Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1404

 

“ӨМӨЗО-НЫ Ш Х И Л-” ХХК-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00887 дугаар шийдвэртэй, “Ө-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Г Ц” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46 780 163.08 төгрөг гаргуулах,

доголдолтой эд хөрөнгийн улмаас учирсан хохирол зардал 68 612 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Манай компани ӨМӨЗО-д байрлалтай, кабель трансформатр зэрэг эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн худалдаалдаг байгууллага юм. Хариуцагч “Г-” ХХК нь 2012, 2013 онуудад манай компаниас нийт 623 330 юанийн үнэ бүхий гэрэлтүүлэг, эрчим хүчний тоног төхөөрөмжийг зээлээр худалдаж авсан. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, харин худалдан авалт хийх болгондоо “бараа худалдсан бичиг” гэх баримтыг үйлдээд барааг нийлүүлсэн. Нийт худалдан авсан барааны үнийн дүнгээс хариуцагч 390 000 юанийг 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлж дуусгасан. Тэгээд мөн өдөр талууд тооцоо нийлэх үед 233 330 юань төлөгдөөгүй үлдсэн байсан бөгөөд хариуцагч байгууллагыг төлөөлж байсан Б.Ц уг мөнгийг 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлнө гэж бичгээр баталгаа гаргасан байдаг.

Б.Ц-ын төлөөлөх эрхийн тухайд 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Г-” ХХК-иас бичгээр итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлээр Б.Ц- нь нэхэмжлэгч компанитай харилцах, худалдагчаас бараа материалыг хүлээн авах, шаардлагатай баримтуудад гарын үсэг зурах, бараа материалыг хариуцан Монгол улсад оруулж ирнэ гэсэн бүрэн эрхийг олгосон юм.

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100 000 юанийг төлсөн бөгөөд нийт 490 000 юань төлсөн гэдгийг бид зөвшөөрч байгаа. Үүнээс хойш 133 330 юанийн төлбөр төлөгдөөгүй учраас 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр талууд энэхүү үлдэгдлээ баталгаажуулаад зээлийн гэрээ хийе гээд гэрээ байгуулсан. Ингэхдээ нэхэмжлэгч өөрөө байгуулаагүй Монголд байнга ирэх боломж байгаагүй тул тус компаниас зээлийн гэрээний үүргээ шаардах эрхээ Монгол улсад байрлах “Б-” ХХК-д шилжүүлж, тус компани 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний төлбөрийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солигдсон гэж үзэх боломжгүй тул худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг шаардах нь зүйтэй гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймээс талуудын байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор биелүүлж, тохиролцсон тоо хэмжээ, чанар бүхий бараа бүтээгдэхүүнийг бүгдийг нь нийлүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан бараа худалдсан бичиг болох хэргийн 8-10 дахь талд авагдсан баримтаар нотлогдоно. Мөн тус компанийн ерөнхий инженер С.Г гэрчийн мэдүүлэг өгсөн. Барааг Монгол улсад ирсний дараа өөрөө шалгаж авсан гэдгээ хэлсэн. Ингэхэд ямар нэг байдлаар дутсан, эсхүл тоо хэмжээ зөрсөн зүйл байгаагүй гэсэн. Иймд хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Ц- нь нийт 623 330 юанийн үнэ бүхий бараанаас 233 330 юань дутуу байна, төлнө гээд 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өрийн бичгийг үйлдэж өгсөн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг шаардана. Нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр компанийн эрхлэх үйл ажиллагааны чиглэл, оноосон нэрээ өөрчилсөн. Үүнийг нотлохоор Эрээн хотын бүртгэлийн газраас лавлагаа авч хэрэгт хавсаргасан. Түүнчлэн, хариуцагчийн зүгээс бараа худалдан авах бичгийн орчуулга дээр маргасан тул шүүхээс хөндлөнгийн этгээдийг шинжээчээр томилоод нотлох баримтуудыг орчуулсан тул орчуулгын тал дээр маргаангүй. Бид худалдсан барааны үлдэгдэл төлбөр болох 133 330 юанийг нэхэмжлэл гаргасан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкны ханш нэг юань 350.86 төгрөгөөр тооцож нийт 46 780 163 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад тээвэрлэж орж ирсэн автомашины жолооч Н.Б-ын өгсөн гэрчийн мэдүүлгээр Б.Ц- 2013 оны 5 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд ачилт хийгээд 5 дугаар сарын 07-ны өдөр барааг хүлээж аваад нэхэмжлэгч компанитай тооцоо хийгээд өрийн бичгийн баталгааг үйлдсэн. Үнэхээр хариуцагчийн тайлбарласан шиг бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ дутуу, нэхэмжилж байгаа үнийн дүнгээс доогуур үнийн дүн бүхий бараа худалдаж авсан гэж маргаж байгаа бол тооцоо нийлэх үедээ нэхэмжлэгч компанид мэдэгдэх ёстой. Тэгвэл үлдэгдэл 233 300 юанийн төлбөр дутуу байгааг хүлээн зөвшөөрөөд Монголд очсоны дараа буюу 5 дугаар сарын 15-ны өдөр төлнө гэсэн өрийн бичгийн баталгааг хийхгүй байх байсан. Дан ганц гаалийн мэдүүлгийн баримтыг хараад зарим бараа дутуу байсан гэж дүгнэх боломжгүй. Гаалийн үнийг яаж тодорхойлж, гаалийн бүрдүүлбэр хийснийг энэ баримтаар нотлох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: “Г-” ХХК нь цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, барилгын цахилгаан монтаж, барилга угсралтын ажил зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Я-” ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гадна гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад зүүн дөрвөн замаас троллейбусны эцсийн буудал Амгалан хүртэл 4,5 км авто замын гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэхээр болж, шаардлагатай гэрэлтүүлэг, кабель зэрэг бараа материалыг худалдан авахаар нэхэмжлэгч байгууллагад захиалга өгч, захиалгын гэрээ байгуулсан.

Компанийн төлөөлөгчийг очиход нэхэмжлэгч компанид бэлэн бүтээгдэхүүн байхгүй, тухайн бүтээгдэхүүнийг худалддаг компанид нэхэмжлэгч өөрөө цаашаа захиалга өгсөн байдаг. Ингээд 20-25 хоногийн дараа БНХАУ-ын Эрээн хотод захиалсан бараа ирлээ гэсний дагуу манай байгууллагаас 2013 оны 05 дугаар сард Б.Ц-д уг барааг Замын-Үүдийн гааль дээр хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт хийх, компанийг төлөөлөн бичиг баримтад гарын үсэг зурах гэсэн зөвхөн гааль дээр бараа хүлээн авах эрхтэй холбоотой итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон байдаг. Барааг хүлээн авахад захиалсан тоо хэмжээнээс дутуу байсан гэдэг. Гэрээний дагуу нэхэмжлэгчээс ирүүлсэн бараа бүтээгдэхүүнийг ашиглаж гадна гэрэлтүүлгийн ажлаа гүйцэтгэсэн боловч уг бараа нь шаардлага хангахгүй, 600 орчим тэжээлийн блок нь шатаж гэмтэн ажилд хүндрэл учирсан. Худалдагч компанид энэ талаар мэдэгдэж гэрэлтүүлэг болон чанарын шаардлага хангахгүй бараа материалыг сольж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч сольж өгөөгүй.

 Тухайн гэрээт ажил нь хугацаатай байсан учраас хариуцагч нь “Т-” ХХК-иас дахин бараа бүтээгдэхүүн шинээр худалдан авч тухайн ажлын доголдлыг арилгасан. Нийт 27 000 000 төгрөгийн барааг худалдан авч уг ажлыг хийж гүйцэтгэж дуусгасан. Энэ ажлыг дахин гүйцэтгэхэд буюу шатсан эд анги солих, хүн хүч ажиллуулсан зардал нь 41 612 600 төгрөг болсон. Ингээд ажлыг хийж дуусгаад 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын комиссын актаар захиалагчид хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш 2015 онд “Б-” ХХК гэдэг компани нь нэхэмжлэгчийн өмнөөс мөнгө нэхэж эхэлсэн. Хоорондоо ярилцаж, учир байдлыг хэлж, доголдолтой байсан бараа бүтээгдэхүүний талаар ярилцахад зээлийн гэрээ байгуулах юм бол сольж өгнө гэсэн шаардлагын дагуу 100 000 юанийг зээлсэн мэт гэрээ байгуулсан. Энэ тухай хэлэлцэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Нэхэмжлэгч байгууллагын тухайд үлдэгдэл тоног төхөөрөмж барааг өгөөгүй, доголдолтой барааг сольж өгөөгүй. Доголдолтой гэдэг нь 600 орчим тэжээлийн блок шатсанаас тодорхой харагдана. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ тохиролцсоны дагуу зохих ёсоор хугацаандаа шударгаар гүйцэтгээгүй. Хоёр талд захиалгын гэрээ байгуулагдсан гэдэг боловч нэхэмжлэгч тал гэрээг хэрэгт  өгөөгүй, хариуцагч талын гэрээ ажлын байр нүүх үед алга болсон гэдэг. Гэрээг байгуулагдсаны дагуу барааг тоо ёсоор нь хүлээж авсан байдаг. Түүнээсээ дутуу ирсэн гэн тайлбарыг хэлдэг. Бүх барааг биет байдлын доголдолтой байсан гэж хэлэхгүй ямар ч байсан биет байдлын доголдолтой бараа ирүүлсэн байсан. Ингээд тухайн хүлээж авсан бараанаас “Г-” ХХК-д их хэмжээний хохирол учирсан. Иймд дахин авлагатай мэтээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн мөнгөн дүнгийн хувьд хоёр талаасаа нарийвчлан тооцоо нийлж суугаагүй, захиалсан нь тодорхой биш, өгсөн, авсан мөнгөн дүн дээр гарын үсэг зураагүй, бараа өгсөн, авсан гэдэг дээр гарын үсэг зураагүй болохоор маргаантай байгаа. Бараа худалдах бичиг гээд 290, 291, 294 дугаартай баримтуудаас “Г-” ХХК нь зарим бараа бүтээгдэхүүн байхгүй, хүлээж аваагүй бараа их байсан. Гаалийн мэдүүлэгт байгаа 9 төрлийн барааг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаар тооцоог хийгээд дууссан, мөн доголдолтой барааны зарим тооцоог суутгасан гэж үзээд одоо ямар нэгэн тооцоо төлбөргүй гэж тайлбарладаг. Бараа худалдан авах бичигт байгаа хүрзний толгой, хүрзний иш, зээтүү, тоосны хамгаалалттай шил, шит, цаасны хутга гэх мэт зүйлийг нэхэмжлэгч тал худалддаггүй, эдгээрийг өөр газраас худалдаж авдаг байсан. Гаалийн мэдүүлэгт байгаа бараанууд нь нийт 520 000 орчим юань байдаг. Мөн огт аваагүй, шаардлагагүй бараа ч бараа худалдан авах бичигт бичигдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь доголдолтой бараа өгсөнтэй холбоотой. Нийлүүлсэн бүтээгдэхүүнээс 600 орчим тэжээлийн блок шатаж ажилд хүндрэл учирсан, худалдагч компанид энэ тухай мэдэгдсэн, “Т-” ХХК-иас барааг дахин шинээр худалдан авч тухайн ажилдаа хэрэглэсэн, эдгээр бараа тоног төхөөрөмжийг угсрах ажлын хүн хүч, техник төхөөрөмжийн зардалд 41 612 600 төгрөгийн зардал гаргаж хохирсон. Нийтдээ 68 612 600 төгрөгийн хохирол “Г-” ХХК-д учирсан. Тус зардлыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжилж байна.

Хохирол учирсан нь “Т-” ХХК-тай байгуулсан гэрээнүүд, бараа хүлээн авсан акт, зардлын баримтуудаар нотлогдсон. Нэхэмжлэгчийн нийлүүлсэн гэх бараа бүтээгдэхүүний доголдлын талаар гэрчүүд тодорхой мэдүүлсэн. Тухайлбал, гэрлүүд нь асдаггүй, хятад улсаас авсан гэрэл нь хурдан шатаж, эхний ажлыг гүйцэтгээд дундаа орж байхад шатсан талаар мэдүүлсэн. Мөн “Т-” ХХК-иас худалдаж авсан тэжээлийн блок, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэгч зэрэг нь нэхэмжлэгчээс худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнтэй адил байдаг. Тэгэхээр энэ нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн бараа доголдолтой байсан гэдгийг тодорхой харуулж байгаа юм. Тухайн үед нэхэмжлэгч нь өөрсдөө сольж өгнө гээд доголдолтой барааг авч явсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог тул сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна, нэхэмжлэгчээс нийт 68 612 600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ дутуу, доголдолтой эд хөрөнгө байсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ. Хариуцагч нь нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаад худалдсан барааны үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсний дараа доголдлын талаарх асуудлыг анх ярьж эхэлсэн. Иймд энэ бол нэхэмжлэлд заасан төлбөрийг төлөхөөс зайлсхийсэн гэж үзнэ. Учир нь энэ маргаан 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхэд “бараа бүтээгдэхүүн дутуу байсан юм бол яг ямар үнэтэй, ямар ямар бараа бүтээгдэхүүн дутуу байсан юм бэ” гэдгийг байнга тодруулж байсан. Энэ талаар хариуцагчаас тодорхой хэлдэггүй, нотлох баримт байдаггүй, сүүлд нь хяналтын шатны шүүх хуралдаан дээр 520 000 төгрөгийн бараа дутуу гэх боловч энэ үнийн дүнгийн задаргааны тухай тайлбар, нотлох баримт байдаггүй.

Доголдлын тухайд гэвэл хариуцагчийн зүгээс нотлох баримт гээд “Я-” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хийсэн ажлын үр дүнд доголдол гарсан гээд үнэлгээний байгууллагын дүгнэлт өгдөг боловч хариуцагчийн гуравдагч этгээдийн ажлыг хийж байхад гаргасан доголдол бүрийг нэхэмжлэгчээс нийлүүлсэн бараатай холбож байгаа нь үндэслэлгүй. Учир нь, хариуцагчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу тухайн үед ажиллаж байсан цахилгаанчдыг гэрчээр асуухад “угсрах үед юм уу, эсхүл дараа нь асаахад бүх тэжээлийн блок ажиллаж байсан” гэдэг. Үүнээс гадна цахилгаанчид нь “ашигласан тэжээлийн блокоос болоод гэмтэх боломжтой юу” гэж асуухад “энэ тал дээр шууд дүгнэлт гаргах боломжгүй, мэдэхгүй” гэдэг хариултыг өгсөн. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг үнэхээр 68 000 000 төгрөгийн хохирол учраад ,ажлын үр дүнд авсан хөлсөөр бүхэлд нь хохирлоо барагдуулсан бол тухайн үедээ шаардах боломж байсан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт зааснаар хариуцагчийн зүгээс манайхаас нийлүүлсэн барааг өмчлөлдөө шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор шаардлагаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан.

Утсаар ярьсан гэх тайлбар өгсөн боловч хэнтэй, ямар дугаараар холбогдож шаардлага гаргасан бэ гэхээр мэддэггүй, энэ талаар тайлбар, нотлох баримтгүй учраас хариуцагч удаа дараа солихыг шаардаж байсан гэдэг тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн, захиалгын гэрээ гэж ярьдаг. 2017 оноос хойш нэхэмжлэл гаргаад өдийг болтол 2 жилийн хугацаанд маргаж байхад хариуцагчийн зүгээс гэрээ байсан гэдэгт маргаагүй, зөвхөн бараа худалдах бичгээр явж байсан гэдэгт маргаагүй.

Талуудын хооронд захиалгын гэрээ байгуулагдаагүй, нэгэнт байгуулагдаагүй гэрээ тул нэхэмжлэгч талд байхгүй юм. Барааны чанар шаардлага хангахгүй байгаа талаар нотолсон баримт байхгүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан. Б.Ц-ын гэрчийн мэдүүлгээс үзэхэд БНХАУ-ын Эрээн хотод дээрх худалдаж авч байгаа барааны тоо хэмжээ, чанарыг шалгах гэж очсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл хариуцагч шалгаагүй гэж байгаа нь өөрсдийнх нь буруутай асуудал учраас шаардлага гаргах эрхээ алдсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс тоо, хэмжээ, чанарын хувьд доголдолтой бараа өгсөн зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г-” ХХК-иас 46 780 163 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ӨМӨЗО-ны “Ш-” цахилгаан эрчим хүч, шинжлэх ухаан ХХК /INNER MONGOLIA SHING HUI YING LI POWER TECHNOLOGY Co.LTD/-д олгож, хариуцагч “Г-” ХХК-ийн, нэхэмжлэгчээс 68 612 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391 860 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 000 төгрөгөөс 501 013 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 987 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 391 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэртээ Б.Ц-д олгосон итгэмжлэлийг “БНХАУ-аас замын гэрэлтүүлэг, гүйдлийн трансформатор, кабель зэрэг эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материалыг худалдаж авах, төлбөр тооцоог хийх, бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах, эд зүйлсийг хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт хийх бүрэн эрхийг олгосон байна” гэж шүүхээс дүгнэсэн.

Мөн “Б.Ц- нь Өрийн бичгийн баталгаанд гарын үсэг зурсан нь хариуцагч байгууллагаас олгосон бүрэн эрхийн хүрээнд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 62.4 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлсэн, тэрээр нэхэмжлэгчээс хүлээлгэн өгсөн, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0010290, 0010291, 0010294 дугаартай нэхэмжлэгч байгууллагын тамга тэмдэг бүхий 3 ширхэг “Бараа худалдах бичиг”-т заасан барааг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.3 дах хэсэгт зааснаар хүлээн авсан гэж үзнэ. Иймд дээрх “Өрийн бичгийн баталгаа”-нд бичигдсэн гарын үсэг Б.Ц-ынх мөн боловч хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж үлдээсэн гэх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй, “Өрийн бичгийн баталгаа”, 0010290, 0010291, 0010294 дугаартай “Бараа худалдах бичиг” зэрэг баримтуудыг няцааж үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн захиалсан барааг тоо хэмжээний хувьд дутуу хүлээлгэн өгсөн гэсэн тайлбар үндэслэлгүй болно” гэсэн нь өрөөсгөл дүгнэлт болохыг дараах үндэслэлүүд харуулж байна.

Гэрч Б.Ц- 001290 дугаартай баримтад гарын үсэг зурснаас өөр баримтад гарын үсэг зураагүй, хятад хэлний мэдлэггүй талаар мэдүүлдэг. Хятад хэл дээр бичигдсэн 001290 дугаар бүхий баримтын орчуулга дахь бараа нь худалдан авсан бараанаас зөрүүтэй байснаа тайлбарладаг. Гэтэл шүүх хэн нэгний гараар бичсэн баримтыг бусдаас авах авлага мэтээр тооцсон ба орчуулгад хүргүүлсэн баримт дахь бичиглэл зөвхөн нэг талын хүсэл зориг илэрхийлэгдсэн, гарын үсэг зурсан гээд байгаа хүн нь ямар утга бүхий үг өгүүлбэртэй падаанд гарын үсэг зурснаа мэдэхгүй байтал дээрх дүгнэлтийг гаргаж буй нь учир дутагдалтай байна.

Баянгол дүүргийн нотариатч Ц.М-ийн баталгаажуулсан “Г-” ХХК-ийн захирал Д.М-аас Б.Ц-д олгосон итгэмжлэлд үнийн баталгаа гаргах эрх байхгүй, ийм үйлдэл бүхий итгэмжлэл олгоогүй. Б.Ц- нь компанийг төлөөлөх бүрэн эрхтэй төлөөлөгч бус итгэмжлэлийн хүрээнд тодорхой үйлдлийг хийх эрх олгогдсон этгээд байсан. Уг итгэмжлэлээр олгосон эрхийг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дах хэсэгт зааснаар олгохдоо Замын-Үүдийн гааль дээрээс “Г-” ХХК-ийн нэр дээр ирж байгаа бараа материал хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт хийх, бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах” эрхийг л зөвхөн олгосон. Барааны төлбөр тооцоо нийлэх, өр барагдуулах талаар ямар нэгэн итгэмжлэл олгоогүй тул төлөөлүүлэгчийн хүсэл зориг илэрхийлэгдэхгүй юм. Эдгээр нөхцөл байдал нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7, 50 дугаар зүйлд заасныг хангахгүй байна.

Үндсэн нэхэмжлэлд гэрчийн мэдүүлгийг үнэлсэн атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч тал нь эд хөрөнгийн доголдлын талаар мэдэгдэж удаа дараа солиулахаар шаардаж байсан, шатсан тоног төхөөрөмжүүдийг шуудай болон хайрцагт хийгээд нэхэмжлэгч компанийн захиралд өгсөн, сольж өгөхөөр тохиролцож байсан гэж тайлбарлах боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж гэрч Г.Э, Б.Т, Б.Ц- нарын мэдүүлгийг огт үнэлээгүй нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч байгууллагаас чанарын шаардлага хангаагүй, доголдол бүхий бараа шилжүүлсний дараа хариуцагч тал тэдэнд энэ тухай мэдэгдэхэд “Үлдэгдэл мөнгө шилжүүлвэл, "Б-” ХХК-тай зээлийн гэрээ байгуулчихвал доголдолтой барааг солих тухай” яригдаж байсан тул худалдан авагч тал тухайн үед 100 000 юань шилжүүлсэн, улмаар “Б-” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж энэ маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч талаас өөрсдийн тамга тэмдгийг ашиглан бараа худалдан авсан мэтээр зохион бичсэн падааныг шүүхээс хөдлөшгүй баримт мэтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй юм.

Мөн 2 талаас тооцоо нийлсэн, баталгаажуулсан зүйл огт байхгүй, гааль дээрээс бараа хүлээн авах эрх олгогдсон Б.Ц-аар хоосон цаасанд гарын үсэг зуруулж авч үлдсэн хэмээгдсээр байтал төлбөрийг 23 330 юаниар тодорхойлон 2013 оны 5 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахаар тохиролцон баталгаа гаргасан, 558 815 юанийн үнэ бүхий эрчим хүчний тоног төхөөрөмж, эд зүйлсийг 2013 оны 5 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд худалдан авагч буюу хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн байна.

Биет байдлын доголдолтой, тоо хэмжээ дутуу зүйл шилжүүлээд түүнээс шалтгаалсан зардал гарсан тухайгаа хэлсний дараа нэхэмжлэл гаргасан. Худалдагч бараа, материалыг шилжүүлэх үедээ түүний доголдлыг мэдэж байсан, тодорхой эд ангиуд солихоор ирүүлсэн байсан, ямар нэгэн доголдолтой бараа худалдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх тохиролцоо байгаагүй зэрэг нь нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүйг харуулж байна.

Нэхэмжлэгч байгууллага, хариуцагч нарын хэлний болон улс хоорондын зөрүүтэй байдлаас шалтгаалан гомдлын шаардлагаа удаа дараа утсаар тавьж байсны дүнд тухайн компаний захирал Монгол улсад ирж доголдол бүхий бараа, материалаа аваад явсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч доголдол бүхий барааг засаад өгье гэж ярьсан нь хэргийн материалд авагдсан байдаг. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдааны явцад хүлээн авсан барааг, орчуулагдсан баримтын дүнтэй тулгаж тооцоход 520 306 юанийн бараа хүлээн авч гаалиар бүрдүүлэлт хийн оруулж ирсэн, өөр ямар нэгэн өр төлбөр, өглөг авлагагүй талаар дурдсаар байтал өмнөх оны үлдэгдэл гэсэн 68 330 юанийг төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргалаа. “Г-” ХХК нэхэмжлэгч байгууллагад өмнө оны өр төлбөргүй учир энэ мөнгөн дүнг төлөх боломжгүй юм. Нэхэмжлэгч талаас нэхэмжилж буй дүнгээ 555 000 юань болгож бууруулсан гэх атлаа өмнөх оны үлдэгдэл 68 330 юань гэх тоог нэмэгдүүлж нэхэмжилсэн нь тухайн бараа худалдан авсан бичгийн баримтуудыг зохиомол болохыг харуулж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 68 612 600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Ө-” ХХК нь хариуцагч “Г-” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт  133 330 юань буюу 46 780 163.08 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийг биет байдлын доголдолтой бараа, бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас учирсан хохирол, зардалд нийт 68 612 600 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд харилцан маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0010290, 0010291, 0010294 дугаартай “Бараа худалдах бичиг” /2хх136-138,141-143/ зохигчдын тайлбараас үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байдаг.

 

Хариуцагч “Г-” ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч компаниас нийт 558 815 юанийн үнэ бүхий эрчим хүчний тоног төхөөрөмж, эд зүйлсийг 555 000 юаниар худалдан авах болж, өмнөх оны өр 68 330 юанийг нэмж, нийт худалдан авсан барааны үнийг 623 330 юаниар тооцож, урьдчилгаанд 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 390 000 юанийг төлсөн. 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 233 330 юанийн үлдэгдэлтэй байгаа, үүнийг 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлж барагдуулах талаар худалдан авагчийг төлөөлж барааг хүлээн авах эрх бүхий итгэмжлэлтэй Б.Ц- “Өрийн бичгийн баталгаа” гэх баримтыг үйлдсэн байна. /1хх 4-5, 2хх 138,143/

 

Дээрх байдлаар хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөрөө баталгаажуулснаас хойш 2014 оны 11 дүгээр сард 100 000 юань төлж, гэрээний үүрэгт нийт 490 000 юань төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, талууд энэхүү үнийн дүнгийн талаар маргаагүй.

 

Хариуцагч “Г-” ХХК барааг хүлээн авсан гэж үзэх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дах хэсэгт заасантай нийцэх тул нэхэмжлэгч худалдсан барааны үнийн үлдэгдэл 133 330 юанийг гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч тал давж заалдах гомдлын үндэслэлээ, 0010290, 0010291, 0010294 дугаартай “Бараа худалдах бичиг” зохиомол, уг баримт болон “Өрийн бичгийн баталгаа” зэрэгт хариуцагчийг төлөөлж гарын үсэг зурсан гэх Б.Ц- 0010290 дугаараас өөр баримтад гарын үсэг зураагүй гэж гэрчийн хувиар мэдүүлснийг шүүх анхаараагүй, Хятад хэлний мэдлэггүй тул уг баримтад гарын үсэг зурах боломжгүй, олгогдсон итгэмжлэлд үнийн баталгаа гаргах эрхгүй, гэрчүүдийн мэдүүлгийг үндсэн нэхэмжлэлд хамааруулан үнэлсэн атлаа сөрөг нэхэмжлэлд үнэлээгүй нь ойлгомжгүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн талаар гомдлын шаардлага удаа дараа утсаар гаргасан учир нэхэмжлэгч доголдолтой бараагаа авсан, өмгөөлөгчийнх нь доголдолтой барааг засаад өгье гэсэн тайлбар хэрэгт байгаа тул сөрөг нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй, нэхэмжлэгчид өмнөх оны өр төлбөр байхгүй учир 68 330 юанийг төлөхгүй гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчаас Б.Ц-д “Замын үүдийн гааль дээрээс “Г-” ХХК-ийн нэр дээр ирж байгаа бараа материалыг хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт хийх, бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах эрхийг 1 жилийн хугацаагаар олгосон” итгэмжлэл /1хх42/ авагджээ. Хариуцагчийн эс зөвшөөрдөг “Өрийн бичгийн баталгаа” мөн өдөр үйлдэгдсэн байх тул Б.Ц- нь хариуцагчаас олгосон “бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах эрх”-ийг хэрэгжүүлж, уг итгэмжлэлээр эрх олгогдсон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүргээ биелүүлсэн байгааг шүүх зөв дүгнэсэн. Иймд Б.Ц-ын төлөөлөх эрх болон дээрх өрийн бичгийн баталгааны талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Б.Ц- нь хариуцагч байгууллагын ажилтан эсэхэд талууд маргаагүй бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Бараа худалдах бичиг”-т гарын үсэг зурсан. Энэхүү баримтын орчуулгын талаар зохигч маргасан тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШЗ2019/01874 дугаар захирамжаар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг шинжээчээр томилсон байна. /2хх128-131/ Шинжээч нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1в/408 тоот дүгнэлт /2хх133-143/ ирүүлсэн, уг дүгнэлтийг эргэлзээтэй, буруу ташаа болсон гэх үндэслэл тогтоогдохгүйн гадна дээрх баримтыг “зохиомол” гэх тайлбараа хариуцагч тал нотлоогүй болно.

Хэргийн баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тохирсон барааг хариуцагч талд хүлээлгэн өгсөн, хариуцагч нь барааг хүлээн авсан атал төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул түүнээс гүйцэтгээгүй төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан бараа, бүтээгдэхүүн доголдолтой байсан талаар тайлбарлаж, учирсан хохирол, зардлаа сөрөг нэхэмжлэлээр шаардах боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргасан байх учиртай. Хуулийн дээрх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал хариуцагч 2013 оны 5 дугаар сард бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авсанд маргаагүй бөгөөд энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч талд амаар гомдлын шаардлага гаргасан гэх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр хариуцагчийг эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэхээр нэхэмжлэгчээс шаардах эрхгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г-” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 892 861 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                          Т.ТУЯА