Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01969

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01969

 

2023.11.13 210/МА2023/01969

 

Ч у х-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/03843 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ч у х-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М- ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 68,647,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чойжилсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: М- ХХК нь 2019-2020 оны хооронд У- аймгийн У- суманд авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус ажлыг хийхдээ авто замыг тавихад шаардагдах хайрга, чулууг манай компаниас худалдан авсан. Тухайн үед 0.5 мм хайрганы зах зээлийн үнэлгээ 19,500 төгрөг, 5, 10, 10-20 мм хайрганы зах зээлийн үнэ 24,200 төгрөг байсан. Нийт 2,667 куб.м хайрга худалдан авч хөлсөнд 68,647,300 төгрөгийг төлөх ёстой байсан. Гэтэл хариуцагч М- ХХК нь ажил дуусах үед төлбөрөө төлөөгүй. Тухайн компанийн менежер Б.А- нь төлбөрөө санхүүгийн хүндэрлээс шалтгаалаад төлөх боломжгүй байгаа тул 2021 оны 4 дүгээр улирал болон 2022 оны 2 дугаар улиралд багтаагаад хуваагаад төлнө гэдэг бичиг хийж өгсөн боловч одоо хүртэл төлөөгүй байна.

Иймд М- ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 2667 куб.м хайрга худалдан авсан төлбөр болох 68,647,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: М- ХХК нь нэхэмжлэгчтэй хайрга, чулуу худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, хайрга чулуу хүлээж аваагүй, уг компанитай эрх зүйн харилцаанд оролцоогүй. Дээрх 68,647,300 төгрөгийн хайрга, чулууг хүлээж авсан гэх Б.А- нь манай компанид огт хамааралгүй, менежерийн ажил, алба хашдаггүй. Харин Б.А- нь 2019-2020 оны хооронд М- ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр У- аймагт авто замын барилга угсралтын ажил хийж гүйцэтгэж байх үедээ өөрийн Т с- ХХК-ийн хэрэгцээнд дээрх хайрга, чулууг авч ашигласан нь Б.А-ын 2021 оны 10 сарын 02-ны өдөр Ч у х-ХХК-д гаргасан хүсэлтээс харагдаж байх тул хариуцагч нь М- ХХК биш Т с- ХХК гэж үзэхээр байна.

Иймээс М- ХХК нь дээрх хайрга, чулууг огт хүлээж аваагүй, нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд оролцоогүй хайрга, чулууны үнийг төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М- ХХК-аас 68,647,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч у х-ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 501,186 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар У- аймгийн У- сум, 1 дүгээр баг замын ажилд зориулан хайрга чулууг хариуцагч талтай амаар тохиролцсоны дагуу нийлүүлж байсан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар хэлцэл хийсэн гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал нэхэмжлэгчийн нийлүүлсэн 0.5-0.22 мм-ын хайргыг хүлээн авч өөрийн замын тендерийн ажилдаа зарцуулсан байдаг.

4.2. Хариуцагч нь тус замын ажилд ашиглахаар нэхэмжлэгч талаас 2019-2020.10 сар хүртэл нийт 2667 куб.м хайргыг авсан болох нь гэрч Б.А-ын мэдүүлэг болон дээрх гэрээ, "Т с-" ХХК-тай байгуулсан гэрээнүүдээр нотлогдохоос гадна хариуцагчийн зүгээс өөрийн тендер шалгаруулалтаар авсан замын ажилдаа маргаан бүхий хайрга чулууг авч ашигласныг зөвшөөрч үнийн дүн дээр маргадаггүй. Хариуцагч нь У- аймгийн засаг даргатай байгуулсан гэрээний хүрээнд нэхэмжлэгчээс хайрга чулууг авч ажилдаа ашиглаж гэрээний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж 2019-2020 онуудад хайрга чулууг зөвхөн хариуцагчийн тендер шалгаруулалтаар авсан төслийн талбайд нийлүүлж байсан.

4.3. Мөн Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглосон" байдаг. "М- ХХК нь тендер шалгаруулалтаар авсан үүргийг бусдад шилжүүлэх боломжгүй учир манай компаниас ирж хайрга чулуу авч автозамын ажлын талбайд хүргүүлж Б.А-ыг "М-" ХХК-ийн төлөөлөн биднээс хайрга чулуу авч байна хэмээн бид ойлгосон. Тодруулбал У-, У- сум, 1 дүгээр багт байрлах 2.8 км замын ажлын талбайд хүргүүлсэн хайрга чулууг "М-" ХХК-иас өөр компани авч ашиглаж үр шимийг нь хүртэх хуулийн боломжгүй юм. "М-" ХХК нь "Т с-" ХХК-тай хууль зөрчиж 2019 оны 06 сарын 10-ны өдөр "Туслан гүйцэтгэгчээр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ 2 байгуулж тус компаниар өөрийн тендер шалгаруулалтаар сонгогдож авсан замын ажлаа гүйцэтгүүлж үр шимийг нь хүртсэн тул манай компаниас авч ашигласан 2667 куб.м хайргын төлбөр болох 68,647,300 төгрөгийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

4.4. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д зааснаар хариуцагчийн зүгээс манай компаниас авсан хайрга чулууг өөрийн тендер шалгаруулалтаар авсан ажилдаа зарцуулж үр шимийг нь хүртэж байсан нь тогтоогдсон байхад шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх үүргийн эрх зүйн харилцаа үүссэн нь тогтоогдсонгүй гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс манай компанийг Б.А- төлөөлж, амаар гэрээ байгуулсан гэх боловч нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй. Б.А- нь М- ХХК-ийн зүгээс хэлцэл хийх эрхтэй болон итгэмжлэл тухайн үед байгаагүй. М- ХХК нь Ч у х-ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүйг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх дээр яригдаагүй. Тендерийн тухай хууль зөрчсөн гэж маргаж байгаа бол уг маргаан иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш. Өнөөдрийн байдлаар М- ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа. Анхнаасаа нэхэмжлэгч тал гэрээний хүчин төгөлдөр байдлын тал дээр маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ч у х-ХХК нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 68,647,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаа үүсгээгүй гэж тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо Ч у х-ХХК нь М- ХХК-д худалдах-худалдан авах гэрээний үүргийг аман хэлбэрээр байгуулж, талууд хүсэл зоригоо илэрхийлж, хайрга чулуу нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон. Үүнийг анхан шатны шүүх буруу дүгнэсэн гэжээ.

4.1. Хэргийн баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Тодруулбал, М- ХХК нь У- аймгийн Засаг даргатай 2019 оны 06 сарын 05-ны өдөр ЗТХЯ/201901023 дугаартай Аймгийн хатуу хучилттай автозам 2.8 км хүртэл /У- У- сум 1 дүгээр баг/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг ажилд туслан гүйцэтгэгчээр Т с- ХХК-ийг оролцуулахаар 2019 оны 06 сарын 10-ны өдөр Туслан гүйцэтгэгчээр барилга угсралтын гэрээ байгуулж, гэрээний дагуу Т с- ХХК нь автозамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, М- ХХК нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээжээ.

 

Гэрч Б.А-ын мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Т с- ХХК нь дээрх автозамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн, М- ХХК нь ажлын хөлс 1,502,617,376 төгрөгийг Т с- ХХК-д төлсөн болох нь нотлогдсон байна. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсгээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

4.2. Гэрч Б.А- нь Т с- ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан, мөн нэхэмжлэгч Ч у х-ХХК-аас дээрх автозамын барилга угсралтын ажилд зориулан хайрга, чулууг авч ашигласан, төлбөрийг төлөх асуудлаар нэхэмжлэгчтэй харилцаж байгаа болон М- ХХК-д ажилладаггүй, хамаарал бүхий этгээд биш болохоо мэдүүлжээ.

Гэрч Б.А-ыг хариуцагч М- ХХК-ийн менежер бөгөөд төлбөр төлөхөө илэрхийлсэн, нэхэмжлэгчийн хувьд хайрга, чулууг М- ХХК-д нийлүүлж байгаа гэж ойлгосон гэх тайлбараа нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй.

Иймд хариуцагчтай аман хэлбэрээр тохиролцож 68,647,300 төгрөгийн үнэ бүхий хайрга, чулууг нэхэмжлэгч нийлүүлсэн, гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

 

5. Нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Ч у х-ХХК нь хариуцагч М- ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байна. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь заалт нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг шаардаж буй энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/03843 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 501,187 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ