Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 137/ШШ2023/00240        

 

        2023      ...           ...                                    .../.../...                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Х овогт З-ын Л, М овогт  С-ийн Г /.../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн ... баг, ... тоотод оршин суух, Б овогт Э-ийн Х-т /.../  холбогдох барааны үнэ 3,573,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч З.Л, хариуцагч Э.Х, хариуцагчийн өмгөөлөгч О.Ү, Гэрч Б.Д нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Г, З.Л нар шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие нь Э.Х-ийг 2020 оны 12 сард ... цахилгаан барааны  дэлгүүрт  худалдагчаар авч ажиллуулсан ба 2022 оны 05 сард  бараа  материал дутагдуулж ажлаасаа халагдсан. ... цахилгаан барааны дэлгүүрт 4,437,000 төгрөг,  мөн миний Солонгос  гэр ахуйн барааны дэлгүүрт  450,000 төгрөг, нийт 4,884,700 төгрөгийн хохирол учруулсан. Иймд Э.Х-ээс  гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч З.Л  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эхнэр О.Г нь 2016 оноос эхлэн ...-ны ... дэх менежерийн ажлыг хийж эхэлсэн. 2020 оны 12 сард Х-ийг худалдагчаар авч ажиллуулсан. Бид Улаанбаатар хотоос ирсэн барааг падаанаар хүлээн авдаг байсан ба хүлээн авахад Х байдаг байсан. Ажилласнаасаа хойш дутагдал их гаргадаг байсан. Бид харин ч сүүлийн дутагдлуудыг нэхэмжилж байгаа, энэ талаар өөрөө  ч мэдэж байгаа. Бараа дутагдуулснаас болж ажлаасаа гарах болсон. 2022 оны эхнээс дутагдал үүсгээд 2022 оны 06 сард эцсийн байдлаар тооллого явуулахад дараах дутагдал гарсан бөгөөд миний цалин болон бид 2 зээл авч төлсөн, энэ талаараа Х-т хэлсэн, Х ч буцаагаад төлнө гэж манай эхнэр Г-тай мессежээр харилцсан байдаг. Дутагдуулсан бараа болох:

            1.Tornodo SMB43A14BK маркийн тоос сорогч 1 ширхэг дутагдсан үнэ 299,900 төгрөг, элко хананд зурагт тогтоогч 1 ширхэг 39,900 төгрөг, маус, падь 1 ширхэг 9,900 төгрөг гээд нийт 349,700 төгрөгийг  2022 оны 06 сарын 07-ны өдөр бэлнээр төлсөн, 

            2.Элко цагаан өнгөтэй олон залгуур 5 ширхэг, 1 ширхэг нь 49,900 төгрөгийн үнэтэй, нийт 249,500 төгрөг, биеийн жин 1 ширхэг 79,900 төгрөг нийт 329,000 төгрөгийг картаар 2022 оны 06 сарын 17-ны өдөр төлсөн,

            3.Агаар чийгшүүлэгч 2 ширхэг 89,900 төгрөг, нийт 179,800 төгрөгийг бэлнээр төлсөн,

            4.Toshiba ухаалаг зурагт, 55 инч, 1 ширхэг 1,913,000 төгрөгийг 2022 оны 03 сарын 31-ний өдөр бэлнээр төлсөн

            5.Хувцасны бөөс түүгч 2 ширхэг 34,900 төгрөг, Hair брэндийн хагас автомат угаалгын машин  585,000 төгрөг, 2022 оны 05 сарын 08-ны өдөр 622,060 төгрөгийг картаар төлсөн,

            6.Агаар чийгшүүлэгч air pro 2 ширхэг, нэг үрийн үнэ 89,900 төгрөг, нийт 179,800 төгрөгийг 2022 оны 06 сарын 30-ны өдөр төлсөн байна. Ингээд тооцоолсноор 3,573,760 төгрөг болж байгаа тул 3,573,760 төгрөгийг нэхэмжилж, үлдэх 860,000 төгрөгөөс  татгалзаж, шаардлагаа бууруулж байна. Мөн манай гэр ахуйн барааны дэлгүүрээс 450,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан, үүнийгээ төлнө гэж хүлээн зөвшөөрч байгаа юм байна. ...-ний бараа төлсөн баримт хх-ийн 90-94 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Мөн Х-ийн дутагдуулсан бараа нь 7 дугаар хуудасны ард талд байгаа тооллого хийсэн баримт болон харилцсан мессеж, манай ирсэн барааны хуулга зэргээр тогтоогдож байгаа. Бид ...ын өр төлбөрийг Х-ийн өмнөөс төлөхдөө тухайн компаний баримт дээр Х-ийн нэрээр авлага үүсгэж төлсөн байгаа, энэ хэрэгт байгаа баримтаар нотлогдож байгаа. Бид өөрсдийн гаргаж өгөх бүх баримтыг гаргаж өгсөн. Мөн Х нь гэр бүлийн ажиллуулдаг солонгос барааны дэлгүүрээс бараа зээлээр авсан, мөн түүний барааны дутагдлыг миний цалин болон зээл авч төлсөн учраас би нэхэмжлэгчээр хамт оролцож байгаа. Төлбөрийг бэлнээр төлсөн гэдэг нь посс машинд карт уншуулаад төлж байгааг хэлж байгаа юм. 2 удаагийн төлбөрийг дансаар шилжүүлсэн. Х нь өөр газруудад өртэй юм шиг байна лээ, цалингаа янз бүрийн дансаар авдаг байсан. Бид Х-ийн данснаас өр төлбөртэй хамааралтай ямар нэгэн суутгал хийгээгүй,  Х-ийг бүтэн сайнд амарсан үед Г хааяа өөрөө ажилладаг байсан, харин Г нь бараа хариуцаж ажилладаггүй, зөвхөн ачаа бараа өргөж нааш цааш болгодог туслах ажилтан байсан. Бараа тооллогын баримт болон ард нь байгаа бичгээр Х бараа дутагдуулснаа хүлээн зөвшөөрсөн, С.Г Х-ийн өмнөөс өрийг нь төлсөн талаар бичсэн, мөн Х төлбөрийг төлөхөө бичсэн мессеж, мөн барааны үнийг төлсөн баримтууд зэргийг үндэслэн төлбөрийг нэхэмжилнэ, барааг падаанаар авдаг байсан бөгөөд бараа авах үед Х өөрөө хамт байлцдаг байсан. Тэр падаан нь энд байхгүй. ... руу явуулдаг байсан. Иймд нийт 4,023,760 төгрөгийг гаргуулж өгнө үү, нэхэмжлэлээ 863,240 төгрөгөөр багасгаж байна гэв.

 

            2.Хариуцагч Э.Х шүүх хуралдаанд гаргасан татгалзал тайлбартаа: Би 2020 оны 12 сард анх ажилд орсон бөгөөд орлогын 0,7-1 хувиар цалинжихаар тохирсон. 7 хоногийн 6 өдөрт ажилладаг байсан. Би ганцаараа бүх барааг хариуцаж ажилладаггүй байсан бөгөөд амралтын өдрөөр Г болон Г гээд ажилтан ээлжлээд ажилладаг. Бараа дутагдаж байгаа нь урамшуулалд өгсөн бараа гэх мэтээр дутагдаад янз бүрийн асуудал гардаг. Тэр болгонд миний буруугаас биш байсан ч хариуцлага хүлээе гээд цалингаасаа хасуулаад л төлдөг байсан. Өөрөө авч хэрэглэх зүйл ч байсан тэрийгээ төлдөг байсан. Би өрөнд ороод ажлаас гарсан биш өөрийнхөө хүсэлтээр ажлаас гарсан байгаа. 1,913,000 төгрөгийн зурагтын үнийг 3 сарын 31-ний өдөр Г төлсөн. Би 6 сард ажлаасаа гараад энэ хугацаанд суутгаад явсан. Ер нь янз бүрийн дутагдал гарахад цалингаас бага багаар суутгаад л явдаг байсан. 12 сараас хойш цалингийн дансны хуулгаа аваад ирсэн. 80,000, 200,000 төгрөг гэх мэтээр цалин авдаг байсан. Падь гэж байна, энэ нь урамшуулалд өгдөг бараа, 9,900 төгрөгийг бас цалингаасаа хасаад төлсөн байгаа. Зурагт тогтоогч, бөөс түүгч нарыг бас би төлсөн байгаа. Энэ нь юугаар нотлогдох вэ гэхээр Г-ыг төлснөөс хойш тухай бүр нь энэ дутсан гээд шууд төлүүлээд авдаг байсан. Зурагтын асуудал болохоор 2021 оны 09 сарын тооллогоор дутсан юм. Тэр үеэр нь би ковидоор өвдөөд эмнэлэгт хэвтэж байсан. Анх энэ зурагт 2 ширхэг дутсан гэж байснаа нэгнийх нь учрыг олоод Сайншандын салбарт ачаа тээвэрлэж байхад үлдсэн байна гэж байсан. Нэг нь огт байхгүй байна гээд нэлээн удаан явсан. Тэгээд энийг 03 сарын 31-ний өдөр төлсөн. Угаалгын машин нь төвөөс хүмүүс хэрэглээний лизинг өгөхөөр ирэхэд алга байна гэж байсан, тэгээд шүүгээд үзэхэд манай ачилтаар ирсэн боловч яасан нь мэдэгдэхгүй байсан.  Биеийн жин, зурагтын тогтоогч, агаар чийгшүүлэгч, падь, олон залгуур гэх зэргийг урамшуулалд өгдөг бараа болохоор хэзээ дутагдаж алга болсон нь тодорхойгүй. Өөрийнхөө авснаа бол хүлээн зөвшөөрөөд цалингаасаа хасуулаад л явдаг байсан. Иймд би ...-ын бараанаас дутагдуулсан гэж нэхэмжилж байгааг төлөхгүй. Харин Солонгос гэр ахуйн барааны дэлгүүрээс авсан гэх барааны үнэ 450,000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэгч намайг төлнө гэсэн гэж байна. Би эхэндээ төлнө гэж байсан, яагаад гэхээр бүгдээрээ л төлөх байх гэж бодсон. Г руу бичсэн гээд байгаа мессеж дээр маргах зүйл байхгүй гэв.

 

            3.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар ...-ний захирал Б.Д нь Г, Л нарыг нэхэмжлэл гаргах эрхтэй талаар олгосон итгэмжлэл /хх-ийн 4/, ...-ны  улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5/, бараа материалын тооллого, дутагдуулсан барааны жагсаалт /хх-ийн 12-15/, нэхэмжлэгч талаас хариуцагч Э.Х-ийн дутагдуулсан барааны үнийг төлсөн гэх баримтууд /хх-ийн 90-94/, З.Л, хамтран эзэмшигч С.Г нарын ХААН банкны  ... тоот дансны хуулга,  зэргийг шүүхэд өгсөн.

 

            4.Хариуцагч тал нь шүүх хуралдаанд нотлох баримтаар хариуцагч Э.Х-ийн ХААН банкны ... тоот дансны хуулга, Дорноговь аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц-д гаргасан өргөдөл, Дорноговь аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газарт  гаргасан гомдол зэргийг өгсөн.

 

4.Шүүх хариуцагчийн хүсэлтээр Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 сарын 16-ны өдрийн ... тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-85/, ...-ниас тухайн компаний санхүүгийн тамга дарагдсан “ Х гэсэн нэр дээр бичигдсэн барааны нэрсийн жагсаалт” /хх-ийн 112-113/, гэрч Б.Д-ы мэдүүлэг, ...-ний санхүүгийн тамгаар баталгаажсан борлуулагчийн тайлан, бараа материалын хөдөлгөөний тайлан /хх-173-180/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

 

            Нэхэмжлэгч С.Г, З.Л нар нь хариуцагч Э.Х-т холбогдуулан “солонгос бараа”-ны дэлгүүрээс худалдан авсан барааны үнэд 450,000 төгрөг, дутагдуулсан барааны үнэ 4,437,000 төгрөг, нийт 4,884,700 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад дутагдуулсан барааны үнэд 3,573,760 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа 863,240 төгрөгөөр багасгасан болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

            1.Нэхэмжлэгч С.Г, З.Л нар нь “ Бараа тооллогын баримт болон ард нь байгаа бичгээр Х бараа дутагдуулснаа хүлээн зөвшөөрсөн, С.Г Х-ийн өмнөөс өрийг нь төлсөн талаар бичсэн, мөн Х төлбөрийг төлөхөө бичсэн мессеж, мөн барааны үнийг төлсөн баримтууд зэргийг үндэслэн төлбөрийг нэхэмжилнэ” гэж шаардлагаа тодорхойлсон,

 

            2.Хариуцагч Э.Х нь “2021 оны 09 сард зурагт дутагдсаныг мэдсэн, энэ үед би байгаагүй, ковидоор өвдсөн байсан, угаалгын машин, тоос сорогч нь  2021 оны 12 сард дутагдсан, учир нь олдоогүй,  жижиг зүйлүүд бол урамшуулалд өгдөг, амралтын өдрөөр Г ажилладаг байсан учраас хэн дутагдуулсныг мэдэх боломжгүй, бараа дутагдуулсан гээд цалингаас 500,000, 600,000 төгрөгөөр суутгадаг байсан, иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан,

 

            3.Хариуцагчийн өмгөөлөгч О.Ү нь “нэхэмжлэгчийг солих тухай албан тоотод гарын үсэг зурсан Г гэгч нь ...-ыг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, мөн С.Г нь Э.Х-ийг худалдагчаар авч ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир эд хөрөнгийн хариуцлага хүлээхгүй, албадан хөдөлмөр эрхлүүлсэн” гэж маргаж мэтгэлцсэн болно.

 

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            1.Нэхэмжлэгч С.Г нь ...-ний Замын-Үүд дэх салбарын менежер, гэрээт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2020 оны 12 сард хариуцагч Э.Х-ийг орлогын 0,7-1 хувь хүртэл төгрөгөөр цалинжуулах, 7 хоногт 6 хоног ажиллуулахаар тохирч, 2022 оны 06 сар хүртэл худалдагчаар ажиллуулсан, хариуцагч Э.Х нь ажиллаж байх хугацаандаа ...-ниас ирсэн барааг хүлээн авч худалдан борлуулдаг байсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Дээрх үйл баримтаас үзэхэд талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан гүйцэтгэх ажил, цалин хөлсний хэмжээ, 7 хоногт 6 өдөр ажиллах талаар тохиролцож, Э.Х ажил үүргийг гүйцэтгэсэн байна.

 

            Талууд гэрээг хэлбэрийн хувьд бичгээр байгуулаагүй боловч Хөдөлмөрийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан “ хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүйгээс үл хамааран ажилтан  ажил үүргээ  гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

            2.Хариуцагч Э.Х нь хөдөлмөрийн харилцаанаас үүссэн ажил, үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа дутагдал үүсгэснийг хүлээн зөвшөөрөхгүй, 2021 оны 09 сард зурагт дутагдсаныг мэдсэн, энэ үед би байгаагүй, ковидоор өвдсөн байсан, угаалгын машин, тоос сорогч нь  2021 оны 12 сард дутагдсан, учир нь олдоогүй,  жижиг зүйлүүд бол урамшуулалд өгдөг, амралтын өдрөөр Г ажилладаг байсан учраас хэн дутагдуулсныг мэдэх боломжгүй, бараа дутагдуулсан гээд цалингаас 500,000, 600,000 төгрөгөөр суутгадаг байсан, иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргаж байгаа боловч тэрээр татгалзлаа нотлоогүй болно. Тодруулбал:

 

            -... нь 2022 оны 06 сард бараа материалын тооллого хийж, тооцоо нийлсэн байх бөгөөд энэ үед хэн ямар бараа дутагдуулсныг тэмдэглэж гарын үсгээр баталгаажуулсан, тухайн үедээ хариуцагч Э.Х нь дутагдуулсан барааг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна /хх-ийн 12-15 дугаар хуудасны ард тал/.

 

            -Хавтаст хэргийн 179-187 дугаар хуудсанд авагдсан бараа материалын  хөдөлгөөний тайланд Tornodo SMV43A14BK загварын тоос сорогчийг 2021 оны 09 сарын 25-ны өдөр  төв агуулахаас Замын-Үүд /хх-ийн 180/

 

            -Hair HWM105-M186 10.5 кг, цагаан өнгийн , хагас автомат угаалгын машин 2022 оны 01 сарын 14-ний өдөр төв агуулахаас Замын-Үүд /хх-ийн 183/

 

            -Toshiba 55U7950 55инч, LED ухаалаг телевизор 2021 оны 11 сарын 20-ны өдөр төв агуулахаас Замын-Үүд /хх-ийн 181/ гэж авагдсан байх бөгөөд дээрхээс үзэхэд бараанууд нь хариуцагч Э.Х-ийн цаг хугацааг тодорхойлсон тайлбартай тохирохгүй байна.

 

            Шүүх дээрх нэр бүхий бараануудыг нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, пос машинаар төлбөр төлсөн баримтууд, ...-ниас тухайн компаний санхүүгийн тамга дарагдсан “ Х гэсэн нэр дээр бичигдсэн барааны нэрсийн жагсаалт” зэрэгт авагдсан барааны кодуудыг ...-ний санхүүгийн тамгаар баталгаажсан бараа материалын хөдөлгөөний тайлантай /хх-173-180/   харьцуулсан болно.

           

            Түүнчлэн тэрээр цалингаас 500,000 төгрөг, 600,000 төгрөгөөр суутгал хийдэг байсан гэх боловч түүний хэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн ХААН банкны харилцах дансны хуулгад энэ талаар авагдаагүй, хохирол төлбөрт суулгасныг илтгэсэн мөнгө хүлээлцсэн баримт хэрэгт байхгүй байна.

 

            Мөн хариуцагч нь жижиг зүйлүүд буюу олон залгуур, бөөс түүгч, жин зэргийг урамшуулалд өгдөг, амралтын өдрөөр Г ажилладаг байсан учраас хэн дутагдуулсныг мэдэх боломжгүй гэх боловч тэрээр тухайн ажлыг өөрөө хариуцан гүйцэтгэж байгаагийнхаа хувьд урамшуулалд өгсөн зүйлийнхээ тооцоог нийлэх, бараа материал дутагдуулаагүй гэж үзэж байгаа бол энэ талаарх баримтаа гаргаж өгөх үүргийг хүлээх юм. Иймд хариуцагчийн татгалзал нотлолдоогүй гэж үзнэ.

 

            Харин нэхэмжлэгч тал нь шаардлагаа нотлох үүднээс гаргаж өгсөн бараа материалын тооллого /хх-ийн 12-15/, дутагдуулсан барааны жагсаалт /хх-ийн 15 хуудасны ар талд/, нэхэмжлэгч талаас хариуцагч Э.Х-ийн дутагдуулсан барааны үнийг төлсөн гэх баримтууд /хх-ийн 90-94/, З.Л, хамтран эзэмшигч С.Г нарын ХААН банкны  ... тоот дансны хуулга, мөн хариуцагч талаас бүрдүүлсэн ...-ниас тухайн компаний санхүүгийн тамга дарагдсан “ Х гэсэн нэр дээр бичигдсэн барааны нэрсийн жагсаалт” /хх-ийн 112-113/, гэрч Б.Д-ы мэдүүлэг, ...-ний санхүүгийн тамгаар баталгаажсан борлуулагчийн тайлан, бараа материалын хөдөлгөөний тайлан /хх-173-180/  зэрэг нотлох баримтад авагдсанаар хариуцагч Э.Х нь нэхэмжлэгч талын шаардсан 3,573,760 төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд дурдсан бараа материалыг дутагдуулсан,  тухайн дутагдсан барааны үнийг нэхэмжлэгч С.Г, З.Л нар нь хариуцан төлсөн нь тогтоогдож байна.

 

            3.Хариуцагчийн өмгөөлөгч нь “талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн боловч гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан албадан хөдөлмөрлүүлсэн гэж үзэхээр, түүнчлэн хуулийн 131 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй учир хариуцагч нь хариуцлага хүлээхгүй” гэж дүгнэлт гаргаж, мэтгэлцдэг.

 

            Хэдийгээр талууд нь иргэд хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хөдөлмөрлөх харилцаа үүссэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан гэрээ байгуулагдсан гэж шүүх үзсэн  бөгөөд хариуцагчийн худалдагчаар ажиллаж байх үеийн бараа дутагдуулсан нөхцөл байдал нь хуулийн 129, 131 дүгээр зүйлд заасанд хамаарахгүй,  “ эд хөрөнгийн хариуцлага, түүнийг хүлээлгэх үндэслэл “ болохгүй. Дээрх хуулийн зохицуулалт нь  ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаа эд хөрөнгийн хохирол учруулсан  ажилтанд хамаарах хуулийн зохицуулалт юм.

 

            Харин хариуцагчийн худалдагчаар ажиллаж байх үедээ үүсгэсэн барааны дутагдлыг Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалтаар  дүгнэх нь зүйтэй байх ба ...-иас бараа материалын тооллого хийсэн баримт, хэний үйлдлээс болж дутагдсаныг тогтоосон дутагдуулсан барааны жагсаалт, хариуцагчийн шүүх хуралдаанд “ бараа дутагдсан гэдгийг мэдэж байсан, үүнийгээ хүлээн зөвшөөрсөн, гэхдээ бүгдээрээ төлнө гэж бодсон” гэсэн тайлбар зэргээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь тооцоо нийлсэн, барааны дутагдлыг гаргасан гэж үзэх юм. Иймд тэдний хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээний үүрэг үүссэн гэж үзэх юм.

 

            Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2.-т “тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацааны дотор  төлөх бөгөөд  тооцоог хааснаар  тооцооны  үлдэгдлийг  төлөхийг шаардах эрх үүснэ” гэж заасан бөгөөд талууд тооцоо нийлсний дараа хариуцагч Э.Х барааны дутагдлыг хүлээн зөвшөөрсөн боловч төлөөгүй тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч барааны дутагдлын үнийг төлүүлэхээр шаардлага гаргасан байна.

 

            4.Хариуцагч Э.Х нь нэхэмжлэгч С.Г, З.Л нарын  “солонгос бараа”-ны дэлгүүрээс нийт 450,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн авсан, үүнийг төлөхөд татгалзахгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн болно.

 

            Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 466 дугаар зүйлийн 466.1-т зааснаар хариуцагч Э.Х-ээс  “солонгос бараа”-ны дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэ 450,000 төгрөг, дутагдуулсан барааны үнэ 3,573,760 төгрөг, нийт 4,023,760 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Г, З.Л нарт олгох нь зүйтэй байна.

 

            5.Хариуцагчийн өмгөөлөгч О.Ү “ хэрэгт -ний захирлаар Б.Д-ыг бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан байдаг ба 2019 оны 10 сард нотариатаар батлуулсан. Үүнээс үзэхэд  Б.Д захирал мөн үү гэдэг эргэлзээтэй байдал байна, нөгөөтэйгүүр  “нэхэмжлэгчийг солих” хүсэлт гаргасан тоот дээр Б.Д-ы гарын үсэг биш, өөр гарын үсэг зурагдсан нь тухайн компаны хувьцаа эзэмшигч Г-ын гарын үсэг гэж гэрч мэдүүлсэн. Гэтэл энэ хүн тухайн компанийг төлөөлөх эрхтэй талаарх баримт хэрэгт байхгүй байна. Иймд нэхэмжлэл гаргах үндэслэл болох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй” гэсэн гэж үзсэн.

 

            Шүүхэд анх ...-ний захирал Б.Д нь Г, Л нарыг нэхэмжлэл гаргах эрхтэй талаар итгэмжлэл олгосон /хх-ийн 4/ бөгөөд 2022 оны 12 сарын 14-ний өдөр  “нэхэмжлэгчийг солих” тухай хүсэлт /хх-ийн 47/ гаргасан. Тухайн итгэмжлэл, хүсэлт дээр байгаа гарын үсэг зөрүүтэй байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог хэдий боловч гэрч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ тухайн алба тоот дээр Г гэж манай хувьцаа эзэмшигч гарын үсэг зурсан байна лээ. Намайг Монголд байхгүй үед гарын үсэг зурдаг, бид 1, 2 дугаар  гарын үсэг зурдаг хүмүүс, манай бүх баримт дээр ийм байдлаар зурагдсан байгаа” гэсэн мэдүүлгийг өгсөн.

 

            Шүүх гэрчийн шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийвэл Эрүүгийн хуулийн 21.1-д зааснаар хариуцлага хүлээлгэх талаар сануулж мэдүүлэг авсан бөгөөд түүнийг худал мэдүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ...-ний Б.Д, Г нар нь төлөөлөх эрхтэй, хэрэгт авагдсан Г, Л нарт олгосон итгэмжлэл болон, “нэхэмжлэлийг солих” тухай албан бичгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

            Түүнчлэн З.Л нь ...-нд ажилладаггүй байсан боловч тэрээр Э.Х-ийн өр төлбөрийг өөрийн цалин хөлс, гэр бүлийн орлого болон зээл авч барагдуулсан, мөн “солонгос бараа”-ны дэлгүүрийг ажиллуулдаг байсан тул нэхэмжлэгчээр оролцож байгаагаа шүүхэд тайлбарласан болно.

 

            Иймд С.Г, З.Л нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо сэргээлгэхээр  нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.

 

            6.Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 93105 төгрөгийг илүү төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олго нь зүйтэй байна.

 

            7.Нэхэмжлэгч С.Г нь “шүүх хуралдаанд оролцохгүй, намайг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү, З.Л шүүх хуралдаанд оролцоно” гэсэн хүсэлтийг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “ нэхэмжлэгч нь өөрөө болон  төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар  шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдний эзгүйд  хэргийг хянан шийдвэрлэж болно “ гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Г-ыг оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 466 дугаар зүйлийн 466.1-т зааснаар хариуцагч Э.Х-ээс  “солонгос бараа”-ны дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэ 450,000 төгрөг, дутагдуулсан барааны үнэ 3,573,760 төгрөг, нийт 4,023,760 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Г, З.Л нарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,105 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,023,760 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 79,330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 93,1058 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

4.Хариуцагч Э.Х нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                А.Ц