Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/04122

 

 

 

 

 

 

2023 о 09с 25ө

Дугаар 101/ШШ2023/04122

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Б даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.А /рд:/-т холбогдох,

34,356,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч М.А, шүүх нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч нь хариуцагч М.Атай 2017 оны 8 дугаар сарын 11-ны өдөр захиалгын гэрээ байгуулж ,, орон сууцны хорооллын Е блок байранд 88.71 мкв 3 өрөө байрыг худалдсан. Гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн. Тус гэрээний нөхцлийн 2.2-т зааснаар Гэрээний үнийг захиалагч нь орон сууцыг ашиглалтад орох үед 100% төлсөн байхаар заасан, мөн гэрээний 2.4-т Захиалагч нь төлбөрийн харилцан тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд, төлбөрийн хуваарийн дагуу төлөх нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлөхөөр заасан. Гэтэл гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагчыг гэрээнд заасан үүргээ биелүүлж үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан боловч хариуцагч ьн гэрээнд заасан төлбөрийн үлдэгдэлийг өнөөдрийг болтол төлөхгүй байна. Иймд хариуцагч М.Ааас Орон сууц захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 22,904,000 төгрөг, гэрээний 2.4-т заасан алданги 11,452,000 төгрөг нийт 34,356,000 төгрөгийг нэхмжилж байна... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. Хэдийгээр гэрээнд орон сууцны үнийг 100 хувь төлж өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж заасан боловч хариуцагчийн хүсэлтийг дагуу нэхэмжлэгч компанийн удирдлага зөвшөөрч энэ орон сууцыг ипотекийн зээлд хамруулах гэж байгаа гэх үүднээс түүнд гэрчилгээ гаргахыг зөвшөөрч Улсын бүртгэлийн газар руу бичиг өгсөн. Улмаар гэрчилгээ гарсны дараа хариуцагч нь үлдэх төлбөрийг төлөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Энэ гэрээ үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлж, Иргэний хуулийн 243.1-т заасны дагуу хариу төлбөр шаардаж байгаа учраас үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гэж үзнэ. Хариуцагчийн гаргаж байгаа тайлбараас үзэхэд бүх төлбөрөө төлсний дараа өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн, түлхүүр авахыг зөвшөөрсөн гэж тайлбар гаргаж байгаа хэдий ч өмчлөх эрхийн гэрчилгээ 2018 оны 04 сарын 23-ны өдөр гарсан байдаг. Энэ үед хариуцагч 20 сая төгрөгөөр 1 удаа, 80 сая төгрөгөөр 1 удаа, нийт 100 сая төгрөгийн төлөлт хийсэн байсан. Үндсэндээ өөрийнх нь гуйлтаар 100 сая төгрөгийг төлөлтөд нь компани үл хөдлөх эд хөрөнгийн гаргахыг зөвшөөрч өгсөн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа 90 сая төгрөгийг нэмж төлсөн байсан. 190 сая төгрөг төлж 79 м.кв талбайн мөнгийг бүтнээр нь төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан мэт тайлбарлаж байгаа боловч цаг хугацааны хувьд авч үзэхэд 100 сая төгрөгийг төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байгаа, хэдийгээр гэрээнд төлбөр 100 хувь төлөгдсөний дараа шилжүүлнэ гэж тусгасан боловч ипотекийн зээл олгох журамд 80 м.кв талбайгаас илүү байх юм бол зээл олгодоггүй, иймд 79 м.кв талбайгаар гэрчилгээ гаргаж өгөөч, би ипотекийн зээл аваад үлдэгдэл төлбөрийг төлье гэх хүсэлтийг нь зөвшөөрч тухайн үед төлбөрийг төлчих байх гэж зөвшөөрсөн. Захирал Энхтөр, А гэх хүмүүс нь бие биеийгээ танихгүй хүмүүс биш юм байна лээ, нэлээн олон жилийн танилууд байсан тул энэ олон жил төлчих байх гэж бодож байсан юм байна лээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

 

Хариуцагч М.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчтэй миний бие 2017 оны 08 сарын 11-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан нь үнэн. 2017 оны 12 сард байрыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн, түүнийг 1 м.кв нь 2,4 сая төгрөг, нийт 212,904,000 төгрөг гэрээний үнэ болсон гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан материалаар хариуцагчаас хамгийн сүүлд 2018 оны 04 сарын 19-ний өдөр сүүлийн төлбөр болох 80 сая төгрөгийг гүйлгээ хийж авсан. Мөн энэ өдөр буюу 2018 оны 04 сарын 19-ний өдөр орон сууцанд орох зөвшөөрлийн бичгийг тус компанийн ерөнхий нягтлан Хэрлэн гэх хүний гарын үсэгтэй баримтыг олгосны дагуу бидэнд байрны түлхүүрийг авах зөвшөөрөл олгогдсон. 2018 оны 04 сарын 19-ний өдөр бид төлбөрийг дуусгаж орон сууцанд орсон. Гэтэл нэхэмжлэгч талаас ямар ч нотлох баримтгүй, хэрэгт авагдсан баримтгүй, 12 сард байранд оруулсан, үлдэгдэл төлбөр өгөхгүй байгаа гэж нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь гэрээний үүрэгтэй холбоотой маргаан, энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан байдаг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2018 оны 04 сарын 19-ний өдрөөс бодоход нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан хугацаа нь өнгөрөөд 5 жилийн хугацаа болсон. Өдийг болтол шүүхэд хандаагүй байсан, гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан бол яагаад сүүлийн 5 жилийн хугацаанд энэ хүмүүс шүүхэд хандаагүй байсан бэ. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна... гэв.

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: Хэргийн 4-10-р тал.

Хариуцагч талаас шүүхэд өгсөн нотлох баримт: Хэргийн 87-89-р тал.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Хэргийн 101-107-р тал.

Шүүх зохигчдын тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч Б ХХК хариуцагч М.Ат холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт 22,904,000 төгрөг, алдангид 11,452,000 төгрөг, нийт 34,356,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч төлбөрөө бүрэн төлөөд орон сууцандаа орсон, 79 м.кв байр захиалсан, 5 жилийн хугацаанд шүүхэд хандаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

Зохигчдын хооронд 2017 оны 08 сарын 11-ний өдөр №Е-1-12/1203 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан байх ба ажил гүйцэтгэгч Б ХХК Баянзүрх дүүргийн ,,, дугаар хороо, ,, хотхон Е блок, 1-р орц ,,,,өрөө, 88,71 м.кв талбай бүхий орон сууцыг 2017 оны 4-р улиралд барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч М.А орон сууцны үнэ болох 1 м.кв-ыг 2,400,000 төгрөгөөр тооцож, нийт 212,904,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-6-8/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ, 343.4-т Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэж тус тус заажээ.

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн ,,,,өрөө, 88,71 м.кв талбай бүхий орон сууцыг ажил гүйцэтгэгч 2017 оны 12 сард ашиглалтад оруулж, 2018 оны 04 сарын 19-нд захиалагч М.Ат хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, ерөнхий нягтлан бодогч Э.Х-н үйлдсэн байрны түлхүүр авах зөвшөөрөл гэх баримт зэргээр тогтоогдож байна. /хх-88/

Захиалагч М.А гэрээний үнэд 2017 оны 08 сарын 11-нд 20,000,000 төгрөг, 2018 оны 04 сарын 19-нд өдөр 80,000,000 төгрөг, 2018 оны 04 сарын 30-нд 90,000,000 төгрөг, нийт 190,000,000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч төлбөрөө бүрэн төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул захиалагчийг гэрээгээр тохирсон төлбөрөө бүрэн төлөөгүй буруутай гэж үзэх үндэслэлтэй.

Захиалагч гэрээний төлбөрөө бүрэн төлөөгүй байсан хэдий ч гүйцэтгэгч тал захиалагчийн хүсэлтийн дагуу орон сууцны түлхүүрийг гардуулан өгч, өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай бичиг баримтыг өгсний улмаас орон сууцыг М.Аийн өмчлөлд улсын бүртгэл бүртгэсэн болох нь зохигчийн тайлбар, хэргийг үйл баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т зааснаар худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ.

Нэхэмжлэгчийн 80 м.кв-с дээш талбайтай орон сууц худалдан авсан бол худалдан авагч ипотекийн зээлд хамрагдахгүй журамтай тул захиалагчийн хүсэлтээр 79 м.кв талбайтай орон сууц захиалсан гэрээг улсын бүртгэлд өгсний дагуу гэрчилгээ нь 79 м.кв талбайтай гэж гарсан гэх тайлбартай хариуцагч маргаж, няцаагаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэсэн заалт хамаарах тул хариуцагчийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн хариуцагч төлбөрөө бүрэн төлөөгүй байхдаа өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, өмчлөх эрхийн гэрчилгээгээ 2018 оны 04 сарын 23-нд бүртгүүлснээс хойш 90,000,000 төгрөгийг төлсөн зэргээс Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно....гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзэхээр байна.

Хариуцагч маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээний талаар маргасан үндэслэлээр нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилоход гэрээний зүйл болох орон сууц 86.95 м.кв талбайтай болох нь Уран Асар ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-104-107/

М.А баригдсан, бэлэн орон сууц худалдан аваагүй тул маргаан бүхий орон сууцыг 86.95 м.кв талбайтай болохыг мэдэх боломжтой байсан гэж дүгнэх боломжгүй байна.

Орон сууц 86.95 м.кв талбайтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул 86.95*2,400,0000 төгрөг, нийт 208,680,000 төгрөг төлөхөөс захиалагчийн төлсөн 190,000,000 төгрөгийг хасахад үлдэх 18,680,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Талууд гэрээний 2.3-т байр ашиглалтад ороход төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж дуусгах, 2.4-т захиалагч нь төлбөрийг харилцан тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөрийн хуваарийн дагуу төлөх нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Захиалагч 2018.05.01-ний өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022.06.16-ны өдрийг хүртэлх 1,505 орчим хоногт гэрээний үлдэгдэл төлбөр 18,680,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 2.4-т зааснаар алданги тооцоход /18,680,000*0.1%*1,505хоног/ 28,113,400 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн 18,680,000 төгрөгийн 50 хувь болох 9,340,000 төгрөгөөр тооцож алдангид гаргуулах үндэслэлтэй.

Иймд хариуцагч М.Ааас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,680,000 төгрөг, алдангид 9,340,000 төгрөг, нийт 28,020,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үндсэн төлбөр 4,224,000 төгрөг, алданги 2,112,000 төгрөг, нийт 6,336,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 329,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,020,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 298,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.Ааас 28,020,000 /хорин найман сая хорин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,336,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 298,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2023/07540 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Д.Б