Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 887

 

                  

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн голын аймаг, Эрээн хот, Тие дао донг, ча ма гудамжны 1888 тоотод байрлах “ӨМӨЗО-ны Ш Х И Л Ц Э Х, Ш У” ХХК (INNER MONGOLIA SHING HUI YING LI POWER TECHNOLOGY Co.LTD) /911525016928758352/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу-15, “Ренталон” компанийн байр, 210 тоотод байрлах “Г Ц” ХХК /регистрийн дугаар 5137829/-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46 780 163.08 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  хариуцагчийн, нэхэмжлэгчээс доголдолтой эд хөрөнгийн улмаас учирсан хохирол зардалд 68 612 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг   хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Золзаяа, өмгөөлөгч М.Мөнхжаргал, хариуцагчийн төлөөлөгч Э.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.                  

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ӨМӨЗО-ны Ш Х И Л Ц Э Х, Ш У” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай компани нь ӨМӨЗО-нд байрлалтай, кабель трансформатр зэрэг эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн худалдаалдаг байгууллага юм.

Хариуцагч “Г Ц” ХХК нь 2012, 2013 онуудад манай компаниас нийт 623 330 юанийн үнэ бүхий гэрэлтүүлэг, эрчим хүчний тоног төхөөрөмжийг зээлээр худалдаж авсан. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаж байсан зүйл байхгүй, харин худалдан авалт хийх болгондоо бараа худалдсан бичиг гэх баримтыг үйлдээд барааг нийлүүлж байсан. Нийт худалдан авсан барааны үнийн дүнгээс хариуцагч  нийт 390 000 юанийг 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлж дуусгасан. Тэгээд мөн өдөр талууд тооцоо нийлэх үед 233 330 юань төлөгдөөгүй үлдсэн байсан бөгөөд хариуцагч байгууллагыг төлөөлж байсан Б.Цэдэнбал уг мөнгийг 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлнө гэж бичгээр баталгаа гаргасан байдаг.

Б.Цэдэнбалын төлөөлөх эрхийн тухайд 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Г Ц” ХХК-иас бичгээр итгэмжлэл авсан байдаг. Итгэмжлэлд заасан бүрэн эрхийн тухайд нэхэмжлэгч компанитай харилцах, худалдагчаас бараа материалыг хүлээн авах, шаардлагатай холбогдох баримт материалуудад гарын үсэг зурах, баримт материалыг хариуцан Монгол улсад оруулж ирнэ гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлсэн хүн юм.  

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100 000 юанийг төлсөн бөгөөд нийтдээ 490 000 юанийг төлөгдсөн гэдгийг бид зөвшөөрч байгаа. Үүнээс хойш 133 330 юанийн төлбөр төлөгдөөгүй учраас 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр талууд энэхүү үлдэгдлээ баталгаажуулаад зээлийн гэрээ хийе гээд зээлийн гэрээ байгуулсан. Ингэхдээ манай компани өөрсдөө байгуулаагүй Монголд байнга ирж очих боломж байгаагүй тул тус компанийн зээлийн гэрээний үүргээ шаардах эрхээ Монгол улсад байрлах “Биг вайт” ХХК руу шилжүүлж, тус компани 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний төлбөрийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солигдсон гэж үзэх боломжгүй тул худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг шаардах нь зүйтэй гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийм учраас талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч  зохих ёсоор биелүүлж, тохиролцсон тоо хэмжээ, чанар бүхий бараа бүтээгдэхүүнийг бүгдийг нь нийлүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан бараа худалдсан бичиг болох хэргийн материалын 8, 9, 10 дахь талд авагдсан баримтаар нотлогдоно. Мөн тус компанийн ерөнхий инженер С.Ганболд  гэрчийн мэдүүлэг өгсөн. Барааг Монгол улсад ирсний дараа өөрөө шалгаж авсан гэдгээ хэлсэн. Ингэхэд ямар нэг байдлаар дутсан, эсхүл тоо хэмжээ зөрсөн гэх зүйл байгаагүй гэсэн. Ийм учраас хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Цэдэнбал нь нийт 623 330 юанийн үнэ бүхий бараанаас  233 330 юань дутуу байна, төлнө гээд 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өрийн бичгийг үйлдэж өгсөн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар гэрээний үүргийг шаардаж байгаа. Манай компани нь 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр компанийн эрхлэх үйл ажиллагааны чиглэл, оноосон нэрээ өөрчилсөн байдаг. Үүнийг нотлохоор Эрээн хотын бүртгэлийн газраас лавлагааг авч хэрэгт өгсөн. Түүнчлэн хариуцагчийн зүгээс бараа худалдах авах бичгийн орчуулга дээр маргасан тул шүүхээс хөндлөнгийн этгээдийг шинжээчээр томилоод нотлох баримтуудыг орчуулсан тул орчуулгын тал дээр маргаангүй. Бид  худалдсан барааны үлдэгдэл төлбөр болох 133 330 юань буюу нэхэмжлэл гаргасан 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцвол нэг юань нь 350,86 төгрөг бөгөөд үүгээр үржүүлбэл нийт 46 780 163 төгрөг болж байгаа бөгөөд тус мөнгийг нэхэмжилж байна. Нийт бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад тээвэрлэж орж ирсэн автомашины жолооч Н.Бэхболатын өгсөн гэрчийн мэдүүлгээр Б.Цэдэнбал 05 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд ачилт хийгээд 05 дугаар сарын 07-ны өдөр барааг хүлээж аваад нэхэмжлэгч компанитай тооцоо хийгээд өрийн бичгийн баталгааг  үйлдсэн. Үнэхээр хариуцагчийн ярьж байгаа шиг бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ дутуу, нэхэмжилж байгаа үнийн дүнгээс доогуур үнийн дүн бүхий бараа худалдаж авсан гэж маргаж байгаа бол тухайн үедээ тооцоо нийлэх үедээ нэхэмжлэгч компанид мэдэгдэх ёстой. Тэгвэл үлдэгдэл 233 300 юанийн төлбөр дутуу байгааг хүлээн зөвшөөрөөд Монголд очсоны дараа буюу 05 дугаар сарын 15-ны өдөр  төлнө гэсэн өрийн бичгийн баталгааг хийхгүй байх байсан. Дан ганц гаалийн мэдүүлгийн баримтыг хараад зарим бараа дутуу байсан гэж дүгнэх боломжгүй. Гаалийн үнийг яаж тодорхойлж, гаалийн бүрдүүлбэр хийснийг энэ баримтаар нотлох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч “Г Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Э.Болорчимэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Г Ц” ХХК нь цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, барилгын цахилгаан монтаж, барилга угсралтын ажил зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Ялгуусан” ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гадна гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад зүүн дөрвөн замаас троллейбусны эцсийн буудал Амгалан хүртэл 4,5 км авто замын гэрэлтүүлгийг ажлыг гүйцэтгэхээр болж, шаардлагатай гэрэлтүүлэг, кабель зэрэг бараа материалыг худалдан авахаар нэхэмжлэгч байгууллагад захиалга өгч,  захиалгын гэрээ байгуулсан.

Компанийн төлөөлөгчийг очиход нэхэмжлэгч компанид бэлэн бүтээгдэхүүн байхгүй, тухайн бүтээгдэхүүнийг худалддаг компанид нэхэмжлэгч өөрөө цаашаа захиалга өгсөн байдаг. Ингээд 20-25 хоногийн дараа Эрээн хотод захиалсан бараа ирлээ гэсний дагуу манай байгууллагаас 2013 оны 05 дугаар сард Б.Цэдэнбалд уг барааг Замын-Үүдийн гааль дээр хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт хийх, компанийг төлөөлөн бичиг баримтад гарын үсэг зурах гэсэн зөвхөн гааль дээр бараа хүлээн авах эрхтэй холбоотой итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон байдаг.

Барааг хүлээн авахад захиалсан тоо хэмжээнээс дутуу байсан гэдэг. Тус компани нь  гэрээний дагуу нэхэмжлэгчээс ирүүлсэн бараа бүтээгдэхүүнийг ашиглаж гадна гэрэлтүүлгийн ажлаа гүйцэтгэсэн боловч уг бараа нь шаардлага хангахгүй, 600  орчим тэжээлийн блок нь шатаж гэмтэн ажилд хүндрэл учирсан. Худалдагч компанид энэ тухай мэдэгдэж гэрэлтүүлэг болон чанарын шаардлага хангахгүй бараа материалыг сольж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч сольж өгөөгүй. Тухайн гэрээт  ажил нь хугацаатай байсан учраас хариуцагч нь “Төгс гэрэлтүүлэг” ХХК-иас дахин бараа бүтээгдэхүүн шинээр худалдан авч тухайн ажлыг доголдлыг арилгасан. Нийт 27 000 000 төгрөгийн барааг худалдан авч уг ажлыг хийж гүйцэтгэж дуусгасан.

Энэ ажлыг дахин гүйцэтгэхэд буюу шатсан эд анги солих, хүн хүч ажиллуулсан зардал нь 41 612 600 төгрөг болсон. Ингээд энэ ажлыг хийж дуусгаад 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын комиссын актаар захиалагчид  хүлээлгэж өгсөн байдаг. Үүнээс хойш 2015 онд “Биг вайт” гэдэг компани нь “Шэнг хүй инг ли” ХХК-ийн өмнөөс мөнгө нэхэж эхэлсэн. Хоорондоо ярилцаж, учир байдлыг хэлж, доголдолтой байсан бараа бүтээгдэхүүний талаар ярилцахад зээлийн гэрээ байгуулах юм бол сольж өгнө гэсэн шаардлагын дагуу 100 000 юанийг зээлсэн мэт гэрээ байгуулсан. Энэ тухай хэлэлцэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Нэхэмжлэгч байгууллагын тухайд үлдэгдэл тоног төхөөрөмж барааг өгөөгүй, доголдолтой барааг сольж өгөөгүй. Доголдолтой гэдэг нь 600 орчим тэжээлийн блок шатсанаас тодорхой харагдана. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ тохиролцсоны дагуу зохих ёсоор хугацаандаа шударгаар гүйцэтгээгүй. Хоёр талд захиалгын гэрээ байгуулагдсан гэдэг боловч нэхэмжлэгч тал гэрээг хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд хариуцагч талын гэрээ хариуцагчийн ажлын байр нүүх үед алга болсон гэдэг.

Гэрээг байгуулагдсаны дагуу барааг тоо ёсоор нь хүлээж авсан байдаг. Түүнээсээ дутуу ирсэн гэдэг тайлбарыг хэлдэг. Бүх барааг биет байдлын доголдолтой байсан гэж хэлэхгүй ямар ч байсан биет байдлыг доголдолтой бараа ирүүлсэн байсан. Ингээд тухайн хүлээж авсан бараанаас “Г Ц” ХХК-д их хэмжээний хохирол учирсан. Иймд “Шэнг хүй инг ли” ХХК нь дахин авлагатай мэтээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн  мөнгөн дүнгийн хувьд хоёр талаасаа нарийвчлан тооцоо нийлж суугаагүй, захиалсан нь тодорхой биш, өгсөн, авсан мөнгөн дүн дээр гарын үсэг зураагүй, бараа өгсөн, авсан гэдэг дээр гарын үсэг зураагүй болохоор маргаантай байгаа. Бараа худалдах бичиг гээд 290, 291, 294 дугаартай баримтуудаас “Г Ц” ХХК нь  зарим бараа бүтээгдэхүүн байхгүй, хүлээж аваагүй бараа их байсан. Гаалийн мэдүүлэгт байгаа  9 төрлийн барааг авсан гэдээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаар тооцоог хийгээд дууссан,  мөн доголдолтой барааны зарим тооцоог суутгасан гэж үзээд одоо ямар нэгэн тооцоо төлбөр байхгүй гэж тайлбарладаг. Бараа худалдах авах бичигт байгаа хүрзний толгой, хүрзний иш, зээтүү, тоосны хамгаалалттай шил, шит, цаасны хутга гэх мэт зүйлийг “Шинг хүй инг ли” ХХК худалддаггүй, эдгээрийн өөр газраас “Г Ц” ХХК худалдаж авдаг байсан. Гаалийн мэдүүлэгт байгаа бараанууд нь  нийт 520 000 орчим юань байдаг. Мөн огт аваагүй, шаардлагагүй бараа ч бараа худалдах авах бичигт бичигдсэн байдаг.  Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “Г Ц” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь доголдолтой бараа өгсөнтэй холбоотой түүн дээр үндэслэгдэнэ. Нийлүүлсэн бараануудаас 600 орчим тэжээлийн блок шатан ажилд хүндрэл учирсан, худалдагч компанид энэ тухай мэдэгдсэн, “Төгс гэрэлтүүлэг” ХХК-иас барааг дахин шинээр худалдан авч тухайн ажилдаа хэрэглэсэн, эдгээр бараа тоног төхөөрөмжийг угсрах ажлын хүн хүч, техник төхөөрөмжийн зардалд 41 612 600 төгрөгийн зардал гаргаж хохирсон. Нийтдээ 68 612 600 төгрөгийн хохирол “Г Ц” ХХК-д учирсан. Тус зардлыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжилж байна.   Ийм хохирол учирсан нь “Төгс гэрэлтүүлэг” ХХК-тай байгуулсан гэрээнүүд, бараа хүлээн авсан акт, зардлын баримтуудаар нотлогдсон. Нэхэмжлэгчийн нийлүүлсэн гэх  бараа бүтээгдэхүүний доголдлын талаар гэрчүүд тодорхой  мэдүүлж байсан. Тухайлбал гэрлүүд нь асдаггүй байсан, хятад улсаас авсан гэрэл нь хурдан шатаж, эхний ажлыг гүйцэтгээд дундаа орж байхад шатаж байсан талаар мэдүүлсэн. Мөн “Төгс гэрэлтүүлэг” ХХК-иас худалдаж авсан тэжээлийн блок, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэгч зэрэг нь “Шэнг хүй инг ли” ХХК-иас худалдаж авсан бараа бүтээгдэхүүнтэй адил байдаг. Тэгэхээр энэ нь өөрөө тухайн ирүүлсэн бараа нь доголдолтой байсан гэдгийг  тодорхой харуулж байгаа юм. Тухайн үед нэхэмжлэгч нь  өөрсдөө сольж өгнө гээд доголдолтой барааг авч явсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Иймд сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна, нэхэмжлэгчээс нийт 68 612 600 төгрөгийнг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагч компанийн зүгээс сөрөг нэхэмжлэлдээ 2 үндэслэлийг дурддаг бөгөөд эхнийх нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ дутуу, нөгөөх нь доголдолтой эд хөрөнгө байсан гэсэн.

Эхний үндэслэлийн тухайд, хариуцагчийн зүгээс хэзээнээс тоо хэмжээ доголдлын талаар ярьж эхэлсэн бэ гэхээр манай компанийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаад худалдсан барааны үлдэгдэл  төлбөрийг нэхэмжилсэний дараа доголдлын талаарх асуудлыг анх ярьж эхэлсэн. Иймд  энэ бол нэхэмжлэлд заасан төлбөрийг төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж байгаа. Учир нь өмнө нь энэ маргаан 3 шатны шүүхээр явсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх дээр шүүх бүрэлдэхүүн үнэхээр бараа бүтээгдэхүүн дутуу байсан юм бол яг ямар үнэтэй, ямар ямар бараа бүтээгдэхүүн дутуу байсан юм бэ гэдгийг байнга тодруулж байсан. Энэ талаар хариуцагчаас тодорхой хэлдэггүй, нотлох баримт байдаггүй, сүүлд нь хяналтын шатны шүүх хуралдаан дээр 520 000 төгрөгийн бараа дутуу гэж хэлсэн байдаг. Тэгвэл үүний задаргаа хаана байна вэ гэхээр бас тайлбар нотлох баримт байдаггүй.

Доголдлын тухайд гэвэл хариуцагчийн зүгээс нотлох баримт гээд “Ялгуусан” компанитай байгуулсан гэрээний дагуу хийсэн ажлын үр дүнд доголдол гарсан гээд үнэлгээний байгууллагын  дүгнэлт өгдөг боловч хариуцагч компанийн гуравдагч этгээдийн ажлыг хийж байхад гаргасан доголдол бүрийг манай компаниас нийлүүлсэн бараатай холбож байгаа нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч компанийн өөрийнх нь хүсэлтийн дагуу тухайн үед ажиллаж байсан цахилгаанчдыг гэрчээр асуусан. Тэгэхэд угсрах үед юм уу, эсхүл дараа нь асаахад бүх тэжээлийн блок ажиллаж байсан гэдэг хариултыг өгдөг. Үүнээс гадна цахилгаанчид нь ашигласан тэжээлийн блокоос болоод гэмтэх боломжтой юу гэж асуухад энэ тал дээр шууд дүгнэлт гаргах боломжгүй, мэдэхгүй гэдэг хариултыг өгсөн. Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг үнэхээр 68 сая төгрөгий хохирол учраад ажлын үр дүнд авсан хөлсөөр бүхэлд нь хохирлоо барагдуулсан бол тухайн үедээ шаардах боломж бүрэн байсан. Түүнчлэн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д зааснаар хариуцагчийн зүгээс манайхаас нийлүүлсэн барааг өмчлөлдөө шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор шаардлагаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан.

Утсаар ярьсан гэх тайлбар өгсөн боловч хэнтэй, ямар дугаараар ярьж, ямар шаардлага гаргасан бэ гэхээр мэддэггүй, энэ талаар тайлбар нотлох баримт байдаггүй. Тийм учраас хариуцагчийн зүгээс удаа дараа солихыг шаардаж байсан гэдэг тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн захиалгын гэрээ гэсэн зүйл ярьдаг. Гэтэл 2017 оноос хойш нэхэмжлэл гаргаад өдийг болтол 2 жилийн хугацаанд маргаж байхад хариуцагчийн зүгээс гэрээ байсан гэдэг дээр огт маргаж байгаагүй, зөвхөн бараа худалдах бичгээр явж байсан гэдэг дээр маргаангүй байдаг. Гэтэл одоо яриад байгаа захиалгын гэрээ байхгүй, нэгэнт байгуулагдаагүй гэрээ тул нэхэмжлэгч талд байхгүй юм. Барааны чнаар шаардлага хангахгүй байгаа талаар нотолсон баримт байхгүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй юм.

Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлйин 255.1.2.-т  аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан. Тэгэхээр Б.Цэдэнбалын гэрчийн мэдүүлгээс харахад ямар үүрэгтэй Эрээн хотод очсон бэ гэхээр ерөөсөө л энэ  худалдаж авч байгаа барааны тоо хэмжээ, чанарыг шалгах гэж очсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс ийнхүү шалгаагүй гэж байгаа нь өөрсдийнх нь буруутай асуудал учраас шаардлага гаргах эрхээ алдсан байна. Манай зүгээс тоо хэмжээ чанарын хувьд доголдолтой бараа өгсөн зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ӨМӨЗО-ны Ш Х И Л Ц Э Х, Ш У” ХХК нь хариуцагч “Г Ц” ХХК-д холбогдуулан худалдан авсан барааны үлдэгдэл үнэ 133 330 юань буюу 46 780 164 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч “Г Ц” ХХК нь үл зөвшөөрч, захиалсан барааг тоо хэмжээгээр нь нийлүүлээгүй, барааг зөвхөн 1 удаа ачиж ирсэн, гаалийн мэдүүлгээр нийтдээ 9 төрлийн барааг мэдүүлсэн, үүнээс тооцоход 520 000 юанийн бараа нийлүүлсэн гэж үзэхээр байдаг, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүйн улмаас манай компанид их хэмжээний хохирол учруулсан, 3 ширхэг бараа худалдан авах бичигт бидний захиалаагүй,  огт шаардлагагүй бараа бичигдсэн байдаг тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж, улмаар 600 тэжээлийн блок шатаж, гэрэлтүүлэг унтарч ажиллахгүй болсон бөгөөд дээрх чанарын шаардлага хангаагүй барааг биечлэн болон утсаар шаардлага хангасан бараагаар сольж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч сольж өгөөгүй учир бид “Төгс гэрэлтүүлэг” ХХК-иас нийт 27 000 000 төгрөгийн гэрэлтүүлэгч, тэжээлийн блок зэргийг худалдан авч суурилуулан бусдын өмнө хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн, мөн доголдолтой эд зүйлсийг солих, угсрахтай холбоотой гарсан зардалд 41 612 600 төгрөгийг зарцуулсан  гэж  нийт 68 612 600 төгрөгийг  нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

Нэхэмжлэгч “ӨМӨЗО-ны Ш Х И Л Ц Э Х, Ш У” ХХК-иас, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, “Г Ц” ХХК-ийн төлөөлөгч Б.Цэдэнбал нь уг бараануудыг шалгаж хүлээн авсан, барааг доголдолтой байсан талаар худалдагч талд өмнө нь мэдэгдэж байгаагүй бөгөөд нэхэмжлэл гаргасны дараа доголдолтой эд хөрөнгө байснаас 27 000 000 төгрөгөөр дахин худалдаж авсан, мөн “Ялгуусан” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуух ажлаа гүйцэтгэсний дараа манайхаас худалдаж авсан гэрэлтүүлэг, кабелийн утас бараа материал, тоног төхөөрөмж нь шатаж унтарсан, чанарын шаардлага хангаагүйн улмаас ажлын гүйцэтгэлд доголдол гарсан гэж үзэн  41 612 600 төгрөгийг тус тус нэхэмжилсэн нь үндэслэлгүй, ажлын гүйцэтгэлд гарсан доголдол нь тухайн бараа материалаас шалтгаалсан гэх баримт нотолгоогүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Үндсэн нэхэмжлэлийн талаар.

Нэхэмжлэгч компани нь 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө “Эрээн хот Шөн  Хуй цахилгааны тоног төхөөрөмжийн худалдааны компани” гэсэн оноосон нэртэй, хилийн бүсэд бага үнийн дүнтэй худалдаа болон төлөөлөх, энгийн худалдаа, экспорт, импорт болон цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн борлуулалт, холбоо дохиолол, цахилгаан утас, барилгын материал борлуулах үйл ажиллагааны чигэлэлээр үйл ажиллагаа явуулж байсан  ба түүнээс хойш дээрх үйл ажиллагаанаас гадна өндөр хүчдэлийн трансформаторын төхөөрөмж угсрах үйл ажиллагааг эрхлэхээр, оноосон нэрийг “ӨМӨЗО-ны Ш Х И Л Ц Э Х, Ш У” ХХК (INNER MONGOLIA SHING HUI YING LI POWER TECHNOLOGY Co.LTD) /911525016928758352/  болгон өөрчилсөн болох нь 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн болон 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Байгууллагад орсон өөрчлөлтийн архив дахь материал” гэсэн гадаад хэл дээрх баримт, түүний орчуулга, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл  зэрэг баримтуудаар нотлогдсон байх тул тэрээр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Хэргийн баримтуудаас үзэхэд, зохигчид урьд нь 2012-2013 онуудад бараа захиалах, нийлүүлэх харилцаатай байсан бөгөөд тэрээр хариуцагч “Г Ц” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 25-нд  нэхэмжлэгч компаниас замын гэрэлтүүлэг, гүйдлийн трансформатор, кабель зэрэг нийт  558 815 юанийн үнэ бүхий эрчим хүчний тоног төхөөрөмж, эд зүйлсийг худалдан авч, уг барааны урьдчилгаанд 2013 оны 03 дугаар сарын 13-нд 230 000 юань, 2013 оны 03 дугаар сарын 25-нд 30 000 юань, 2013 оны 05 дугаар сарын 03-нд 130 000 юань, бүгд 390 000 юанийг төлсөн байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0010294 дугаартай “Бараа худалдах бичиг” түүний орчуулгаас үзэхэд талууд дээрх барааны үнэ  558 815 юанаас бодитоор төлөх дүнг 555 000 юанаар тооцон, түүн дээр өмнөх оны өр гэж  68 330 юанийг нэмж, нийт худалдан авсан барааны үнийг 623 330 юанаар тооцон, түүнээс төлсөн  390 000 юанийг хасч, хариуцагчийн төлөх өр буюу үлдэгдэл барааны үнийг 233 330 юанаар тодорхойлон, улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэнбалаас уг төлбөрийг 2013 оны 05 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахаар тохиролцон баталгаа гаргажээ.

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д  заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу худалдагч тал буюу нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох замын гэрэлтүүлэг, гүйдлийн трансформатор, кабель зэрэг нийт  558 815 юанийн үнэ бүхий эрчим хүчний тоног төхөөрөмж, эд зүйлсийг 2013 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд худалдан авагч буюу хариуцагчид хүлээлгэн өгсөн байна.

Дээрх үйл баримтууд нь 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0010290, 0010291, 0010294 дугаартай нэхэмжлэгч байгууллагын тамга тэмдэг бүхий 3 ширхэг “Бараа худалдах бичиг” /эх хувиар/, түүнийг шүүхээс томилсон шинжээч “Хүмүүнлэгийн ухааны их сургууль” БСБ-ын орчуулсан 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1в/408 тоот шинжээчийн дүгнэлт,  2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн  “Өрийн бичгийн баталгаа”,  гэрч Б.Цэдэнбал, С.Ганболд, Н.Бэхболат нарын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

Мөн хариуцагч байгууллагаас 2014 оны 11 дүгээр сард, дээрх худалдан авсан барааны үнийн үлдэгдэл 233 330 юанаас 100 000 юанийг төлсөн болох нь “ХААН  банк” ХХК дахь иргэн Ц.Эрдэнэбат, Д.Батсүх нарын эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Ц.Эрдэнэбатын мэдүүлэг, нэхэмжлэгч компанийн  2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 033428 тоот  төлбөр хүлээн авсан баримт /эх хувь/, тэмдэглэлийн дэвтрийн хуудас /эх хувь/ тэдгээрийг  шинжээчээс орчуулсан орчуулгууд зэргээр нотлогдсон бөгөөд зохигчид гэрээний дагуу худалдан авагчаас барааны үнэд нийт 490 000 юанийг төлсөн талаар маргаагүй байна.

Хариуцагч тал нь 2013 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн 0770219 тоот үндсэн маягт, 0377263 тоот нэмэлт маягтад дурдсан 9 төрлийн барааг хүлээн авсан, анх тохирсон тоо хэмжээний барааг хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчид  хичнээн нэр төрлийн ямар бараа захиалсан талаар баримт гаргаагүй бөгөөд дээрх гаалийн мэдүүлгийг үндэслэн захиалсан барааг дутуу хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй юм.

Хэрэгт авагдсан хариуцагч “Г Ц” ХХК-иас  ажилтан Б.Цэдэнбалд “Замын үүдийн гааль дээрээс “Г Ц” ХХК-ийн нэр дээр ирж байгаа бараа материалыг хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт хийх, бичиг баримтад төлөөлөн гарын үсэг зурах” эрхийг олгосон тухай 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл,  Б.Цэдэнбалын Е-0436974 дугаартай гадаад паспортын 11, 30 дугаар хуудсанд  2013 оны 03 дугаар сарын 24-нөөс 26-ны хооронд, 2013 оны 05 дугаар сарын 04-нөөс 11-ний хооронд тус тус Монгол улсаас БНХАУ руу явж, ирсэн тухай бүртгэгдсэн байдал, гэрч Б.Цэдэнбал, С.Ганболд, Н.Бэхболат нарын  мэдүүлэг зэргийг харьцуулан үзэхэд хариуцагч байгууллага нь Б.Цэдэнбалд  БНХАУ-аас замын гэрэлтүүлэг, гүйдлийн трансформатор, кабель зэрэг эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материалыг худалдаж авах, төлбөр тооцоог хийх, бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах,  эд зүйлсийг хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт хийх бүрэн эрхийг олгосон байна. 

Өөрөөр хэлбэл, 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б.Цэдэнбалын гарын үсэг бүхий  “Г Ц ХХК нь Эрээн хотын Ш Х И Л Ц Э Х, Ш У ХХК-иас бараа материал худалдан авсан, нийт үнийн дүн нь 623 330 юань болсон бөгөөд 390 000 юань төлж барагдуулсан ба, үлдэгдэл 233 330 юанийг 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлж барагдуулна. Өрийн бичиг бичсэн хүн Б.Цэдэнбал...” гэсэн “Өрийн бичгийн баталгаа”-нд  Б.Цэдэнбал гарын үсэг зурсан нь хариуцагч байгууллагаас олгосон бүрэн эрхийн хүрээнд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3., 62.4.-д заасан заасан үүргээ хэрэгжүүлсэн, тэрээр нэхэмжлэгчээс хүлээлгэн өгсөн, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0010290, 0010291, 0010294 дугаартай нэхэмжлэгч байгууллагын тамга тэмдэг бүхий 3 ширхэг “Бараа худалдах бичиг”-т заасан барааг  Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар хүлээн авсан гэж үзнэ.

Иймд дээрх “Өрийн бичгийн баталгаа”-нд  бичигдсэн гарын үсэг Б.Цэдэнбалынх мөн боловч хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж үлдээсэн гэх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй, “Өрийн бичгийн баталгаа”, 0010290, 0010291, 0010294 дугаартай “Бараа худалдах бичиг” зэрэг баримтуудыг  няцааж үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн захиалсан барааг тоо хэмжээний хувьд дутуу хүлээлгэн өгсөн гэсэн тайлбар үндэслэлгүй болно.

Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч тал нь худалдсан барааны үнийн үлдэгдэл 133 330 юанийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар.

Хариуцагч “Г Ц” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг татгалзсан нэг үндэслэл болох  худалдан авсан дээрх гэрэлтүүлэг, гүйдлийн трансформатор, кабель зэрэг эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материал нь чанарын шаардлага хангаагүй, биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэх үндэслэлийг сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээр тодорхойлон, доголдолтой бараа материалыг сольж дахин шинээр худалдан авсан үнэ 27 000 000 төгрөг, уг гэрэлтүүлэг, тэжээлийн блок зэрэг тоног төхөөрөмжийг дахин суурилуулах, угсрах зардалд 41 612 600 төгрөг зарцуулж хохирсон гэж үзэн нийт 68 612 600 төгрөгийг нэхэмжлэгч компаниас шаардсан.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ нотлон  “Төгс гэрэлтүүлэг” ХХК-тай, 2014, 2015, 2016 онуудад байгуулсан “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ”, бараа материал хүлээлцсэн акт,  нийт 28 665 600 төгрөгийн дүн бүхий “Г Ц” ХХК-ийн кассын зарлагын ордерүүд, “Төгс гэрэлтүүлэг” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтууд, “Ялгуусан” ХХК-тай байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10/22 тоот “Гадна гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх гэрээ”, 2013 оны 132 дугаар сарын 10-ны өдрийн 2013/446 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”,  хариуцагч компанийн захиалгаар 2013 оны 03 дугаар сараас 12 дугаар сар хүртэл Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл 4,5 км-т  гэрэлтүүлгийн шонгийн  засварын ажлын үнэлгээ нь 42 659 600 төгрөг болохыг  тодорхойлсон “Дамно” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17-225 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан” зэргийг нотлох баримтаар гарган, гэрч  Б.Цэдэнбал, С.Ганболд, Ө.Бямбасайхан, Г.Энхманлай, Б.Тулга нараар гэрчлүүлэн мэтгэлцжээ.

Талууд дээрх эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материалыг худалдах, худалдан авахдаа гэрээг бичгээр байгуулаагүй, эд хөрөнгийн чанарын талаар тодорхой тохиролцоогүй, бараа материалд доголдол гарсан үед талуудын хүлээх үүрэг хариуцлагыг гэрээгээр тохиролцоогүй байх бөгөөд  нэхэмжлэгчээс нийлүүлсэн бараа материалыг хариуцагч тал хүлээн авч ажил гүйцэтгэх гэрээний дагуу суурилуулж угсрах үед гэмтэл гараагүй, харин түүнээс хойш тэжээлийн блок шатаж гэмтэж байсан талаар  гэрч  С.Ганболд, Ө.Бямбасайхан, Г.Энхманлай, Б.Тулга нар мэдүүлсэн,  мөн тухайн эд хөрөнгийг худалдан авагч талыг төлөөлж гэрч Б.Цэдэнбал, С.Ганболд нар  анх шалган хүлээн авсан тухай мэдүүлсэн    байна.

Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1.-д “...худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд...гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж заасны дагуу дээрх гэмтсэн эд хөрөнгийн эрсдэл хариуцагч буюу худалдан авагчид шилжсэн гэж үзэхээр байна.

 Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар “ Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх...тухай шаардлага гаргах эрхтэй” бөгөөд хариуцагч тал нь  эд хөрөнгийн доголдлын талаар  мэдэгдэж, удаа дараа солиулахаар шаардаж байсан, шатсан тоног төхөөрөмжүүдийг шуудай болон хайрцагт хийгээд нэхэмжлэгч компанийн захиралд өгсөн, сольж өгөхөөр тохиролцож байсан гэж тайлбарлаж боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй,  мөн хуулийн  254.6.-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасны дагуу худалдан авсан эрчим хүчний тоног төхөөрөмжийн бараа материалыг 2013 оны 05 дугаар сарын 05-06-ны хооронд хүлээн авснаас  хойш,  түүний дараа 2013 оны 05 дугаар сарын 12-нд  тухайн эд хөрөнгийг хилийн гааль дээр хүлээн авснаас хойш хуульд заасан дээрх хугацааны дотор худалдагч тал буюу нэхэмжлэгч талд гомдлын шаардлагыг гаргаж байсан тухай нотлох баримтгүй байна.

Түүнчлэн  Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д заасны дагуу эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол худалдан авагч нь доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар заажээ.

Иймд хариуцагч “Г Ц” ХХК нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д заасан хугацааны дотор мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагыг худалдан авагч талд гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул  эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэхээр нэхэмжлэгчээс  шаардах эрхгүй гэж үзнэ.

 Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, хариуцагч “Г Ц” ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 133 330 юань буюу хэрэгт авагдсан нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшны лавлагаагаар тодорхойлсон 1 юанийн ханш болох 350.86 төгрөгөөр тооцон  нийт  46 780 163 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс худалдан авсан биет байдлын доголдолтой эд хөрөнгийг солиход гарсан зардалд нийт 68 612 600 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391 860 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 000  төгрөгөөс  501 013 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 987 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид, хариуцагчаас  391 860  төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгох  нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

  1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.4.-т зааснаар хариуцагч “Г Ц” ХХК-иас 46 780 163   төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ӨМӨЗО-ны Ш Х И Л Ц Э Х, Ш У” ХХК /INNER MONGOLIA SHING HUI YING LI POWER TECHNOLOGY Co.LTD/-д олгож, хариуцагч ”Г Ц” ХХК-ийн,  нэхэмжлэгчээс 68 612 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391 860 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  502 000 төгрөгөөс 501 013 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 987 төгрөгийг төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид, хариуцагчаас  391 860  төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

     

ДАРГАЛАГЧ                                        Ж.БАЙГАЛМАА