Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2023/00121

 

 

Д.Ж-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,      

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2023/00650 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч **** багт оршин суух У овогт Д-ын Ж-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль (захирал Т.М)-т холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.М /цахим сүлжээгээр/, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, нарийн бичгийн даргаар Н.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Нэхэмжлэгч Д.Ж- нь Даян багийн бага сургуульд дотуур байрны болон үдийн хоолны тогоочийн ажилд хүн авч ажиллуулахаар мэргэжлийн тогооч хаяж байгаа гэх зарын дагуу 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус сургуулийн захиралд өргөдөл гаргаж мэргэжлийн үнэмлэхийн хамт аваачихад тус сургуулийн захирал Т.М- нь тус сургуулийн тогооч М.Х нь өндөр насны тэтгэвэрт гарч байна. Мөн тогооч Х- нь сайн дураараа ажлаас гарч байгаа тул энэхүү хоёр тогоочийн орон тоонд авч ажиллуулна гэж хэлж 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тогоочоор ажиллуулсан байх бөгөөд энэхүү хугацаанд тэрээр тогоочоор ганцаараа ажилласан байна. Тэрээр ганцаараа ажилласан ба түүний ажиллах хугацаандаа энэхүү хоёр тогооч огт ажилд ирээгүй байсан байна.

1.2 Ажил олгогчоос Д.Ж-д эхний удаа та 6 сарын хугацаагаар туршилтын хугацаагаар ажиллана гээд Хөдөлмөрийн гэрээ байгуулж, харин тушаалын нэг хувийг өгөөгүй ба тухайн ажил эхэлсэн өдрөөр ажилласнаар тушаал гарган гэж хэлжээ. Улмаар Д.Ж- нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр очиж туршилтын хугацаа дуусаж байгааг хэлэхэд таны туршилтын хугацаа дууссаныг би мэдэж байгаа та үндсэн ажилтан болсон энэ тухай тушаал гаргасан гэж хэлжээ.

1.3 Д.Ж- нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл бүтэн 8 сар 15 хоног С сумын Даян 6 дугаар баг дахь Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд тогоочоор ажиллаж хөдөлмөрийн харилцаанд байсан байна. Туршилтын 6 сарын хугацаа дууссан байхад цаашид туршилтын хугацаа дууслаа гэж хөдөлмөрийн харилцааг зогсоогоогүй үргэлжлүүлэн ажиллуулсан байна.Туршилтаар 3 сар ажиллуулах байтал 6 сар ажиллуулсан. Цаашид Ху-ын сул орон тоонд үндсэн ажилтнаар авч ажиллуулах шаардлагатай болоод Д.Ж-ийг захирал нь тогоочоор ажиллуулсан байна.

1.4 Гэтэл тус сургуулийн захирал нь 8 сар 15 хоног буюу 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Д.Ж-ийг сургуульд тогоочоор авч ажиллуулсан нь тус сургуулийн дотуур байрны тогоочийн сул орон тоо байсныг нотолж байна. Тус сургуульд тогоочийн сул орон тоо байгаа нь урьд өмнө тогоочоор ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарсан Ху- гэдэг эмэгтэйн талаар аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс албан бичиг ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Өндөр насны тэтгэвэрт гарсан тогооч Ху- нь 2022 оны 9 дүгээр сарын 15-нд ажлаа хүлээлгэж сургуультай тооцоо дуусаж явснаас хойш дахин сургуульд огт ирээгүй 2 сар ажиллаагүй цалинг гаргаж авч байсан байна.

1.5 Д.Ж- нь тогоочийн сургалт, курсээс 2 удаа суралцаад ахлах тогоочийн мэргэжил эзэмшсэн нь хэрэгт авагдсан диплом, сертификат гэрчилгээгээр нотлогдож байгаа бөгөөд сул орон тоонд ажиллах болзлыг хангаж байсан. Ху- тогооч өндөр насны тэтгэвэрт гарахад 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 03-ны хооронд тогоочоор тус сургуульд ганцаараа ажиллаж байсан Д.Ж- нь Ху- тогоочийн сул орон тоонд тогооч мэргэжлийнхээ дагуу давуу эрхээрээ ажиллаж үлдэх ёстой байсан.

1.6 Гэтэл 2023 оны 02 дугаар сард тус сургуулийн захирал Т.М- нь шинээр тогоочоор иргэн Д-ийг авч ажиллуулсан гэж тайлбарладаг. Д- нь хадам ээжтэй хамт нэг гэрт хамтран амьдардаг бөгөөд тус сургуульд тогоочоор ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сард өндөр насны, тэтгэвэрт гарсан Ху-ын оронд нь бэрийг авч ажиллуулж тушаал гаргасан сургуулийн захирал Т.М-ийн гэм буруутай, шууд ашиг сонирхлын зөрчил гаргасан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

1.7 Захирлын өөрт нь эрх мэдэл, гарт нь тамга, тэмдэг, албаны бланк, маягт байгаа бөгөөд шүүхэд чөлөө авсан тогооч Х-ын оронд Д.Ж-ийг авсан гэж тайлбарлаад хуурамч тушаал бичиж тэмдгээ дарж шүүхэд баримт өгсөн байх бөгөөд тэр баримтуудыг тусдаа шалгуулахаар харьяаллаар нь гомдол гаргана.

1.8 Тус сургуулийн захирал Т.М- нь гаргасан тушаалуудаа янз бүрийн хувилбараар үг, үсэг өгүүлбэрийг өөрчилсөн ч гэсэн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 2 хувь бичиж нэг хувийг тогооч Д.Ж-д өгсөн хөдөлмөрийн гэрээг өөрчилж чадсангүй. Уг гэрээндээ: а.Бусад тогооч /Х-ын/ оронд түр тогоочоор авч ажиллуулж байгаа тухай бичээгүй, б.Шинээр ажилд орсон ажилтны туршилтын хугацааг 6 сар хүртэл гэсэн байна. Үүнд бусдын оронд гэж бичээгүй, шинээр ажилд орж буй ажилтан гэж бичсэн. в.Хөдөлмөрийн гэрээний цаашид ажиллах хугацааг тодорхой бичээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-д Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах тохиолдолд ажилтантай туршилтаар ажиллуулах гэрээ байгуулахгүй гэж тодорхой бичсэн бөгөөд захирал Т.М-ийн тогооч Д.Ж-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь ганц үнэн нотлох баримт болж байна.

1.9 Харин эрх мэдлээ ашиглаж хуурамч байдлаар бичиж шүүхэд өгсөн Т.М-ийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/16 дугаартай Д.Ж-ийг түр ажилд томилох тушаалын үндэслэх хэсэгт бичсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалт тогооч Х-ын оронд түр авч ажиллуулсан гэх тайлбарыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул үнэлэхгүй байхыг шүүхээс хүсэж байна. Ямар ч гэсэн Ж- нь Д-ээс өмнө ажилд орж 8 сар 15 хоног ганцаараа ажилласан. Төрийн мерит зарчмын дагуу тус сургуулийн бүр орон тоонд Д.Ж- ажиллах ёстой байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Миний бие тус аймгийн С сумын Ерөнхий боловсролын 02 дугаар сургуулийн захирлаар ажилладаг. Тус аймгийн С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн батлагдсан орон тоогоор үдийн хоол, дотуур байрны тогооч гэх 2 хүний орон тоогоор ажилладаг бөгөөд уг тогоочийн 2 орон тоонд 2007-оноос эхлэн М.Ху-, 2014 оноос эхлэн М.Х- нар ажиллаж байсан.

2.2 Гэтэл тус сургуулийн тогооч ажилтай М.Х- /Халман/ нь 2022 оны 8 дугаар сард хувийн чөлөө олгох хүсэлт гаргасан учир С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 08-р сарын 22-ны өдрийн М.Х-ийг ажлаас түр чөлөөлөх тухай А/14 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хувийн чөлөө олгож түүний оронд түр ажиллах хүсэлт гаргасан Д.Ж-ийг 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Түр ажилд томилох тухай А/16 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн 50.1.4-д /ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах/ заасан журмаар хувийн чөлөө авсан М.Х-ийн орон тоонд түүнийг чөлөөний хугацаа дуусаж эргэн ирэх хүртэлх хугацаагаар түр хугацаанд тогоочоор томилон ажиллуулсан болно.

2.3 М.Х- нь С сумын Даянгийн бага сургуулийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Ажилд томилох тухай 04 дугаартай тушаалаар тус сургуульд 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 9 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байгаа, үндсэн ажилтан бөгөөд Хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан, тогооч мэргэжилтэй, удаан жил ажилласан ажлын туршлагатай ахмад ажилтан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно гэж заасан бөгөөд мөн хуулийн 100.2 дахь хэсэгт хувийн чөлөө олгох хугацааг, хуулиар зохицуулаагүй учир М.Х-т хувийн чөлөө олгох эрхийн акт буюу тушаалдаа чөлөөний хугацаа заагаагүй болно.

2.4 Тус сургуулийн бүтэц орон тоогоор 2 тогоочийн албан тушаалын ажлын байр орон тоо байгаа бөгөөд, уг орон тоонд 2007 оноос тогооч М.Ху-, 2014 оноос М.Х- нар томилогдон ажиллаж ирсэн бөгөөд үүнээс тогооч М.Ху- нь 2022 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэврийн болзол хангаж, өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд түүний сул гарсан орон тоонд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай Б/02 дугаартай тушаалаар С.Д-ийг томилуулан ажиллуулсан болно.

2.5 Нэхэмжлэгч Д.Ж- зүгээр л тогоочийн курс төгссөн хүн. Харин Д-ийн хувьд бол 2,5 жил суралцаж төгссөн хоол зүйч хүн байсан. С.Д- нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тогооч асан М.Ху-ын оронд, сул байгаа орон тоонд томилогдсон тогооч мэргэжилтэй, ар гэрийн гачигдалтай, ядуу тарчиг амьдралтай учраас сум орон нутгийн удирдлага, тухайн С.Д-ийг томилох талаар манайд удаа дараа уламжилсан байдаг. С.Д-ийн хувьд түүний эцэг, эх хоёулаа хэлгүй, дүлий, дохио зангаар харилцдаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа бол, хадам эцэг нь мөн хэлгүй, дүлий дохио зангаар харьцаж байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа билээ. Энэхүү С.Д-ийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаж тухайн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон Ху-ын орон тоонд томилсон болно. Түүнчлэн С.Д- нь Тогооч-ийн мэргэжлээр 2,5 жил суралцаж төгссөн нарийн мэргэжлийн тогооч байгаа нь түүний давуу тал гэж ажил олгогчийн зүгээс үнэлсэн юм.

2.6 Мөн тогооч М.Ху- өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2022 оны 12 дугаар сарын үед нэхэмжлэгч Д.Ж- нь тус сургуульд тогооч-ийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 01-ий хүртэл ажилласан тул анх С.Д- томилогдоход Д.Ж- ажил хөдөлмөр эрхэлж байсан болно.

2.7 Нэхэмжлэгч Д.Ж- нь Хөдөлмөрийн гэрээ гэх гэрээний загварыг өөрөө хуулбарлан авч ирж, ажил олгогч надтай гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулах шаардлагаа тавьсан юм. Гэтэл Д.Ж- нь уг хөдөлмөрийн гэрээний заалтад өөрөө санаачлан Хөдөлмөрийн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дах хэсэгт заасан туршилтын хугацаа-г тусгаж ирүүлсэн байна.

2.8 Захирал Т.М- миний бие Д.Ж-д учрыг ойлгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60,1 дэх хэсгийн 60.1.12 дахь заалтад заасан хувийн чөлөөтэй байх хугацаанд буюу албан тушаал нь хэвээр хадгалагдаж буй хүний орон тоонд ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулах гэтэл Д.Ж- татгалзаж гэрээ байгуулаагүй болно. Нэхэмжлэгч Д.Ж-ийн нотлох баримтаар өгсөн гэрээнд ажил олгогч талын гарын үсэг, тамга тэмдэг байхгүй, баталгаажуулаагүй учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй болно.

2.9 Нэхэмжлэгч Д.Ж- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан хувийн чөлөөтэй байсан М.Х-ийн оронд түр хугацаатай ажилласан тул мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12 дэх хэсэгт зааснаар М.Х- нь хувийн чөлөө дуусаж, эргэж ирснээр ажлаас чөлөөлөгдсөн болно. Түүний гомдолд бичсэнчлэн ажлаас хөөж явуулсан биш, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4; 60 дугаар зүйлийн 60.1.12; 78 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр хуулийн хүрээнд ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2023/00650 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Ж-ийг Баян-Өлгий аймгийн С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ж- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн С сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймгийн С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд батлагдсан бүтэц орон тоог 2 тогооч ажиллах ёстой болох нь БСШУУС-ын батлагдсан “орон тооны жишиг норматив батлах тухай А/024/11 /2018,01,23/ дугаар тушаалаар батлагдсан орон тооны норматив С сумын засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн” бүтэц орон тоо батлах тухай А/07дугаартай захирамж, түүний хавсралтаар нотлогдож байв.

4.2. С сумын Ерөнхий Боловсролын 2 дугаар бага сургуулийн батлагдсан 2 тогоочийн ажлын байранд 2014 оноос эхлэн М.Х-, 2007 оноос эхлэн М.Ху- нар ажиллаж байсан нь тэдний ажилд томилогдсон тушаал, хувийн чөлөө авсан тушаал, захирамж 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн М.Ху-ыг өндөр насны тэтгэвэрт гаргах тухай Б/25 дугаар тушаал, Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн “Өндөр” насны тэтгэвэр тогтоосон хуудас зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна.

4.3. Баян-Өлгий аймгийн С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Захирлын 2022 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн А/14 дугаартай “А.Х-ыг ажлаас түр чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг баримталж тогооч М.Х-т тодорхой бус хугацаагаар “хувийн чөлөө” олгож, хувийн чөлөөний хугацаанд тогооч М.Х-ын оронд С сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “түр чөлөөлөх тухай” А/16 дугаартай тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50/. .4 дэх хэсэгт заасан “ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах” гэсэн хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэгч Д.Ж-ийг түр томилон ажиллуулсан юм.

4.4. Үндсэн ажилтан М.Х- нь хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар “хувийн чөлөө” авсан учир түүний ажлын бар нь хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн 60.1.12 дахь хэсэгт зааснаар “ажлын байр нь хэвээр хадгалагдах” хуультай. Эдгээр үндэслэлүүд нь С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн М.Х-ыг ажлаас түр чөлөөлөх тухай А/14 дугаартай тушаал, 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “түр томилох тухай” А/16 дугаартай тушаал, 2023 оны 04дүгээр сарын 03-ны өдрийн “Жанаргүлийг ажлаас чөлөөлөх тухай” А/10 дугаартай тушаал, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “ажилд томилох тухай” А/11 дугаартай тушаал зэрэг бичгийн нотлох баримтаар батлагдаж байна.

4.5. Баян-Өлгий аймаг дахь шүүхийн 2023оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 130/шш2023/00650 дугаартай “шийдвэр”-ийн “хянавал” хэсгийн 12 дугаар заалтад, “тус сургуулийн тогооч М.Х- нь хувийн чөлөө авсан нь нотлогдоогүй” гэж буруу дүгнэлт хийсэн, нотлох баримттай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар үнэлгээгүй байна. Учир нь А.Х-ыг захирлын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “М.Х-ыг ажлаас түр чөлөөлөх тухай" тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг /хувийн чөлөө олгох гэх/ баримталсан, Дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.5-д заасан “чөлөө олгох” заалтыг баримталсан, мөн Д.Ж-ийг анх ажилд томилсон байхад Сургуулийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “түр томилох тухай” А/16 дугаартай тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-д заасан “ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах” гэсэн заалтаар ажилд томилсон байдал зэрэг бичгийн хувийн чөлөө авсан тогооч А.Х-ын оронд түр томилогдсон болохыг нотлно. Гэдэл анхан шатны шүүх нотлох баримтанд буруу гаргасан байна.

4.6. Тогооч А.Ху- нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ажил олгогчийн Б/25 дугаартай тушаалаар нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэмгэмж олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “өндөр насны тэтгэвэр тогтоолгосон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн боловч хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тухайн жилийн “ээлжийн амралт”-ыг үргэлжүүлэн эдэлсэн улмаар сургуулийн сурагчдын улиралын амралт эхэлсэн учир түүний оронд хүн авч ажиллуулах боломжгүй байсаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “ажилд томилох тухай” Б/02 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон А.Ху-ын оронд шинээр С.Д-ийг томилсон болно.

4.7. Д.Ж нь 2022 оны 9 дүгээр сараас эхлэн тухайн тогоочийн албан тушаалд ганцаараа ажиллаж байсан гэж гомдолд үндэсэлгүй худал бичсэн байна. Д.Ж- нь 2022 оны 9 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл тогооч А.Ху-ын хамт ажилласан бөгөөд А.Ху- нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж чөлөөлөгдөж, улмаар хөдөлмөрийн тухай хуулийн 99дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ээлжийн амралт эдэлсэн тус оронд хүн авч ажиллуулах боломжгүй байсаар 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдрөөс эхлэн С.Д-ийг томилон ажиллуулсан болно.

4.8. Нэхэмжлэгч Д.Ж нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон А.Ху-ын орон тоонд томилогдах байсан гэж үзвэл 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б/25 дугаартай тушаалаар М.Ху- нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэл зааж чөлөөлөгдсөн байхад, мөн түүний сул орон тооы 2023 оны 01 дүгээр 03-ны өдрийн Б/02 тушаалаар С.Д-ийг томилсон тул баримтүйлдэл холбогдлыг мэдсээр байж хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дэх хэсгийн154.2.1 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн дотор эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй байсан юм. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн М.Ху-ын орон тоонд маргаан үүсгэж 2023 оны 04 дүгээр сарын сүүлэээр гомдол гаргаж хөөн хэлэлцэххугацаа хэтэрүүлж байгаад анхан шатны шүүх өрт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлгүй гэдгийг баталж байна.

4.9. Нэхэмжлэгч Д.Ж- нь “Оюунлаг сургалтын төв” гэх хувийн ХХК-аас 2020 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 05-ны хооронд 30 хоног суралцаж “тогооч” мэргэжлийн 292/2020 хугацаатай “Гэрчилгээ” авсан нь тогооч мэргэжил эзэмшсэн явдалд эргэлзээ төрүүлж байна. Харин тогооч М.Ху-ын оронд томилогдсон С.Д- нь МСҮТөвөөс 2,5 жил бүрэн суралцаж, 4 дүгээр зэрэгтэй Мэргэжлийн боловсролын 201904490 дугаартай үнэмлэх авч “тогооч” мэргэжил эзэмшсэн давуу талтай байна.

4.10. Нэхэмжлэгч Д.Ж- нь хөдөлмөрийн тухай хуулийн 50 дүгээр зүйлийн 50.1.4, 60 дугаар зүйлийн 60.1.12 дахь хэсэгт зааснаар хувийн чөлөө авсан М.Х-ын орон тоонд томилогдсон тэр хүний чөлөөний хугацаанд бүрэн ажилласан учир ямар нэгэн байдлаар хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөөгүй тул нэхэмжлэх үндэслэлгүй болно.

4.11. Иргэний хэрэг шүүхэд хянаж шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1   дэх хэсгийн 167.1.4 дэх хэсгийг баримтлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 130/шш2023/00650 дугаартай Шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж шаалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Тус аймгийн С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн түр ажилд томилох тухай А/16 дугаартай тушаалаас харахад нэхэмжлэгчийг М.Х-ийг оронд тогоочоор түр томилсон тухай дурдаагүй.

5.2. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацаа зааж өгөх ёстой. Д.Ж- нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл бүтэн 8 сар 15 хоног С сумын Даян 6 дугаар баг дахь Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд тогоочоор ажилласан. Шууд Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж Авлигатай тэмцэх газраас шалгалт хийж байгаа. Д.Ж- нь тогоочийн сургалт, курсээс 2 удаа суралцаад ахлах тогоочийн мэргэжил эзэмшсэн.

5.3. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ж-ийн Баян-Өлгий аймгийн С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд холбогдуулан гаргасан “тус сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гомдлоор авч хэлэлцэх хэргийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

8. Гэтэл анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоох нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэж эрх зүйн алдаатай дүгнэлт хийж, нэхэмжлэгч Д.Ж-ийг Баян-Өлгий аймгийн С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

9. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийн оролцогчоос гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь тогоочийн 2 орон тоотой, уг оронд нэхэмжлэгч Д.Ж- томилогдох хүртэл М.Х-, М.Ху- нар ажиллаж байсан нь тогтоогдож байна.

 

10. Анхан шатны шүүх “...С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тогооч М.Х- хувийн чөлөө авсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Учир нь хэргийн баримтаар тус сургуулийн тогооч ажилтай М.Х- нь ажил олгогчид хүсэлт гаргасны дагуу 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс ажлаас түр чөлөөлөгдөж хувийн чөлөө авсан нь тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 25 дугаар тал/

 

11. Ажил олгогч М.Х-ийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх зааснаар хугацаа заахгүйгээр хувийн чөлөө олгосон ба мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтад зааснаар М.Х-ийн ажлын байр хэвээр хадгалагдана.

 

12. Нэхэмжлэгч Д.Ж- нь Баян-Өлгий аймгийн С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/16 дугаар тушаалаар мөн өдрөөс тус сургуулийн дотуур байрны тогоочоор ажилд томилогдсон байх ба ажил олгогч энэхүү эрхийн актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтад заасныг буюу ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тухай зохицуулалтыг хэрэглэжээ.

 

13. Улмаар ажил олгогч Баян-Өлгий аймгийн С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Т.М- нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/10 дугаар тушаалаар ажлын байр нь хадгалагдаж байгаа тогооч ажилтай М.Х- эргэн ажилдаа орох болсон гэсэн үндэслэлийг зааж нэхэмжлэгч Д.Ж-ийг 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалт, 78 дугаар зүйлийн 78.1.3, 78.1.9 дэх заалтад заасныг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн ажлын байр нь хадгалагдаж буй ажилтны оронд түр томилогдсон ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

14. Тус сургуульд тогоочоор ажиллаж байсан М.Ху- нь өндөр насны тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдсөн тул сул гарсан орон тоонд С.Д-ийг томилсон ажил олгогчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаар тушаал нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан сургуулийн захирлын эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр тул ажил олгогч Баян-Өлгий аймгийн С сумын 2 дугаар сургуулийн захирал нь нэхэмжлэгч Д.Ж-ийг тухайн орон тоонд ажилд томилох үүрэг хүлээхгүй.

 

15. Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад зааснаар, анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Ж-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2023/000650 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай  хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Ж-ийн “Баян-Өлгий аймгийн С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн С сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авсугай. 

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч Д.Ж-ийн нэхэмжлэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тус тус тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ