Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1267

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01343 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х яам, М газарт холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8 623 503 төгрөг, өмгөөллийн хөлс 700 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч М газрын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь төрийн албанд 16 жил гаруй хугацаанд тасралтгүй ажилласан ба үүнээс Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид 2003 оноос эхлэн ажиллаж байсан.

Тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа миний бие нь үүрэгт ажилдаа чинь сэтгэлээсээ хандан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэн, ямарваа байдлаар ёс зүйн болон сахилгын зөрчил, дутагдал гаргаж байгаагүй болно.

Х сайдын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар Ажлаас халах, ажилд томилох тухай тушаалаар мөн өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халж, хууль бусаар чөлөөлсөн.

 Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/01805 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Быг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 415 903 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож,, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1609 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/XT2017/01465 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй.

 Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 02273 дугаар шийдвэрээр хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 10 953 496 төгрөг гаргуулж Д.Бд олгохоор болсон,  шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Гэтэл хариуцагч Х яам нь намайг шүүхийн шийдвэрээр тогтоосон урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй. 

Иймд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өдөр хүртэл нийт 201 ажлын өдөр байх тул нэг өдрийн дундаж цалин 42 903 төгрөгөөр тооцож 8 623 503 төгрөг, мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ авсан төлбөр 700 000 төгрөг, нийт 9 323 503 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн хариуцагч бол Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам биш. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийг харвал М газар байна.

Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 тоот тогтоолын 1.2 дахь хэсэгт зааснаар лаборатори нь М газрын харьяанд шилжсэн нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нь хариуцагч биш болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн тогтоолыг харахад 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тогтоол гараад бүтэн 7 сар биелэгдээгүй байсан ба тухайн үед хууль батлагдаагүй, М газар ч байгуулагдаагүй байсан. Гэтэл 2017 оны шийдвэр дээр 2018 онд хэрэгжсэн хуулийг буцааж хэрэглэх талаар яригдаад байна. Хуульд зааснаас бусад тохиолдолд хуулийг буцаан хэрэглэхийг хориглодог.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудаст бичигдсэний дагуу хийгдэх ёстой. Энэ хүнийг ажилд томилоод тушаал гаргахад хуульд харшлах зүйл байхгүй. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаад томилох эрх нь манайд шилжсэн эсэх нь хамааралгүй.

Тушаалыг батлаад гаргалаа гэхэд дээд шатны байгууллагын даалгаврыг биелүүлнэ. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаад агентлаг нь байгуулагдсан.

Өөрөөр хэлбэл лаборатори нь агентлагийнхаа харьяанд очиж байж агентлагийн дарга нь салбарын сайдтай зөвшилцөөд томилно гэсэн байгаа. Харьяанд албан ёсоор очиж байж шийдэх асуудал. Тогтоол гарсан байхад агентлаг байгуулагдахаас 7 сарын өмнөх асуудлаар хандаад хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч Х яамнаас 1,544,508 төгрөг, хариуцагч М газраас 7,078,995 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлээс 700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Х яам 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 19-ны өдрийн хугацаагаар, хариуцагч М газар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн хугацаагаар тус тус тооцон нөхөн төлж бичилт хийхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,102 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х яамнаас 39,662 төгрөгийг, хариуцагч М газраас 128,213 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгуулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М газрын төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг буцаан хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан. Нэхэмжлэгч Д.Быг ажилд эргүүлэн тогтоосон Улсын дээд шүүхийн тогтоол 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон атал 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг буцаан хэрэглэж шийдвэрээ гаргасан нь буруу. Хэрэв Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг буцаан хэрэглэж байгаа бол энэхүү үндэслэлээ шүүхийн шийдвэртээ тодорхой дурдах ёстой.

Нэхэмжлэгчийн ажил олгогч нь М газар биш тул цалин олговрыг гаргуулж байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа үр дагаврыг ажил олгогч эсхүл шүүхийн шийдвэрт дурдсан хариуцагч байгууллага хариуцах ёстой атал анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 186 дугаар тогтоолыг үндэслэн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг төсөвтэй нь хамт М газарт шилжүүлсэн байна, тус лабораторийн захирлыг томилох, чөлөөлөх эрх нь агентлагт шилжсэн байна гэх зэргээр огт нотлох баримтгүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн.

эрэгт авагдсан Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн дүрэм, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Х яаманд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хүргүүлж байсан мэдэгдэл, албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас М газарт ирүүлж байсан албан бичиг, шүүхийн гүйцэтгэх хуудас зэрэг нотлох баримтуудыг үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар шүүхээс олгосон гүйцэтгэх хуудсаа өөрчлөөгүй талаар албан бичгийг М газарт ирүүлсэн байхад тус шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг баримтлан шүүхийн шийдвэр биелүүлээгүй үр дагаврыг манай газарт хариуцуулж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, манай агентлагт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Х яам, М газарт тус тус холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,623,503 төгрөг, хохиролд 700,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчид эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1805 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 1609 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1465 дугаар тогтоолоор  Д.Быг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон, шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч Х яам дээрх шийдвэрийг биелүүлээгүй байгаа, нэхэмжлэгчийн эрхийн зөрчил арилаагүй талаар анхан шатны шүүх  зөв дүгнэжээ.

 

 Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байгаа хугацаан дахь олговрыг шаардах эрхтэй.

 

 Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/02273 дугаар шийдвэрээр 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх олговорт 10 953 496 төгрөгийг Х яамнаас гаргуулж Д.Бд олгохоор  болсон тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн олговрын хугацааг  2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл гэж тодорхойлсон нь зөв болжээ.

 

Мал эмнэлгийн эрүүл мэндийн тухай хууль 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр  батлагдаж, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байх бөгөөд уг хуультай нийцүүлэн Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ын өдрийн 186 тоот тогтоолоор Мал, эмнэлгийн ерөнхий газрыг байгуулж, уг газарт Улсын мал, эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори УТҮГ-ыг төсөвтэй хамт нэгтгэсэн үйл баримт тогтоогдсон. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг Улсын мал, эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тул тус лабораторийн төсвийг нэгтгэж авсан байгууллага болох Мал, эмнэлгийн ерөнхий газар нь ажилтны ажилгүй байсан хугацаанд хамаарах олговрыг хуулийн дагуу байгуулагдсан өдрөөс хойших хугацаанд хариуцах үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд Х яамнаас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл хугацаан дахь олговорт 1 544 508 төгрөг, Мал, эмнэлгийн ерөнхий газраас 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн хугацаан дахь олговорт 7 078 995 төгрөгийг тус тус гаргуулж Д.Бд олгож, уг хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Хөлсөөр ажиллах гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн хөлс 700 000 төгрөгийг хохиролд тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд Г.Билгүүн нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан хуульч биш тул мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй юм.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагч М газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М газрын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА