Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2023/00119

 

       

 

 

                           

 

 

 

Х.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00620 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** тоотод оршин суух М овогт Х-ын Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч **** багт оршин суух,  И овогт Т-ны М-нд холбогдох,

 

“Өвлийн сууцны түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөгийн хамт нийт 4,500,000 төгрөг, мөн цэвэр усны эвдэрсэн худгийн нөхөн төлбөр болон бусад алга болсон, эвдэрсэн, нурсан, хагарсан, цоорсон, засаж сэлбээгүй, үнс, хог, хөрзөнг ачиж зайлуулаагүй зэрэг эд хөрөнгө, ажил үйлчилгээний үнэ, өртөг болох 10,633,120 төгрөг, нийт 15,133,120 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Б- /цахим сүлжээгээр/, хариуцагч Т.М-, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай, орчуулагч Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие тус шүүхэд хариуцагч Т.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Үүнд: Байрны түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөгийн хамт 4,500,000 төгрөг, мөн цэвэр усны эвдэрсэн худгийн нөхөн төлбөр болон бусад алга болсон, эвдэрсэн, нурсан, хагарсан, цоорсон, засаж сэлбээгүй, үнс, хог, хөрзөнг ачиж зайлуулаагүй зэрэг эд хөрөнгө, ажил үйлчилгээний үнэ, өртөг болох 10,633,120 төгрөг, нийт 15,133,120 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхээс миний хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасан.Уг захирамжийн дагуу Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь заалтыг мөн хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээ гаргуулж, үнэлгээний дагуу тус шүүхэд нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Миний бие Өлгий сумын 3 дугаар багт байрлах өвлийн сууцаа Т.М-д сарын түрээсийг 50.000 төгрөгөөр түрээсэлсэн. Яагаад тийм хямд үнээр түрээсэлсэн бэ гэвэл би тэнд байгаа эд хөрөнгө буюу үл хөдлөх хөрөнгүүдийн бүрэн бүтэн байдалд хяналт тавихын тулд хямд түрээслүүлсэн байсан.

1.3. Харин бид гэрээндээ сарын төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол төлөөгүй өдөр нь 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон. Миний өвлийн сууцад 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх гэрээ байгуулан суусан. Гэхдээ тухайн үед гарах хугацааг тодорхой хэлээгүй учраас хугацаагүй байгуулсан.

1.4. Миний өмчлөлийн хувийн сууцанд хариуцагч Т.М- нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 18-ны хүртэл бүтэн 5 жилийн хугацаанд түрээсэлж, эд хөрөнгийн зохих ёсоор ашиглаж, хоёр ч бэр буулгаж, хашаанд үхэр, адуу, хонь, ямаа зэрэг малыг барьж сай сайхан амьдарч, үр шимийг хүртсэн боловч түрээсийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй, мөн түрээслэх хугацаанд түрээсэлж байсан эд хөрөнгийг надад бүрэн бүтэн хүлээлгэж өгөлгүй, намайг хүнтэй уулзах хооронд зугтчихсан. Түрээслэх хугацаандаа худгийг эвдсэн, эд зүйл алга хийсэн, эд зүйлийг эвдсэн, үнс, хог хөрзөнг ачиж зайлуулаагүй учраас үнэлгээ гаргуулсан болно.

1.5. Тэгээд би 2021 онд эд хөрөнгө болон байшингаа хүлээж аваад, түрээсийн үлдэгдэл мөнгийг авахаар Улаанбаатар хотоос Өлгийд ирэхэд Т.М- аль хэдийн нүүгээд явсан байна. Би Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу явах хүртэл надтай ямар ч холбоо бариагүй. Тийм учраас би надтай байгуулсан гэрээний дагуу өвлийн сууцны түрээсийн мөнгө түүний хугацаа хэтрэлтийн алданги зэргийг тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.6. Иймд өвлийн сууцны түрээсийн төлбөр болон алдангийн хамт 4,500,000 төгрөг, мөн цэвэр усны эвдэрсэн худгийн нөхөн төлбөр болон бусад алга болсон, эвдэрсэн, нурсан, хагарсан, цоорсон, засаж сэлбээгүй, үнс, хог, хөрзөнг ачиж зайлуулаагүй зэрэг эд хөрөнгө, ажил үйлчилгээний үнэ, өртөг болох 10,633,120 төгрөг, нийт 15,133,120 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж миний хохирлыг арилгаж өгөхийг шүүхээс хүсэж байна.

 

2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч Х.Б-гийн Өлгий сумын 3 дугаар багт байршилтай өвлийн сууцыг би түрээсэлж суугаагүй. Тэрээр өвлийн сууц, малын хашаа, малын саравч, амбаар зэрэг үл хөдлөх хөрөнгө байдаг. Эдгээр эд хөрөнгийг минь харж хамгаалж байх дундаас дээш насны ахмад хүн хэрэгтэй гэсний дагуу үнэ төлбөргүй 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн харж хамгаалах үүднээс манаж суусан. Хуучин байсан хог, үнсийг би мөнгө төгрөгийг төлж мөн 5 жил суусан хугацааны үнс, хогийг мөнгө төгрөгийг нь төлж ачуулсан.

2.2. 2021 оны 10 дугаар сард нэхэмжлэгч Х.Б-гийн эхнэр нь болох Х.Д нас барсан. Тэгээд түүний эхнэрийг Баян-Өлгий аймагт авч ирж оршуулсан. Би тухайн оршуулгын үйл ажиллагаанд биеэрээ оролцож, эсгий гэрийг барьж өгч бүх арын ажлыг хийж өгсөн.

2.3. Улмаар нэхэмжлэгчийн өвлийн сууцнаас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гарч бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Гэхдээ дараа нь нэхэмжлэгчээс миний эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэж цагдаад өргөдөл гаргасны дагуу цагдаагаас очиж үзлэг хийж, шалгаж бүрэн бүтэн байна гэхээр нь прокурорт өргөдөл гаргасан. Сүүлд цагдаагийн газраас ямар нэгэн эвдсэн зүйл байхгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас аргаггүйн эрхэнд одоо шүүхэд хандсан байна.

2.4. Би нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Тухайн өвлийн сууцнаас би гараад явсны дараа дахин өөр хүнд түрээслүүлсэн байна. Би нэхэмжлэгчтэй өвлийн сууцыг түрээсэлж сууж байгаагүй. Тийм түрээс гэсэн тохиролцоо ч гэсэн байгаагүй. Амьдарч байх хугацаандаа сар бүрийн тогийн мөнгийг хийж байсан. Би түрээсэлж сууж байсан бол надаас сар болгон мөнгөө авах ёстой. Тэгж намайг бүхэл бүтэн 5 жил суулгахгүй байсан.

2.5. Түүний хашаанд 40 жил байсан үнс хогийг тус өвлийн сууцанд амьдарч байх хугацаандаа ачуулсан. Улмаар 2018 оны 7 дугаар сард үеэр буугаад түүний худгийг бохирдуулсан учраас нэг хүнд мөнгөө өгч цэвэрлүүлсэн. Бид нар тэгж мөнгө өгч түрээсэлж суухаар тохироогүй. Тухайн үед бид хамаатан хүмүүс чиг маш дотно байсан. Надад хонь хэрэгтэй гэхээр хонийг нь бэлдээд автобусанд хийгээд явуулдаг байлаа. Зун тухайн өвлийн сууцанд амьдрахгүй зусланд гардаг ба өөрөө ирж манаж байдаг байсан. Тухайн байшин нэлээн эрт үет баригдсан хуучин байшин байсан. Манайд нэхэмжлэгч эхнэрийн хамт ирж амраад байшингаа үзээд явдаг байсан. Бид нарын дунд ямар нэгэн түрээс гэсэн зүйл байгаагүй.

2.6. Байр түрээслэх хэлцэл бөгөөд Нотариатын эвлэрлийн гэрээ гэх юм дээр би гарын үсэг зурж байгаагүй. Би өөрөө олс хийдэг учраас Хөдөлмөр нийгэм хамгааллын хэлтсээс 1,000,000 төгрөгийн зээл авдаг байсан ба тус байгууллагын ажилтан надад төсөл бичээд ирвэл зээл гаргаж өгнө гэсэн. Харин Х.Б-гийн хувьд надад тус төслийг бичиж өгөхөөр болоод бид нар зусланд байх үед нэг цагаан цаасны буланд гарын үсэг зуруулаад миний регистрийн болон утасны дугаарыг тэмдэглэж авсан. Надад чи энэ газарт гарын үсэг зурах бол бусдыг би өөрөө аргалах болно гэж хэлсэн учраас тухайн үед гарын үсэг зурсан. Түүнээс биш өөр ямар нэгэн зүйлд гарын үсэг зураагүй. Тухайн үед Х.Б-г би өөрөө мотоциклээр ирж тосож аваад 10 гаруй хоног зусландаа хонуулж явуулсан. Миний зуслангийн нэрийг Мухырзах гэх газарт байдаг. Тэр цаг хугацаандаа зуруулсан гарын үсгийг маань ашиглаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00620 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 287 дугаар зүйлийн 287.1, 298 дугаар зүйлийн 298.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.М-аас өвлийн сууц хөлсөлж суусны үнэ 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 12,133,120 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 62950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.  Өвгөн Т.М- би 61 настай. Эхнэр нас барж ганц охин М.Б-г 2016 оны намар 9 дүгээр сарын дундуур Баян-Өлгий аймгийн төв Өлгий сумд Ерөнхий боловсролын 10,11.12 дугаар ангид сургахаар өвөл, хавар, намрын улиралд түр байрлах өвлийн сууц хайж явахад Улаанбаатар хотод гэр бүлээрээ нүүж очоод тэнд амьдардаг Х.Б- гэдэг хүнтэй бусдын зуучлалаар танилцсан юм. Энэ хүн зуучлан танилцуулсан хүмүүсийн дэргэд: “Би 4 өрөө өвлийн сууц, амбаар, малын болон гэр бүлийн газар хашаа, худагтай бөгөөд дотор нь эсгий гэр гэх мэт эд хөрөнгө байгаа. Би тогтвор суурьшилтай, төлөв томоотой хүн хайж байгаа юм. Тийм хүнд байр орон, хашаа. амбаарт эд хөрөнгөө харж мануулаад үүдний 2 өрөөндөө үнэ хөлс авахгүй суулгана. Чи миний эрж хайсан хүн байна. Санаанд таарлаа” гэж хэлж тохирсноор би түүний Өлгий сумын 3 дугаар баг, ***** тоотод байдаг хашаа, амбаар, түүний доторх эд зүйл, хөрөнгө хогшлыг нь хамгаалж, мөн орон байранд нь үнэгүй суухаар хэлэлцэж тохирсноор 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хооронд бүтэн 5 жил хэд хоног охинтойгоо хамт өвөл, хавар, намрын улиралд амьдарч зун нь энэ олон арван сая төгрөгийн эд хөрөнгийг нь байнга эргэн тойрч харж хамгаалж манаж байгаад  Х.Б-гийн эхнэр Улаанбаатар хотод 2021 оны 10 дугаар сарын 20-нд нас барж эхнэрийг нь Өлгийд авч ирж оршуулах үед нь би ажил албанд оролцоод гэр орныг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн юм. Энэ 5 жилийн хугацаанд Х.Б- нь Улаанбаатар хотоос Өлгийд олон удаа ирж буцсан ба надад өмч хөрөнгийг минь хамгаалсан гэж талархаж явдаг байсан юм.

4.2. Гэтэл Х.Б- нь “Т.М- намайг залилж, эд хөрөнгийг минь ашиглан шамшигдуулж хулгайлж 15 орчим сая төгрөгийн хохирол учруулсан” гэж гэнэт гомдлоо 2023 оны 04 дүгээр сард тус аймгийн Цагдаагийн газарт өгч шалгуулахад шат шатны Прокурор нь гэмт хэргийн шинжгүй, нотлогдохгүй гэж бичиж хамгийн сүүлд улсын Ерөнхий Прокурорын орлогч дарга М.Чинбат нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1/1713 тоот албан бичгээр Х.Б-д хариу өгсөн байдаг. Гэтэл Х.Б- нь тус аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны Шүүхэд 3.000.000 төгрөгөө нэхэмжилж гомдол гаргадаг. Сүүлд нь нэхэмжлэлийн шаардлагыг элдэв гүтгэлгээр өсгөж 15.000.000 төгрөг болгосон байсан.

4.3. Х.Б- нь Улаанбаатар хотын Налайх дүүргийн Нотариатч Х.Майрагүлийн үйл баримтыг хууль бусаар нотлон гэрчилсэн ‘‘Байр түрээслэх нотариатын эвлэрлийн гэрээ” гэдэг баримтыг нэлээд хойно авч ирж энэ хэрэгт хавсаргасан байдаг. Анх Цагдаа, Прокурорын байгууллагад шалгуулж байхад нотлох баримт байхгүй гэж байснаа Х.Майрагүлээр 2023 оны 9 дүгээр сарын 15-нд /05-нд байх/ гэрчлүүлсэн байна. Энэ баримт-үйл баримтыг гэрчилсэн нотариатч Х.Майрагүл нь Монгол Улсын Иргэний Хууль, Монгол Улсын Наториатын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журам, дүрмийг ноцтой зөрчсөн ашиг сонирхлын зөрчил гаргаж гэрчилсэн байгаа тухай шүүхэд хэлж, энэ гэрээ гэгч нь эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлэхгүй байхыг хүссэн юм. Сэжигтэй эргэлзээтэй байгаа тул Монголын Нотариатчидын танхимд Нотариатч Х.Майрагүлийн үйлдлийг урьдчилан албаны, мэргэжлийн талаас нь шалгаж дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэлт, гомдол гаргахад “Бид хариуцлага тооцох эрхгүй!” гэсэн хариуг ирүүлсэн байсан.

4.4. Үл хөдлөх хөрөнгийн буюу “Байр түрээслэх нотариатын эвлэрлийн гэрээ” гэж Х.Б- өөрөө 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бичиж гарын үсэг зурагдсан баримтыг нотариатч Х.Майрагүл нь хууль зөрчиж гэрчилсэн гэж үзэж байна. Үл хөдлөх түрээсэлсэн буюу байр түрээсэлсэн тухай гэрээ хийхдээ түрээслүүлэгч, түрээслэгч хүмүүс хоёулаа байх ёстой. Гэрээнд заасныг хоёр тал харилцан танилцаж хүлээн зөвшөөрсөн байх ёстой. ‘'Х.Б- нь түрээслүүлж би түрээслэн авч байгаа ба би хүлээн авч гарын үсэг зурсан’’ мэт болсон “Үйл баримт, үйлдлийг” тус Нотариат, Х.Майрагүл нь намайг Налайх дүүрэгт очоогүй байхад хуурамчаар гэрчилж, баталж өгсөн байгаа тул шүүх нотлох баримтаар эргэлзээтэй гэж үндэслэн үнэлэхгүй байх байсан. Учир нь: Би Улаанбаатар хот, Налайх тийш амьдралдаа очоогүй, Х.Б-тай ямар ч Нотариатад очиж түрээс, гэрээ зэрэг зүйл, үйлдэл хийж байгаагүй. Дээрх гэрээ гэгчийг огт харж байгаагүй бөгөөд харш харж хамгаалахаа амаараа тохирсон байсан. Гэтэл Нотариатч Х.Майрагүл нь 2-дагч этгээд буюу түрээслэн суугч намайг байхгүй байхад миний эрхэнд халдаж, хуулийг ноцтой зөрчиж үйл баримтыг гэрчилж өгснөөр сэжигтэй, эргэлзээтэй нотлох баримт гэж үзэж шүүхэд уг гэрээ гэх баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй байхыг хүссэн байхад үнэлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг түрээс гэсэн Нотариатын батлуулсан гэрээг шүүх “Хэлцэл” гэх талаас нь буруугаар тайлбарлан үнэлж хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

4.5. Х.Б- нь манайд хэд хэдэн зун Мухарзах гэдэг газарт байдаг гэрт маань ирж мал гаргуулж, айраг, архи ууж амрахдаа “ЖДҮ” гэдэг сангаас 15.000.000 төгрөг зээл тусламж авч өгнө, надад танил тал, найз нөхөд их бий. Өргөдөл бусад баримт материалыг би өөрөө янзлаад аймгийн дарга нарт өгч батлуулна. Чи зөвхөн гарын үсэг зурчих” гэж нэг бичгийн цагаан цаасанд гарын үсэг зуруулж авсан. Ингэж зуруулж авсныг шүүхэд хэд хэдэн хүмүүс үзэж харсан тухайгаа хэлж гэрчилсэн байсан. Энэ тухай анхан шатны шүүхэд гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлэг, миний бичсэн хүсэлт тайлбарт бичигдсэнийг танилцана уу? Гэтэл миний гарын үсэг зурагдсан энэ цагаан цаасан дээр Х.Б- нь яарамгүй бодож боловсруулан найруулж, дармалаар элдэв зүйлийг нэхэх ёстой мэтээр бичиж түүнийгээ “Байр түрээслэх нотариатын эвлэрлийн гэрээ” гэж хаяглан Х.Майрагүл нотариатчаар тэмдэг даруулж гэрчлүүлсэн байна. Энэ баримт нь Шүүхийн хуулийг буруу хэрэглэж буруу шийдвэр гаргахад нөлөөлөлдсөн гэж үзэж байна.

4.6. Шүүх “Т.М- нь Х.Б-гийн өвлийн байр, хашаа, амбаар зэрэг үл хөдлөх хөрөнгийг хөлслөн сууж байсан гэж хөлсөлсөн нь огт нотлогдоогүй байхад хуулийг буруу хэргэлж, буруугаар тайлбарлаж Иргэний хуулийн 287, 288 дугаар зүйлүүдийн 227.1, 288.2, 288.2.3 дэх хэсэгт заасныг барьж энэ хэргийг буруу шийдвэрлэсэн. Тодруулбал анхан шатны Шүүх нь Иргэний хуулийн дээрх заалтыг надад огт хамаагүй, хамааралгүй байхад ‘'Хөлслөх гэрээ” хийсэн мэтээр хуулийг буруу тайлбарлаж, бодит байдлыг ялган салгаж, юу болсон гэдгийг тодруулалгүйгээр “М- нь Х.Б-гийн байшинд түр суусан нь үнэн тул хөлс төлөх нь зүйтэй. Үүнийг дээрх хуулийн заалтаар шийдвэрлэнэ” гэж хуулийг буруу хэргэлж шийдвэрлэсэн гэж үзэж шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.7. Х.Б-гийн тус “Түрээсийн гэрээ” гэж шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх “түрээсийн гэрээ” гэсэн талаас нь буюу Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дугаар зүйлд заасныг баримталж шийдвэрлэх байтал энэ заалтыг огт хөндөөгүй нь учир дутагдалтай. Учир нь байрыг хөлсөлсөн эсвэл хөлслөөгүй гэх байдлын талаарх ганцхан баримт нотолгоо гэгч нь “Байр түрээсэлсэн нотариатын гэрээ” бөгөөд “түрээс” гэж бичсэнээр дээрх бичсэн хуулийн 318 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэгдэх ёстой бас нэг хувилбар байсан

4.8. Х.Б-гийн шүүхэд нотлох баримтаар өгсөн миний зөвшөөрөхгүй байгаа. “Байр түрээслэх нотариатын эвлэрлийн гэрээ”- гэгчийн 2-т “сарын 50.000 төгрөгөөр байрын түрээсийн мөнгийг төлнө. Төлбөрийн хугацаа сараар төлнө. Хугацаа хэтрүүлбэл өдөрт 0.5% алданги төлнө” гэж Х.Б- бичсэн байна. Хэрэв би Х.Б-тай энэхүү гэрээг хийсэн бол Х.Б- нь бүтэн 5 жил түрээсэлсэн байрныхаа хөлсийг сар болгон, үгүй ядаж нэг жилд нэг удаа ч яагаад нэхэмжлээгүй юм. Мөн “0.5хувийн алданги авна” гэсэн байна. Түүнийгээ ч нэхээгүй. Ингэж бичиж уг гэрээ гэгчид нь гарын үсэг зурсан байсан бол ач нараа асарч, өтөл настай болсон би бүтэн 5 жил байрны түрээсний гэх мөнгийг нь төлөхгүй явж чадахгүй байх байсан. Үгүй ядаж ганц хоёр сар ч төлөх байсан. Би мал хөрөнгөтэй, авдаг тэтгэвэртэй, хүүхдүүд тусдаа гарсан өрх гэр толгойлсон, хүнд худал хэлдэггүй, хуурч мэхэлдэггүй өвгөн юм. Х.Б-гийн олон арван сая төгрөгийн эд хөрөнгийг манаж хамгаалж өгсөн бөгөөд гэрээ гэгчийг нь би огт уншаагүй, түүний бичсэнчлэн тохирсон явдал болоогүй билээ.

4.9. Анхан шатны Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00620 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож Х.Б-гийн нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатын шүүх  хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00620 дугаартай шийдвэр үндэслэлтэй тул давж заалдах гомдол гаргаагүй.

5.2. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдээх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдлыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргахаар Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д хуульчилсан гэх үндэслэлийг зөвшөөрч байна.

5.3. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00620 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Б-гийн хариуцагч Т.М-д холбогдуулан гаргасан “Өвлийн сууцны түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөгийн хамт 4,500,000 төгрөг, мөн цэвэр усны эвдэрсэн худгийн нөхөн төлбөр болон бусад алга болсон, эвдэрсэн, нурсан, хагарсан, цоорсон, засаж сэлбээгүй, үнс, хог, хөрзөнг ачиж зайлуулаагүй зэрэг эд хөрөнгө, ажил үйлчилгээний үнэ, өртөг болох 10,633,120 төгрөг, нийт 15,133,120 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэв.

 

7. Нэхэмжлэгч Х.Б- нэхэмжлэлийн үндэслэлээ “миний өмчлөлийн хувийн сууцыг хариуцагч Т.М- нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 18-ны хүртэл бүтэн 5 жилийн хугацаанд түрээсэлж, эд хөрөнгийг зохих ёсоор ашиглаж, үр шимийг хүртсэн боловч түрээсийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй мөн түрээслэх хугацаанд түрээсэлж байсан эд хөрөнгийг надад бүрэн бүтэн хүлээлгэж өгөөгүй. Уг түрээслэх хугацаандаа худгийг эвдсэн, эд зүйл алга хийсэн, эд зүйлийг эвдсэн, үнс, хог хөрзөнг ачиж зайлуулаагүй учраас үнэлгээ гаргуулсан болно. Иймд түрээсийн төлбөр, алдангийн хамт мөн цэвэр усны эвдэрсэн худгийн нөхөн төлбөр болон бусад алга болсон, эвдэрсэн, нурсан, хагарсан, цоорсон, засаж сэлбээгүй, үнс, хог, хөрзөнг ачиж зайлуулаагүй зэрэг эд хөрөнгө, ажил үйлчилгээний үнэ, өртөг болох 10,633,120 төгрөг, нийт 15,133,120 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан” гэж тайлбарлажээ.

 

8. Хариуцагч Т.М- “нэхэмжлэгч Х.Б-гийн Өлгий сумын 3 дугаар багт байршилтай өвлийн сууцыг би түрээсэлж суугаагүй. Тэрээр өвлийн сууц, малын хашаа, малын саравч, амбаар зэрэг үл хөдлөх хөрөнгө байдаг эдгээр эд хөрөнгийг минь харж хамгаалж байх дундаас дээш насны ахмад хүн хэрэгтэй гэсний дагуу үнэ төлбөргүй харж хамгаалж суусан маань үнэн. Хуучин байсан хог, үнсийг би мөнгө төгрөгийг төлж мөн 5 жил суусан хугацааны үнс, хогийг мөнгө төгрөгийг нь төлж ачуулсан. Байр түрээслэх хэлцэл бөгөөд Нотариатын эвлэрлийн гэрээ гэх юм дээр би гарын үсэг зурж байгаагүй. Би өөрөө олс хийдэг учраас Хөдөлмөр нийгэм хамгааллын хэлтсээс 1,000,000 төгрөгийн зээл авдаг байсан ба тус байгууллагын ажилтан надад төсөл бичээд ирвэл зээл гаргаж өгнө гэсэн. Харин Х.Б-гийн хувьд надад тус төслийг бичиж өгөхөөр болоод бид нар зусланд байх үед нэг цагаан цаасны буланд гарын үсэг зуруулаад миний регистрийн болон утасны дугаарыг тэмдэглэж авсныг өнөөдөр гэрээ болгож ашиглаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

9. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Х.Б- нь өөрийн эхнэр Х.Д-ийн хамт өмчилдөг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **** тоотод байршилтай өвлийн сууцны зориулалттай 91.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө буюу байшинг хашаа хороо, амбаар, агуулахын  хамт хариуцагч Т.М-ы эзэмшилд шилжүүлж, хөлслөгч сар тутам 50000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогдож байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, ... хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан. Иймээс хөлслөгч буюу хариуцагч Т.М- нь хөлслүүлэгч Х.Б-д орон сууцны хөлсийг гэрээнд зааснаар төлөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

10. Орон сууц хөлслөх гэрээний зүйл нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөө байдаг тул энэ гэрээний үүрэгтэй холбоотой харилцаанд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний ерөнхий зохицуулалтаас гадна мөн хуулийн Хорин тавдугаар бүлгийн Хоёр дугаар дэд бүлэгт заасан орон сууц хөлслөх гэрээний нарийвчилсан зохицуулалт үйлчилнэ. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг сэргээн тогтоохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй орхигдуулсан тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийг нэмж, нэмэлт өөрчлөлт оруулах замаар хууль хэрэглээний алдааг залруулав.

 

11. Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагчаас 60 сарын орон сууцны хөлс 3.000.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөг шаардсан нь бичмэл нотлох баримтад үндэслэгдсэн боловч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу гагцхүү орон сууцны хөлс 3.000.000 төгрөгийг хариуцагч Т.М-аар төлүүлсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын /диспозитив/ зарчмыг үндэслэл болгож, Т.М-ы давж заалдах гомдлын хүрээнд хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэлээ.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэг хүлээнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг өөрөө нотлох үүрэг хүлээх атал хариуцагч Т.М- нь нэхэмжлэгч Х.Б-гийн 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх 60 сарын хөлсөнд 3,000,000 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Иймд хариуцагчийн “...Шүүх “Т.М- нь Х.Б-гийн өвлийн байр, хашаа, амбаар зэрэг үл хөдлөх хөрөнгийг хөлслөн сууж байсан гэж хөлсөлсөн нь огт нотлогдоогүй байхад хуулийг буруу хэргэлж, буруугаар тайлбарлаж Иргэний хуулийн 287, 288 дугаар зүйлүүдийн 227.1, 288.2, 288.2.3 дэх хэсэгт заасныг барьж энэ хэргийг буруу шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

13. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын “хариуцагч Т.М-аас цэвэр усны эвдэрсэн худгийн нөхөн төлбөр болон бусад алга болсон, эвдэрсэн, нурсан, хагарсан, цоорсон, засаж сэлбээгүй, үнс, хог, хөрзөнг ачиж зайлуулаагүй зэрэг эд хөрөнгө, ажил үйлчилгээний үнэ, өртөг болох 10,633,120 төгрөг гаргуулах” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

            14. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих нэмэлт өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,429 төгрөг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00620 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн” гэсний дараа “302 дугаар зүйлийн 302.1” гэсэн нэмэлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Т.М-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270.429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.КӨБЕШ

 

                        ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК