| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 104/2023/00452/И |
| Дугаар | 104/ШШ2023/00421 |
| Огноо | 2023-09-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 104/ШШ2023/00421
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 6 дугаар хороо, урд өвөлжөө, 2-1 тоотод оршин суух, Шархүүхэний Батбэх /РД:ЕЭ57090178/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүрэг, 6 дугаар хороо, Усан сангийн 406 тоотод оршин суух, Баасандоржийн Ганболд /РД:ЙЙ75071711/-д холбогдох
9,312,667 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ш.Батбэх,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.Батбэх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анх 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нутгаасаа малаа бүртгүүлээд эмчилгээ шинжилгээндээ хамрагдаад 31 үхэртэй ирсэн. Б.Ганболдтой ярилцахад малыu чинь маллая гэж хэлсэн. Бид ажлын хөлсийг 500,000 төгрөг гэж тохиролцсон. Ажлын хөлсийг өндөр тохирсон учраас Б.Ганболд бүх зүйлээ өөрөө хариуцахаар болсон.
Тэгээд 2022 оны 01 дүгээр сард хүйтрээд ирэхэд малаа ав гэсэн. Үхэр авах үед 5 үхэр дутсан. Б.Ганболд болон би дутсан үхрээс 2-г нь өвлийн идшинд авсан. 3 үхэр дутчихлаа хоёулаа баримт үйлдье гээд баримт үйлдсэн. Баримт үйлдэх үед үхсэн гэж хэлсэн. Хоёр үхрийг хавар төлж өгий гээд баримт үлдэж гарын үсэг зурсан. Эх баримтыг нь хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Дундговь аймаг руу нүүж байх үед маш их хохирол гарсан. Миний үхрийн 50 хувь үхсэн. Б.Ганболд нутгархаж намайг хөөсөн. Би Ганболдоос тугалтай үхэр авахаар тохирч 1,000,000 төгрөг өгсөн боловч үхрээ аваагүй.
Б.Ганболд нь бидний гол баримтад гарын үсэг зураагүй гэж маргасан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Дутсан 5 тооны үхрийн үнэ 5,000,000 төгрөг, тугалтай үхэр авахаар өгсөн 1,000,000 төгрөг, цалин болгож өгсөн 3000,000 төгрөг; 5 тооны үхэр болон тугалтай үхрийн үнэ 6,000,000 төгрөгийг 14 сараар сарын 2,8 хувийн хүүгээр тооцож 312,667 төгрөгийн хүү, нийт 9,312,667 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйчлүүлэгч Б.Ганболд нь 2022 оны 06 дугаар сарын 30-ний өдөр Ш.Батбэхээс 31 үхэр хүлээж авсан. Анх амаар хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа сарын 500,000 төгрөг дээр уналганы 1 морь авч өгнө гэж тохирсон боловч 2022 оны 07 дугаар сараас 09 дүгээр сарын сүүл хүртэл явган малыг нь малласан. Өвөл болж хүйтэрч явган малд явахад хүндрэлтэй нөхцөл үүсэх хүртэл уналгын морио авч өгөөгүй. Ш.Батбэх айлаас өөрөө очоод морио авчих, мөнгийг нь шилжүүлнэ гэж хэлсэн болохоор Б.Ганболд н.Дашаа гэх хүнээс хонгор зүсмийн морийг 1,500,000 төгрөгөөр тохирч худалдаж авсан. Гэтэл тэр хүн морио буцаагаад аваад явсан.Үүнээс хойш уналганы морь байхгүй, гэрээгээр хүлээсэн зүйл байхгүй болсон. Тухайн үед хариуцагч өвөл боллоо малд чинь өвс тэжээл хэрэгтэй гэхэд говийн мал тэжээл иддэггүй гэж хэлээд приус маркийн машинд 3 боодол өвс авч өгсөн.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ олон тооны үхэр хорогдсон гэж тайлбарлаж байна. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мухар алаг үнээ, 2023 оны 12 дугаар сарын 20-ний өдөр ягаан бухан бяруу, 2022 оны 12 дугаар сарын 28-ий өдөр тугалтай хар гунжин үхэр үхэж тугал нь үлдсэн байдаг. Ингээд нийт 3 тооны үхэр үхсэн. Б.Ганболд өөрийн гэсэн өвөлжөө байхгүй. Нэхэмжлэгчийн өвөлжөөнд өвөлжиж, өөрийн болон нэхэмжлэгчийн малыг маллаж байсан.
Тухайн үед их хэмжээний цас орсон бөгөөд Б.Ганболдод өөрийн гэсэн машин байхгүй учраас ойр хавийн айлаас үхэр тэрэг гуйн гэрээ ачаад нүүсэн байдаг. Ш.Батбэх Б.Ганболдыг хөөснөөр их цаснаар өөрийнх үхэр хүртэл үхсэн. Идшинд 1 үхэр авсан гэж хэлээд байгаа боловч тухайн өдөр мал уулын уруу унаад бэртсэн байсан учраас манай үйлчлүүлэгч нэхэмжлэгчтэй яриад махлая гэж талууд тохиролцож, манай үйлчлүүлэгч авсан Б.Ганболд өөрөө малтай учраас нэхэмжлэгчид 1,000,000 төгрөгөөр тугалтай үнээ зарсан. Ганболдын зүгээс хэрвээ нэхэмжлэгч зөвшөөрвөл тугалтай үхэрийн үнэ 1,000,000 төгрөг, идшинд махалсан үрхийн үнэ 850,000 төгрөг нийт 1,850,000 төгрөгөөр эвлэрэх боломжтой тухайгаа надад илэрхийлсэн. Нэхэмжлэгч тал эвлэрэхгүй гэсэн тул манай зүгээс 1,850,000 төгрөгөөс уналганы морины 1,500,000 төгрөгийг хасч 350,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн шаардлага дээр цалингаа нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй байна. Харин үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд аман хэлбэрээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, цалин 3,000,000 төгрөгийг Ганболд хүлээн авсан гэдэгтэй маргахгүй. Манай үйлчлүүлэгч 26 ширхэг үхэр хүлээн авлаа гэсэн баримтад гарын үсэг зурсан болохоо зөвшөөрч байгаа боловч тухайн баримт нь хэрэгт ирүүлсэн үхэр хүлээлцсэн баримт биш гэж тайлбарлаж байгаа. Мөн хавар үхэр төлж өгнө шэж тохиролцоогүй. Талуудын хооронд мөнгө, зээлийн харилцаа үүсээгүй, хүүгийн талаар бичгээр тохиролцоогүй тул хүү тооцсоныг зөвшөөрөхгүй. Мөн Ганболдын зүгээс хорогдолгүй маллана гэсэн тохиролцоо хийгээгүй гэв.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Ш.Батбэхийн иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримтууд, малчинд цалин олгосон баримт, үхэр хүлээлцсэн тухай баримт, 2022 оны 12 дугаар сарын мал тооллогын гэрчилгээний хуулбар, ягаан дэвтэр зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч тал итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Ш.Батбэх хариуцагч Б.Ганболдод холбогдуулан 5 үхрийн үнэ 5,000,000 төгрөг, цалин 3,000,000 төгрөг, тугалтай үхрийн үнэ 1,000,000 төгрөг, үхрийн үнэ /дутсан 5 үхэр, худалдаж авахаар тохирсон тугалтай үхэр/ 6,000,000 төгрөгийн хүү 312,667 төгрөг, нийт 9,312,667 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
3.Нэхэмжлэгч Ш.Батбэх дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Би анх Б.Ганболдтой үхэр маллуулахаар тохиролцож, түүнд 15 бяруу, 16 үнээг хүлээлгэн өгсөн. Бид ажлын хөлсийг 500,000 төгрөгөөр, Б.Ганболд хорогдолгүй маллахаар тохирсон.
Гэтэл хариуцагч малын хорогдол гаргасан тул хорогдсон малын үнийг хүүтэй нь цалин, худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг гаргуулна гэж маргасан.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямбат нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд:
Тугалтай үнээг 1,000,000 төгрөгөөр үнэлж худалдахаар тохирсон. Мөн гэмтсэн үхрийг 850,000 төгрөгөөр тохирч махалж авсан. 2022 оны 07-12 сард малыг нь малласан тул цалинг буцаан төлөхгүй. Мөн хүүг зөвшөөрөхгүй, анх мал маллуулахаар аман гэрээ байгуулахдаа уналганы морь өгнө гэсэн боловч өгөөгүй.
Харин өвлийн хүйтнээр хөөж явуулсанд гомдолтой байна. Малын хорогдох байдал нь дан ганц надаас шалтгаалсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй гэж маргасан.
5. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
- Талууд сарын 500,000 төгрөгийн хөлстэй үхэр маллах гэрээг аман хэлбэрээр байгуулжээ.
-Нэхэмжлэгч Ш.Батбэх хариуцагч Б.Ганболдод 31 тооны үхрээ маллуулахаар 2022 оны 06 сарын 30 нд хүлээлгэн өгч, 2023 оны 01 сард 26 тооны үхрээ хүлээн авсан байна.
- Хариуцагч Б.Ганболд нэхэмжлэгч Ш.Батбэхэд 1,000,000 төгрөгөөр тугалтай үхэр худалдахаар тохирч үнэ 1,000,000 төгрөгийг хүлээн авсан боловч гэрээний зүйлийг худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй байна.
-Хариуцагч Б.Ганболд цалин 3,000,000 төгрөг хүлээн авсан үйл баримтад маргахгүй байна.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын хооронд үүссэн үйл баримтаас харахад талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардсан 9,312,667 төгрөгийг шаардсан нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас ирүүлсэн үхэр хүлээлцэх баримтыг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан, нэхэмжлэгч тал тухайн баримтыг хариуцагч талтай харилцан тохирч үйлдсэн болохоо баримтаар нотлоогүй.
Мөн хорогдсон 5 тооны үхрийн зах зээлийн үнэ ханш 5,000,000 төгрөг болох тухай баримтыг хэрэгт ирүүлээгүй. Нэхэмжлэгч Ш.Батбэх шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дутсан 5 үхрээс 1-ийг нь өөрөө идшэнд хэрэглэсэн тухайгаа тайлбарлан мэдүүлсэн.
Талуудын хооронд хүү тооцох бичгийн гэрээ байгуулагдсан баримт хэрэгт авагдаагүй.
Хариуцагч Б.Ганболд 2022 оны 07 сараас 2023 оны 12 сарыг дуустал нэхэмжлэгчийн мал /үхэр/-ыг маллаж, ажилласан болох нь талуудын мэдүүлгээр нотлогдож байх тул цалин 3,000,000 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас тугалтай үхэр, идшэнд хэрэглэсэн үхрийн үнэ нийт 1,850,000 төгрөгт эвлэрэх боломжтой тухай тайлбар гаргасан тул 1,850,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ш.Батбэхэд олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6.Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 44,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.Ганболдоос 1,850,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ш.Батбэхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,462,667 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 44,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА