Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 118

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч:  Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох   

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/698 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, Г.Э, гэрч Х.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч Б.Б миний бие нь барилга угсралтын “БЦ” ХХК-ийн захирлаар ажилладаг юм.

2013 оны 6 дугаар сард “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг барих Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд нийт ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгэж байхад “С” сургуулийн удирдлагууд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээ зөрчин цуцалж, манай компанийг ажлын талбайгаас хөөж явуулсан билээ. 

Намайг буруутгах болохоор “С” сургуулийн өргөтгөлийн барилгыг чанар муутай барьсан гээд эрүүгийн хэрэгт удаа дараа шалгуулж байгаа мөртлөө 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах улсын комисст хүлээлгэн өгөхдөө нийт ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн манай “БЦ” ХХК-ийг оролцуулалгүйгээр, манай бичсэн бичиг баримт, Барилгын ажлын тэмдэглэл, ил, далд ажлын актаар өөр компани /“ГК” ХХК тухайн барилгад ширхэг тоосго ч өрөөгүй, шанага, шавар ч хийгээгүй бөгөөд Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй юм/ хүлээлгэн өгсөн байдаг. 

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Э тэргүүтэй Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүнд ажилладаг төрийн албан хаагчид Барилгын тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөнийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Архивын ерөнхий газрын Архив, бичиг хэрэг хөтлөлтийн улсын байцаагч тогтоочихоод байхад Нийслэлийн Засаг дарга С.Б , Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.А нарт удаа дараалан гомдол мэдүүлсэн боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтуудыг тус тус зөрчин асуудалд ул суурьтай хандалгүй шийдвэр гаргасан юм.    

Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-т заасан баталгаатай олгогдсон эрхийг минь зөрчиж байгаа юм. 

Иргэн Б.Б миний зүгээс Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11:00 цагаас эхлэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөнгөө зарласан юм. 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-т заасан  “Иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж баталгаатай эдлэхээр заасан эрхээ эдлэх, хамгаалахын тулд, 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-т заасан  заалтыг зөрчиж байгаа Нийслэлийн Засаг дарга С.Б , Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.А нарт хариуцлага тооцож, огцруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Х ээс шаардсан юм.  

Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 01-ний орой Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Э хууль бус захирамж гаргаж, өлсгөлөнг зогсоож, Чингэлтэй дүүргийн Эмнэлэгт албадан эмчлүүлэхээр хэвтүүлсэн юм. Үндэслэл нь: 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29 дүгээр зүйлийн 29.1.6, “в” заалтыг баримталсан байна. Гэтэл уг заалтууд нь  

29 дүгээр зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх”, 

29.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 

в-д “Тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагыг хууль тогтоомжийн хүрээнд удирдах”,  

29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэжээ.  

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалтыг баримталсан байна. Гэтэл уг заалт нь :

11.2.1-д “эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, дээд шатны Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах” гэжээ. Гэтэл энэ заалтад дээд шатны байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар заасан болохоос доод шатны байгууллага болох Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс ирсэн бичгийг үндэслэн захирамж гаргах талаар дурдаагүй. 

1. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасныг баримталжээ. Гэтэл уг заалт нь 14 дүгээр зүйл. Жагсаал, цуглааныг албадан тараах, 

1. Дараахь тохиолдолд Засаг дарга жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэр гаргана:

5/ жагсаал, цуглааныг зохион байгуулагч буюу түүнд оролцогчид энэ хуулийн 11 дүгээр зүйлийн З,12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ үл биелүүлснээс нийгмийн хэв журам алдагдаж, эмх замбараагүй байдал бий болсон буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол гэжээ. 

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар өлсгөлөнтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй болно. Үүнийг ч баталж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/1747 тоот захирамжид тодорхой туссан юм.  

1. Эрүүл мэндийн сайдын 2010 оны “Өлсгөлөнгийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай ” 233 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 2.4, 3 дугаар зүйлийн 3.6 дахь заалтыг баримталжээ. Гэтэл энэ тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэм хэмжээний акт мөн. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтын дагуу захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлэх ёстой. 

Гэтэл актыг захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д заасны дагуу эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг хариуцлага хүлээлгэхгүй юм. /Хууль зүйн яамны захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд ороогүй талаархи лавлагаа 128/2017/560/3 индекстэй иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийн хх-133-р хуудаст байгаа болно./ 

Иргэн Б.Б миний зүгээс Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д “иргэн халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах;” гэж заасан эрхийнхээ дагуу Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлэгт эмчилгээ хийлгээгүй өлсгөлөнгөө үргэлжлүүлж, 25 хонож байна. Өдөр бүр 10 орчим цагдаагаар намайг хянуулан хорьж, эмчилгээ хийлгэхээр дарамталж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхэд минь халдсан зэрлэг балмад үйлдэл болж байна. Бид ардчилсан нийгэм, улсад амьдарч байгаа биз дээ.

Иргэн Б овогтой Б нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШЗ2017/7040 дугаар захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/698 тоот захирамжийг хүчингүй болгох тухай Нийслэлийн Засаг дарга С.Б од 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүсэлт явуулсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу ирээгүй байна. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бичгээр гомдол өгсөн, гэвч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна. 

Учир нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлсэн тэмцэлдээ Нийслэлийн Засаг дарга С.Б , Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нарт хариуцлага тооцохыг Монгол Улсын ерөнхий сайд У.Х ээс шаардаж, өнөөдрийг хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа билээ. Нийслэлийн Засаг дарга С.Б нь намайг эмнэлгийн хорионд хийсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргахгүй байна. Байдал ийм байгаа учир энэ захирамжийг хүчингүй болгуулахаар хандах газар ганцхан Захиргааны хэргийн анхан шатны шүүх болчихоод байна. 

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн болон 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өргөдлөөр хангасан гэж үзэж байна.

Миний бие өлсгөлөн зарлаад өнөөдрийг хүртэл 28 хоног болж байна. Иргэн миний биеийн байдал, сэтгэл санааны хүнд дарамтанд байгаа учир шалтгааныг харгалзан үзэж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/698 тоот захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, Г.Э нар шүүхэд  ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс өлсгөлөн зарлах тухай мэдэгдлийг ирүүлсний дагуу тус дүүргийн Эрүүл мэндийн төвд 17-ны өдөр үзлэг шинжилгээ, оношилгоонд хамрагдан өдөр тутам итгэмжлэгдсэн эмч хяналтанд авч үзлэг хийсэн байдаг. 

Дүүргийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн саналыг үндэслэн А/698 дугаар захирамжаар иргэн Б.Б-ийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаар захирамж гаргасан.  

Иргэн Б.Б нь дүүргийн Засаг дарга, дүүргийн Эрүүл мэндийн төвд хүсэлт ирүүлснийг харгалзан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/698 дугаар захирамжийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/732 дугаар захирамжаар захирамжийн үйлчлэлийг зогсоож шийдвэрлэсэн. 

Нэхэмжлэгч Б.Б нь дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/698 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага нь дүүргийн Засаг даргын 2017 оны А/732 дугаар захирамжаар үйлчлэлийг зогсоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны  нутаг дэвсгэр, Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд дүүргийн захиргаанд өлсгөлөн зарлах тухай мэдэгдэл хүргүүлсний дагуу тус дүүргийн Эрүүл мэндийн төвд үзлэг шинжилгээ, оношилгоонд хамрагдан өлсгөлөнгөө эхлүүлжээ. 

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар өлсгөлөн зарлахтай холбоотой нарийвчилсан заалт байхгүй ч гэлээ уг үйлдлийг жагсаал цуглаан зохион байгуулах бус эсэргүүцлийн нэг хэлбэр гэж үзэж, тус хуулийн 8 дугаар зүйлд  зааснаар жагсаал, цуглаан болон өлсгөлөн зохион байгуулах, зарлахыг хориглосон зохицуулалтаас дүгнэхэд хувь хүн өөрийн шийдвэрээр жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн дагуу өлсгөлөн зарлах эрх нь нээлттэй гэж үзэх боломжтой.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай” А/19 дүгээр тушаалыг Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалын дагуу гаргаж, иргэн Б.Б-ийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж ажилласан байна. 

Дээрх Эрүүл мэндийн сайдын 233 дугаар тушаалын хавсралтаар “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх заавар, эрт сэрэмжлүүлэх үнэлэмжийн үзүүлэлт”-ийг баталсан бөгөөд дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар өлсгөлөн зарлагчийн биеийн байдалд өдөр тутам үзлэг хийж, үзүүлэлтийн дагуу тэмдэглэгээ хийжээ. 

Уг тэмдэглэгээнээс үзэхэд нэхэмжлэгч Б.Б-ийн биеийн байдал 2017 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар “зүрхний цохилтын тоо 77, Spo2-97%, амьсгалын тоо 20, биеийн дулааны хэм 35,9, ухаан санаа саруул, шээсний ялгаралт 700 мл, цусны даралт 140/100, биеийн жин 118,5 кг, зовиургүй байсан” бол 14 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар “зүрхний цохилтын тоо 91, Spo2-98%, амьсгалын тоо 19, биеийн дулааны хэм 36,1, ухаан санаа саруул, шээсний ялгаралт 800 мл, цусны даралт 125/96/105, биеийн жин 110,5 кг, биеийн байдал зовиургүй” гэж үнэлэгдсэн байна. 

Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зааварт эрт сэрэмжлүүлэх үнэлэмжийн үзүүлэлтээр тухайн хүний өлсгөлөн зарлахаас өмнө эрүүл мэндийн байдалд хийсэн үнэлгээг суурь онооны байдалд тооцоод түүнээс дээш доош хэлбэлзэх байдлаар 4 буюу түүнээс дээш оноонд хүрсэн шинж тэмдэг илэрвэл, өөрөөр хэлбэл, энэ нь зүрхний цохилтын тоо 10-с дээш доош болох, амьсгалын тоо 5-с дээш доош, ухаан самуурах, асуух, өвтгөхөд хариулах, шээсний ялгаралт ½-р багасах зэрэг нөхцөл байдал үүсвэл өлсгөлөнг зогсоож эмнэлэгт хэвтүүлж, амин үзүүлэлтүүдийг хянаж, эрчимт эмчилгээ хийхээр заасан байна. 

Гэтэл Эрүүл мэндийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 360 дугаар албан бичигт “Б.Б-ийн биеийн байдалд “Эрт сэрэмжлүүлгийн үнэлгээ”-р 3 оноотой байгаа нь цаашид биеийн байдал муудаж, ноцтой хүндрэл учирч болзошгүйг үндэслэн албадан эмчилгээнд яаралтай оруулах шаардлагатай” гэсэн нь Эрүүл мэндийн сайдын 233 дугаар тушаалаар баталсан зааварт тусгагдсан 4 онооноос дээшхи үзүүлэлттэй нийцээгүй, хэргийн оролцогчдын тайлбараар “Өлсгөлөн зарлагч албадан эмчилгээнд оруулахыг эрс эсэргүүцсэн, цагдаагийн ажилтнуудын хүчээр эмнэлгийн байгууллагад хүргүүлсэн, эмчилгээ хийлгэхээс татгалзсан бичгийг өөрийн гараар бичсэн, ухаан санаа эрүүл, өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан нь тогтоогдож байгаа бөгөөд түүнд яаралтай эрчимт эмчилгээ хийх, амь насыг аврах нөхцөл байдал үүссэн нь эргэлзээтэй, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д иргэн халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах эрхтэй гэж заасныг зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. 

Мөн хариуцагч болон эрүүл мэндийн байгууллагаас Б.Б-т илэрсэн зүрхний цусан хангамж дутагдлын өвчин нь Эрүүл мэндийн сайдын 233 дугаар тушаалын 1.3-д заасан өлсгөлөн зарлахад харшлах өвчнүүдийн тоонд багтаж байгаа гэх боловч өлсгөлөнгөө өөрийн сайн дураар 14 хоног үргэлжлүүлсэн ба дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 10 дугаар сарын 24, 30, И эмнэлгийн 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд хийсэн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээний хариунууд нь хэвийн хэмжээний үзүүлэлттэй нийцэж байх бөгөөд эмнэлэгт байх 14 хоногийн хугацаанд ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй атал биеийн байдал хэвийн эмнэлгээс гарсан. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд... иргэн Б.Б-ийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор уг захирамжийг гаргасан” гэх тайлбарыг буруутгах боломжгүй боловч уг өлсгөлөн зарлах үйлдэл нь өөрөө эрх зүйн онцлогтой харилцаа болохыг дурдах нь зүйтэй.

Өлсгөлөн зарлах нь тухайн хүн өөрийн сонголтоор, хийж буй үйлдлээ ойлгож хоол идэхээс татгалзахыг хэлдэг ба энэ нь хүчирхийллийн бус аргаар өөрийн үзэл бодлоо хамгаалах, тэмцэх, бусдад нөлөөлөх үүднээс ганцаараа болон бүлэглэн явуулж буй үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, хүний зайлшгүй хэрэгцээ болох хоол унднаас сайн дураараа татгалзах нь аливаа нэгэн хүн өөрийн нийгэм, эдийн засаг, үзэл бодол, улс төрийн байр сууриа хамгаалах үүднээс хугацаатай болон хугацаагүй өлсгөлөн зарлаж, үүгээрээ олон нийтэд дуу хоолойгоо хүргэх, ямар нэг асуудлыг өөрийн хүсэлд нийцүүлэх зорилгоор өлсгөлөн зарладаг гэх олон улсын ойлголт байна.

Хэдийгээр хариуцагчийн үйлдэл нь сайн санааны тулд эерэг үйлчлэлтэй захиргааны акт байсан ч албадаж, хүчээр өлсгөлөнг таслан зогсоож, албадан эмчилгээнд оруулах нь зохимжгүй бөгөөд энэ талаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3/25 тоот шаардлагад дурджээ. 

Энэхүү шаардлагын дагуу Нийслэлийн Засаг даргаас Чингэлтэй дүүргийн Засаг даргад 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 03/3896 тоот албан бичгээр чиглэл хүргүүлж, хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/732 дугаар захирамжаар маргаан бүхий А/698 дугаар захирамжийн үйлчлэлийг зогсоосон. 

Нэгэнт хариуцагч маргаан бүхий захиргааны актыг өөрөө хүчингүй болгох эрхтэй хэдий ч ... захирамжийн үйлчлэлийг зогсоох тухай ... шийдвэр гаргасан нь хууль зүйн үр дагавар тодорхойгүй, цаашид үргэлжлүүлж болох агуулгатай байх тул шүүхээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр нь бусдын эрх ашиг, сонирхлыг хөндөж байгаа бол хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн өлсгөлөн зарлагчийг албадан эмчилгээнд оруулах тухай урьдчилан мэдэгдэж сонсгох ажиллагаа явуулаагүй, түүний тайлбар, биеийн байдлын талаар нотлох баримтыг гаргаж өгөх боломжийг олгоогүй нь хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгүүдээр тогтоогдож, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “захиргааны акт ...-г батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоно”, 26.2-д “энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасныг зөрчсөн хууль бус үйлдэл болжээ. 

Мөн маргаан бүхий актын үндэслэлд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасныг баримталсан нь Засаг дарга жагсаал, цуглааныг зохион байгуулагч буюу түүнд оролцогчид энэ хуульд заасан үүргээ үл биелүүлснээс нийгмийн хэв журам алдагдаж, эмх замбараагүй байдал бий болсон буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэр гаргахаар заасан байхад өлсгөлөн зарлагчийг албадан эмчилгээнд оруулах хууль зүйн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. 

Иймд өлсгөлөн зарлагчийн эрүүл мэнд доройтон, эмгэг хууч өвчин илэрч, амь насанд аюултай байдал үүсээгүй, эрчимт эмчилгээнд орох зайлшгүй шаардлага бий болоогүй байхад “Албадан эмчилгээнд оруулах тухай” Чингэлтэй дүүргийн засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/698 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б-ийг албадан эмчилгээнд оруулсан нь хууль бус байх тул уг захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1-д тус тус заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4,  Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Албадан эмчилгээнд оруулах тухай” А/698 дугаар захирамжийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОЮУМАА