Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00011

 

 

 

 

 

 

 

       2023         12            22                               210/МА2024/00011                

 

 

 

“******* *******” ХХК-иийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын

           16-ны өдрийн 101/ШШ2023/04468 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.*******т холбогдох,

 

Ажил хүлээлцэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мядагмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. С.******* нь “******* *******” ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хөлсөөр ажиллах гэрээгээр нягтлан бодогч, мөн оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр үйлдвэр хариуцсан нягтлан бодогч, мөн оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс мөн гэрээгээр үйлдвэрийн нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээгээр ахлах нягтлан бодогчийн албан тушаалд тус тус ажиллаж эхэлсэн.

1.2. Гэтэл С.******* нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан тул ажлаас халсан. С.******* нь одоог хүртэл утсаа авахгүй, ирж ажлаа хүлээлцэхгүй байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагаа явагдахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байна.

1.3. Иймд бичгийн хэлбэрийн баримтуудыг нэг бүрчлэн тодорхойлох боломжгүй бөгөөд ажлын байрны тодорхойлолт заасан үүргээ гүйцэтгэх явцад бүрдүүлсэн баримтууд болон цахим бичиг /хуулийн этгээдийн санхүүгийн болон НӨАТ, ААНОАТ, ХАОАТ-ын тайланг тайлбарлуулах буюу өөрөөр хэлбэл, татварын байгууллагад дээрх тайланг цаг хугацаанд нь бүрэн тайлагнаж байсан эсэх/ баримтыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие “******* Фүүдс” ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажилд орсон бөгөөд ажиллах хугацаанд үйлдвэр хариуцсан нягтлан бодогчоор томилж ажиллуулан улмаар ажлын үр дүнд тулгуурлан, ахлах нягтлан бодогчийн албан тушаалд туршилтын хугацаанд ажиллуулсан бөгөөд энэ хугацаанд үйлдвэр хариуцсан нягтлан бодогчийн ажлыг давхар хийлгэж байсан.

2.2. Компанийн захирлаас амласан цалин хөлсөө өгөхгүй 2 ажил зэрэг хийлгэж байсан тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Хүсэлт гаргаснаас Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацаа өнгөрсөн тул ажлын байраа орхиж явсан ба хаяж яваагүй.

2.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

   Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.*******т 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуусах хүртэл хугацаанд ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаалын үүрэг гүйцэтгэж байхдаа бүрдүүлсэн бичгийн хэлбэрийн баримтуудыг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжингийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх хариуцагч талын ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, 1 сарын цалин хөлс гаргуулах сөрөг нэхэмжлэл болон тодорхой ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн аваагүй хэргийг шийдвэрлэсэн.

4.2.С.*******ийг 4 сарын хугацаанд цалин хөлс олгоогүй 2 ажил зэрэг хийлгэж хохироож байсан тул ажиллах боломжгүй болохоо мэдэгдэж, хүсэлтээ бичгээр гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй.

Түүнийг ажил тасалсан мэтээр худал зүйл бичиж, ажлаас чөлөөлөгдөх тухай бичгээр гаргасан хүсэлтийг шүүхэд нотлох баримтаар өгөлгүй нэхэмжлэл гаргасан нь С.*******ийн нэр төрд ноцтойгоор халдсан, үүнийг нэг маргаанаар шийдвэрлэх боломжтой байхад, шүүх нэг талыг барьж шийдвэрлэсэн.

4.3. С.******* ахлах нягтлан бодогчийн ажлын байранд заагдсан ажлуудыг хүлээж аваагүй, бие даан хэрэгжүүлээгүй, ахлан нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Оюунцэцэг гэдэг хүн ажиллах үедээ бүрдүүлсэн хийж гүйцэтгэсэн ажлаа “******* *******” ХХК-д хүлээлгэж өгөх ёстой байхад хариуцагчид даалгаж байгаа нь үндэслэлгүй.

4.4. Шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Яг ямар бичгийн хэлбэрийн санхүүгийн баримт хүлээн авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, эд хөрөнгө хариуцлагын гэрээнд зааснаар хүлээн авсан ажлын санхүүгийн баримт тоног төхөөрөмжийг хасвралтаар нэг бүрчлэн хүлээн авахаар зааасан байдаг.

Миний бие үйлдвэр хариуцсан нягтлан бодогчийн ажил үүргийг хэрэгжүүлэхэд бүрдүүлсэн санхүүгийн баримтуудыг хүлээлгэн өгөх бүрэн боломжтой.

4.5. Шүүхээс зөвхөн ажлын байрны тодорхойлолтыг үндэслэж шийдвэрлэсэн. Ажил  хүлээлцэх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд хөдөлмөрийн гэрээ, ажил хүлээлцсэн акт, өмнөх ахлах нягтлан бодогчоос ажил хүлээн авсан санхүүгийн баримтын жагсаалт зэрэг баримтуудыг гаргуулахгүйгээр шидйвэрлэх боломжгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мядагмаагийн тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн. Өөрөөр хэлбэл, дагалдангаар ажиллуулах, туршилтаар ажиллуулах тухай гэрээ байгуулсан бол ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ гүйцэтгэж, тухайн гүйцэтгэсэн ажил үүргийн хүрээнд холбогдох баримт бичгүүдийг ажлаас гарахдаа хүлээлгэж өгөх ёстой.

5.2. Гэтэл хүлээлгэж өгөхгүйгээр ажлаа орхиод явсан учир тушаал гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2.Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч С.*******т холбогдуулан ажил хүлээлцэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй учир ажлаас халсан. ... бичгийн болон цахим баримтуудыг гаргуулах, санхүүгийн тайлангийн талаар тайлбар гаргуулна, НӨАТ-ын баримт, ХАОАТ, ААНОАТ-ын тайланг татварын байгууллагын системд бүртгүүлсэн эсэхийг шалгах, ... хийж байсан ажилтай нь холбоотой баримтуудыг гаргуулна ...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч эс зөвшөөрч, “... ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, шийдвэрлэхгүй болохоор нь ажлаа орхиж явсан, ... ямар эд хөрөнгө хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, ... нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, талууд маргасан байна.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ойлгомжтой тодорхойлсноор хариуцагч тал хариу тайлбар гаргах, талууд нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч татгалзаж буй тохиолдолд түүний үндэслэлээ тус тус нотлох үүднээс холбогдох нотлох баримтыг цуглуулж, бүрдүүлж шүүхэд гаргаж өгөх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн, шүүх хэргийн нотлох баримтыг үнэлж, маргааны үйл баримтыг тогтоох, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэх, улмаар  шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг хангах ач холбогдолтой юм.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, хариуцагчаас юу шаардаж байгаа нь тодорхой бус байхад хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн хариуцагчийг уг тодорхойлолтод заасан үүргээ гүйцэтгэх явцад бүрдүүлсэн бичгийн хэлбэрийн баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна.

 

4.Түүнчлэн нэхэмжлэгч “******* *******” ХХК-д холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б-01/151 дугаар ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилласан хугацааны цалин, хөлс 1,262,695.65 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2023/23767 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан үндэслэл нь мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. /хх 46, 47/

 

Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг хуулиар олгоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/04468 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН

 

                                          ШҮҮГЧИД                                       С.ЭНХБАЯР

 

                                                                                                  Ч.ЦЭНД