Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/03843

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/03843

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд *****  регистрийн дугаартай, Увс аймагт оршин байх Ч У Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ***** регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо,  тоотод оршин байх М ХХК-нд холбогдох,

Гэрээний үүрэгт 68,647,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Увс аймагт Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. М ХХК нь 2019-2020 оны хооронд Увс аймгийн нутаг дэвсгэр болох Ч авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус ажлыг хийхдээ авто замыг тавихад шаардагдах хайрга, чулууг манай компаниас худалдан авсан. Тухайн үед 0.5 мм хайрганы зах зээлийн үнэлгээ 19,500 төгрөг, 5, 10, 10-20 мм хайрганы зах зээлийн үнэ тариф нь 24,200 төгрөг байсан. Энэ үнэлгээгээр тухайн авто замын ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд нийт 2667 куб.м хайрга худалдан авч хөлсөнд 68,647,300 төгрөгийг төлөх ёстой байсан. Хөлс нь нийт авсан хайрганы хэмжээнээс шалтгаалахаар байсан тул бүх шаардлагатай хайргаа авч дуусаад авсан хайрганыхаа хэмжээгээ хөлсийг замын ажил дуусаад төлөхөөр тохирсон. Гэтэл хариуцагч М ХХК нь ажил дуусах үед төлбөрөө төлөөгүй бөгөөд тухайн компанийн менежер Б.А нь төлбөрөө санхүүгийн хүндэрлээс шалтгаалаад төлөх боломжгүй байгаа тул 2021 оны 4-р улирал болон 2022 оны 2-р улиралд багтаагаад хуваагаад төлнө гэдэг бичиг хийж өгсөн боловч одоо хүртэл төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд М ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 2667 куб.м хайрга худалдан авсан төлбөр болох 68,647,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч компани нь манай компаниас Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 68,647,300 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ. М ХХК нь нэхэмжлэгчтэй хайрга, чулуу худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, хайрга чулуу хүлээж аваагүй уг компанитай ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй болно. Дээрх 68,647,300 төгрөгийн хайрга, чулууг хүлээж авсан гэх Б.А нь манай компанид огт хамааралгүй, манай компанид менежерийн ажил, алба хашдаггүй. Харин Б.А нь 2019-2020 оны хооронд М ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр Увс аймагт авто замын барилга угсралтын ажил хийж гүйцэтгэж байх үедээ өөрийн Т С ХХК-ийн хэрэгцээнд дээрх хайрга, чулууг авч ашигласан болох нь Б.Аын 2021.10.02-ны өдөр Ч У ХХХК-нд гаргасан хүсэлтээс тодорхой харагдаж байх тул хэргийн хариуцагч нь М ХХК биш Т С ХХК гэж үзэхээр байна. Түүнчлэн 2019 онд Т С ХХК-ийн захирал Б.А-ын эхнэр З.Ц байсан бөгөөд 2019.06.10-ны өдөр манай компанитай ****** дугаартай Туслан гүйцэтгэгчээр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Увс аймагт авто замын барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн. Гэвч Б.А нь тухайн үед М ХХК-ийн захирал Ц.Г гарын үсэгтэй тамга, тэмдэг бүзхий хоосон цаасыг хууль бусаар ашиглан өөртөө хуурамчаар итгэмжлэл үйлдэж М ХХК-ийн нэрийн өмнөөс Хязгааргүй прогресс ХХК-тай 2019.07.30-ны өдөр Нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулж 142,431,388 төгрөгийн тос, дизель түлш Аи 92 шатахуун авч ашиглаж, залилсан эрүүгийн хэргийг Увс аймгийн Цагдаагийн газар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгааг дурдах нь зүйтэй. Иймээс М ХХК нь дээрх хайрга, чулууг огт хүлээж аваагүй, нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд оролцоогүй хайрга, чулууны үнийг төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б.А-ын тодорхойлолт, нэхэмжлэхүүд, зарлагын баримтууд,

Хариуцагчаас Хас, Хаан банк дахь М ХХК-ийн дансны хуулга, М ХХК-ийн 2019-2020 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан,

Шүүхийн журмаар Увс аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны ****  дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, М ХХК-ийн 2019-2020 оны санхүүгийн тайлан, М ХХК, Т С ХХК-ийн **********  дугаартай Туслан гүйцэтгэгчээр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, гэрчээр Б.А-ыг асуусан тэмдэглэлийг тус тус бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч У ХХХК нь хариуцагч М ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 68,647,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... Увс аймгийн нутаг дэвсгэр болох Ч авто замын ажил хийж гүйцэтгэхдээ худалдан авсан 2667 куб.м хайрганы үнэ 68,647,300 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгчтэй хайрга, чулуу худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, хайрга чулуу хүлээж аваагүй уг компанитай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээс үзэхэд дараа тооцоо хийхээр хайрга, чулуу нийлүүлсэн гэж тайлбарласан тул энэ харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хуульд зааснаар тус гэрээний гол нөхцөлийн тохиролцоо нь худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлж, хөрөнгөө хүлээж авах үүргийг харилцан хүлээх агуулгаар зохицуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зохигч-ийн тайлбар хэргийн нотлох баримтад хамаарах боловч нэхэмжлэгчийн хайрга чулуу нийлүүлсэн гэх тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй учир зохигчдын тайлбар-аар гэрээ байгуулагдсан эсэхийг тодорхойлох боломжгүй тул хэрэгт цугларсан бичгийн баримтуудад дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Зохигч талуудын тайлбараар хариуцагч М ХХК нь Увс аймгийн Засаг даргатай 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр *********** дугаартай Аймгийн хатуу хучилттай авто зам 2.8 км хүртэл Увс аймагт ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байхаас гадна хариуцагч уг үйл баримттай маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг дээрх ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой хайрга, чулуу худалдан авсан бөгөөд уг хайрга, чулуу нь тухайн замын ажилд зарцуулагдсан тул гэрээний үр шимийг хүртсэн хариуцагч төлбөрийг хариуцах үндэслэлтэй гэж тайлбарласан.

Гэвч, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч М ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ********  дугаартай Туслан гүйцэтгэгчээр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг Т С ХХК-тай байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Увс аймаг, 2.8 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон байхаас гадна хариуцагч М ХХК-нд Зам тээврийн хөгжлийн яамнаас авто замын ажлын санхүүжилтээр хийгдсэн 1,635,710,330 төгрөгийн 1,502,617,376.11 төгрөгийг Т С ХХК-нд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /2 дугаар х.х-ийн 30-40 дэх талд/

Түүнчлэн, гэрч Б.А шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... Т С ХХК-иар туслан гүйцэтгэгчийн гэрээ хийж, улсын комиссын бүх ажлыг хариуцсан, ажлыг хийхдээ хайргыг Ч У ХХХК-аас авсан. ... Хайрганы мөнгийг төлөхөөр Ч У ХХХК-ийн захирал н.Улаанхүүтэй яриад явж байгаа, Ч У ХХХК-тай Цахим харгуй гэдэг компаниараа анх уулзсан ... 60 гаруй сая төгрөгийн тооцоотой... байгаа гэж мэдүүлсэн. /2 дугаар х.х-ийн 24-26 дахь талд/

Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон гэрчийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгч өөр бусад этгээдээс гэрээний үүргийг шаардахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдав.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 501,186 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 68,647,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч У ХХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 501,186 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ