Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/01887

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улс, Өвөрхангай аймаг, ******* сум, *********** тоот хаягт оршин суух Борж Цэдэн овогт Батмөнхийн ******* /рд:*******-гийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ********** тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /рд:*******-д холбогдох,

2,757,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч А.*******, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би, хариуцагч А.*******д 2,757,000.00 төгрөгийг 4 удаагийн шилжүүлгээр хүмүүсийн автомашиныг оношилгоонд оруулах зорилгоор шилжүүлсэн юм. Тодруулбал, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 200,000.00 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000.00 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 57,000.00 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 500,000.00 төгрөгийг хариуцагчийн Хаан банк ХХК дахь 5549027295 тоот дансанд тус тус шилжүүлсэн.

Гэтэл хариуцагч А.******* нь өнөөдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий хүмүүсийн автомашины тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулж өгөөгүй тул намайг түүнээс өгсөн мөнгөө буцааж авъя гэхэд өгнө гэж хэлээд нэг жилийн хугацаа өнгөрч байна.

Миний бие орон нутагт ажиллаж, амьдардаг бөгөөд даатгалын гэрээ хийлгэсэн даатгуулагч нарын хүсэлтээр автомашиныг бодитоор тээврийн хэрэгслийн оношилгоонд оруулахгүйгээр зөвхөн тээврийн хэрэгслийн гэрчилгээг Улаанбаатар хот руу хариуцагч А.******* руу явуулаад хариуцагч нь цааш нь С.******* гэж хүнд дамжуулан өгөөд оношилгоонд оруулсан гэж тэмдэглүүлдэг байсан. Гэвч хариуцагч нь 2,757,000.00 төгрөгийг авсан боловч тухайн хүмүүсийн автомашиныг тээврийн хэрэгслийн оношилгоонд хамруулаагүй ба тэдгээр хүмүүс надаас мөнгөө шаардаж хэцүү байдалтай байна. Би, С.******* гэж хүнийг танихгүй, хариуцагчаас өгсөн мөнгөө шаардахаар тэр хүнээс авч өгнө гэдэг боловч өгөөгүй, миний бие 2,757,000.00 төгрөгийг С.******* гэж хүнд өгөөгүй, хариуцагч А.*******д өгсөн. Иймд, хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Намайг 2021 онд Монгол даатгал ХХК-нд даатгал хийлгэх үед нэхэмжлэгч Б.******* нь өөрийгөө менежерээр ажилладаг гэж анх танилцуулсан бөгөөд ажил хэргийн шинж чанартай байнгын холбоотой байсан. Нэхэмжлэгч нь манай даатгалд даатгуулсан тохиолдолд оношилгоонд тэнцэхгүй автомашинуудын оношилгоог нь даруулж өгье гээд авдаг байсан. Энэ үеэр миний эргэн тойрны таньдаг нутгийн 10 гаруй хүн автомашины гэрчилгээгээ өгчихсөн, оношилгоогоо даруулж чадахгүй байна гэж надтай холбогдсон. Би, эдгээр хүмүүсийн автомашины гэрчилгээг нэхэмжлэгчээс авч, таньж мэдэх хүндээ өгье гэж хэлсэн бөгөөд нэхэмжлэгч нь тэр үед 100-аас дээш гэрчилгээ байгаа, хамт даруулаад өгөөч гэж гуйсан тул өөрийн танил С.*******өөс асуухад чиний таньдаг хүн бол тэгье гэж хэлсэн.

Ерөнхийдөө нэхэмжлэгч Б.******* надад би танихгүй хүнтэй яаж холбогдох вэ, холбоод өгөөч, танихгүй хүний данс руу мөнгө шууд хиймээргүй байна, чи дансаараа мөнгийг нь аваад дамжуулаад өгөөч гэсэн гуйлтын дагуу миний бие хүнд туслах сэтгэлээр хандаж нэхэмжлэгчээс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 3,079,000.00 төгрөгийг өөрийн дансандаа авч тэр өдөртөө 3,000,000.00 төгрөгийг С.*******ийн хэлсэн 5121027043 тоот данс руу шилжүүлж, үлдэх 79,000.00 төгрөгийг С.*******өөс авах өрөндөө суутгаж авсан. Мөн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Б.*******гаас 57,000.00 төгрөг шилжүүлснийг С.*******ийн хэлсэн 5376239331 данс руу шилжүүлсэн.

Мөн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс 2,000,000.00 төгрөгийн шилжүүлснийг С.*******тэй холбогдож утасны төлбөрийг уг мөнгөнөөсөө төлөөд өгөөч, картгүй гүйлгээ хийх боломжгүй байна гэсэн тул 60,000.00 төгрөгийг 86080102 гүйлгээний утгатайгаар шилжүүлээд 200,000.00 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн. Үлдэгдэл 1,740,000.00 төгрөгийг тэр өдөрт нь С.*******ийн хэлсэн 5121027043 тоот данс руу шилжүүлсэн. Дараа нь нэхэмжлэгч Б.******* нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөнгөө дутуу хийсэн тул шилжүүлж өгөөч гээд 500,000.00 төгрөгийг миний данс руу шилжүүлснийг мөн оны 06 дугаар сарын 23-ны өдөр С.*******ийн хэлсэн 5121027043 тоот данс руу шилжүүлсэн.

Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар автомашин оношилгоонд оруулж өгөх эрх бүхий субъект биш, нэхэмжлэгч нь С.*******тэй харилцах зорилгоор надаас гуйж байсан нь тухайн үед чаталж байсан facebook чатаар нотлогдоно. Дээрх болсон үйл баримтыг үзвэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцөлтэй уялдуулан судалбал хөрөнгийн давуу байдал буюу орлого надад биш С.*******өд бий болсон буюу орлогыг авсан нь дансны гүйлгээний орлого, зарлагын баримтаар нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Б.******* нь надад зориулж мөнгө шилжүүлэх биш автомашины оношилгоо даруулах зорилгоор мөнгө шилжүүлж байсан нь facebook чатаар нотлогдох ба С.*******өөс мөнгөө авч чадахгүй байна гэхэд гэрчилгээгээ ав, мөнгөө шаардаж ав, болохгүй бол шүүхэд өгөөрэй гэх зэргээр удаа дараа хэлж, мөнгийг нь хамт нэхэлцэж байсан нь мөн нотлогдоно.

Нэхэмжлэгч нь хөрөнгийн шилжүүлгийг надад биш С.*******өд шилжүүлэх зорилгоор миний дансанд хийсэн гэдгийг өөрөө ухамсарлаж байсан бөгөөд удаа дараа буцаан авах талаар С.*******өөс шаардсан нь чатаар нотлогдоно. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

1.  Улсын тэмдэгтийн хураамжид 59,062.00 төгрөг төлсөн баримт,

2.  Нэхэмжлэгч Б.*******гийн Хаан банк ХХК дахь депозит дансны хуулга,

Хариуцагчийн өгсөн нотлох баримт:

1.  Хариу тайлбар,

2.  Хариуцагч А.*******гийн Хаан банк ХХК дахь депозит дансны хуулга,

3.  Иргэний үнэмлэхний лавлагаа,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

1.  Үзлэг хийсэн тэмдэглэл,

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.*******гаас хариуцагч А.*******д холбогдуулан 2,757,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.******* нь Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн 5021276650 тоот данснаас хариуцагч А.*******ы тус банк дахь 5549027295 тоот дансанд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 200,000.00 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 57,000.00 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000.00 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 500,000.00 төгрөг, нийт 2,757,000.00 төгрөгийг шилжүүлсэн байна /х.х-ийн 4-15 хуудас/.

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь хариуцагчид 2,757,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар энэ талаар маргаагүй гэж үзнэ.

Ингээд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б.******* нь уг 2,757,000.00 төгрөгийг даатгуулагч олох зорилгоор хариуцагч А.*******д иргэдийн автомашиныг техникийн хяналт шалгалтанд тэнцүүлэхээр шилжүүлж, улмаар хариуцагч нь өөрийн танил н.******* гэж хүнд өгч, хүмүүсийн автомашиныг бодитоор техникийн үзлэгт хамруулахгүйгээр тэнцүүлэх амлалт өгч авсан байна.

Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17техникийн хяналтын үзлэг гэж автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан, оношлогчийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд үзлэг хийж шалгах, тодорхойлох, үнэлэх үйл ажиллагааг хэлнэ гэж, 191 дүгээр зүйлийн 191.3Авто тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь үүрэг хүлээнэ гээд 191.3.1техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах гэж тус тус заажээ.

Гэтэл зохигчид ийнхүү автомашин эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн тэдгээрийн автомашиныг тусгай мэдлэгтэй эрх бүхий этгээдэд бодитоор үзэж шалгуулахгүйгээр хариуцагч А.******* нь өөрийн танил н.******* гэх хүнээр дамжуулан техникийн үзлэгт тэнцсэн гэсэн бичилт гэрчилгээнд нь хийх зорилгоор 2,757,000.00 төгрөгийг авсан нь хуульд нийцэхгүй байна.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заажээ. Өөрөөр хэлбэл, талууд хууль бус, нийтэд үл хүлээн зөвшөөрөгдөх үйлдэл, эс үйлдэл хийхээр тийнхүү тохиролцсон бол тухайн гэрээ, хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг.

Тодруулбал, энэ хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус зааснаар иргэний эрх зүйн субъектуудын хооронд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах гэрээ, хэлцэл байгуулагдах замаар, аль эсхүл хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд иргэний эрх зүйн харилцаа үүсдэг журамтай.

Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл талууд анхнаасаа хуульд нийцэхгүй зүйлийг тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч Б.*******д 2,757,000.00 төгрөгийг хариуцагч А.*******гаас гэрээний дагуу шаардах эрх байхгүй юм.

3.  Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж тус тус заасан.

Тайлбарлавал, иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх ба эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгоно.

Өөрөөр хэлбэл, тухайн этгээд эд хөрөнгийг тодорхой гэрээ болон хуульд заасан үндэслэлээр олж авсан тохиолдолд түүнд эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах буюу захиран зарцуулах эрх үүсэх бөгөөд тэрээр үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг хүлээнэ.

Энэ талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж, 493 дугаар зүйлийн 493.1Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус заажээ.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч А.******* нарын хооронд гэрээ, хэлэлцээр байгуулагдаагүй, эсхүл байгуулагдсан боловч хожим хүчин төгөлдөр бус байсан, эсхүл дуусгавар болсон зэрэг тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлж авсан хөрөнгийг өөртөө үлдээх хууль зүйн үндэслэлгүй байх тохиолдолд буцааж өгөх үүргийг хүлээнэ. Гэтэл зохигчид хууль зөрчиж 2,757,000.00 төгрөгийг шилжүүлсэн ба тухайн хөрөнгийг хариуцагчид үлдээх нь шударга биш байна.

Хэдийгээр хариуцагч А.******* нь 2,757,000.00 төгрөгийг өөртөө авах зорилго агуулаагүй, нэхэмжлэгч Б.*******гийн хүсэлтээр н.******* гэж хүнд дамжуулан шилжүүлсэн гэсэн боловч нэхэмжлэгч нь тухайн хүнийг танихгүй, харин хариуцагчийн данс руу дээрх мөнгийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь хуульд нийцэхгүй гэдгийг мэдсээр байж өөрийн дансанд мөнгийг хүлээн авч, өөрийн хүний данс руу шилжүүлсэн байх тул тэрээр хариуцлага хүлээх нь шударга болно.

Иймд, нэгэнт талуудын хооронд тодорхой төрлийн гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч нь дээрх төлбөрийг буцаан өгөх аливаа үүрэг хүлээгээгүй гэдгээ баримтаар нотлоогүй, тэрээр үндэслэлгүйгээр хөрөнгө мөнгө шилжүүлсэн авсан байх тул нэхэмжлэгч нь шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч А.*******аас 2,757,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,062.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 59,062.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР