Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/02075

 

 

 

2023 оны 11 сарын 29 өдөр Дугаар 210/МА2023/02075

 

 

 

Ц.Т...ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2023/02622 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Т...ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э... ХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: "Э..." ХК-д төсөл хариуцсан ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х... нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сард Э... ХК-д үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд хууль бусаар 3 удаа халагдсан, 7 гүйцэтгэх захиралтай хамтран ажиллаж байсан.

1.2. Улмаар 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ажлын байр орхиж, хэвлэлийн хурал хийн олон нийтэд худал мэдээлэл түгээж, компанийн нэр хүндэд халдсан зөрчил гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж, сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 3 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн.

Уг хэвлэлийн хурлыг хийхдээ уурхайн газрыг хууль бусаар гадны хөрөнгө оруулалттай компанид эзэмшүүлсэн нь буруу учраас үүнийг засахын төлөө хэвлэлийн бага хурал хийсэн болохоос компанийн нэр хүндэд халдсан зүйл байхгүй.

1.3. Э... ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/379 тоот тушаалаар Монгол Улсын Засгийн газрын шүүр ажиллагааг хэрэгжүүлэх, мөн түүнчлэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж ямар ч үндэслэлгүйгээр намайг ажлаас халсанд гомдолтой байна.

Үүрэгт ажлаа цаг тухайд хийж гүйцэтгэдэг, хариуцлагатай ажилтан бөгөөд тус байгууллагад 9 жил тасралтгүй ажиллаж байгаа.

Салбарын төсөл хариуцсан ерөнхий менежер гэсэн албан тушаалын нэршлийг тус байгууллагын удирдлага хүчээр өөрчилж, салбарын төсөл хариуцсан ерөнхий инженер болгож, Засгийн газраас хэрэгжүүлж буй шүүр ажиллагаанд албан тушаалын нэршил өөрчилж намайг санаатайгаар хамруулан ажлаас үндэслэлгүйгээр халж, сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбоотойгоор 5Ш ажиллагааг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоот чиглэлийг тус компанид ирүүлсэн.

Чиглэлийн 4-рт ...төрийн өмчийн оролцоотой компани ... ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил ... шаардлагыг хангаагүй томилогдсон... этгээдийг олж тогтоон, хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүрэг болгосон.

2.2. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/90 дүгээр тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон ажлын байрны шаардлага хангаагүй ажилд томилогдсон ажилтны судалгааг гаргаж танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг компанийн Төв оффис болон Салбарын ажилтнуудын холбогдох баримт бичигт шинжилгээ хийж үзэхэд Ц.Т... нь Салбарын төсөл хариуцсан инженерийн ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага /III-р/ үзүүлэлтийг хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон.

Мэргэжлийн шаардлага хангах баримт байж болзошгүй, түүнийг гаргаж өгөх боломжоор хангаж, шаардлага хангах баримт байгаа эсэх, байгаа бол ажил олгогчид ирүүлэх тухай 2023 оны 04 дүгээр сарын 06-ны 01 тоот мэдэгдлийг хүргүүлсэн /гардуулсан/ бөгөөд нэхэмжлэгч Ц.Т....ийн хувьд дээрх мэдэгдлийн дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангах баримт, мэдээллийг ажил олгогчид ирүүлээгүй.

Мэргэжлийн шаардлага хангаагүй гэх нөхцөл байдал өөрчлөгдөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон цуцлах тухай 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 24 тоот мэдэгдлийг түүнд гардуулан өгсөн.

2.3. Тэрээр 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажлын байрны мэргэшил таарахгүй байгаа учир тохирох өөр ажилд шилжин ажиллах хүсэлтийг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчид хандан ирүүлсэн.

Өргөдлийг судлах явцад буюу 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тэрээр албан ёсоор чөлөө, зөвшөөрөл олгоогүй байхад ажлын байрыг орхин явж, хэвлэлийн бага хурал хийж, 1072 хувьцаа эзэмшигчдийн ордыг гадаадын компанид худалдсан гэж баримт нотолгоогүй, бодит үнэнийг мушгин гуйвуулсан ташаа мэдээллийг нийгэмд тараасан бөгөөд Э... ХК-ийн нэр хүндэд халдсан мэдэгдлийг хийсэн.

Улмаар түүний мэргэжлийн дагуу өөр ажилд шилжүүлэх хүсэлтэд 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02/784 тоот албан бичгээр хариу хүргүүлж, мэдэгдлийн дагуу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/379 дүгээр тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2.4. Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991 оны/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд зааснаар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч эрхийн хүрээнд тушаалыг гаргасан.

Э.... ХК-ийн 2021, 2022 оны салбарын бүтэц баталсан гүйцэтгэх захирлын тушаал болон түүнийг уг албан тушаалд томилсон гүйцэтгэх захирлын 2021 оны Б/791 дүгээр тушаалуудаар төсөл хариуцсан ерөнхий инженер ажлын байр хэвээр байсан, уг албан тушаалд томилогдон ажиллаж байсан болох нь тогтоогдох бөгөөд хүчээр ажлын байрны нэршил өөрчилж чөлөөлсөн гэх тайлбар үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.Т....ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хэвлэлийн бага хурал хийсэн.

Уг хурал хийсэн гэх асуудлаар Ц.Т...т 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г...ын тушаалаар сахилгын арга хэмжээ авч, 3 хоногийн дараа хэвлэлийн бага хурал хийлээ гэж дахиж 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ж.Г... нь дахин тушаал гарган ажлаас халсан.

4.2. Анхан шатны шүүх үзэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт "Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулахгүй" гэж заасан учир Эрдэнэс Таван толгой ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/379 дугаар тушаалын үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэл нь хууль бус байна" гэж шийдвэрт тусгасан.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.3 гэх хуульд байхгүй заалт баримталсан.

4.3. Ажилтнуудыг хууль бус ажиллагаандаа хамтарсангүй хэмээн ажлаас халдаг үйлдлүүд байдаг. Үүний жишгээр би 3 удаа ажлаас халагдаж байсан. Тухай бүрд нь шүүхэд хандаж, гэм буруугүй тул ажилдаа эргэж орсон.

Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээв.  

2. Нэхэмжлэгч Ц.Т... нь хариуцагч Э... ХК-д холбогдуулан "Э..." ХК-д төсөл хариуцсан ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...Ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага үзүүлэлтийг хангаагүй гэж маргажээ. /1-р хх. 1, 17-18/

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

3.а. Э... ХХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/379 тоот тушаалаар Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6, Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай тогтоолын 1, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Э... ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 385 дугаар тогтоолын 2, 3.1, 3.2, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/90 тоот тушаалыг тус тус баримталж, ажилтан Ц.Т...ийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шүүр ажиллагааг хэрэгжүүлэх, мөн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал хэрэгт авагджээ. /1-р хх 7/

3.б. Нэхэмжлэгч нь Э... ХК-тай 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр салбарын төсөл хариуцсан ерөнхий инженер албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон. /1-р хх. 21-26/

3.в. Э... ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/84 тушаалаар Салбарын ажлын байрны нэр, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан баримт авагдсан. /1-р хх 30/

Уг 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтоор Төсөл хариуцсан ерөнхий инженерийн ажлын байранд байгаль хамгаалал, экологич, газар зохион байгуулагч, эрх зүйч мэргэжилтэй байх шаардлага тавигджээ. /1-р хх. 24-26/

3.г. Нэхэмжлэгч Ц.Т... нь Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийг 2000 онд Бизнесийн удирдлагын бакалавр мэргэжлээр төгссөн, эдийн засагч мэргэжилтэй талаар хариуцагч зөвшөөрсөн тайлбар гаргасан./1-р хх 47/

4. Зохигч дараах үйл баримтад маргаантай байна.

4.а. Нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолтыг байгууллагын удирдлага хууль бусаар өөрчилж, Засгийн газрын шүүр ажиллагаанд үндэслэлгүйгээр хамруулж ажлаас халсан гэж маргажээ.

4.б. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дах хэсэгт заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөх нөхцөлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухайгаа ажилтанд 30 хоногийн дотор мэдэгдэх заалтыг хэрэгжүүлсэн талаар зөв дүгнэсэн.

4.в. Э... ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/379 дугаар тушаалын ...үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэл хууль бус боловч нэхэмжлэгчийг дээрхи үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй, харин ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага шалгуур хангаагүй тул үүрэгт ажлаас чөлөөлсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Ажилтан Ц.Т...ийн одоогийн ажиллаж буй ажлын байранд буюу Төсөл хариуцсан ерөнхий инженерийн ажлын байранд байгаль хамгаалал, экологич, газар зохион байгуулагч, эрх зүйч мэргэжилтэй байх шаардлага тавигдсан боловч нэхэмжлэгч нь Бизнесийн удирдлагын бакалавр мэргэжлээр төгссөн, эдийн засагч мэргэжилтэй талаар зохигч маргаагүй. /1-р хх. 24-26/

5. Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрийг хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасанд нийцжээ.

6. Харин анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль буюу Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй заалтыг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.3 дахь хэсэгт заасныг тогтоох хэсэгт баримталсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2023/02622 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 гэснийг хасаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.3 гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158.2.2 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД