Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 0053

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.У, Н.С нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          Ц.М

Шүүгдэгч                                           М.У, Н.С

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          Ж.Д, Ж.М

Нарийн бичгийн дарга                 Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 520 дугаар захирамжтай М.У, Н.С нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурор Ц.М-н эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, М овогт М-ын У.

 

Монгол Улсын иргэн, О овогт Н-н С.

 

М.У нь        аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байх үедээ 2017 оны 06 дугаар сард          аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт байх цэргийн штабын өрөөнд Ц.Б-н гуйлтаар       аймгийн       сумын        дүгээр багийн нутаг дэвсгэрт “Х” ШТС-ын урд талд байрлах ахуйн зориулалтаар эзэмших      м.кв  талбай бүхий газрын гэрчилгээг Н.Сын нэр дээр гаргаж өгөхөөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр Ц.Б-р дамжуулан Н.Соос 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт,

 

Н.С нь дээрх газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авахаар       аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга М.Уд 2017 оны 06 дугаар сард       аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт байх        өрөөнд Ц.Б-р дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч М.У, Н.С нарт холбогдох эрүүгийн хэргийг       аймгийн Прокурорт буцааж, хэргийг прокурорт шилжүүлтэл шүүгдэгч М.У, Н.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,          энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, яллагдагч түүний өмгөөлөгч гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.М эсэргүүцэлдээ:

“ ... Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан шүүгдэгч М.У-г хахууль авсан талаар гэрчээр мэдүүлсэн М.Б, Н.С, Д.Б, Д.Г, Д.П, Д.Э нарын мэдүүлгийг ямар нотлох баримтаар үгүйсгэсэн талаар дүгнэлтэд огт дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх шаардлагыг хангаагүй.

Учир нь хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэхдээ яллах дүгнэлтэд авагдсан гэрчүүдийг мэдүүлгийг иш татаж эргэлзээтэй гэж дүгнэсэн нь авцалдаагүй, улмаар тухайн эргэлзээтэй хэмээн дүгнэсэн нөхцөл байдлыг мөрдөн шалгах ямар ажиллаагаагаар тогтоох талаар дурдаагүй зэргээс дүгнэхэд тухайн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Захирамжийн 2 дахь заалтын хүрээнд Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ “Прокурорын тогтоол” гэсэн баримт үйлдэж шүүгдэгч нарт гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэсэн байх бөгөөд энэ нь техникийн шинжтэй алдааны улмаас прокурорын яллах дүгнэлт нь прокурорын тогтоол гэсэн бланк дээр хэвлэгдсэн, үүнийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад залруулах бүрэн боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэрэгт заасан яллах дүгнэлтэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байх тул прокуророос М.У, Н.С нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн хэргийн нотлох баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруутай эсэхийг тогтоох нь зүйтэй хэмээн дүгнэж байна. Мөн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор А.О нь залруулга хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн ба шүүх хүсэлтийг хэлэлцэж ямар нэгэн шийдвэр гаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/520 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ:  “...Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Ц.М-н эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.С нь гэрчээр анх мэдүүлэхдээ тухайн үйл баримт болсон гэх цаг хугацааг 2017 оны 06 дугаар сард гэсэн /1 дүгээр хх 7/ байх боловч

2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дахин мэдүүлэхээ “... миний санаж байгаагаар 2017 оны 05 дугаар сарын дундуур санагдаж байна. Өмнөх мэдүүлэгт би 2017 оны 06 дугаар сард гэж андуурч ярьсан байх. Одоо эргээд сайн санахад 05 дугаар сарын дундуур байсан байна ” гэж /1 дүгээр хх 64/,

 

 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин мэдүүлэхдээ “Би урд өгсөн мэдүүлэг дээрээ 2017 оны 05 сар гэж хэлсэн байгаа байх. Тухайн үед цэрэг татлага явагдаад дуусч байсан гэхээр тэр хавьцаа л байсан байх гэж санаад байна” гэж /1 дүгээр хх 93/ тус тус мэдүүлжээ.

 

Мөн М.Б нь гэрчээр мэдүүлэхдээ “...би мөнгийг тоолж үзээгүй. Энэ мөнгийг би У-д газрын төлбөр хураамжны мөнгө юм шиг байна гэж хэлээд түүнд өөрийн албан өрөөнд дуудаж 2017 оны 09 дүгээр сарын эхээр өгсөн ... надаас мөнгө авсан даруйдаа германы цэргийн гутал авахаар 200.000 төгрөг өгсөн шиг санагдаж байна. Энэ 200.000 төгрөгийг С-н өгсөн мөнгөнөөс гаргаж өгсөн байх ...” гэж /1 дүгээр хх 77/,

 

гэрч Д.П “...2017 оны 05 сарын үед С намайг ахаа хоёулаа Цэргийн штаб руу цуг явчихаад ирье, би Б хурандаагаар газрынхаа асуудлыг зохицуулуулж байгаа гэхээр нь С-той цуг явсан ...” гэж /1 дүгээр хх 113/,

 

гэрч Д.М “... 2017 оны 05 сарын үед газрын асуудлаа шийдүүлэх гээд Б хурандаад 1.500.000 төгрөг өгсөн гэж хэлж байсан юм ...” гэж /1 дүгээр хх 156/ тус тус мэдүүлсэн байна.

 

Гэтэл  аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаартай тогтоол /Яллах дүгнэлт гэх/-д гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг 2017 оны 06 дугаар сард гэж дээрх оролцогчдын мэдүүлсэн цаг хугацаанаас зөрүүтэй тогтоосон нь үндэслэл муутай бөгөөд цаг хугацаа нь таамаглалд үндэслэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хэн үйлдсэн зэрэг нотлогдвол зохих байдлуудыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзлээ.

 

Түүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ... өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагчийг өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангах үүрэгтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.У нь өмгөөлөгч Д.Б-г өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлтийг гаргасан /3 дугаар хх 3/ байх ба мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор түүний хүсэлтийг бүрэн хангаж /3 дугаар хх 4/ шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэсэн атлаа мөрдөгч нь өмгөөлөгч Д.Б-д хавтаст хэргийн материал танилцуулалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.6, 2.9-д заасан өмгөөлөгчийн эрхийг зөрчжээ.

 

Мөн  аймгийн Прокурорын газрын прокурор 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор М.Б-т холбогдох хээл хахууль зуучилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч уг тогтоолыг хэргийн бусад оролцогч нарт танилцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн, тодруулбал дээрх зөрчлүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг хасаж, хязгаарласан үндэслэлд хамаарна.

 

Түүнчлэн     аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.О нь яллах дүгнэлтийн техникийн шинжтэй алдааг засуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн байх ба прокуророос яллагдагч М.У, Н.С нарт холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэхдээ “Прокурорын тогтоол” гэсэн хэвлэмэл хуудас ашигласан нь хуульд заасан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гэж тооцох боломжгүй юм.

 

            Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 520 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                          М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                С.УРАНЧИМЭГ