Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 0055

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                                      Н.Д

Шүүгдэгч                                                       Ч.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Б

Нарийн бичгийн дарга                             Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолтой Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Бы давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, П овогт Ч-ын Б.

 

Ч.Б нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр        аймгийн      сумын      багийн      тоотод Д.О-ыг прүс мод болон трубагаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

 

Шүүгдэгч П овогт Ч-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног буюу 1 сарын хорих ялаар тооцон Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 31-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолын оногдуулсан 8 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 1 сарын хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 8 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Ч.Бы цагдан хоригдсон 628 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт ирүүлсэн нэг ширхэг рентген зургийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдолдоо:

 

“ ... Д.О-г труба төмрөөр цохиж гэмтээсэн гэх үйлдэлд намайг гэм буруутайд тооцохдоо түүний өөрийнх нь мэдүүлсэн Б гар руу трубагаар цохисон гэдэг мэдүүлэг, труба авсан газраа шинжээч бүрэлдэхүүнтэй цагдаа нарт биечилж заасан болон дахин өгсөн мэдүүлгийг анхаараагүй. /Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гараар бичигдсэн хэд хэдэн хуудас байсныг сольсон байна лээ/. Тэгсэн бил үү, ингэсэн бил үү, Бы гараар цохилуу, хөлөөр өшиглөлүү гэж бичсэн нь энэ хүн согтолттой байсан нь тодорхой. “Өчигдөр орой Б архи тараасан. Эхлээд Экс дараа нь Хараа, Ерөөл, бүр орой Монгол стандарт архи өгсөн, шөнөжин уугаад шартаж үхэх нь” гэж ирэхэд нь гэрт байсан архиа задалж хувааж уусан. Би унтаад ухаан санаа сэргэсэн байхад цусан дахь спиртийн агууламж гэж согтолтын хүнд зэрэг гэж тогтоон яллах дүгнэлт үйлдэхдээ миний эсрэг ашигласан, О-н согтолтын зэргийг тогтоогоогүй, ер нь тэр өдөр тухайлбал манайхаас гараад хаачсан нь ч тогтоогдсон маршрут байдаггүй.

Эхэлж цагдаад дуудлага өгснөөрөө хохирогч болоод танил талаараа худал гэмтлийн дүгнэлт гаргуулж, намайг гүтгэж мэдүүлж байгаа. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 490 дүгээр тогтоолд дээрх няцарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн атлаа 488 дугаар тогтоолд Ч.Бы гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт үүссэн гэж тодорхойлчихоод яагаад гэмтлийн зэрэггүй дүгнэлт гаргуулснаас харж болно.

Мөн гэрт нь очиход труба, прүсийг найз нөхөддөө хэлж зайлуулсан байсан гэж худал мэдүүлсэн. 7 дугаар сарын дундуур О байцаагч утсаар ярьж труба прүүс хоёр байна уу гэж асуухад труба миний шидсэн газар байсан. Прүүсийг түлж байсан учир хагалсан, үлдэгдэл нь байна гэхэд өөр прүүс олоод трубатайгаа бэлдээд байж бай, очиж авна гэсэн. Би айлуудаар хайж бүр хатаад яс боочихсон прүүс олсон, үүнийгээ хэлэхэд за за болчихлоо. Хэрэггүй юм байна гэсэн. Энэ хүртэл прүүс моднууд болон намайг цохисон труба байж л байхад эмнэлгээс ирээд /06 дугаар сарын 25 эсвэл 26/ үзэхэд байхгүй байсан гэж худал мэдүүлсэн ба найз нартаа зайлуулчих гэж хэлсэн байна лээ хэмээн мөн гүтгэсэн. Үүнийг гэрчлүүлээгүй. Харин ч намайг 06 дугаар сарын 25-нд эрүүлжүүлэхэд хонуулж 26-нд шүүх эмнэлэг, мэдүүлэг гэж явсаар үдээс хойш гэртээ харихад гэрт хулгай орж бэлэн мөнгө эд зүйлс алдагдсан. Хаалга цонх бүрэн байсан. Намайг ирж явсан 2 цагдаа түлхүүр нуусан газраа харсан бөгөөд энэ тухай цагдаад өргөдөл бичиж өгсөн ч одоог хүртэл хариу байхгүй байгааг дурдав.

Байцаагч О 488 дугаар тогтоолыг надад тэр даруйд нь танилцуулсан. 490 дүгээр тогтоол гэж танилцуулаагүй. О-н гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан гэж амаар хэлээд удаа дараа тогтоолтой танилцах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Хэргийг прокурорт шилжүүлэхийг өмнө танилцуулсан. Тэгтэл уг тогтоолд хүндэвтэр гэмтлийн талаар өгүүлсэн байхаар нь намайг 05 дугаар сарын 17-нд хөдөөнөөс ирэхэд О ах согтуу явж байгаад зүүн талдаа хавирга хугалсан. Шөнө болгон хөндчихөөд байх юм гэж байсан. Манай тэндхийхэн  мэднэ. Ус түлээгээ бэлдэж чадахгүй байна гээд би зөндөө л тусалж байсан.

Архи уугаад зүгээр юм шиг явдаг атлаа эрүүл үедээ өвдөөд байна гээд бөхийж явдаг байсныг хэлсэн. Гэрчлэх хүн ч зөндөө бий, энэ бол хэргийн хамгийн чухал асуудал нь шүү дээ гэхэд цаг хугацаатай ажил. Одоо прокурорт шилжүүлэх болчихоод байна. Та прокурорт хүсэлт гарга гэхээр нь дүгнэлттэй танилцсан санал хэсэгт хавирганы хугарал гэсэн оношийг дахин шалгуулах хүсэлт бичиж гарын үсэг зурсан ба прокурорт бичгээр хүсэлт гаргаж өгсөн ч хүлээж аваагүй.

Харин анхан шатны шүүх өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч эмч Ж.Г-г хуралдаанд оролцуулсан. Мөн мөрдөн байцаагчийн прокурорт оруулсан ялын санал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 гэж тодорхой бичсэн байгаа нь анх надад хэлж байсан хөнгөн гэмтэл гэж гарсан байна лээ гэсэнтэй нь таарч байгаа нь 490 дугаар тоот анх яаж гарсан, дараа нь солиулсан уу гэдэг эргэлзээ үүсгэдэг. Энэ бүгдээ шүүх хуралдаан дээр хэлсэн /тэмдэглэл бичлэг нь байгаа байх/ боловч анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г шүүх хуралдаанд өмнө нь 05 дугаар сард авсан бол махан болон ясан бороо үүссэн байх ёстой гэснийг миний эсрэг хэрэглэж ялласан. Рентген зургаар махан бороо мэдэгддэг эсэхийг үнэндээ мэдэхгүй ч гэлээ О-н өмнө нь гэмтээсэн байсан гэх өөрийнх нь мэдүүлэг Б зүүн хавирга руу цохиогүй гэсэн гэрчлэл, миний 05 дугаар сарын 17-нд хөдөөнөөс ирэхэд О ах хавиргаа хугалсан гэж байсан тэр хавиргаа мэднэ, шаардлагатай гэвэл одоо 5 хүнээр гэрчлүүлж чадна гэж хэлснийг үл тоосон.

Мөн шинжээч Ж.Г шүүхэд өгсөн тайлбартаа шинэ гэмтэл гэдэг нь сүүлийн сар гарангийн хугацаанд авсан гэмтэл гэж тодорхой хэлсэн. 06 дугаар сарын 25-нд авахуулсан зураг байсан учраас энэ гэмтлийг авах боломжит сүүлийн хугацаа 06 дугаар сарын 25-нд авсан байх боломжтой гэж дүгнэсэн гэдгээ хэлсэн. Тэгвэл зургийг 06 дугаар сарын 26, 27-нд үдээс хойш авахуулсан бол ямар хугацаа заах байсан бэ. Ийм эргэлзээтэй дүгнэлтээр намайг ялласанд гомдолтой байна.

Миний эрх зүйн байдал маш их дордсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 ба 2.5 дахь хэсэгт заасан хэргээр яллагдагчаар татах үедээ энэ хэрэг явдал гарсан ба нэг шүүгч дээр ойрхон хугацаанд ирсэн ч хэргийг нэгтгэн шийдээгүй шалтгаанаас миний бие цагдан хорих байранд 2020 оны 08 дугаар сарын 31-нээс одоог хүртэл хоригдож байна. Дээрх хэрэгт 8 жил хорих ял оноосон ба 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр давж заалдах шатны шүүх ялыг хэвээр үлдээсэн.

Энэ хугацаанаас хойш би хорих байгууллагууд руу шилжиж байсан. боловч одоог хүртэл цагдан хорих байранд хоригдсоор байна. Нэг сарыг хасаад тооцоход л 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зөвхөн энэ хэргээс болж /шүүхийн цагдан хорих шийдвэртэй, шийдвэргүй/ 6 сар цагдан хорих байранд байсан. Энэ хугацаанд хорих байгууллагад ял эдэлж ажиллаж 2 сар /60 хоног/ ял багасгах боломжийг минь боосон ба үүнээс хойших хоног бүр эрх зүйн байдал минь тасралтгүй дордсоор байна.

Хорихын төв эмнэлгээс эмч нараа бүрэлдэхүүн энэ хугацаанд 2 удаа ирсэн. Зүрхний ажиллагаа алдагдсан уушиг муудсан онош гарсан даралт өндөр байна. Ар гэрийнхэндээ хохирол учруулан эм захиж ууж байна. Энэ байдал хэзээ зогсох нь өнгөрсөн ч хэргээ зөв шийдүүлмээр байна. Улсын яллагч Н.Д 2021 оны 01 дүгээр сарын 07-ноос цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Одоо 2 сар болж байна. Үүнийг нь 900.000 төгрөгөөр торгоод тааруулъя гэж 2021 оны 02 дугаар сарын 03-ны хурал дээр /хэргийг хэлэлцээ ч үгүй гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад/ шүүгчид хэлж байсан.

Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 08-ны энэ хурал дээр энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаанд нь тааруулаад гэдэг үндэслэлээр 2.5 сая төгрөг болгон өсгөж байгаад нь гомдол байхгүй ч миний эрх зүйн байдлын дордсон хэмжээг илтгэх нэг үзүүлэлт гэж бодож байна. Монгол улсын иргэн Ч.Б би эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас цаашлаад амьд явах эрхээ хамгаалан идэвхгүй үйлдлээр хариу эсэргүүцэж биеэ хамгаалаад эцэст нь ижил нөхцөл адил аргаар бус нэг талын барьсан шийдвэрээр ял хүлээсэндээ гомдолтой байгааг хүлээн авч зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: “ ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх шүүгдэгч П овогт Ч-н Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног буюу 1 сарын хорих ялаар тооцон Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 8 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Бы заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ      аймгийн      сумын      багийн     тоотод иргэн Д.О-г прүс мод болон трубагаар цохиж, түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь давж заалдах гомдолдоо “ ... эргэлзээтэй дүгнэлтээр намайг ялласан ... хохирогч нь урьд зүүн хавиргаа гэмтээж байсан ... ” гэсэн байх боловч Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 490 дугаартай “Д.О-н биед зүүн талын 8, 9,10-р хавирганы суганы арын шугамаар далд зөрөөтэй хугарал, баруун шилбэнд 1 тооны няцарсан шарх, нуруу, зүүн шагайн үений хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... ” гэсэн дүгнэлт,

мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.О-н өгсөн “...хашаанаас нь гарах гэж байтал Б намайг гараараа цохих гэхээр нь би гараараа хамгаалаад Быг түлхээд явах гэтэл миний араас ирж прүүс модоор баруун, зүүн гар луу цохисон. Намайг газар хэвтэж байхад Б хаанаас ч юм нэг трубо авч ирээд зүүн хавирга руу цохисон, тэгээд би Бд хандан хоёулаа зодолдохоо больё гэж би хэлээд хашаанаас гарч явсан ... Гэртээ ирээд хойд талын залуугийн утаснаас түргэн, цагдаад дуудлага өгсөн ... миний баруун зүүн гар хавдаж шархалсан, баруун шилбэндээ хоёр оёдол тавиулсан, зүүн хөлийн шагай хавдсан, зүүн талын 3 хавирга хугарсан байсан ... ” гэсэн мэдүүлэг,

 

 гэрч Б.М-н “... Д.О-н баруун хөлний шилбэнд шархтай оёдол тавина, цээжээр хөндүүрлэж өвдөнө, цаашид нарийн шинжилгээ буюу хэвлий эхо, цээжний рентген зураг авахуулах шаардлагатай гэж хэлж өөрт нь зөвлөгөө өгч явуулсан ...” гэсэн мэдүүлэг,

 

 гэрч Э.Э-н “ ... би гарч очиход манай давхар хашааны ах Д.О хашаа налан тонгойчихсон хөдөлж чадахгүй зогсож байсан. Ах юу болсон бэ гэтэл ахыг нь хүн турбогоор цохиод хавирга хугалчих шиг боллоо гэж хэлэхээр нь би утсаа Д.О-т өгч цагдаа руу залгуулсан, удалгүй цагдаа ирсэн байх, би ажилтай болчихоод яараад ажил руугаа явсан ...” гэсэн мэдүүлгүүдээр хохирогч Д.О-н биед учирсан зүүн талын 8, 9, 10 дугаар хавирганы суганы арын шугамаар далд зөрөөтэй хугарал гэмтэл нь Ч.Бы 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь тогтоогдож байна.

 

Хэдийгээр хохирогч Д.О нь дахин мэдүүлэхдээ “... зүүн хавиргаа урд нь гэмтээж байсан ... ” гэсэн боловч энэхүү мэдүүлэг нь шинжээчийн 490 дугаартай дээрх дүгнэлт болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч Ж.Г-н өгсөн “... 05 сарын 17-ны өдөр гэмтэл үүсээд 06 сарын 25-ны өдрийн рентген зурган дээр бороололт тод харагдах ёстой ... ямар ч байсан сар гарангийн хугацаанд махан бороо биш юмаа гэхэд ясан бороо байх ёстой ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Мөн шүүгдэгч Ч.Б нь давж заалдах гомдолдоо “... труба миний шидсэн газар байсан. Прүсийг түлж байсан учир хагалсан, үлдэгдэл нь байна гэхэд өөр прүс олоод трубатайгаа бэлдээд байж бай, очиж авна гэсэн. Би айлуудаар хайж бүр хатаад яс боочихсон прүүс олсон, үүнийгээ хэлэхэд за за болчихлоо. Хэрэггүй юм байна гэсэн ...” гэсэн байх боловч тэрээр 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар дахин мэдүүлэхдээ “ ... би прүс модыг түлээ байхгүй учраас галаа түлчихсэн. Трубог хашаанаас гаргаад хаясан, трубо хаясан газраа очиход байхгүй байсан ... ” гэж мэдүүлжээ.

 

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч Ч.Бы яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг нь давж заалдах гомдолд дурьдсан дээрх хэсгийг няцаан үгүйсгэж байна.

 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Ч.Бы гэм буруутай үйлдлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

 

Мөн Ч.Бд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэнээс гадна шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг тооцохдоо түүний урьд ял шийтгэгдсэн гэх эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон хоногийг энэ хэрэгт цагдан хоригдсон хоногтой хамтатган нийт 628 хоногоор тооцож, түүний эдлэх ялд оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр болжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Ч.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “...шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч Ч.Бы 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хуульд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ч.Бы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                          М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                С.УРАНЧИМЭГ