Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2023/00620

 

 

 

 

 

 

 

 

2023 7 19

130/ШШ2023/00620

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.Б. Хаяг: Б дүүрэг, 00 тоотод оршин суух,

Хариуцагч: Т.М. Хаяг:Б аймаг, Н  сумын 0 дугаар багт оршин суух,

Нэхэмжлэлийн шаардлага: Өвлийн сууцны түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөгийн хамт 4,500,000 төгрөг, мөн цэвэр усны эвдэрсэн худгийн нөхөн төлбөр болон бусад алга болсон, эвдэрсэн, нурсан, хагарсан, цоорсон, засаж сэлбээгүй, үнс, хог, хөрзөнг ачиж зайлуулаагүй зэрэг эд хөрөнгө, ажил үйлчилгээний үнэ, өртөг болох 10,633,120 төгрөг, нийт 15,133,120 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б /цахимаар/,

Хариуцагч М ,

Хариуцагчийн өмгөөлөгч А

Гэрч Е , С ,

Орчуулагч Ж ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б нь анх шүүхэд хариуцагч М д холбогдуулан байрны түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт  4,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа ихэсгэж өвлийн сууцны түрээсний төлбөр болон алдангийн хамт 4,500,000 төгрөг мөн цэвэр усны эвдэрсэн худгийн нөхөн төлбөр болон бусад алга болсон, эвдэрсэн, нурсан, хагарсан, цоорсон, засаж сэлбээгүй, үнс, хог, хөрзөнг ачиж зайлуулаагүй зэрэг эд хөрөнгө, ажил үйлчилгээний үнэ, өртөг болох 10,633,120 төгрөг, нийт 15,133,120 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие тус шүүхэд хариуцагч М д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Үүнд: Байрны түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөгийн хамт 4,500,000 төгрөг, мөн цэвэр усны эвдэрсэн худгийн нөхөн төлбөр болон бусад алга болсон, эвдэрсэн, нурсан, хагарсан, цоорсон, засаж сэлбээгүй, үнс, хог, хөрзөнг ачиж зайлуулаагүй зэрэг эд хөрөнгө, ажил үйлчилгээний үнэ, өртөг болох 10,633,120 төгрөг, нийт 15,133,120 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхээс миний хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасан.Уг захирамжийн дагуу Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь заалтыг мөн хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээ гаргуулж, үнэлгээний дагуу тус шүүхэд нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.  Миний бие Ө сумын 3 дугаар багт байрлах өвлийн сууцаа М д сарын түрээсийг 50.000 төгрөгөөр түрээсэлсэн. Яагаад тийм хямд үнээр түрээсэлсэн бэ гэвэл би тэнд байгаа эд хөрөнгө буюу үл хөдлөх хөрөнгүүдийн бүрэн бүтэн байдалд хяналт тавихын тулд хямд түрээслүүлсэн байсан.

 

1.3 Харин бид гэрээндээ сарын төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол төлөөгүй өдөр нь 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон. Миний өвлийн сууцад 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх гэрээ байгуулан суусан. Гэхдээ тухайн үед гарах хугацааг тодорхой хэлээгүй учраас хугацаагүй байгуулсан.

 

1.4 Миний өмчлөлийн хувийн сууцанд хариуцагч М  нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 18-ны хүртэл бүтэн 5 жилийн хугацаанд түрээсэлж, эд хөрөнгийн зохих ёсоор ашиглаж, хоёр ч бэр буулгаж, хашаанд үхэр, адуу, хонь, ямаа зэрэг малыг барьж сай сайхан амьдарч, үр шимийг хүртсэн боловч түрээсийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй, мөн түрээслэх хугацаанд түрээсэлж байсан эд хөрөнгийг надад бүрэн бүтэн хүлээлгэж өгөлгүй, намайг хүнтэй уулзах хооронд зугтчихсан. Түрээслэх хугацаандаа худгийг эвдсэн, эд зүйл алга хийсэн, эд зүйлийг эвдсэн, үнс, хог хөрзөнг ачиж зайлуулаагүй учраас үнэлгээ гаргуулсан болно.

 

1.5 Тэгээд би 2021 онд эд хөрөнгө болон байшингаа хүлээж аваад, түрээсийн үлдэгдэл мөнгийг авахаар У  хотоос Өлгийд ирэхэд М  аль хэдийн нүүгээд явсан байна. Би Б аймгаас У  хот руу явах хүртэл надтай ямар ч холбоо бариагүй. Тийм учраас би надтай байгуулсан гэрээний дагуу өвлийн сууцны түрээсийн мөнгө түүний хугацаа хэтрэлтийн алданги зэргийг тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

1.6 Иймд өвлийн сууцны түрээсийн төлбөр болон алдангийн хамт 4,500,000 төгрөг, мөн цэвэр усны эвдэрсэн худгийн нөхөн төлбөр болон бусад алга болсон, эвдэрсэн, нурсан, хагарсан, цоорсон, засаж сэлбээгүй, үнс, хог, хөрзөнг ачиж зайлуулаагүй зэрэг эд хөрөнгө, ажил үйлчилгээний үнэ, өртөг болох 10,633,120 төгрөг, нийт 15,133,120 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж миний хохирлыг арилгаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

2.Хариуцагч М ы хариу тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгч Б гийн Ө сумын 3 дугаар багт байршилтай өвлийн сууцыг би түрээсэлж суугаагүй. Тэрээр өвлийн сууц, малын хашаа, малын саравч, амбаар зэрэг үл хөдлөх хөрөнгө байдаг. Эдгээр эд хөрөнгийг минь харж хамгаалж байх дундаас дээш насны ахмад хүн хэрэгтэй гэсний дагуу үнэ төлбөргүй 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн харж хамгаалах үүднээс манаж суусан. Хуучин байсан хог, үнсийг би мөнгө төгрөгийг төлж мөн 5 жил суусан хугацааны үнс, хогийг мөнгө төгрөгийг нь төлж ачуулсан.

 

2.2 2021 оны 10 дугаар сард нэхэмжлэгч Б гийн эхнэр нь болох Д нас барсан. Тэгээд түүний эхнэрийг Б аймагт авч ирж оршуулсан. Би тухайн оршуулгын үйл ажиллагаанд биеэрээ оролцож, эсгий гэрийг барьж  өгч бүх арын ажлыг хийж өгсөн.

 

2.3  Улмаар нэхэмжлэгчийн өвлийн сууцнаас 2021 оны 10  дугаар сарын 21-ний өдөр гарч бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Гэхдээ дараа нь нэхэмжлэгчээс миний эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэж цагдаад өргөдөл гаргасны дагуу цагдаагаас очиж үзлэг хийж, шалгаж бүрэн бүтэн байна гэхээр нь прокурорт өргөдөл гаргасан. Сүүлд цагдаагийн газраас  ямар нэгэн эвдсэн зүйл байхгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас аргаггүйн эрхэнд одоо шүүхэд хандсан байна.

 

2.4 Би нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Тухайн өвлийн сууцнаас би гараад явсны дараа дахин өөр хүнд түрээслүүлсэн байна. Би нэхэмжлэгчтэй өвлийн сууцыг түрээсэлж сууж байгаагүй. Тийм түрээс гэсэн тохиролцоо ч гэсэн байгаагүй. Амьдарч байх хугацаандаа сар бүрийн тогийн мөнгийг хийж байсан. Би түрээсэлж сууж байсан бол надаас сар болгон мөнгөө авах ёстой. Тэгж намайг бүхэл бүтэн 5 жил суулгахгүй байсан.

 

2.5 Түүний хашаанд 40 жил байсан үнс хогийг тус өвлийн сууцанд амьдарч байх хугацаандаа ачуулсан. Улмаар 2018 оны 7 дугаар сард үеэр буугаад түүний худгийг бохирдуулсан учраас нэг хүнд мөнгөө өгч цэвэрлүүлсэн. Бид нар тэгж мөнгө өгч түрээсэлж суухаар тохироогүй. Тухайн үед бид хамаатан хүмүүс чиг маш дотно байсан. Надад хонь хэрэгтэй гэхээр хонийг нь бэлдээд автобусанд хийгээд явуулдаг байлаа. Зун тухайн өвлийн сууцанд амьдрахгүй зусланд гардаг ба өөрөө ирж манаж байдаг байсан. Тухайн байшин нэлээн эрт үет баригдсан хуучин байшин байсан. Манайд нэхэмжлэгч эхнэрийн хамт ирж амраад байшингаа үзээд явдаг байсан. Бид нарын дунд ямар нэгэн түрээс гэсэн зүйл байгаагүй.

 

2.6  Байр түрээслэх хэлцэл бөгөөд Нотариатын эвлэрлийн гэрээ гэх юм дээр би гарын үсэг зурж байгаагүй. Би өөрөө олс хийдэг учраас Хөдөлмөр нийгэм хамгааллын хэлтсээс 1,000,000 төгрөгийн зээл авдаг байсан ба тус байгууллагын ажилтан надад төсөл бичээд ирвэл зээл гаргаж өгнө гэсэн. Харин Б гийн хувьд надад тус төслийг бичиж өгөхөөр болоод бид нар зусланд байх үед нэг цагаан цаасны буланд гарын үсэг зуруулаад миний регистрийн болон утасны дугаарыг тэмдэглэж авсан. Надад чи энэ газарт гарын үсэг зурах бол бусдыг би өөрөө аргалах болно гэж хэлсэн учраас тухайн үед гарын үсэг зурсан. Түүнээс биш өөр ямар нэгэн зүйлд гарын үсэг зураагүй. Тухайн үед Б г би өөрөө мотоциклээр ирж тосож аваад 10 гаруй хоног зусландаа хонуулж явуулсан. Миний зуслангийн нэрийг “М ” гэх газарт байдаг. Тэр цаг хугацаандаа зуруулсан гарын үсгийг маань ашиглаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн хамт ирүүлсэн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2016.09.18-ны өдрийн байр түрээслэх хэлцэд бөгөөд нотариатын эвлэрлийн гэрээ, Б , Д нарын өмчлөлийн 91.5 м.кв талбайтай өвлийн сууцын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ,  Б гийн нэр дээрх Ө сумын 3-р баг 0 тоот байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1080 м.кв хэмжээтэй өмчлөлийн газрын гэрчилгээ, Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” 000 дугаартай тогтоол, мөн газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 00 дугаартай албан бичгээр гомдлын хариу мэдэгдэх хуудас, Монгол улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Ч ын  гомдолд хариу мэдэгдэх хуудас зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, маргаан бүхий өвлийн сууцны фото зургууд, 2022.11.02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б гийн ХААН банкны 0000  дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, цэвэр усны гүний худгийн ажлын төсөв, 2023.05.24-ний өдрийн 00 дугаартай бичгээр нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, уг тайлбарын хамт 2022.03.19-ний өдөр БӨ Балхия-д УБ Б түлхүүр гэж бичигдсэн дугтуй, Б гийн 2022.03.20-ны өдөр Е.Ж , Ж нартай байгуулсан Байр түрээслэх хэлцэл бөгөөд эвлэрлийн гэрээ, Б гийн ХААН банк дахь 0000  дугаартай депозит дансны хуулга, Б гийн түрээслэгч К  харилцсан гэх мессеж, Д гийн нас барсны гэрчилгээний хуулбар, шүүхийн журмаар гэрчээр Ж.Б г асуулгах тухай хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, Б аймгийн Н  сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 00 дугаар албан бичгээр гаргасан тодорхойлолт, 2022.12.15-ны өдөр шүүхийн журмаар гэрч асуулгах тухай хүсэлт, Е , С нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, 2022.12.19-ний өдөр хариуцагч М ы А  өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээ, гэрч асуулгах тухай өмгөөлөгчийн хүсэлт, 2023.01.06-ны өдрийн нотариатчаас гэрээний эх хувийг нотлох баримтаар гаргуулахыг хүссэн тухай хүсэлт, хариуцагчийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлт, уг хүсэлтдээ Е , М.Б , С нарын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Е , Е  нарын тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Монгол шуудангийн үйлчилгээний ажилтан Т ийн лавлагааны хариу гэх бичиг зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Б аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0000 дугаартай албан бичгээр  хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 000 дүгээр тогтоол, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ж.Б , Б , М нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ш.Е , С , Б.Б , Ө нарыг гэрчээр асуусан гэрчийн тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн тойргийн Нотариатч М ийн 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 00 дугаар албан бичгээр 2016.09.18-ны өдрийн Байр түрээслэх хэлцэл бөгөөд нотариатын эвлэрлийн гэрээний эх хувь, Б гийн нэр дээрх гэр бүлийн хэрэгцээний 1080 м.кв талбайтай газрын гэрчилгээ, 2022.09.15-ны өдөр гэрчилж 00 дугаарт бүртгэсэн дэвтрийн хуудас, хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 00 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар захирамжийн хамт хариуцагчийн гаргаж өгсөн баримтууд, хариуцагчийн гарын үсгийн туршилтын загвар, мөн түүний чөлөөт бичгийн загвар, хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд С , Е  нарыг гэрчээр оролцуулсан зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн болно. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч М аас өвлийн сууц хөлсөлсний үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож, илүү нэхэмжилсэн 12,133,120 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

7.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: миний өмчлөлийн хувийн сууцыг хариуцагч М  нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 18-ны хүртэл бүтэн 5 жилийн хугацаанд түрээсэлж, эд хөрөнгийг зохих ёсоор ашиглаж, хоёр ч бэр буулгаж, хашаанд үхэр, адуу, хонь, ямаа зэрэг малыг барьж сайн сайхан амьдарч, үр шимийг хүртсэн боловч түрээсийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй  мөн түрээслэх хугацаанд түрээсэлж байсан эд хөрөнгийг надад бүрэн бүтэн хүлээлгэж өгөөгүй. Уг түрээслэх хугацаандаа худгийг эвдсэн, эд зүйл алга хийсэн, эд зүйлийг эвдсэн, үнс, хог хөрзөнг ачиж зайлуулаагүй учраас үнэлгээ гаргуулсан болно. Иймд түрээсийн төлбөр, алдангийн хамт мөн цэвэр усны эвдэрсэн худгийн нөхөн төлбөр болон бусад алга болсон, эвдэрсэн, нурсан, хагарсан, цоорсон, засаж сэлбээгүй, үнс, хог, хөрзөнг ачиж зайлуулаагүй зэрэг эд хөрөнгө, ажил үйлчилгээний үнэ, өртөг болох 10,633,120 төгрөг, нийт 15,133,120 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан гэжээ.

 

8.Хариуцагч М  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Б гийн Ө сумын 3 дугаар багт байршилтай өвлийн сууцыг би түрээсэлж суугаагүй. Тэрээр өвлийн сууц, малын хашаа, малын саравч, амбаар зэрэг үл хөдлөх хөрөнгө байдаг эдгээр эд хөрөнгийг минь харж хамгаалж байх дундаас дээш насны ахмад хүн хэрэгтэй гэсний дагуу үнэ төлбөргүй харж хамгаалж суусан маань үнэн. Хуучин байсан хог, үнсийг би мөнгө төгрөгийг төлж мөн 5 жил суусан хугацааны үнс, хогийг мөнгө төгрөгийг нь төлж ачуулсан. Байр түрээслэх хэлцэл бөгөөд Нотариатын эвлэрлийн гэрээ гэх юм дээр би гарын үсэг зурж байгаагүй. Би өөрөө олс хийдэг учраас Хөдөлмөр нийгэм хамгааллын хэлтсээс 1,000,000 төгрөгийн зээл авдаг байсан ба тус байгууллагын ажилтан надад төсөл бичээд ирвэл зээл гаргаж өгнө гэсэн. Харин Б гийн хувьд надад тус төслийг бичиж өгөхөөр болоод бид нар зусланд байх үед нэг цагаан цаасны буланд гарын үсэг зуруулаад миний регистрийн болон утасны дугаарыг тэмдэглэж авсныг өнөөдөр гэрээ болгож ашиглаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэг дэх шаардлага: Хариуцагч М аас өвлийн сууцны түрээсийн төлбөр болон алдангийн хамт 4,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

9.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов: Үүнд:

9.1 Нэхэмжлэгч Б нь Б аймгийн Ө сумын 3-р баг, Бөхөн уул 10-2 тоотод 00 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 1080 м.кв талбайтай өмчлөлийн газартай мөн уг газарт эхнэр нь Д хоёрын нэр дээрх 91.5 м.кв талбайтай, таван өрөө өвлийн сууцтай мөн эхнэр Д нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нас барсан болох нь тус тус хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

9.2 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор 2016.09.18-ний өдрийн “Байр түрээслэх хэлцэл бөгөөд Нотариатын эвлэрлийн гэрээ” гэх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч хариуцагчаас эс зөвшөөрч би нэхэмжлэгчтэй ийм гэрээ байгуулаагүй, Б нь Хөдөлмөр нийгэм хамгааллын хэлтэст төсөл бичиж өгөөд хөнгөлөлттэй зээл авч өгнө гэж нэг цагаан цаасны буланд гарын үсэг зуруулаад миний регистрийн болон утасны дугаарыг тэмдэглэж авсныг ашигласан гэж маргаж тухайн гэрээнд зурсан гарын үсэг мөн эсэхийг тогтоолгох тухай шинжээч томилуулж, тухайн нөхцөл байдлыг нүдээр харсан гэх өөрийнхөө төрсөн хүү С  болон Е  нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан байна.

 

9.3 Хэдийгээр нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2016.09.18-ний өдрийн “Байр түрээслэх хэлцэл бөгөөд Нотариатын эвлэрлийн гэрээ”-ний түрээслэгч гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг хариуцагч М ых болох нь Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар талуудын хооронд түрээсийн гэх гэрээ бичгээр байгуулагдаагүй байна гэж үзэхээр байна.

Учир нь, нэхэмжлэгч Б гаас Б аймаг дахь Цагдаагийн газарт хариуцагч М д холбогдуулан байшингийн эд хөрөнгүүдийг устгаж, гэмтээсэн гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг тус цагдаагийн газраас шалгаж, Б г хохирогчоор тогтоож, түүнээс хууль сануулж хохирогчоор мэдүүлэг авахад тэрээр “...Би М тай гэрээ байгуулсан зүйл огт байхгүй...” гэх түүний мэдүүлэг болон хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон С , Е  нарын гэрчийн мэдүүлэг мөн Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” 000 дугаартай тогтоол, мөн газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 00 дугаартай албан бичгээр гомдлын хариу мэдэгдэх хуудас, Монгол улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Ч ын гомдолд хариу мэдэгдэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтаар талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2016.09.18-ний өдрийн “Байр түрээслэх хэлцэл бөгөөд Нотариатын эвлэрлийн гэрээ”-г нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

9.4 Уг гэрээг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй байх боловч хариуцагч М  нь нэхэмжлэгч Б гийн Ө сумын 0 дугаар багт байршилтай маргаан бүхий өвлийн сууцад 2016 оны 9 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл нийт 5 жилийн хугацаанд суусан болох нь нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Ж.Б , Б  нарын гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагчаас түүнд маргаагүй болно.

 

9.5 Харин хариуцагч М  нь “нэхэмжлэгч Б гийн Ө сумын 3 дугаар багт байршилтай өвлийн сууцыг би түрээсэлж суугаагүй. Тэрээр өвлийн сууц, малын хашаа, малын саравч, амбаар зэрэг үл хөдлөх хөрөнгө байдаг эдгээр эд хөрөнгийг минь харж хамгаалж байх дундаас дээш насны ахмад хүн хэрэгтэй гэсний дагуу үнэ төлбөргүй харж хамгаалж суусан маань үнэн” гэж тайлбарладаг боловч тайлбарын үндэслэлээ шүүхэд бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй.

 

9.6.Хариуцагчийн өмгөөлөгчөөс уг түрээсийн гэх гэрээгээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, түрээсний төлбөр шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргадаг боловч шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар  Эд хөрөнгө хөлсөх гэрээ амаар байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

Учир нь, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба нэхэмжлэгч Б гийн Ө сумын 3 дугаар багт байршилтай өвлийн сууцыг хариуцагч М  нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж үр шимийг хүртэх зорилгоор бус охиноо сургуульд сургах зорилгоор хөлслөн сууж  байсан байна гэж дүгнэв.

 

9.7 Нэхэмжлэгч Б гаас хариуцагч М  нь миний эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэж өгөлгүй намайг хүнтэй уулзах хооронд зугтчихсан гэж тайлбарладаг боловч ямар хүнтэй уулзаж байхад хариуцагч зугтаад явсан болохыг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй, тухайн маргаан бүхий өвлийн сууцаа үргэлжлүүлэн бусад хүнд түрээслүүлж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

 

9.8 Хариуцагч М ы шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн эхнэр нь болох Д 2021 оны 10 дугаар сард нас барж түүний эсгий гэрийг барьж өгч, оршуулгын ажиллагаанд оролцож, тэгээд түүний өвлийн сууцнаас гарсан” гэх тайлбарыг нь нэхэмжлэгч Б гаас үгүйсгэж чадаагүй бөгөөд түүний эхнэр Д нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нас барсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

10.Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д зааснаар талуудын хооронд амаар байгуулагдсан эд хөрөнгийн хөлслөх гэрээний хугацаа нь тодорхой бус хугацаагаар байгуулагдсан ба улмаар нэхэмжлэгч Б гийн эхнэр нь болох Д нас барж мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсгийн 294.2.2 дахь заалтад зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар талууд гэрээгээ цуцалж эд хөрөнгийг хөлсүүлэгчид бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн байна гэж дүгнэв.

 

11.Уг гэрээ цуцуулсан 2021 оны 10 дугаар сараас хойш хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолбол нэхэмжлэгч Б нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан хугацаанд буюу 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч М д холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байжээ.

 

12.Иймээс нэхэмжлэгч Б нь хариуцагч М д холбогдуулан Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлсөлсөн үнийг шаардах эрхтэй тул хариуцагч М аас 2016 оны 9 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх нийт 5 жил нэхэмжлэгчийн өвлийн сууц хөлсөлж суусан хөлс болох 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн алдангийн мөнгө гэж нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь, шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг нотлохоор нотлох баримтаар гаргаж өгсөн 2016.09.18-ний өдрийн “Байр түрээслэх хэлцэл бөгөөд Нотариатын эвлэрлийн гэрээ”-г дээрх үндэслэлээр талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэсэн тул уг гэрээний 2 дахь заалтыг үндэслэж хариуцагчаас алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нөгөөтээгүүр уг гэрээндээ хариуцагч М  нь түрээсийн төлбөрөө  төлөх хугацаа заагаагүй тул хариуцагч гэрээний үүргийг зөрчиж хугацаанд биелүүлээгүй байна гэж дүгнэх үндэслэлгүй болно.

 

Хоёр дахь шаардлага: Хариуцагч М аас цэвэр усны эвдэрсэн худгийн нөхөн төлбөр болон бусад алга болсон, эвдэрсэн, нурсан, хагарсан, цоорсон, засаж сэлбээгүй, үнс, хог, хөрзөнг ачиж зайлуулаагүй зэрэг эд хөрөнгө, ажил үйлчилгээний үнэ, өртөг болох 10,633,120 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

13.Хариуцагч М  нь нэхэмжлэгч Б гийн Ө сумын 3 дугаар багт байршилтай 91,5 м.кв өвлийн сууцанд 2016 оны 9 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл амьдарч, хүүхдээ сургуульд сургасны хувьд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Б гаас уг өвлийн сууц болон хашаа хороо, худаг зэрэг эд хөрөнгийг ямар байдалтай хариуцагч М д хүлээлгэж өгсөн эсэх, хүлээлгэж өгөх үед хашаанд үнс хоггүй байсан эсэх болон хүлээж авахдаа ямар үнс хогтой байсан эсэх талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй.

 

14.Нэхэмжлэгч Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор маргаан бүхий өвлийн сууц, хашаа, хороо, хогийн хашаа зэрэг эд хөрөнгийн фото зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг зургууд нь хариуцагч М ы анх эд хөрөнгө хөлслөх үеийн нөхцөл байдлыг нотлохгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.

 

15.Хэрэв хариуцагч М  нь нэхэмжлэгчийн өвлийн сууцыг хөлсөлж суух хугацаандаа эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах гэмтээх нөхцөл байдал бий болгосон бол Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2 дахь хэсгийн 288.2.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б гаас гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй тул хариуцагчаас нэхэмжлэгчийн худгийг эвдэж, эд зүйлийг алга болгосон, хагарсан, цоорсон гэх нөхцөл байдал бий болгосон гэж үзэхгүй.

 

16.Түүнчлэн хариуцагч М  нь нэхэмжлэгч Б гийн өмчлөлийн хашаанд байдаг цэвэр усны худгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болох нь Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” 000 дугаар тогтоол, мөн газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 88 дугаартай албан бичгээр гомдлын хариу мэдэгдэх хуудас, Монгол улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Ч ын гомдолд хариу мэдэгдэх хуудас, мөн хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан С ийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.

 

17.Мөн нэхэмжлэгчээс хог, үнс, хөрзөнг зайлуулсны хөлсийг хариуцагчаас нэхэмжилж байгаа боловч хариуцагч М  нь нэхэмжлэгч Б гийн өвлийн сууцыг хөлсөлж байх хугацаандаа болон өмнө байсан үнс, хогийг хөлсийг нь төлж  тус тус ачуулж цэвэрлэсэн болох нь Е , Б.Б , Ө нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон тэдний гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

18.Нөгөөтээгүүр хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч Б гаас хөлслөгч болох М  нь түүний эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, ... гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар  Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д хуульчилжээ.

 

19.Гэтэл талуудын хооронд амаар байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ 2021 оны 10 дугаар сард цуцлагдсан ба тухайн хугацаанаас хойш Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэг хугацаа тоолбол 2022 оны 4 дүгээр сард дууссан буюу нэхэмжлэгч Б гаас хариуцагч М д холбогдуулан түүнээс цэвэр усны эвдэрсэн худгийн нөхөн төлбөр болон бусад алга болсон, эвдэрсэн, нурсан, хагарсан, цоорсон эд зүйлийн үнэ гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн байна гэж шүүх үзлээ. 

 

20.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270429 (86950+183479) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М аас  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 62940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 287 дугаар зүйлийн 287.1, 298 дугаар зүйлийн 298.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М аас өвлийн сууц хөлсөлж суусны үнэ 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 12,133,120 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М аас улсын тэмдэгтийн хураамжид 62950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.Ж