Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01151

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01151

 

 

2023 06 09 210/МА2023/01151

Б.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/01887 дугаар шийдвэртэй,

Б.З-гийн нэхэмжлэлтэй

А.Т-д холбогдох

2,757,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч А.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би А.Т-д 2,757,000 төгрөгийг 4 удаагийн шилжүүлгээр хүмүүсийн автомашиныг оношилгоонд оруулах зорилгоор шилжүүлсэн. Гэтэл хариуцагч А.Т- нь өнөөдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий хүмүүсийн автомашины тээврийн хэрэгслийг оношилгоонд хамруулаагүй. Иймд хариуцагчаас 2,757,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Би хүнд туслах сэтгэлээр хандаж нэхэмжлэгчээс 2021 оны 06 сарын 11-ний өдөр 3,079,000 төгрөгийг өөрийн дансандаа авч тэр өдөртөө 3,000,000 төгрөгийг С.Т-ийн хэлсэн 000000 тоот данс руу шилжүүлж, үлдэх 79,000 төгрөгийг С.Т-өөс авах өрөндөө суутгаж авсан. Мөн 2021 оны 06 сарын 17-ны өдөр нэхэмжлэгчээс 57,000 төгрөг шилжүүлснийг С.Т-ийн хэлсэн 5376239331 данс руу шилжүүлсэн. Мөн 2021 оны 06 сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс 2,000,000 төгрөг шилжүүлснийг мөн С.Т-өд бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Мөн Б.З- нь 2021 оны 06 сарын 22-ны өдөр шилжүүлж өгөөч гээд 500,000 төгрөгийг миний дансанд шилжүүлснийг 06 сарын 23-нд С.Т-ийн хэлсэн 000000 тоот данс руу шилжүүлсэн.

Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар автомашин оношилгоонд оруулж өгөх эрх бүхий субъект биш, нэхэмжлэгч нь С.Т-тэй харилцах зорилгоор надаас гуйж байсан нь тухайн үед чаталж байсан facebook чатаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч А.Т-аас 2,757,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.З-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,062 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 59,062 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Би тус хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргаагүй, шүүхийн шийдвэрт 2,757,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв гэсэн нь хэрэг маргааны үндсэн агуулгыг ойлгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь илэрхий байна. Мөн шийдвэрийн тодорхойлох хэсэгт "Хариуцагч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа гэж бичсэн. А.Т- би тухайн хэрэгт өмгөөлөгч аваагүй, шүүхийн бүх процесс ажиллагаанд өөрийн биеэр оролцсон. Гэвч тухайн хэргийг шийдвэрлэхдээ өмгөөлөгчийн тайлбар гэх үндэслэлгүй баримтад тулгуурлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь илт хууль бус байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хууль бус гэрээ гэж дүгнэж, эрх зүйн үр дагаврыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгээр тодорхойлжээ. Шүүхийн шийдвэрт Б.З-, А.Т-, С.Т- нарын хооронд Иргэний хуульд заасан ямар төрлийн гэрээ байгуулагдаж, тэр нь хүчин төгөлдөр бус тухай дүгнэлгүйгээр эрх зүйн үр дагаврыг тодорхойлсон. Нэхэмжлэгч Б.З- нь даатгалын байгууллагад ажилладаг бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээнд оношлогоо даруулахад С.Т- танилдаа хэлээд өгөөч, би танихгүй болохоор ийм зүйл гуйж чадахгүй байнаа" гэж надад хандсан тул би Б.З-гийн хүсэлт, мөнгөн шилжүүлгийг С.Т-өд уламжлах байдлаар эрх зүйн харилцаанд оролцсон нь Иргэний хуулийн Даалгаврын гэрээний харилцаатай төстэй харилцаа үүссэн.

Иймд хариуцагч А.Т- би нэхэмжлэгч Б.З-гийн хүсэлтийг С.Т-өд дамжуулж, шилжүүлсэн мөнгийг нь С.Т-өд шилжүүлж байсан нь дансны гүйлгээний хуулга болон "facebook" чатанд үзлэг хийсэн нотлох баримтуудаар нотлогдох ба хөрөнгийн давуу байдал С.Түвшинтегсөд үүсч, А.Т- би тухайн мөнгийг өөртөө аваагүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг хэрэглэх боломжгүй юм.

Дээрх урьдчилсан нөхцөл надад хөрөнгийн давуу байдал үүсгэхээр шилжүүлсэн ухамсарт хүсэлт зориг байгаагүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд оношлогоо даруулах зорилгоор миний дансаар дамжуулан С.Т-өд шилжүүлсэн мөнгө нь Б.З- надад биш С.Т-өд шилжүүлэх зорилгоор надад өгснийг facebook чатын агуулгаар нотлогдоно. Тийм ч учраас Б.З- нь С.Т-өөс мөнгөө олж авч чадахгүй туслаач гэж надад хандаж байсан нь үзлэг хийлгэхээр өгсөн нотлох баримтаас харагдана.

Б.З- нь мөнгөө буцаан авъя гэхэд өгнө гэсээр нэг жил өнгөрсөн гэсэн нь баримтаар нотлогдоогүй байхад нэг талын тайлбарыг үндэслэн шүүхийн шийдвэрт "хүмүүсийн автомашиныг бодитоор техникийн үзлэгт хамруулахгүйгээр тэнцүүлэх амлалт өгч авсан байна" гэж дүгнэсэн нь илт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. "Амлалт" гэх зүйл байгаагүй энэ тухай баримт хэрэгт байхгүй байхад шүүх нотлох баримтад бус амлалт" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэж байна.

Иймд Иргэний хуулийн 492.1-д заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад уг зохицуулалтыг хэрэглэж хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.З- нь хариуцагч А.Т-д холбогдуулан 2,757,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ иргэдийн автомашиныг техникийн хяналт шалгалтад тэнцүүлэхээр шилжүүлж, улмаар хариуцагч өөрийн танил н.Т-гэж хүнд өгч, хүмүүсийн автомашиныг бодитоор техникийн үзлэгт хамруулахгүйгээр тэнцүүлэх амлалт өгсөн гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...2,757,000 төгрөгийг өөртөө авах зорилго агуулаагүй, Б.З-гийн хүсэлтээр н.Түвшинтөгсөд дамжуулан шилжүүлсэн гэх агуулгаар тус тус тайлбарлажээ.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч А.Т-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 2,757,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.З-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцсэн байна.

Хариуцагч нь тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд биш атлаа 2,757,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.З-гийн эзэмшлийн Хаан банкны 5021276650 тоот дансны хуулгаар тогтоогдсон байна. Хариуцагч нь тус мөнгийг өөрөө авах зорилготой бус нэхэмжлэгчийн хүсэлтээр тодорхой тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт хамруулахгүйгээр техникийн стандартын шаардлагад тэнцүүлэхийн тулд мөнгийг С.Т-өд шилжүүлсэн гэх тайлбар, уг мөнгийг бусдад дамжуулан шилжүүлсэн нь талуудын хооронд болсон үйл баримтад хамааралгүй байна.

Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д зааснаар тээврийн хэрэгслийн текникийн хяналтыг тодорхой мэргэжил эзэмшсэн эрх бүхий этгээд тусгай багаж, тоног төхөөрөмж ашиглан автотээврийн хэрэгслийн стандартын шаардлагыг шалгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр хуульд заасан журмыг зөрчин техникийн хяналтын үзлэгт тэнцсэн гэх байдлыг бий болгохоор зохигч хэлэлцэн тохирч, уг ажиллагааг бусдаар гүйцэтгүүлэхээр хариуцагч дээрх мөнгийг авсан үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

5. Иймд дээрх хууль бус тохиролцоо нь эрх зүйн хамгаалалт үүсгэхгүй, хариуцагч мөнгийг С.Т-өд шилжүүлсэн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт сөрөг нэхэмжлэл гэж, тодорхойлох хэсэгт хариуцагч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт тайлбар гаргасан гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна.

 

6. Хариуцагч нь нэхэмжлэгчийн түүнд шилжүүлсэн мөнгийг өөр этгээдэд шилжүүлсэн гэх асуудлаар тухайн этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/01887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,062 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЭНЭБИШ