Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2023/00650

 

 

 

 

 

 

 

 

2023 8 04

130/ШШ2023/00650

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж. Хаяг: Б аймаг, С  сум 6 дугаар багт оршин суух,

Хариуцагч: Б аймгийн С  сумын Ерөнхий боловсролын 02 дугаар сургууль /захирал М /, Хаяг:Б аймаг, С  сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн С  сумын Ерөнхий боловсролын 02 дугаар сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А ,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М ,

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч З ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Ж нь хариуцагч Б аймгийн С  сумын Ерөнхий боловсролын 02 дугаар сургуулийн захирал М т холбогдуулан тус сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Ж нь Д багийн бага сургуульд дотуур байрны болон үдийн хоолны тогоочийн ажилд хүн авч ажиллуулахаар мэргэжлийн тогооч хайж байгаа гэх зарын дагуу 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус сургуулийн захиралд өргөдөл гаргаж мэргэжлийн үнэмлэхийн хамт аваачихад тус сургуулийн захирал М  нь “тус сургуулийн тогооч Х нь өндөр насны тэтгэвэрт гарч байна. Мөн тогооч Х  нь сайн дураараа ажлаас гарч байгаа тул энэхүү хоёр тогоочийн орон тоонд авч ажиллуулна” гэж хэлж 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тогоочоор ажиллуулсан байх бөгөөд  энэхүү хугацаанд тэрээр тогоочоор ганцаараа ажилласан байна. Тэрээр ганцаараа ажиллаж, түүний тогоочоор ажиллах хугацаандаа энэхүү хоёр тогооч огт ажилд ирээгүй байсан байна.

1.2 Ажил олгогчоос Ж д эхний удаа та 6 сарын хугацаагаар туршилтын хугацаагаар ажиллана гээд Хөдөлмөрийн гэрээ байгуулж, харин тушаалын нэг хувийг  өгөөгүй ба тухайн ажил эхэлсэн өдрөөр ажилласнаар тушаал гарган гэж хэлжээ. Улмаар Ж нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр  ажил олгогчид туршилтын хугацаа дуусаж байгааг хэлэхэд таны туршилтын хугацаа дууссаныг би мэдэж байгаа та үндсэн ажилтан болсон энэ тухай тушаал гаргасан гэж хэлсэн байна.

1.3 Ж нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл бүтэн 6 сар 21 хоног С  сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд тогоочоор ажиллаж хөдөлмөрийн харилцаанд байсан байна. Туршилтын 6 сарын хугацаа дууссан байхад цаашид туршилтын хугацаа дууслаа гэж хөдөлмөрийн харилцааг зогсоогоогүй үргэлжлүүлэн ажиллуулсан байна.Туршилтаар 3 сар ажиллуулах байтал 6 сар ажиллуулсан. Цаашид тогооч М.Х ын сул орон тоонд үндсэн ажилтнаар авч ажиллуулах шаардлагатай болоод Ж ийг захирал нь тогоочоор ажиллуулсан байна.

1.4 Гэтэл тус сургуулийн захирал нь 6 сар 21 хоног буюу 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Ж ийг сургуульд тогоочоор авч ажиллуулсан нь тус сургуулийн дотуур байрны тогоочийн сул орон тоо байсныг нотолж байна. Тус сургуульд тогоочийн сул орон тоо байгаа нь урьд өмнө тогоочоор ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарсан Х гэдэг эмэгтэйн талаар аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс албан бичгээр ирүүлсэн бичгийн нотлох баримт болох тушаалаар нотлогдож байна. Өндөр насны тэтгэвэрт гарсан тогооч Х нь 2022 оны 9 дүгээр сарын 15-нд ажлаа хүлээлгэж сургуультай тооцоо дуусаж явснаас хойш дахин сургуульд огт ирээгүй 2 сар ажиллаагүй цалинг гаргаж авч байсан байна.

1.5 Ж нь тогоочийн сургалт, курсээс 2 удаа суралцаад ахлах тогоочийн мэргэжил эзэмшсэн нь хэрэгт авагдсан диплом, сертификат гэрчилгээгээр нотлогдож байгаа бөгөөд сул орон тоонд ажиллах болзлыг хангаж байсан. Х тогооч өндөр насны тэтгэвэрт гарахаас өмнө 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ээлжийн амралт авч яваад 2022 оны 11 дүгээр сард тэтгэвэрт гарсан бөгөөд уг хугацаанаас хойш 2023 оны 4 дүгээр сарын 03-ны хооронд тогоочоор Ж нь ганцаараа ажиллаж байсан. Ж нь Х тогоочийн сул орон тоонд тогооч мэргэжлийнхээ дагуу ажиллаж үлдэх ёстой байсан.

1.6 Гэтэл  2023 оны 02 дугаар сард тус сургуулийн захирал М  нь шинээр тогоочоор иргэн Д ийг авч ажиллуулсан гэж тайлбарладаг. Д  нь хадам ээжтэй хамт нэг гэрт хамтран амьдардаг бөгөөд тус сургуульд тогоочоор ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сард өндөр насны, тэтгэвэрт гарсан М.Х ын оронд нь бэрийг авч ажиллуулж тушаал гаргасан сургуулийн захирал М ийн гэм буруутай, шууд ашиг сонирхлын зөрчил гаргасан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

1.7 Захирлын өөрт нь эрх мэдэл, гарт нь тамга, тэмдэг, албаны бланк, маягт байгаа бөгөөд шүүхэд чөлөө авсан тогооч Х ын оронд Ж ийг авсан гэж тайлбарлаад хуурамч тушаал бичиж тамгаа дарж шүүхэд баримт өгсөн байх бөгөөд тэр баримтуудыг тусдаа шалгуулахаар харьяаллаар нь гомдол гаргана.

1.8 Тус сургуулийн захирал М  нь гаргасан тушаалуудаа янз бүрийн хувилбараар үг, үсэг өгүүлбэрийг өөрчилсөн ч гэсэн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 2 хувь бичиж нэг хувийг тогооч Ж д өгсөн Хөдөлмөрийн гэрээг өөрчилж чадсангүй. Уг гэрээндээ: а.Бусад тогооч /Х ын/ оронд түр тогоочоор авч ажиллуулж байгаа тухай бичээгүй, б.Шинээр ажилд орсон ажилтны туршилтын хугацааг 6 сар хүртэл гэсэн байна. Үүнд бусдын оронд гэж бичээгүй, шинээр ажилд орж буй ажилтан гэж бичсэн. в.Хөдөлмөрийн гэрээний цаашид ажиллах хугацааг тодорхой бичээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-д “Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах тохиолдолд ажилтантай туршилтаар ажиллуулах гэрээ байгуулахгүй” гэж тодорхой бичсэн бөгөөд захирал М ийн тогооч Ж тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь ганц үнэн нотлох баримт болж байна.

1.9 Харин эрх мэдлээ ашиглаж хуурамч байдлаар бичиж шүүхэд өгсөн М ийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 000 дугаартай Ж ийг түр ажилд томилох тушаалын үндэслэх хэсэгт бичсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалт тогооч Х ын оронд түр авч ажиллуулсан гэх тайлбарыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул үнэлэхгүй байхыг шүүхээс хүсэж байна. Ямар ч гэсэн  Жайнагүл нь Д ээс өмнө ажилд орж 6 сар  21 хоног ганцаараа ажилласан. Төрийн мерит зарчмын дагуу тус сургуулийн бүр орон тоонд Ж ажиллах ёстой байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

2.Хариуцагч Б аймгийн С  сумын Ерөнхий боловсролын 02 дугаар сургуулийн захирал М ийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Миний бие тус аймгийн С  сумын Ерөнхий боловсролын 02 дугаар сургуулийн захирлаар ажилладаг. Тус аймгийн С  сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн батлагдсан орон тоогоор үдийн хоол, дотуур байрны тогооч гэх 2 хүний орон тоогоор ажилладаг бөгөөд уг тогоочийн 2 орон тоонд 2007-оноос эхлэн М.Х , 2014 оноос эхлэн М.Х  нар ажиллаж байсан.

2.2 Гэтэл тус сургуулийн тогооч ажилтай М.Х  /Х/ нь 2022 оны 8 дугаар сард “хувийн чөлөө олгох” хүсэлт гаргасан учир С  сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 08-р сарын 22-ны өдрийн “М.Х ийг ажлаас түр чөлөөлөх тухай” А/14 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасныг үндэслэн “хувийн чөлөө” олгож  түүний оронд түр ажиллах хүсэлт гаргасан Ж ийг 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Түр ажилд томилох тухай” 00 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн 50.1.4-д /ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах/ заасан журмаар хувийн чөлөө авсан М.Х ийн орон тоонд түүнийг чөлөөний хугацаа дуусаж эргэн ирэх хүртэлх хугацаагаар түр хугацаанд тогоочоор томилон ажиллуулсан болно.

2.3 М.Х  нь С  сумын Д гийн бага сургуулийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Ажилд томилох тухай” 04 дугаартай тушаалаар тус сургуульд 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 9 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байгаа, үндсэн ажилтан бөгөөд Хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан, тогооч мэргэжилтэй, удаан жил ажилласан ажлын туршлагатай ахмад ажилтан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 100.2 дахь хэсэгт “хувийн чөлөө олгох хугацааг, хуулиар зохицуулаагүй” учир М.Х т “хувийн чөлөө” олгох эрхийн акт буюу тушаалдаа чөлөөний хугацаа заагаагүй болно.

2.4 Тус сургуулийн бүтэц орон тоогоор 2 тогоочийн албан тушаалын ажлын байр орон тоо байгаа бөгөөд, уг орон тоонд 2007 оноос тогооч М.Х , 2014 оноос М.Х  нар томилогдон ажиллаж ирсэн бөгөөд үүнээс тогооч Х нь 2022 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэврийн болзол хангаж, өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд түүний сул гарсан орон тоонд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” 00 дугаартай тушаалаар С.Д ийг томилуулан ажиллуулсан болно.

2.5 Нэхэмжлэгч Ж зүгээр л тогоочийн курс төгссөн хүн. Харин Д ийн хувьд бол 2,5 жил суралцаж төгссөн хоол зүйч хүн байсан. С.Д  нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тогооч асан М.Х ын оронд, сул байгаа орон тоонд томилогдсон тогооч мэргэжилтэй, ар гэрийн гачигдалтай, ядуу тарчиг амьдралтай учраас сум орон нутгийн удирдлага, тухайн С.Д ийг томилох талаар манайд удаа дараа уламжилсан байдаг. С.Д ийн хувьд түүний эцэг, эх хоёулаа хэлгүй, дүлий, дохио зангаар харилцдаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа бол, хадам эцэг нь мөн хэлгүй, дүлий дохио зангаар харьцаж байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа билээ. Энэхүү С.Д ийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаж тухайн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон М.Х ын орон тоонд томилсон болно. Түүнчлэн С.Д  нь “Тогооч”-ийн мэргэжлээр 2,5 жил суралцаж төгссөн нарийн мэргэжлийн тогооч байгаа нь түүний давуу тал гэж ажил олгогчийн зүгээс үнэлсэн юм.

2.6 Мөн тогооч Х өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2022 оны 12 дугаар сарын үед нэхэмжлэгч Ж нь тус сургуульд “тогооч”-ийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 01-ий хүртэл ажилласан тул анх С.Д  томилогдоход Ж ажил хөдөлмөр эрхэлж байсан болно.

2.7 Нэхэмжлэгч Ж нь “Хөдөлмөрийн гэрээ” гэх гэрээний загварыг өөрөө хуулбарлан авч ирж, ажил олгогч надтай гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулах шаардлагаа тавьсан юм. Гэтэл Ж нь уг хөдөлмөрийн гэрээний заалтад өөрөө санаачлан Хөдөлмөрийн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дах хэсэгт заасан “туршилтын хугацаа”-г тусгаж ирүүлсэн байна.

2.8 Захирал М  миний бие Ж д учрыг ойлгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60,1 дэх хэсгийн 60.1.12 дахь заалтад заасан “хувийн чөлөөтэй байх хугацаанд” буюу “албан тушаал нь хэвээр хадгалагдаж буй хүний орон тоонд ажиллах” хөдөлмөрийн гэрээ байгуулах гэтэл Ж татгалзаж гэрээ байгуулаагүй болно. Нэхэмжлэгч Ж ийн нотлох баримтаар өгсөн гэрээнд ажил олгогч талын гарын үсэг, тамга тэмдэг байхгүй, баталгаажуулаагүй учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй болно.

2.9 Нэхэмжлэгч Ж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан “хувийн чөлөөтэй” байсан М.Х ийн оронд түр хугацаатай ажилласан тул мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12 дэх хэсэгт зааснаар М.Х  нь хувийн чөлөө дуусаж, эргэж ирснээр ажлаас чөлөөлөгдсөн болно. Түүний гомдолд бичсэнчлэн ажлаас хөөж явуулсан биш, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 60 дугаар зүйлийн 60.1.12, 78 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр хуулийн хүрээнд ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Таван тансаг трейд” ХХК-нийн дэргэдэх Оюунлаг сургалтын төвөөс олгосон “Тогооч” мэргэжлийн 2 дугаар түвшний чадамжийн №00 дугаартай гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, №00 дугаартай мэргэжлийн анхааруулах талон, нэхэмжлэгч Ж ээс  2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэлийн 00 дугаартай бүртгэж олгосон А д олгосон итгэмжлэл зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022.09.12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний эх хувь, Б аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны №21 дугаартай тэмдэглэл, Ж ийн ХААН банкны 00 дугаартай дансны хуулга, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргах тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс,

4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1-12 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, Б аймгийн С  сумын Д гийн бага сургуулийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “ажилд түр томилох тухай” 04 дугаартай тушаал, тус аймгийн С  сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Х ийг ажлаас түр чөлөөлөх тухай” 00 дугаартай, мөн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “түр ажилд томилох тухай” 00 дугаартай, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 00 дугаартай, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “ажилд томилох тухай” 00 дугаартай, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “ажилд томилох тухай” 00 дугаартай тушаалууд, С.Д ийн “Тогооч”-ийн мэргэжлийн №00 дугаартай үнэмлэх болон хавсралт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023.06.22-ны өдөр З  өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “орон тооны жишиг норматив батлах тухай” 00 дугаартай тушаал, Б аймгийн С  сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” 00 дугаартай захирамж болон 6 дугаар хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

5.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 00 дугаартай албан бичгээр ирүүлсэн С.Д ийн 2023 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, М.Х ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон талаарх тогтоолтын хуудас, Б аймгийн С  сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “М.Х ыг тэтгэвэрт гаргах тухай” 00 дугаартай тушаал зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж түүнийг Б аймгийн С  сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие Д багийн бага сургуульд дотуур байрны болон үдийн хоолны тогоочийн ажилд хүн авч ажиллуулахаар мэргэжлийн тогооч хаяж байгаа гэх зарын дагуу 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус сургуулийн захиралд ажил хүсэх өргөдлөө, мэргэжлийн үнэмлэхийн хамт аваачихад тус сургуулийн захирал М  нь надад “тус сургуулийн тогооч Х нь өндөр насны тэтгэвэрт гарч байна. Мөн тогооч Х  нь сайн дураараа ажлаас гарч байгаа тул энэхүү хоёр тогоочийн орон тоонд таныг авч ажиллуулна” гэж хэлж 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тогоочоор ажиллуулсан бөгөөд энэхүү хугацаанд тогоочоор ганцаараа ажилласан. Ажил олгогчоос намайг эхний удаа та 6 сарын хугацаагаар туршилтын хугацаагаар ажиллана гээд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Харин тушаалын нэг хувийг надад өгөөгүй бөгөөд тухайн ажил эхэлсэн өдрөөр ажилласнаар тушаал гарган гэсэн. Улмаар 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр туршилтын хугацаа дуусахад, хугацаа дууссаныг хэлэхэд би мэдэж байгаа та үндсэн ажилтан болсон энэ тухай тушаал гарган гэснээр би тогоочоор 6 сар 21 хоног ажилласан байхад ажил олгогчоос 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр та өнөөдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн, дахин ажилдаа битгий ирээрэй гэж хэлж миний хөдөлмөрлөх эрхийг маань зөрчиж байгаа тул уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан гэжээ.

8.Хариуцагч Б аймгийн С  сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал М  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч Ж нь “Хөдөлмөрийн гэрээ” гэх гэрээний загвар болон заалтыг өөрөө санаачлан Хөдөлмөрийн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дах хэсэгт заасан “туршилтын хугацаа”-г тусгаж ирж, ажил олгогч надтай гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулах шаардлагаа тавьсан зөвшөөрөхгүй түүнд учрыг ойлгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60,1 дэх хэсгийн 60.1.12 дахь заалтад заасан “хувийн чөлөөтэй байх хугацаанд” буюу “албан тушаал нь хэвээр хадгалагдаж буй хүний орон тоонд ажиллах” хөдөлмөрийн гэрээ байгуулах гэтэл Ж татгалзаж гэрээ байгуулаагүй. Түүний нотлох баримтаар өгсөн гэрээнд ажил олгогч талын гарын үсэг, тамга тэмдэг байхгүй, баталгаажуулаагүй учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Нэхэмжлэгч Ж нь анхнаас тус сургуулийн тогооч М.Х ын оронд түр томилж ажиллуулж байсан бөгөөд М.Х  нь ажилд орсноор түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч Ж зүгээр л тогоочийн курс төгссөн хүн байсан бөгөөд харин Д ийн хувьд 2,5 жил суралцаж төгссөн хоол зүйч хүн байсан тул түүнийг өндөр насны тэтгэвэрт гарсан М.Х ын оронд томилсон гэж тайлбарлажээ.

9.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:

9.1 Нэхэмжлэгч Ж нь Б аймгийн С  сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс  өмнө 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Таван тансаг трейд ХХК-ийн дэргэдэх Оюунлаг сургалтын төвөөс 95% үнэлгээтэй тогооч мэргэжлийн Сертификат, №00 дугаартай тогооч мэргэжлийн үнэмлэх, №00 дугаартай мэргэжлийн анхааруулах толон зэрэг бичгийн нотлох баримтаар тогооч мэргэжилтэй болох нь нотлогдож байна.

9.2 Б аймгийн С  сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” 00 дугаартай захирамжийн 6 дугаар хавсралтаар тус сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн бүтэц орон тоо баталсан ба уг бүтэц орон тоогоор тогоочийн орон тоо 2 болох нь тогтоогдсон.

9.3 Б аймгийн С  сумын Д гийн бага сургуулийн захирлын 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай тушаалаар М.Х ыг туслах тогоочоор түр томилж, улмаар Б аймгийн С  сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 00 дугаартай тушаалаар тогооч ажилтай Марал овогтой Х ыг сургуулийн захиргаанд гаргасан өргөдлийн дагуу 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс түр чөлөөлсөн байна.

9.4 Мөн сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00 дугаартай тушаалаар тогооч М.Х ыг өндөр насны тэтгэвэрт гарах болсон гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна.

9.5 Б аймгийн С  сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн   захирлын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн  00 дугаартай тушаалаар М.Х ын чөлөөний хугацаа дуусгавар болсон тул 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус сургуулийн дотуур байрны тогоочоор томилж, мөн сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 00 дугаартай тушаалаар М.Х  нь ажилд эргэж ирсэн тул түүний оронд ажиллаж байсан Дасим овогтой  Жайнагүлийг 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан тушаалаас чөлөөлснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад зааснаар шүүхэд гомдол гаргасан байжээ.

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнд гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө танилцуулах үүрэгтэй” гэж, 41.2-т “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилснаар ажил олгогч С  сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал М  нь ажилтан Ж тэй  2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгч үүргээ биелүүлж, гэрээндээ гарын үсгээ зурж тамга дарж баталгаажуулсан байна.

11.Гэвч хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгч Ж ийг тус сургуулийн тогооч ажилтай М.Х  нь хувийн чөлөө авснаар түүний оронд түр томилсон бөгөөд М.Х ын хувийн чөлөө дуусаж, ажилдаа эргэж орсон учраас ажлаас нь чөлөөлсөн гэж маргажээ.

12.Гэтэл С  сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тогооч М.Х  хувийн чөлөө авсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Учир нь, Б аймгийн С  сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 00 дугаартай тушаалаар тогооч ажилтай М овогтой Х ыг сургуулийн захиргаанд гаргасан өргөдлийн дагуу 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс түр чөлөөлсөн гэсэн ба уг тушаалдаа хэдий хугацаагаар түр чөлөөлсөн эсэх талаарх хугацаа зааггүй атлаа мөн сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн  00 дугаартай тушаалаар М.Х ыг тогоочийн ажилд эгүүлэн томилохдоо чөлөөний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр томилсон нь эргэлзээтэй байна.

13.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд 6 /зургаан/ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулахаар заасны 50.1.4 дэх хэсэгт “ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах”-аар бол хугацаатай байгуулахаар заасан бөгөөд хэрэв ажил олгогчоос нэхэмжлэгч Ж ийг тус сургуулийн тогооч М.Х ын чөлөөний хугацаа дуустал хугацаагаар ажилд томилсон бол хөдөлмөрийн гэрээндээ тухайн үндэслэлийг зааж байгуулах ёстой байх боловч Ж тэй уг үндэслэлийг зааж гэрээ байгуулаагүй байна.

14.Хэрэв ажил олгогчоос ажилтан Ж ийг тус сургуулийн тогооч М.Х ийн хувийн чөлөөний хугацаандаа түүний оронд түр томилсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт зааснаар “..., ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд, эсхүл түр ажлын байранд ажиллуулах тохиолдолд ажилтантай туршилтаар ажиллуулах гэрээ байгуулахгүй” гэж зааснаар түүнтэй туршилтын хугацаагаар гэрээ байгуулахгүй байсан.

15.Харин ч ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ажилтан Ж тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.6 дахь заалтад “шинээр ажил орж буй ажилтны туршилтын хугацаа 6 хүртэл сар байна” гэж туршилтын хугацаа зааж Хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдсон.

16.Улмаар ажил олгогч болон ажилтан нарын хооронд туршилтын хугацаагаар байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж 20 хоногийн дараа буюу 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ж ийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

17.Нөгөөтээгүүр тус сургуулийн тогооч Х нь өндөр настны тэтгэвэрт гарах болсон гэсэн үндэслэлээр ажил олгогчоос 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00 дугаартай тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж, тус сургуулийн бүтэц орон тоогоор тогоочийн орон тоо гарсан атлаа нэхэмжлэгч Ж ийг 2 сарын хугацаагаар ганцаараа тогоочоор ажиллуулчхаад хүний оронд ажиллаж байсан гэсэн үндэслэлээр 6 сар 20 хоногийн дараа ажлаас чөлөөлж байгаа үйлдэл нь шударга ёсны зарчмыг ажил олгогчоос алдагдуулсан байна гэж шүүх дүгнэв.

18.Түүнчлэн ажил олгогчоос ажилтантай Хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар байгуулж ажиллуулаад, улмаар туршилтын хугацаа нь дуусаад 20 хоног өнгөрсний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтад талууд харилцан тохиролцсон гэж мөн зүйлийн 78.1.3 дахь заалтад хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр тус аймгийн С  сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 00 дугаартай тушаалаар, ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн эрхийн акт нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл бодитой бус, Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байх тул ажилтан Ж ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

19.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч Ж нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хариуцагч Б аймгийн С  сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж ийг Б аймгийн С  сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Б аймгийн С  сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   АЖ