Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0499

 

   Н.Энхцогтын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Н.Энхцогт, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхгэрэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0317 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Энхцогтын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Сангийн сайд, Гаалийн ерөнхий газрын даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0317 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.2, 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Энхцогтын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалын Н.Энхцогтод холбогдох хэсгийг хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын даргаас Н.Энхцогтыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дэд даргын албан тушаал санал болгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж, Гаалийн ерөнхий газрын даргаас Н.Энхцогтыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгох хүртэл 3 сарын хугацаанд Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлж, Н.Энхцогтын ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртлэх нийт 7 сар, 18 хоногийн цалин 10.067,848 төгрөгийг хариуцагч Сангийн сайдаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Сангийн сайдад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхгэрэл давж заалдах гомдолдоо: “...Гааль, татварын ерөнхий газар нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдан үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалаар Сангийн сайд нэхэмжлэгч Н.Энхцогтыг томилсон байна.

Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болж, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан.

Энэ хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.3-д “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дэд даргатай байна” гэж, 2671.4-д “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг, дэд даргыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын саналыг тус тус үндэслэн Засгийн газар томилно” гэж заасны дагуу Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох этгээдийг томилсон.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг зохицуулах хууль нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль боловч хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Н.Энхцогт нарыг ажлаас чөлөөлөх тухай 315 дугаар тушаалыг Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай 4 дүгээр тогтоолыг үндэслэсэн болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.

Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзэж, шийдвэр гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болж, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэд даргыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын саналыг үндэслэн томилох бүрэн эрхийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэхээр болжээ.

Гэтэл Сангийн сайд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн “төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Энхцогтыг Гааль, татварын ерөнхий газрын Гаалийн асуудал хариуцсан дэд даргын албан тушаалаас чөлөөлж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Тодруулбал, Сангийн сайд гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэд даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээгүй атлаа маргаан бүхий актаар Гааль, татварын ерөнхий газрын Гаалийн асуудал хариуцсан дэд дарга Н.Энхцогтыг албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдолдоо “Сангийн сайд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн” гэх боловч Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т зааснаар Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргах ёстой. Гэтэл Сангийн сайд өөрийн эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар тушаал гаргаж, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх дээрх тушаалаар Н.Энхцогтыг ажлаас чөлөөлөхөөс өмнө Гаалийн ерөнхий газрын дарга тус газрын дэд даргаар Ё.Бат-Эрдэнийг томилуулахаар Засгийн газарт санал хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар зөв дүгнэсэн атлаа Ё.Бат-Эрдэнийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилсон Монгол Улсын Засгийн газрын  2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь, Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.4-д зааснаар Монгол Улсын Засгийн газар гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэд даргыг томилох эрхтэй хэдий ч нэхэмжлэгч Н.Энхцогтыг албан тушаалаас чөлөөлөөгүй байхад Ё.Бат-Эрдэнийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн албаны үндсэн зарчим, 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцэхгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Монгол Улсын Засгийн газар Гаалийн тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.4-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох этгээдийг томилсон” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байхаас гадна нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Сангийн сайдаас гаргуулахаар, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Сангийн сайдад даалгаж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” зарчимд нийцээгүй байна.

Дээрх байдалд үндэслэн шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0317 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг “1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.2, 27.2.3, Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Энхцогтын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоол, Сангийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалын Н.Энхцогтод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын даргаас Н.Энхцогтыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дэд даргын албан тушаалд санал болгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгасугай. 2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Энхцогтод 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан нийт 7 сар 18 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 10067848 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтыг “3” гэж дугаарлан, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН