Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/04468

 

 

 

 

 

 

                                2023       10          16

                   101/ШШ2023/04468

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “М” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Н /рд:/-т холбогдох

 

Ажил хүлээлцэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н нь анх 2022 оны 3 дугаар сарын 7-ноос эхлэн “Хөлсөөр ажиллах гэрээ”-ээр Нягтлан бодогч, 4 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн “Хөдөлмөрийн гэрээ”-ээр Үйлдвэр хариуцсан нягтлан бодогч, 6 дугаар сарын 24-өөс “Хөдөлмөрийн гэрээ”-ээр Үйлдвэрийн нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ”-ээр Ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн билээ.

Гэтэл С.Н нь 2023 оны 05 сарын 22-ны өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан тул компанийн Гүйцэтгэх захирлын дугаар Б-01/151 тушаалаар ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.” гэж заасны дагуу хариуцагч нь үүргээ биелүүлээгүй. С.Н нь одоог хүртэл утсаа авахгүй, ирж ажлаа хүлээлцэхгүй байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагаа явагдахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байна. Иймд С.Нийг М ХХК-д эрхэлж байсан Ахлах нягтлан бодогчийн ажлаа хүлээлцэхийг даалгаж өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2022.3.7-с эхлэн ажиллуулж байгаад хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үйлдвэрийн нягтлан бодогчоор ажиллуулж байсан. Улмаар 2023 оны 1 сараас ахлах нягтлангаар ажиллуулж байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй тул ажлаас халсан юм. Энэ талаар тухайн үед ажилтанд мэдэгдэж байсан. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар 3 хоногт ажил хүлээлцэх байсан боловч хүлээлцээгүй тул хүлээлцэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Ажлын байрны тодорхойлолтод хариуцах ажлыг заасан байдаг. Санхүүтэй холбоотой бүртгэл хийх ёстой. Хариуцагч нь ажлын байрны тодорхойлолт заасан баримт бичгүүдийг хүлээлгэж өгөх байсан. Бид ажлаа хүлээлц л гэж байгаа юм. Ахлах нягтлан бодогч байсан тул үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болж байгаа юм. Дараагийн нягтлан ажлаа хүлээж авах боломжгүй болоод байгаа юм. Би эд хөрөнгө шаардаагүй. Бид хохирол шаардаагүй. Ажлын байрны тодорхойлолтын 4 гэж тодорхойлсон үүрэгтэй холбоотой бичиг баримтуудыг гаргуулна. Би санхүүгийн мэргэжилтэй биш тул нарийвчлан тодорхойлох боломжгүй байна. Бичгийн болон цахим баримтуудыг гаргуулах хүсэлтэй. Санхүүгийн тайлангийн талаар тайлбар гаргуулна. НӨАТ-н баримт, ХАОАТ, ААНОАТ-н тайлангаа татварын байгууллагын системд бүртгүүлсэн эсэхийг шалгах юм. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгч байгаагүй юм. Ямар нэг хийж байсан ажилтай нь холбоотой баримтуудыг гаргуулах хүсэлтэй. Дагалднаар ажиллаж байсан нь ажил хүлээлцэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэв.

 

2.         Хариуцагч С.Н нь шүүхэд, түүний төлөөлөгч А.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “М” ХХК-с гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Миний бие “М” ХХК-нд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажилд орсон бөгөөд ажиллах хугацаанд үйлдвэр хариуцсан нягтлан бодогчоор томилж ажиллуулан улмаар ажлын үр дүнд тулгуурлан, ахлах нягтлан бодогчийн албан тушаалд туршилтын хугацаанд ажиллуулсан бөгөөд энэ хугацаанд үйлдвэр хариуцсан нягтлан бодогчийн ажлыг давхар хийлгэж байсан. Компанийн захирлаас амласан цалин хөлсөө өгөхгүй 2 ажил зэрэг хийлгэж байсан, мөн миний бие Австрали улс уруу явахаар визний материал бүрдүүлж байсан бөгөөд нэмэгдэл цалин хөлсийг олгохгүй олон сар ажиллуулсантай холбоотой ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өөрийн биеэр гаргах нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотой 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг бичгээр гаргаж компанийн хүний нөөцийн ажилтан н.Даар дамжуулан захирал н.Эд хүсэлтийг өгсөн. Ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргаж өгснөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацаа өнгөрсөн тул ажлын байраа орхиж явсан. Учир нь компанийн захирал н.Эээс миний ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хүлээн авсан атлаа шийдвэрлэж өгөхгүй, компанийн дотоод журмаар 90 хоног ажиллаад чөлөөлөгдөж болно гэх хуульд нийцэхгүй шаардлагыг надад тавьсан. Иймд миний хувьд хуульд заасан 30 хоногийн хугацаа өнгөрмөгц буюу 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр /тав дахь өдөр/ байсан бөгөөд 27, 28-ны амралтын өдрүүд залгаж, 29-ны өдрөөс эхлэн ажилдаа очоогүй. “М” ХХК-с ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг гаргаж өгөөгүй, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй, ажлаа тасалсан мэтээр худал зүйл бичсэн байна. Иймд миний ажлаас чөлөөлөгдөх тухай бичгээр гаргасан хүсэлт, ажлын цагаа хуруу уншигч төхөөрөмжид уншуулж 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд бүртгүүлж байсан баримтуудыг “М” ХХК-с гаргуулж авснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тодорхой болно. Миний хувьд тусгайлан хүсэлт гаргаж холбогдох ажиллагаануудыг хийлгэх болно.

2а. Ажлаа үндэслэлгүй хаяж явсан гэж байна. Ажлаа таслаагүй бөгөөд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад шийдэхгүй байсан тул орхиж явсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 83.2-т зааснаар холбогдох зүйлийг ажил олгогчид хүлээлгэж өгөхөөр заасан. Нэхэмжлэгч нь ажил хүлээлцэхгүйн улмаас үйл ажиллагаанд саад учруулсан гэжээ. Гэтэл юу дутуу, юу хүлээж авах талаар дурдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д зааснаар талууд мэтгэлцэх эрхтэй. Мөн хэргийн оролцогч өөрөө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 7 сарын гэрээний 1.4-т хариуцуулж өгөх эд хөрөнгийг жагсаалтаар гаргах байсан. Гэтэл ямар эд хөрөнгө хүлээлгэж өгсөн талаар баримтгүй. Гэрээний 6-д ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 30 хоногийн дотор өгсөн бөгөөд шийдвэрлэж өгөхгүй байсны улмаас ар гэрийн байдлаас болоод ажлын байраа орхиж явсан юм. Энэ талаар захиралдаа удаа дараа хэлсэн боловч шийдэж өгөөгүй. Түүнчлэн компани нь 2 зэрэг ажил хийлгэдэг байсны улмаас ажлаа орхиж явсан юм. Ажил тасалсан зүйл байхгүй юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 83.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дагалднаар ажиллаж байсан бөгөөд ахлах нягтлангаар ажиллаж байгаагүй юм. Өмнөх ахлах нягтлангаас ямар баримт хүлээлгэж өгсөн юм. Иймд баримт байхгүй. Яг юу хүлээж авах гээд байгаа нь тодорхойгүй байна. 4 сарын хугацаанд л ажилласан байна. Өмнөх ахлах нягтлангаас ямар ямар баримт хүлээж авсан нь тодорхойгүй байна. 2023.04.27-нд хүний нөөц хариуцсан Д гэдэг хүнд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. 5 сарын 29-с ажилдаа очоогүй юм. Хүсэлт өгснөөс хойш 30 хоногийн хугацаа өнгөрөөд, шийдвэрлүүлэх хүсэлт өгөөд 90 хоног гээд шийдээгүй тул тойрох хуудас зуруулах боломжгүй байсан тул орхиж явсан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Энэ талаар тайлбар гаргах эрх хангагдсангүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн

3а. Нэхэмжлэгчээс гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б-01/40 дүгээр тушаалын хуулбар /хх8/, 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх9-11/, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх12-14/, гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Б-01/01 дүгээр тушаал /хх15/, 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ /хх16-19/, ажлын байрны тодорхойлолт /хх20-22/, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх23-24/, гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б-01/151 дүгээр тушаал /хх25/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчид ахлан нягтлан бодогчийн ажил, албан тушаалтай холбоотой бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “М” ХХК нь ахлах нягтлан бодогчийн ажлыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч С.Н нь ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаалд дагалднаар ажилласан, анх ажил хүлээж аваагүй бөгөөд юу хүлээлгэж өгөх нь тодорхойгүй гэж маргаж байна.

 

4.         Нэхэмжлэгч С.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үйлдвэр хариуцсан нягтлан бодогчийн ажил, албан тушаалд томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь хариуцагч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын мөн өдрийн Б-01/40 дүгээр тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдсон. /хх8, 12-14/

Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаалд томилогдож, дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Б-01/01 дүгээр тушаал, дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдсон. /хх15, 16-19/

Цаашлаад, нэхэмжлэгчийг “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б-01/151 дүгээр тушаалаар ажлаас халсан байна.

Дээрх хугацаанд нэхэмжлэгч нь тодорхой ажил үүрэг гүйцэтгэж байсан үйл баримтын талаар маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж, дуусгавар болжээ.

 

5.         Хариуцагч, түүний төлөөлөгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн боловч хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тул ажлын байрыг орхисон. Харин зөрчил гаргаагүй тул ажлаас халсан тушаал үндэслэлгүй гэж тайлбарласан. Гэвч зохигчид хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үйл баримтын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгохыг хэн аль нь зөвшөөрч байх бөгөөд хэрхэн дуусгавар болсон нь энэ хэрэгт хамааралгүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

6.         Зохигчид хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үндэслэлийн талаар маргаж байгаа боловч дуусгавар болсон үйл баримтыг зөвшөөрсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т зааснаар ажилтан буюу хариуцагч нь ажил үүрэгтэй холбоотой олгосон эд зүйл, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг ажил олгогч буюу нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.

 

7.         Хариуцагчийн төлөөлөгч нь ямар зүйл хүлээлгэн өгөх талаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж маргасан бол нэхэмжлэгчийн төлөөлөгч нь бид эд зүйл шаардаагүй, харин бичгийн хэлбэрийн болон цахим бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг шаардана гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан.

7а. Улмаар цахим баримт бичиг гэдэгт хариуцагч хуулийн этгээдийн санхүүгийн болон НӨАТ, ААНОАТ, ХАОАТ-ын тайланг тайлбарлуулах буюу өөрөөр хэлбэл, татварын байгууллагад дээрх тайланг цаг хугацаанд нь бүрэн тайлагнаж байсан талаар тодруулж, шалгана гэж тайлбарлаж байна. Мөн бичгийн хэлбэрийн баримтуудыг нэг бүрчлэн тодорхойлох боломжгүй бөгөөд ажлын байрны тодорхойлолт заасан үүргээ гүйцэтгэх явцад бүрдүүлсэн баримтууд гэж тайлбарласан.

 

8.         Хуулийн этгээдийн нягтлан бодогч нь ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа холбогдох тайлангуудыг татварын байгууллагад цаг хугацаанд нь тайлагнаж байсан эсэх нь ажил хүлээлцэх талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т хамаарахгүй. Учир нь энэ талаар нэхэмжлэгч нь татварын байгууллагаас лавлагаа авах замаар шалгах боломжтой. Түүнчлэн ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас хохирол учирсан эсэх талаар энэ хэрэгт маргаагүй. Иймд татварын байгууллагад цахим хэлбэрээр тайлагнадаг баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгах боломжгүй.

 

9.         Зохигчдын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр байгуулагдсан дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээний 2.1-т зааснаар тус гэрээг 2 сарын хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд 2.2-т зааснаар гэрээг 3 хүртэл сараар сунгах зохицуулалттай байна. Иймд хариуцагчийг ажлаас халах үед дээрх гэрээ хүчин төгөлдөр байсан ба гэрээний энэхүү зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т нийцсэн байна.

9а. Хариуцагч нь энэхүү гэрээний 1.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 62.1-д зааснаар ажлын байрны тодорхойлолтод заасан тодорхой үүрэг гүйцэтгэх, уг ажлын байранд дадлагажиж, ур чадвар эзэмших үүрэгтэй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн ахлах нягтлан бодогчоор ажиллаагүй гэх тайлбар үндэслэлгүй.

Зохигчид хариуцагчийн ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаалд гүйцэтгэх үүргийг ажлын байрны тодорхойлолт нарийвчлан зааж тодорхой 5 төрлийн үүрэг гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээр тохиролцсон байна. /хх20-22/

 

10.       Хэдийгээр хариуцагч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлээгүй тул ажлын байрыг орхиж явсан гэж маргаж байгаа боловч ийнхүү ажлын байрыг ямар нэг шалтгаанаар орхин явахдаа ажил хүлээлцээгүй талаар маргаагүй. Харин ийнхүү ажлын байрыг орхиж явсан нь хэний буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалсан нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамаарахгүй байх тул энэ талаар шүүх дүгнэлт өгөөгүй болно.

 

11.       Дээрх үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон, улмаар хариуцагч нь гүйцэтгэж байсан ажил, албан тушаалтай холбоотой зүйлсийг хүлээлгэн өгөөгүй, өөрөөр хэлбэл, ажил хүлээлцээгүй талаар маргаагүй тул тодруулсан шаардлагын хүрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ гүйцэтгэх явцад бүрдүүлсэн бичгийн хэлбэрийн баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах үндэслэлтэй гэж үзлээ.

 

12.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Шүүх хариуцагчид ажил үүргээ гүйцэтгэх явцад бүрдүүлсэн бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгасан, өөрөөр хэлбэл агуулгын хувьд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                    ТОГТООХ нь:

1.         Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т зааснаар хариуцагч С.Нт 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуусах хүртэл хугацаанд ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаалын үүрэг гүйцэтгэж байхдаа бүрдүүлсэн бичгийн хэлбэрийн баримтуудыг нэхэмжлэгч “М” ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгасугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.Г