Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 202/МА2023/00032

 

                                                                                                                                                                                     

 

З.Л, С.Г нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 137/ШШ2023/00240 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Л,

 

Нэхэмжлэгч:Г нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хт холбогдох,

 

Барааны үнэ 3,573,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Э.Хийн давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч О.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.Л, С.Г нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Миний бие нь Э.Хийг 2020 оны 12 сард *** цахилгаан барааны  дэлгүүрт  худалдагчаар авч ажиллуулсан ба 2022 оны 05 сард  бараа  материал дутагдуулж ажлаасаа халагдсан. *** цахилгаан барааны дэлгүүрт 4,437,000 төгрөг,  мөн миний Солонгос  гэр ахуйн барааны дэлгүүрт  450,000 төгрөг, нийт 4,884,700 төгрөгийн хохирол учруулсан. Иймд Э.Хээс  гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2. Нэхэмжлэгч З.Л анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж: “...Нийт 4,023,760 төгрөгийг гаргуулж өгнө үү, нэхэмжлэлээ 863,240 төгрөгөөр багасгаж байна.” гэжээ.

 

3. Хариуцагч Э.Хийн татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: “...миний бие нь тус ажиллах хугацаандаа дутаасан гэх барааг хүлээн авах болон үлдэгдэл тоо ширхгийг хариуцах үүргийг хүлээгээгүй. Анх тохиролцсон ажилд орохдоо ийм зүйлийг ярилцаж байсан. Харин Замын-Үүд салбарыг хариуцаж байсан Г нь бараа дутах зөрүү гарсан шалтгааныг цалин өгөх үедээ тулгаад цалин хөлснөөс суутгаж байдаг шалтгаанаас миний бие ажлаас гарсан. Ажлаас гарах үеэр мөн бараа дутаасан гэж ажилласан хугацааны цалинг өгөөгүй, дахин бараа дутсан гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй буюу намайг өвчтэй чөлөөтэй, ажиллахгүй байх цаг хугацаанд бараа дутсан байгаагаар тооцсон нь зөвшөөрөхгүй байх шалтгаан болно. Мөн дэлгүүр өөр камержсан бичлэгээр харах боломжтой, агуулахын түлхүүр бол нэхэмжлэгч З.Лд байдаг учир том оврын цахилгаан бараанууд дутсан асуудлыг тэд өөрсдөө мэдэх учиртай. ...Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 466 дугаар зүйлийн 466.1-т зааснаар хариуцагч Э.Хээс  “солонгос бараа”-ны дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэ 450,000 төгрөг, дутагдуулсан барааны үнэ 3,573,760 төгрөг, нийт 4,023,760 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Г, З.Л нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,105 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,023,760 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 79,330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 93,1058 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож,

Хариуцагч Э.Х нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Э.Хийн давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хариуцагч миний сул талыг ашиглаж ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж нэхэмжлэгч өөрөө *** ХХК-тай нийлээд явдаг, аливаа нэгэн шалтгаанаар дутагдал гаргаж тоо ширхгийг нэмэх байдлаар надад өр авлага үүсгэдэг башир аргаар хөдөлмөрлүүлсэн байна. ...Миний амралттай, чөлөөтэй өдөр эд хөрөнгө дутаж байдгийг миний бие гайхаад, улмаар урамшуулалд өгсөн эд зүйлсийг дутагдалд оруулж байгааг мөн зөвшөөрөхгүй. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн 69.1.4-т харилцан тохиролцож бусад зүйлс дээр хуулийн 129 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийг мөрдөх ёстой. ....Миний бие ... 450,000 төгрөгийг зөвшөөрсөн. Дутагдуулсан гэх 3,573,760 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулж өгнө үү.” гэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч О.Ү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “6.1. .... Нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгч нь өөрөө “***” компани дээрээ байна уу эсхүл тамга тэмдэгтэй бичиг цаас яваад байна уу гэдгийг тодорхойлох боломжгүй учраас “***” компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ буюу аж ахуй нэгжийг тодорхойлсон бичиг баримт өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхгүй байна. Үүнээс үүдээд нэхэмжлэгч сольсон асуудал нэхэмжлэлийн шаардлага хангахгүй байна.

6.2. ... Хөдөлмөрийн харилцааг авч үзэх юм бол эд хөрөнгийн хариуцлагын талаар огт дурдаагүй. ...Хөдөлмөрийн хуульд заасан ажил амралтын цагаар хэн ажил гүйцэтгэдэг, ... ажил үүргийн холбоотойгоор тухайн хүн ямар үүрэг хүлээх ёстой талаар энэ дээр тодорхойлогдож гарч ирээгүй байна. Гэтэл нэхэмжлэгч тал өөрөө тухайн эд хөрөнгийг хүлээн авах талдаа 100 хувь хариуцлага хүлээлгэсэн, буцаагаад тэр хариуцлагаа Хтэй ямар зүйлээр эд хөрөнгийн харилцаа тогтоосон гэдэг зүйл энэ гэрээнд огт тусгагдаагүй. Энэ шинжээр нь авч үзвэл 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн хуулиар хоёр этгээдийн хооронд албадан хөдөлмөрлүүлэх харилцаа бий болсон. ... Тэгээд тухайн хүний эзэмшдэг ганц дансны хуулга өгөхөөр хэн нь хэдэн төгрөгийн цалин өгөөд, хэн нь хэдэн төгрөгийн цалин аваад эд хөрөнгийн ямар хариуцлага хүлээгээд хэдэн төгрөгөөр суутгасан талаар огт тогтоогоогүй яваад ирсэн. ... Хариуцагчийн худалдаж авсан гэж яриад байгаа 450,000 төгрөгөөр тухайн зүйлийг худалдаж авсан гэх 2020, 2021 оны хугацаанд яг хэнтэйгээ авч байсныг мэдэхгүй ч гэсэн энэ төлбөрийг зөвшөөрнө. Харин хөдөлмөрийн харилцаа гэдэг зүйл маань талуудын хооронд хууль бус хэлбэрээр явагдсан учраас хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг зөвшөөрөх боломжгүй юм байна гэдэг тайлбараа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байгаа.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч Э.Хийн давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

1. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч О.Г нь  “***” ХХК-ны гэрээт ажилтнаар ажилладаг тул “***” ХХК-ны цахилгаан барааг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд худалдан борлуулах, мөн  өөрөө солонгос гэр ахуйн барааг худалдан борлуулах зорилгоор иргэн М.Хтэй хувиараа тохиролцож худалдагчаар 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллуулсан ба 2022 оны 06 дугаар сарын 7-нд  барааны тооллого хийхэд “***” ХХК-ны бараанаас 4,434,700 төгрөг, О.Г, Л нарын хувийнх нь  Солонгос гэр ахуйн бараанаас 450,000 төгрөг,  нийт 4,884,700 дутагдал бий болсон тул уг хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд “***” ХХК-ныг  О.Г төлөөлөхөөр гүйцэтгэх захирал Б.Доос  томилсон боловч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “***” ХХК-ны хохирлыг О.Г, Б.Л нар төлж барагдуулсан тул нэхэмжлэгчээр О.Г, Б.Л нарыг сольж өгнө үү гэсний дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгч солигдсон байна.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа бараа материалын тооллого хийсэн баримт/1хх 12-16/, төлбөр төлөх талаар харилцан зурвас бичсэн О.Г, М.Х нарын гар утасны мэссэж, О.Гаас  “***” ХХК-д учирсан төлбөрийг төлсөн баримтууд, “***” ХХК иргэн О.Г нарын хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ” /1хх 16-49/ зэрэгт тус тус үндэслэсэн.

 

2. Хариуцагч М.Хийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг “...миний бие барааг хүлээн авах болон үлдэгдэл тоо ширхэгийг хариуцах үүргийг хүлээгээгүй ... ажлаас гарах үеэр бараа дутаасан гэж ажилласан хугацааны цалин өгөөгүй, дахин бараа дутаасан гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй ... дэлгүүр камержсан,  бичлэгээр харах боломжтой, агуулахын түлхүүр нэхэмжлэгч Лд байдаг учир том оврын цахилгаан бараанууд дутсан асуудлыг тэд өөрсдөө мэдэх учиртай” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

3. Хэрэгт хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд болох  “***” ХХК-ны “... Э.Хтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгээгүй .. эрх зүйн баримт бичиг гаргах боломжгүй” гэсэн тухай албан бичиг /1хх 64/,  “***” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Доос гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон болон нэхэмжлэгчийг солихыг зөвшөөрсөн тухай албан бичгүүдийн гарын үсэгт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгч О.Г, Л нараас “***” ХХК-д дутагдсан бараануудыг төлсөн тухай баримтууд, О.Гаас хариуцагч М.Хт цалин олгож байсан тухай түүний банкны харилцах дансны хуулга, М.Хийн банкны харилцах дансны хуулгууд, “***” ХХК-д гэрээт ажилтан О.Гаас гаргаж өгсөн борлуулалтын тайлан, О.Г, Б.Л нарын хувийн Солонгос барааны дэлгүүрийн борлуулалтыг гараар хөтөлсөн тухай дэвтэр зэрэг нотлох баримтууд тус тус авагдсан.

 

4. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзлаа нотлоогүй, ...талууд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 69.1-т тус тус зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ,  ... хариуцагчийн худалдагчаар ажиллаж байх үедээ үүсгэсэн барааны дутагдлыг Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалтаар дүгнэвэл “***” ХХК-ны барааны дутагдал 3,573,760 төгрөгийг Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээний үүрэг үүссэн гэж, ... нэхэмжлэгч О.Г, З.Л нарын солонгос барааны дэлгүүрт учирсан хохирол  450,000 төгрөгийг  хариуцагч Э.Х төлөхөд татгалзахгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж тус тус үзэж,   нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 863,240 төгрөгөөр багасгасныг нэхэмжлэлийн шаардлагаас хасч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 466 дугаар зүйлийн 466.1-т тус тус зааснаар хариуцагчаас нийт 4,023,760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй” гэсэн агуулга бүхий үндэслэлээр шийдвэрлэснийг хариуцагч М.Х эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

 

5. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүх маргаанд холбогдох Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

 

Учир нь: Анхан шатны шүүх хариуцагч М.Х нь нэхэмжлэгч нарт  нийт 4,023,760 төгрөгийн бараа дутагдуулж хохирол учруулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон боловч зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 466 дугаар зүйлийн 466.1 гэж буруу тодорхойлсон гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

 

Анхан шатны шүүхийн энэ алдаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулах үндэслэл болно.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч О.Г нь “***” ХХК-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гэрээт ажилтнаар ажиллаж байсан,  хувь иргэний хувиар солонгос гэр ахуйн барааны дэлгүүр ажиллуулдаг тул “***” ХХК-ны цахилгаан бараа, өөрийнхөө  солонгос гэр ахуйн барааг тус тус худалдан борлуулах ажилд М.Хийг 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаанд худалдагчаар авч ажиллуулахаар тохирсон үйл баримт нэхэмжлэгч, хариуцагчийн нэхэмжлэл, тайлбараар тогтоогдсон байна. Түүнчлэн нэхэмжлэгч О.Г нь М.Хийг худалдагчаар ажиллуулахдаа ажлын хөлсийг түүний худалдан борлуулсан барааны орлогын 1 хувиар тооцож олгохоор харилцан тохиролцсон, ажлын хөлсийг өгсөн, авсан талаарх тэдгээрийн тайлбар, банкны харилцах дансны хуулбар зэргээр тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн  давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан  “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэсэн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-ийн шинжид зохигчийн хооронд байгуулагдсан хэлцэл нийцсэн байна гэж үзсэн.

           

Иймд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан буюу хариуцагч М.Х барааны дутагдал гаргахгүйгээр барааг худалдан борлуулах,   нэхэмжлэгч О.Г нь М.Хт худалдагчаар ажиллуулсны хөлсийг төлөх  үүрэг талуудад тус тус үүссэн гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дүгээр зүйлд иргэд хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор заасан ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “ хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоо,  хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурсан байх”-ыг заасан бол  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д  гэрээг  бичгээр байгуулсан байхыг шаардахгүй, тохиролцсон ажил, үйлчилгээ байна гэдгээрээ хоорондоо ялгагдана.

 

6. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд худалдагч М.Х үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан дүнгээр “***” ХХК-ны бараанаас 3,573,760 төгрөгийн,  солонгос барааны дэлгүүрийн бараанаас 450,000 төгрөгийн,  нийт 4,023,760 төгрөгийн барааны дутагдал үүсгэсэн,  “***” ХХК-д үүссэн дутагдлыг О.Г, Б.Л нар төлж барагдуулсан тул нь нэхэмжлэгч нар хариуцагч М.Хээс хохирлоо арилгуулахыг шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Энэ шаардлага нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй” гэсэнд нийцсэн.

 

 Тодруулбал: Хэргийн маргаан бүхий үйл баримт нь 2022 оны 06 дугаар сарын 07-нд хийгдсэн бараа материалын тооллогоор 3,573760 төгрөгийн  бараа “***” ХХК-ны цахилгаан бараанаас, 450,000 төгрөгийн бараа солонгос гэр ахуйн бараанаас, нийт 4,023,760 төгрөгийн барааны дутагдал гарсан, тооллогын баримтад М.Х /1хх 12/ “М.Х” гэж дутагдлыг зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Солонгос гэр ахуйн барааны 450,000 төгрөгийн дутагдал нь хариуцагч М.Х өөрөө худалдан авсан, эсхүл бусдад зээлсэн талаар хэрэгт тодруулаагүй боловч хариуцагч анхан шатны шүүх хуралдааны шатанд уг хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн,  зөвшөөрөхгүй талаарх өөрийн тайлбартай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учир  450,000 төгрөгийн солонгос гэр ахуйн барааны үнийг түүнийг бараа дутагдуулсанд тооцож гаргуулах нь зүйтэй юм.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан журмын дагуу нэхэмжлэгчээр О.Г, Б.Л нар солигдсон, анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргийн талаарх зарчмыг зөрчөөгүй байна.

 

            8. Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн хариуцагч М.Хээс гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 137/ШШ2023/00240 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 466 дугаар зүйлийн 466.1-т...” гэснийг “Иргэний хуулийн 359 дүгээр үйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч Э.Хийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Э.Хийн давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

     

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БОЛОРМАА

 

                                                 ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                       А.САЙНТӨГС