”-ийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид хандан ирүүлсэн. Өргөдлийг судлах явцад буюу 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тэрээр албан ёсоор чөлөө, зөвшөөрөл олгоогүй байхад ажлын байрыг орхин явж, хэвлэлийн бага хурал хийн ... 1072 хувьцаа эзэмшигчдийн ордыг гадаадын компанид худалдсан” гэж баримт нотолгоогүй, бодит үнэнийг мушгин гуйвуулсан ташаа мэдээллийг нийгэмд тараасан бөгөөд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нэр хүндэд халдсан мэдэгдлийг хийсэн. Улмаар түүний мэргэжлийн дагуу өөр ажилд шилжүүлэх хүсэлтэд 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02/784 тоот албан бичгээр хариу хүргүүлж, мэдэгдлийн дагуу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/379 дүгээр тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-д 6 сарын хугацаатай тусад нь онцгой дэглэм тогтоож, Засгийн газар өөрийн шууд хяналтад авч, “Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрх”-ийг Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991 оны/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд заасан хүрээнд хэрэгжүүлэхийг Ж.Ганбатад даалгасан бөгөөд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч хууль тогтоомжоор олгогдсон “шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилох, чөлөөлөх” эрхийн хүрээнд тушаалыг гаргасан болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ ... ажлаас чөлөөлөхийн тулд “Салбарын төсөл хариуцсан ерөнхий менежер” гэх албан тушаалын нэршлийг 2023 онд “Салбарын төсөл хариуцсан инженер” болгож хүчээр өөрчлөн шүүр ажиллагаанд хамааруулсан...” гэх боловч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2021, 2022 оны салбарын бүтэц баталсан гүйцэтгэх захирлын тушаал болон түүнийг уг албан тушаалд томилсон гүйцэтгэх захирлын 2021 оны Б/791 дүгээр тушаалуудаар “Төсөл хариуцсан ерөнхий инженер” ажлын байр хэвээр байсан, уг албан тушаалд томилогдон ажиллаж байсан болох нь тогтоогдох бөгөөд хүчээр ажлын байрны нэршил өөрчилж чөлөөлсөн гэх тайлбар үндэслэлгүй болно.

Иймд Ц.Т “Э” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 54 дугаар хуралдааны шийдвэр /хх 3-5/

3.2. “Э” ХК-ийн Засгийн Газрын Онцгой Бүрэн Эрхт Төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Ц.Т үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал /хх 7/ зэрэг баримтууд болно.

 

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар хувь /хх 12/

4.2. “” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/791 дугаар Ц.Т ажилд томилох тухай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар хувь /хх 19/,

4.3. “” ХК-ийн Засгийн Газрын Онцгой Бүрэн Эрхт Төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Ц.Т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар хувь /хх 20/,

4.4. Хөдөлмөрийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар хувь /хх 21-23/,

4.5. Хөдөлмөрийн гэрээний хавсралт Ажлын байрны тодорхойлолтын нотариатаар батлуулсан хувь /хх 24-26/,

4.6. Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар хувь /хх 27/,

4.7. “Э” ХК-ийн Засгийн Газрын Онцгой Бүрэн Эрхт Төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, ажлын удирдамжийн нотариатаар батлуулсан хуулбар хувь /хх 28-29/,

4.8. “Э” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Салбарын ажлын байрны нэр, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар хувь /хх 30/,

4.9. “Э” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Салбарын бүтэц, албан тушаалын нэр орон тоо, цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар хувь /хх 31/,

4.10. 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №01 дүгээр Мэдэгдлийн нотариатаар батлуулсан хувь /хх 32/,

4.11. “Э” ХК-ийн Засгийн Газрын Онцгой Бүрэн Эрхт Төлөөлөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/116 дугаар Шүүр ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар хувь /хх 33/,

4.12. “Э” ХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02/784, 02/785 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгүүдийн нотариатаар батлуулсан хуулбар хувь /хх 34-35/,

4.13. 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №24 дүгээр Мэдэгдлийн нотариатаар батлуулсан хуулбар хувь /хх 36/,

4.14. “Э” ХК-ийн Мэдэгдэл нотариатаар батлуулсан хуулбар хувь /хх 37/,

4.15. Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар хавсралт Нууцын баталгаа /хх 41/,

4.16. “Э” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат танаа гаргасан 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн өргөдөл /хх 42/,

4.17. 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №01 дүгээр Мэдэгдэл /хх 43/,

4.18. Ажилд орохыг хүсэгчийн анкетын нотариатаар батлуулсан хувь /хх 44-46/,

4.19. Ц.Т бакалаврын дипломын хуулбар /хх 47-48/,

4.20 Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №385 дугаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол /хх 51/,

4.21. Ц.Т цалин хөлсний лавлагаа /хх 52/ зэрэг баримтууд болно.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр шүүх масс.мн сайт дээр 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нийтлэгдсэн Ц.Т хэвлэлийн хурлын бичлэгт үзлэг хийж, тэмдэглэлээр баримтжуулсан, хариуцагчийн хүсэлтээр Ц.Т цалингийн картын мэдээллийг хэрэгт гаргуулсан болно.

 

 Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Т нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. “Э” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дугаар тушаалаар Салбарын ажлын байрны нэр, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар Салбарын зохион байгуулалтын бүтцийг баталсан байна.

Нэгдүгээр хавсралтад Төсөл хариуцсан ерөнхий инженерийн орон тоо байна.

Мөн компанийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар тушаалаар Салбарын бүтэц, албан тушаалын нэр орон тоо, цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар Салбарын бүтцийг баталсан байна.

“Э” ХК-ийн салбарын бүтэц-д Төсөл хариуцсан ерөнхий инженерийн орон тоо байна.

 

2.2. “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/791 дүгээр тушаалаар*******ийг Салбарын төсөл хариуцсан ерөнхий инженерээр 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн томилж,

 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр №2021/С-02 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн өдөр төсөл хариуцсан ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолт, нууцын баталгаа танилцуулж тус тус гарын үсэг зурсан байна.

 

Хөдөлмөрийн гэрээний 1.2 дугаар зүйлийн 1.2.1-д албан тушаалыг Салбарын төсөл хариуцсан ерөнхий инженер гэж заасан,

Ажлын байр /төсөл хариуцсан ерөнхий инженер/-ны тодорхойлолтын Ажлын байрны нэр хэсэгт Төсөл хөтөлбөр хариуцсан ерөнхий инженер гэж,

Ажлын байрны үндсэн үүрэг хэсэгт – Салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээж, аж ахуйн эргэлтэд оруулах, цаашид ашиглах хэлбэрийг зөв тодорхойлж, нөхөн сэргээлтийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих, зөрчлөөс сэргийлэх, байгалийн баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах гэж,

 Ажлын байранд тавигдах шаардлагын боловсрол хэсгийн чухал шаардлагатай хэсэгт – дээд бакалавр түүнээс дээш зэрэгтэй гэж, мэргэжил хэсгийн чухал шаардлагатай хэсэгт Байгаль хамгаалал, экологич, газар зохион байгуулагч, эрх зүйч гэж тус тус заасан байна.

 

Ц.Т нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ажилд орохыг хүсэгч анкет бөглөсөн байх бөгөөд боловсрол хэсэгт “Эдийн засгийн дээд сургууль, эдийн засаг нябо гэж мэдүүлсэн, Ц.Т Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч, бизнес судлаач мэргэжлээр төгссөн байна.

 

2.3. Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Эрдэнэс таван толгой ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, онцгой дэглэмийн хугацаанд компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилсон байх ба онцгой дэглэмийн хугацааг Улсын их хурлын 2023.04.21-ний өдрийн 28 тоот тогтоолоор дахин 6 сарын хугацаагаар сунгасан.

 

 2.4. Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр Засгийн Газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Төсвийн байгууллагын дарга, Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой компани, Улсын үйлдвэрийн газрын дарга /захирал/ нарт “... төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, дараах хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүгээр чиглэл болгож байна: ... 4. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон ...” гэжээ.

 

2.5. “” ХК-ийн Засгийн Газрын Онцгой Бүрэн Эрхт Төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай албан тоотоор ирүүлсэн чиглэлийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон ажлын байрны шаардлага хангаагүй ажилд томилогдсон ажилтнуудын судалгааг гаргаж, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажиллах удирдамжийг баталсан байна.

 

2.6. “Э” ХК-ийн Засгийн Газрын Онцгой Бүрэн Эрхт Төлөөлөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/116 дугаар “Шүүр” ажиллагааны хүрээнд шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тушаалаар “... Ажлын байрны тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжлийн шаардлага хангаагүй ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-д заасны дагуу ажлын байрны шаардлагад нийцсэн мэргэжил эзэмшсэн талаарх баримтыг 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэх Мэдэгдлийг 2023 олны 04 дүгээр сарын 06-ны дотор хүргүүлэхийг Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэс/Б.Оюунням/-т үүрэг болгосон” байна.

 

2.6. Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн дарга Б.Оюуннямын “Төсөл хариуцсан ерөнхий инженерийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан Байгаль хамгаалал, Экологич, Эрх зүйч, Газар зохион байгуулагч мэргэжлийн шаардлага хангахгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил эзэмшсэн талаар холбогдох баримтыг 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх, ирүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах нөхцөл бүрдэхийг мэдэгдсэн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр мэдэгдлийг******* 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан байна.

 

2.7. “Э” ХК-ийн Захиргаа, Удирдлагын газрын дарга Н.Анунаас Төсөл хариуцсан ерөнхий инженерийн албан тушаал эрхлэхэд эзэмшсэн мэргэжил ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тул хөдөлмөрийн гэрээг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон, ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон талаар Ц.Т 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №24 дүгээр мэдэгдлээр мэдэгдсэн, Ц.Т мэдэгдлийг хүлээн авсан байна.

 

2.8. Ц.Т 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Э” ХК-д гаргасан “... Засгийн газрын хэрэгжүүлж байгаа шүүр ажиллагаагаар ажлын байрны нэршил таарахгүй байгаа учир 2023 оны 05 дугаар сарын 21-нд гэрээг цуцлах мэдэгдэл ирсэн. Иймд ажлын байрны тохирох нэршлээр өөр ажилд шилжин ажиллах хүсэлтэй байна ...” гэх хүсэлтэд “Э” ХК-ийн Захиргаа, Удирдлагын газрын дарга Н.Анун 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02/784 дүгээр албан бичгээр “... таны эзэмшсэн мэргэжил ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тул ... өөр ажилд шилжүүлэн ажиллуулах өргөдлийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгсөн байна.

 

2.9. Ц.Т 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “1072 хувьцаа эзэмшигчдийн ордыг гадны компанид худалдаалсан” гэх агуулга бүхий хэвлэлийн хурал хийсэн болох нь хэвлэлийн хурлын бичлэг, үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэгдсэн.

 

2.10. “Э” ХК-иас 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Э” ХК-ийн уурхайн төсөл хариуцсан ерөнхий инженер Ц.Т өнөөдөр /2023.05.18/ “ЭТТ-1072 хувьцаа эзэмшигчдийн ордыг гадаадын компанид худалдсан тухай” хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд тодорхой баримт нотолгоогүй, олон нийтэд илтэд төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж, бодит үнэнийг мушгин гуйвуулах байдлаар “Э” ХК-ийн нэр хүндэд ноцтойгоор халдсан гэх мэдэгдлийг гаргасан байна.

 

2.11. “Э” ХК-ийн Засгийн Газрын Онцгой Бүрэн Эрхт Төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/372 дугаар тушаалаар “Салбарын төсөл хариуцсан ерөнхий инженер Ц.Т нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр чөлөө, зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг орхисон, хэвлэлийн хурал хийн олон нийтэд худал мэдээлэл түгээж, компанийн нэр хүндэд халдсан зөрчил гаргасан” гэх үндэслэлээр Ц.Т нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

2.12. Ц.Т “Э” ХК-д гаргасан “... 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авах” хүсэлт гаргасныг “Э” ХК-ийн Захиргаа, Удирдлагын газрын дарга Н.Анун 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02/785 дугаар албан бичгээр “... Салбарын төсөл хариуцсан ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тул танд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс цуцлах мэдэгдэл өгсөн тул таны ээлжийн амралтын өргөдлийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгсөн байна.

 

2.13. “Э” ХК-ийн Засгийн Газрын Онцгой Бүрэн Эрхт Төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/379 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагааг хэрэгжүүлэх, мөн түүнчлэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Салбарын төсөл хариуцсан ерөнхий инженер Ц.Т үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болгон, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна.

 

2.14. Ц.Т “Э” ХК-ийн Засгийн Газрын Онцгой Бүрэн Эрхт Төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/379 дугаар тушаалыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг тус хорооноос 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 54 дугаар шийдвэрээр “талууд харилцан тохиролцох, эвлэрэх боломжгүй гэж” ажиллагааг дуусгавар болгожээ.

 

3. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэхэд:

3.1. Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргахаар заасан ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.

Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ажил олгогчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/379 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж хуульд заасан хугацаанд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба талууд маргааныг харилцан тохиролцоогүй байна.

 

 Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

 

3.2. Нэхэмжлэгчийн “2023 онд намайг салбарын төсөл хариуцсан ерөнхий менежер гэсэн албан тушаалын нэршлийг тус байгууллагын удирдлага хүчээр өөрчилж, салбарын төсөл хариуцсан ерөнхий инженер болгож Засгийн газраас хэрэгжүүлж буй шүүр ажиллагаанд албан тушаалын нэршил өөрчилж намайг санаатайгаар хамруулан ажлаас үндэслэлгүйгээр халсан” гэх тайлбар үндэслэлгүй болох нь “Э” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дугаар Салбарын ажлын байрны нэр, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаал, мөн компанийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар Салбарын бүтэц, албан тушаалын нэр орон тоо, цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай тушаалуудаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн Салбарын төсөл хариуцсан ерөнхий инженерийн Ажлын байрны тодорхойлолтод зааснаар “Байгаль хамгаалал, экологич, газар зохион байгуулагч, эрх зүйч” мэргэжилтэй байхаар тусгасан ба нэхэмжлэгч Ц.Т нь эдийн засагч, бизнес судлаас мэргэжилтэй буюу мэргэжлийн шаардлага хангахгүй болох нь тогтоогдож байна. Мөн энэ талаар нэхэмжлэгч нь маргаагүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино” гэж заасан.

 

Хариуцагч байгууллагаас 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр мэдэгдлээр “Төсөл хариуцсан ерөнхий инженерийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан ... мэргэжлийн шаардлага хангахгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил эзэмшсэн талаар холбогдох баримтыг 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх, ирүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах нөхцөл бүрдэхийг” мэдэгдсэн байна.

 

Мөн “Э” ХК-ийн Захиргаа, Удирдлагын газрын дарга Н.Анунаас “Төсөл хариуцсан ерөнхий инженерийн албан тушаал эрхлэхэд эзэмшсэн мэргэжил ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй” гэх үндэслэлээр  хөдөлмөрийн гэрээг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон, ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон талаар Ц.Т 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №24 дүгээр мэдэгдлээр мэдэгдсэн,******* мэдэгдлийг хүлээн авсан байна.

 

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заасныг зөрчөөгүй байна.

 

Энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Т 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Э” ХК-д “... ажлын байрны тохирох нэршлээр өөр ажилд шилжин ажиллах хүсэлтэй байна ...” гэх хүсэлт гаргасныг “Э” ХК-ийн Захиргаа, Удирдлагын газрын дарга Н.Анун 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02/784 дүгээр албан бичгээр “... таны эзэмшсэн мэргэжил ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тул ... өөр ажилд шилжүүлэн ажиллуулах өргөдлийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх” үүрэгтэй гэж зохицуулснаас өөрөөр зохицуулаагүй буюу зайлшгүй ажил мэргэжилд тохирсон өөр ажилд шилжүүлэх үүрэггүй байна.

 

Иймд “Э” ХК-ийн Засгийн Газрын Онцгой Бүрэн Эрхт Төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/379 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагааг хэрэгжүүлэх буюу мэргэжлийн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр салбарын төсөл хариуцсан ерөнхий инженер Ц.Т үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болгон, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлтэй байна.

 

3.3. Нэхэмжлэгчээс “би хэвлэлийн хурлыг хийхдээ уурхайн газрыг хууль бусаар гадны хөрөнгө оруулалттай компанид эзэмшүүлсэн нь буруу учраас үүнийг засахын төлөө хэвлэлийн бага хурал хийсэн болохоос компанийн нэр хүндэд халдсан зүйл байхгүй” гэж ажлаас чөлөөлсөн тушаалын үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлийг үгүйсгэж байна.

 

Хариуцагч талаас тушаалын үндэслэл болох үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үйл баримтыг Ц.Т нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр илт худал мэдээлэл бүхий хэвлэлийн бага хурал, компанийн нэр хүндэд халдсан, чөлөө зөвшөөрөлгүй явж ажил тасалсан гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Ц.Т 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Э 1072 хувьцаа эзэмшигчдийн ордыг гадны компанид худалдаалсан” гэх агуулга бүхий хэвлэлийн хурал хийсэн болох нь үзлэгээр тогтоогдсон ба хэвлэлийн хурал хийсэн эсэх талаар талууд маргаагүй.

 

“Э” ХК-ийн Засгийн Газрын Онцгой Бүрэн Эрхт Төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/372 дугаар тушаалаар “Салбарын төсөл хариуцсан ерөнхий инженер******* нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр чөлөө, зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг орхисон, хэвлэлийн хурал хийн олон нийтэд худал мэдээлэл түгээж, компанийн нэр хүндэд халдсан зөрчил гаргасан” гэх үндэслэлээр Ц.Т нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Энэхүү тушаал нь хүчин төгөлдөр байгаа талаар хариуцагчаас тайлбарлаж байх бөгөөд энэ үйл баримтад нэхэмжлэгчээс маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д “Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” гэж заасан учир “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Засгийн Газрын Онцгой Бүрэн Эрхт Төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/379 дугаар тушаалын ... үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэл хууль бус байна.

 

            Хэдийгээр тушаалын энэхүү үндэслэл хууль бус байх хэдий ч мэргэжлийн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр салбарын төсөл хариуцсан ерөнхий инженер Ц.Т үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй тул түүнийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх боломжгүй юм.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн  158 дугаар зүйлийн 158.2.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.Т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            О.АЗЗАЯА