Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2023/00452

 

 монгол улсын нэрийн өмнөөс

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***** нэхэмжлэлтэй

Хариуцагч: ***** холбогдох

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх агуулга бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *****, түүний өмгөөлөгч *****, хариуцагч *****, түүний өмгөөлөгч ***** нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн тэмдэглэл хөтлөв.

Тодорхойлох нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага/тодруулсан/: Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар “***** ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан “Сэрх дулаан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: “*****” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал ****** Говь-Алтай аймаг ****** сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

Ажлаас чөлөөлөгдөөд нэхэмжлэл гаргасны дараа намайг ажлаас чөлөөлсөн захирамжаа хүчингүй болгосон тул анхны нэхэмжлэлийн шаардлагаасаа ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан байсан.

Гэтэл Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар дахин ажлаас чөлөөлсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна

Говь-Алтай аймгийн ****** сумын Засаг даргад “*****” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлыг ажлаас чөлөөлөх эрх байхгүй, миний бие Говь-Алтай аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж, ажилд томилогдсон байгаа.

Миний бие аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас чөлөөлөгдөх ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, “*****” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь татан буугдаагүй.

Урьд ажлаас чөлөөлсөн захирамжаа хүчингүй болгосон атлаа надад ажил хийх боломж олголгүйгээр надад урьдчилан мэдэгдэлгүйгээр дахин ажлаас чөлөөлсөнд гомдолтой.

3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн ****** сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/123 дугаар “***** ажлаас чөлөөлөх тухай” захирамж

- Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 дугаар “*****ажилд томилох тухай” захирамж

- “*****” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ/2022.10.03 №2022-06/

- Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/29 дүгээр “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол

- “*****” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/*****/

- Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/47 дугаар “Сумын төвийн шинэчлэл төслийн ажлын хэсэгчлэн хүлээн авах комисс томилох тухай” захирамж

- Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн КД-04/2021 дүгээр дүгнэлт

- Ажил хүлээлцэх акт/огноо: 2022.02.07/, Хөрөнгө хүлээлцсэн акт/2022.04.14/

- Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар “*****ажлаас чөлөөлөх тухай” захирамж

- Говь-Алтай аймгийн прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй

5. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

6. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: ***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тогтоол гаргасан.

Дулааны эрчим хүч түгээх асуудал  нь  сумын чиг үүрэгт хамааралгүй, аймгийн чиг үүрэг байхаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан.

Хууль зөрчиж, сумын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар “*****” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын байгуулж, хууль бусаар *****тус газрын захирлаар томилсон байсан.

Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргын орлогч, Говь-Алтай аймгийн өмчийн газрын дарга нарын гарын үсэг бүхий “алдаатай шийдвэрээ зас” гэсэн утгатай албан бичиг Дэлгэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар албан ёсоор ирсэн.

Тухайн үед ***** сумын Засаг даргаар ажиллаж байсан *****нь уг асуудлыг  хойшлуулж, намайг Засаг даргаар томилогдох хүртэл явуулж, хууль бус үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж, удаашруулсан.

Миний бие ***** сумын Засаг даргаар томилогдоод 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн жилийн эцсийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлж, улмаар сумын чиг үүрэгт ороогүй асуудлаар аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулсан нь хууль бус болсон гэж урьд “Сэрх дулаан” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулсан тогтоолыг хүчингүй болгож, татан буулгасан.  

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан татан буулгасныг бүртгүүлэхэд шаардах бичиг баримтыг бүрдүүлэхийн тул ***** сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан.

Татан буулгах ажлын хэсэг “*****” ОНӨААТҮГ-ын  дуусгалтын тайлан гаргах байтал захирлаар ажиллаж байсан ***** нь ирдэггүй, уг ажлыг зогсоож, татварын тайлан гаргаж өгөөгүй, санхүүгийн баримт бичгийг өгөөгүй.

*****” ОНӨААТҮГ нь татан буугдсан байхад уг хуулийн этгээдийн захирлын ажлын байранд эгүүлэн томилох боломжгүй. Дэлгэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал алдаатай шийдвэрээ хүлээн зөвшөөрч, татан буулгасан тогтоол гарч, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэв.  

7. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/29 дүгээр “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол

- Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дүгээр хуралдааны тэмдэглэл

- Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 232 дугаар албан бичиг

- Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 633 дугаар албан бичиг

- Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2/320 дугаар албан бичиг

- Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/61 дүгээр албан бичиг

- Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/124 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж

- Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/28 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж

- Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/123 дугаар “*****ажлаас чөлөөлөх тухай” захирамж

 - Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар “*****ажилд томилох тухай” захирамж

- Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай” тогтоол

- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А-1/2254 дүгээр албан бичиг, “Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Дэлгэр, Дарив, Жаргалан сумдын төвлөрсөн халаалт, дулааны үйл ажиллагааг хариуцсан орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан томилолтын ажлын тайлан”

 - Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 52 дугаар “Журам батлах тухай” тогтоол

- Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл/огноо: 2023.01.06/

- Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/140 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж

- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 178 дугаар албан бичиг

- Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 33/04-1113 дугаар албан бичиг

- Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 152 дугаар албан бичиг

- Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар албан бичиг

- Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын Тамгын газрын албан бичиг,

-Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр албан бичиг

- Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дүгээр “Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо батлах тухай” захирамж

- Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 444 дүгээр албан бичиг

- Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 06/611 дүгээр албан бичиг, Татварын тайлан/”*****” ОНӨААТҮГ/

8. Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Гэрч *****, *****, *****нарыг мэдүүлэг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *****нь хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/123 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг эс зөвшөөрч, “*****” ОНӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ./1 хавтаст хэргийн 1 хуудас/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Говь-Алтай аймгийн *****сумын Засаг дарга нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/28 дугаар захирамж/1 хавтаст хэргийн 43 хуудас/-аар урьд нэхэмжлэгч ***** “*****” ОНӨААТҮГ-ын захирлын ажлаас чөлөөлсөн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч ***** нь хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргад холбогдох  “*****” ОНӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж/1 хавтаст хэргийн 72 хуудас/, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүх хуралдаан хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх агуулгаар үлдэх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ./1 хавтаст хэргийн 71 хуудас/

Улмаар нэхэмжлэгч *****нь хариуцагч Говь-Алтай аймгийн *****сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, “*****” ОНӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргажээ./1 хавтаст хэргийн 155-156, 2 хавтаст хэргийн 6 хуудас/

Хариуцагч Говь-Алтай аймгийн *****сумын Засаг дарга нь нэхэмжлэгч *****нэхэмжлэл, өөрчилж, ихэсгэсэн шаардлагын гардан авсан боловч бичгээр хариу тайлбар гаргаагүй, харин нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч буйгаа шүүх хуралдаанд амаар тайлбарласан болно.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *****нь хариуцагч Говь-Алтай аймгийн *****сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан агуулгаар тодруулсан болно.   

2. Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

3. Хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч *****шинээр байгуулагдсан “*****” ОНӨААТҮГ-ын захирлаар томилжээ./1 хавтаст хэргийн 45 хуудас/

Уг захирамжийн дагуу нэхэмжлэгч *****болон хариуцагч  Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг дарга нарын хооронд бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй нь зохигчийн тайлбараар нотлогдсон.

Харин нэхэмжлэгч *****нь хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын шууд харьяалах дээд шатны албан тушаалтан болох Говь-Алтай аймгийн Засаг даргатай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан огноотой, 2022-06 дугаартай, “*****” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэлдээ хавсаргажээ./1 хавтаст хэргийн 6-11 хуудас/

Уг онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийг төлөөлж, Говь-Алтай аймгийн Засаг дарга гарын үсэг зурж, тамгаар албажуулсан нь нэхэмжлэгч *****тухай ажил олгогч нь “Говь-Алтай аймгийн Засаг дарга” гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, уг хэсгийн 2 дахь заалтад “орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох” бүрэн эрхтэйг тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулсан орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох эрх хэмжээтэй.

Харин Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулсан орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг эрх хэмжээтэй этгээд нь Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг дарга юм.

Дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргын хуулиар олгосон эрх хэмжээнд халдаж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр байгуулсан орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох эрх үндэслэлгүй.

Учир нь Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг биелүүлэх чиг үүрэгтэй болохоос Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг биелүүлэх чиг үүрэггүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 2 дахь хэсэгт “ Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй”, уг хэсгийн 4 дэх заалтад “орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон  сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчит хуулийн этгээд/аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар/ үүсгэн байгуулах боломжтой юм.

*****” ОНӨААТҮГ нь Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр бус Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоол/1 хавтаст хэргийн 46 хуудас/-оор үүсгэн байгуулагджээ.

Иймд *****” ОНӨААТҮГ-ын эрх баригч/захирал/-ийн тухайд ажил олгогч нь Говь-Алтай аймгийн Засаг дарга бус тус аймгийн ***** сумын Засаг дарга тул “хариуцагч нь ажлаас чөлөөлөх эрх хэмжээгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар эрх зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ***** нь Говь-Алтай аймгийн Засаг даргатай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан нь хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын “*****” ОНӨААТҮГ-ын захирлын тухайд ажил олгогч байх, зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Учир нь хариуцагчаас нэхэмжлэгчийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “*****” ОНӨААТҮГ-ын захирлын ажилд томилсноос хойш 6 сарын дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг дарга нь өөрт хуулиар эрх олгоогүй асуудлаар нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн шийдвэрээр “*****” ОНӨААТҮГ-ын захирлаар нэгэнт томилогдож, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэж, хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байх хугацаанд дээрх хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байгааг дурдах нь зүйтэй.  

Хэдийгээр зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч хариуцагчаас нэхэмжлэгчийг “*****” ОНӨААТҮГ-ын захирлын ажилд томилж, тодорхой ажил, үүрэг гүйцэтгүүлж, цалин хөлс олгогдсон тул зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзлээ.

Учир нь хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 48.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.1, 123 дугаар зүйлийн 123.2.5, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч ***** 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс “*****” ОНӨААТҮГ-ын захирлын ажлаас чөлөөлжээ./1 хавтаст хэргийн 157 хуудас/

Уг захирамж нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажилтныг эрхэлж буй ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон агуулгатай байна.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ,

158.2.2 дахь заалтад “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэжээ.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрсөн ажилтан Д.Дагиймаагийн гомдол нь хуулийн дээрх заалтын дагуу иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарч байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”,

154.2.1 дэх заалтад “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэжээ.

Ажилтан *****нь ажил олгогч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргасан/1 хавтаст хэргийн 156 хуудас/ нь хуулийн дээрх заалтад дурдсан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

Иймд шүүхээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, уг хөдөлмөрийн эрхийн маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

6. Хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжийн 1 дэх заалтад “Татан буулгаж буй “*****” ОНӨҮГ-ын дуусгалтын баланс гаргах, татварын болон бусад өр, авлага барагдуулж, Улсын бүртгэлийн хэлтэст байгууллагын тамга, тэмдгийг хүчингүй болгуулж, татан буулгахаар удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан *****2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.

Уг захирамжийг эс зөвшөөрч буй нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч *****нь “*****ОНӨААТҮГ татан буугдаагүй, ажлаас чөлөөлөх гэж буйгаа мэдэгдээгүй, алдаа, дутагдал гаргаагүй, урьд ажлаас чөлөөлсөн захирамжаа хүчингүй болгосон атлаа надад ажил хийх боломж олголгүйгээр дахин ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлажээ.

Харин хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг дарга *****нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй татгалзлынхаа үндэслэлийг “Сумын чиг үүрэгт хамааралгүй асуудлыг эрхлэхээр байгуулагдсан “*****” ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулагчаас татан буулгасан, уг хуулийн этгээдийг татан буулгах комиссын үйл ажиллагаанд нэхэмжлэгч *****нь саад учруулсаар байгаа, улсын төсвийн хөрөнгө оруулалттай “*****” ОНӨААТҮГ-ын эд хөрөнгийг гүйцэтгэгч “Мандал Голомт” ХХК-д буцаан өгсөн” гэж тодорхойлжээ.

Хөдөлмөр эрхлэлтийн маргааны үйл баримтын талаар харилцан эсрэг агуулгыг илэрхийлж буй зохигчийн дээрх тайлбар нь нотлох баримт боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд  нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Эсрэг талын тайлбарыг үгүйсгэж, өөрийн тайлбарыг нотлохоор зохигч цуглуулж, гарган өгсөн, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлж, иргэний хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үнэлэхэд дор дурдсан үйл баримт тогтоогдсон болно.

7. Хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар нэхэмжлэгч ***** Дэлгэр сумын төвлөрсөн халаалтын зуухны ашиглалтын өмнөх захиргааны менежерээр томилжээ./1 хавтаст хэргийн 5 хуудас/

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/47 дугаар захирамжийн 1 дэх заалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ***** суманд хэрэгжиж буй 01 дүгээр гэрээт “Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнп хийгдсэн халаалтын зуухны барилга, холбоо, дохиолол, цэвэр, дулаан хангамжийн ажлыг хэсэгчлэн хүлээн авч, ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнийг томилж, 3 дахь заалтаар орон нутгийн өмчид бий болсон хөрөнгийг хүлээж авсан акт, баримт бичгийг үндэслэн бүртгэж, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Орон нутгийн өмчийн газар/*****/, барилга байгууламжийн урсгал зардлыг төсөвт тусгаж, цаашдын ашиглалт, арчилгаа, хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг Дэлгэр сумын Засаг дарга/*****/, ашиглалтын өмнөх захиргаа/*****/-д тус тус даалгажээ./1 хавтаст хэргийн 103-104 хуудас/

Уг захирамжийн дагуу байгуулагдсан “Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн КД-04/2021 дүгээр дүгнэлтээр “Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Мандал Голомт” ХХК-ийн ***** суманд хийсэн халаалтын зуухны барилга угсралтын ажил, холбоо, дохиолол, гадна дулаан хангамжийн ажлыг ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ./1 хавтаст хэргийн 105-107 хуудас/

Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын өмчийн бүртгэл, хяналт хариуцсан мэргэжилтэн *****, “Мандал Голомт” ХХК-ийн гүйцэтгэх захирал *****нар нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Ажил хүлээлцсэн акт”/1 хавтаст хэргийн 108-109 хуудас/-аар Говь-Алтай аймгийн ********** суманд хэрэгжсэн сумын төвийн шинэчлэлийн ажлыг хэсэгчлэн уурын зуухны барилга, гадна шугам сүлжээ, холбоо дохиолол зэргийг жагсаалтаар тус сумын Засаг даргын орлогч *****, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга *****, Засаг даргын Тамгын газрын дарга *****, Санхүүгийн албан дарга *****, татварын байцаагч *****, нягтлан бодогч *****нарт хүлээлгэн өгчээ.

“Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд шинээр баригдсан төвлөрсөн зуух, гадна шугам сүлжээг хариуцан ажиллах “*****” ОНӨААТҮГ-ыг Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоол/1 хавтаст хэргийн 46 хуудас/-ын 1 дэх заалтаар байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх, эрх баригчийг томилох, бүтэц орон тоо, үйлдвэр, санхүүгийн төлөвлөгөө, үнэ тарифыг батлуулах асуудлыг шийдвэрлэхийг сумын Засаг дарга/*****/-д 2 дахь заалтаар даалгажээ.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Говь-Алтай аймгийн *****сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар ***** “*****” ОНӨААТҮГ-ын захирлаар томилжээ.

Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “*****” ОНӨААТҮГ-ыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж, 000235251 дүгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ./1 хавтаст хэргийн 98 хуудас/

Улмаар Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, санхүү албаны дарга, хууль зүй хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч нар нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн актаар уурын зуухны барилга, гадна дулааны шугам сүлжээг жагсаалтаар “*****” ОНӨААТҮГ-ын захирал *****хүлээлгэн өгч, харилцан гарын үсэг зурж, албажуулжээ./1 хавтаст хэргийн 110-111 хуудас/

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт/1 хавтаст хэргийн 102 хуудас/-оос үзэхэд нэхэмжлэгч *****нь 2022 оны 04 дүгээр сараас эхлэн 2022 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд “*****” ОНӨААТҮГ-аас цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлжээ.

8. Говь-Алтай аймгийн Засаг дарга ***** хаягласан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А-1/2254 дүгээр албан бичиг/1 хавтаст хэргийн 47-28 хуудас/-т тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/60 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Дэлгэр, Дарив, Эрдэнэ, Жаргалан сумдад ажиллаж, дулаан түгээх үйл ажиллагаа эрхэлж буй орон нутгийн өмчит аж аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн тухай дурджээ.

Уг албан бичгийн хавсралт “Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Дэлгэр, Дарив, Жаргалан сумдын төвлөрсөн халаалт, дулааны үйл ажиллагааг хариуцсан орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан томилолтын ажлын тайлан”-гаас үзэхэд дээрх ажлын хэсэг нь “хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоол, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох арга хэмжээ авч, гүйцэтгэгч компанид хөрөнгийг буцаан өгч, улсын комисст зохих журмын дагуу хүлээлгэн өгөх хүртэл ашиглалтыг хариуцан ажиллахыг даалгах, Дэлгэр сумын халаалтын зуухны барилга байгууламж, дулааны шугам сүлжээг улсын комисст бүрэн хүлээлгэн өгөх, холбогдох баримт бичгийг бүрдлийг хангах, улсын комисс хүлээн аваагүй хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэхгүй байх” дүгнэлт гаргажээ./1 хавтаст хэргийн 49-62 хуудас/

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 633 дугаар албан бичиг/1 хавтаст хэргийн 40 хуудас/-ээр “Сумын төвийн шинэчлэл төслийн ажлаас цэвэрлэх байгууламж, бохир усны шугам хоолой, ариутгах татуурга, зэрэг ажил хийгдээгүй, гүйцэтгэл дутуу, эрх зүйн үндэслэлгүй тул үйлдвэрийн газар байгуулсан тогтоолыг хүчингүй болгох” чиглэлийг Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлжээ.

Дээрх Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ажлын хэсгийн дүгнэлт, Орон нутгийн өмчийн асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагын чиглэлийн дагуу Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/29 дүгээр “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолоор урьд “*****” ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгожээ./1 хавтаст хэргийн 38 хуудас/

Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь урьд “*****” ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулсан тогтоолоо хожим хүчингүй болгосон нь тухайн орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх зүйн байдалд нөлөөлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдах эрх зүйн үр дагаврыг үүсгэж буй тул татан буулгасан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй.

Учир нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн   32.1.1 дэх заалтад “өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан” бол хуулийн этгээдийн татан буулгах үндэслэл байхаар заажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтаар ***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь “*****” ОНӨААТҮГ-ыг татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих эрх хэмжээтэй.

Иймд “*****” ОНӨААТҮГ-ыг татан буугдсан тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд уг хуулийн этгээдийг татан буугдаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтаар “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно.

“*****” ОНӨААТҮГ-ыг татан буугдсан үндэслэлээр нэхэмжлэгч *****мөнхүү орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирлын ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан хариуцагч Говь-Алтай аймгийн *****сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамж хуулийн дээрх заалтад нийцжээ.

Ажил олгогч нь “аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан” үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заажээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг дарга нь хөдөлмөрийн эрхлэлтийг харилцааг цуцлах тухай нэхэмжлэгч *****30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

“Ажлаас чөлөөлөх талаар урьдчилан мэдэгдээгүй” гэх нэхэмжлэгч *****тайлбар үндэслэлтэй боловч түүнийг урьд эрхэлж байсан “*****” ОНӨААТҮГ-ыг захирлын ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй.

Учир нь хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг дарга нь тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулсан, татан буугдаагүй орон нутгийн хуулийн этгээдийн эрх баригчийг л томилох эрхтэй.

Татан буугдсан орон нутгийн өмчит хуулийн этгээдэд эрх баригчийг томилох боломжгүй тул шүүхээс нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон ч шүүхийн шийдвэр хэрэгжих эрх зүйн хувьд боломжгүй, зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтаар шүүх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх эрхэм зорилготой. Энэхүү зорилгод нийцэхгүй, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхгүй шийдвэрийг шүүх гаргахгүй.

10. Хэдийгээр нэхэмжлэгч нь “*****” ОНӨААТҮГ-ыг татан буулгасан үндэслэлийн маргаагүй боловч хариуцагч нь татгалзлын үндэслэл болгон маргасан тул шүүх тодорхой эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь “Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулж болно” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээ нь аймаг, сум, нийслэл, дүүрэг нь хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэх зорилготой уялдсан, чиг үүрэгт хамааралтай байхаар тайлбарлагдана.

“Харилцаа холбоо, цахилгаан, дулаан түгээх сүлжээ, цэвэр ус, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах байгууламж, үерийн далан, суваг тэдгээрт хамааралтай барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалт, хяналт”-ын асуудал нь аймгийн чиг үүрэг байхаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.15 дахь заалтад тусгажээ.

Дулааны эрчим хүч түгээх сүлжээний асуудал аймгийн чиг үүрэгт хамаарах тул уг асуудлыг хариуцсан орон нутгийн өмчит хуулийн этгээдийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтаар байгуулах эрх хэмжээтэй.

Ийм байхад Говь-Алтай аймгийн *****сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор дулааны эрчим хүч түгээх чиг үүрэгтэй “*****” ОНӨААТҮГ-ыг байгуулсан нь анхнаасаа хуулиар өөрт эрх олгоогүй, өөрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан байжээ.

Энэхүү үйл баримт нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ажлын хэсгийн 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож, улмаар Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээрх хууль бус шийдвэрээ Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/29 дүгээр тогтоолоор хүчингүй болгожээ.

Дээрх ажлын хэсгийн дүгнэлт гарахаас өмнө дээд шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргаас “*****” ОНӨААТҮГ-ыг байгуулсан нь хууль бус болохыг доод шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нарт анхааруулж, зохих чиглэлийг өгч байжээ. Тодруулбал:

Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *****2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/61 дүгээр албан бичгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эд хөрөнгийн өмчлөх эрхийг олгох хүртэл “*****” ОНӨААТҮГ-ыг байгуулсан тогтоолоо эргэн харах чиглэлийг Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нарт хаяглан хүргүүлжээ./1 хавтаст хэргийн 41 хуудас/

Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч *****2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2/320 дугаар албан бичгээр дулааны эрчим хүч түгээх ажлыг хариуцан ажиллах аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах асуудлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгааг ***** сумын Засаг дарга ***** мэдэгджээ./1 хавтаст хэргийн 39 хуудас/

Мөн түүнчлэн Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатарын гэрчийн мэдүүлэгт “Дэлгэр сумын Засаг дарга *****нь “*****” ОНӨААТҮГ-ыг байгуулах талаар санал оруулахад би тухайд үед орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулна шүү дээ гэхэд чи эсэргүүцлээ гэж маргаж байсан” гэжээ./1 хавтаст хэргийн 218 хуудас/

Дээрх бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгээс үзэхэд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “*****” ОНӨААТҮГ-ыг байгуулсан нь хууль бус тул уг орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэгч ***** нэхэмжлэлийн шаардлага хангагдах эрх зүйн үндэслэлгүй.

11. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/1 хавтаст хэргийн 210 хуудас/-оос үзэхэд  нэхэмжлэгч *****2022 оны 04-11 саруудын цалин хөлс олгогдож, “*****” ОНӨААТҮГ-аас зохих шимтгэлийг төлжээ.

Нэхэмжлэгч *****нь Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоолыг цуглуулж, иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгчээ./1 хавтаст хэргийн 241-245 хуудас/

Уг тогтоолын олсон нь хэсэгт “*****” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчоор ажиллаж байсан ***** “*****нь 12 дугаар сарын цалингаа бодуулж авна гэсний дагуу сард авдаг цали болох 862,290 төгрөгийг дансруу нь шилжүүлсэн” гэсэн гэрчийн мэдүүлэг тусгагдаж, улмаар хяналтын прокурор *****нь “*****2022 оны 12 дугаар сарын цалинг бодож олгосныг буруутгах үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийжээ.

Иймд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгч ***** давхардуулан олгох боломжгүй.

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгох эрх зүйн үндэслэл нь “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон” байх явдал юм.

Урьд эрхэлж байсан “*****” ОНӨААТҮГ-ын захирлын ажилд нэхэмжлэгч *****эгүүлэн тогтоолгох эрх зүйн үндэслэлгүй тул 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгох эрх зүйн үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг дарга нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/28 дугаар захирамж/1 хавтаст хэргийн 43 хуудас/-аар татан буугдаж буй “*****” ОНӨААТҮГ-ын дуусгалтын балансыг гаргуулах, өр авлагыг барагдуулахтай холбогдуулан урьд нэхэмжлэгч ***** “*****” ОНӨААТҮГ-ын захирлын ажлаас чөлөөлсөн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Ажил олгогч нь урьд ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрээ хожим хүчингүй болгосон үйл баримтыг “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон” гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй.

Тодруулбал хариуцагч Говь-Алтай аймгийн *****сумын Засаг дарга нь нэхэмжлэгч *****урьд ажлаас чөлөөлсөн захирамжаа хүчингүй болгосон нь “хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон”-той холбоогүй, харин татан буугдаж буй “*****” ОНӨААТҮГ-ын дуусгалтын балансыг гаргуулах, өр авлагыг барагдуулахтай холбоотой байна.

Иймд нэхэмжлэгч *****хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсаны улмаас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд ажилгүй байсан гэж үзэхгүй тул мөн хугацаа цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Говь-Алтай аймгийн *****сумын Засаг даргаас гаргуулах эрх зүйн үндэслэлгүй.

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажилтанд дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгох урьдчилсан нөхцөл нь “ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдэл хүлээн авсан байх”, “ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзэж, ажиллуулаагүй байх” явдал юм.

Энэхүү иргэний хэргийн тухайд хариуцагчаас нэхэмжлэгчид эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн нь тогтоогдоогүй.

Мөн түүнчлэн хариуцагчаас татан буугдаж буй хуулийн этгээдийн дуусгалтын балансыг гаргуулах, өр авлагыг барагдуулахтай холбогдуулан нэхэмжлэгчийг урьд “*****” ОНӨААТҮГ-ын захирлын ажлаас чөлөөлсөн шийдвэрээ хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон.

Иймд хуулийн дээрх зохицуулалтаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нэхэмжлэгч *****олгогдох эрх зүйн үндэслэлгүй.

14. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 23 дугаар зүйлд “Төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгахад Иргэний хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журмыг баримтална” гэж заасан нь орон нутгийн өмчит хуулийн этгээдэд нэг адил хамаарна.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ”, 32.5 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараах дарааллаар хангана”, 32.5.6 дахь заалтад “хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлс” гэж тус тус заажээ.

“*****” ОНӨААТҮГ-ыг татан буулгасан Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/29 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор хариуцагч Говь-Алтай аймгийн *****сумын Засаг дарга нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/140 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн 1 дэх заалтаар татан буугдаж буй “*****” ОНӨААТҮГ-ын дуусгалтын балансыг гаргуулах, өр авлагыг барагдуулах, хаалтын баланс хийж, дуусгах ажлын хэсгийг байгуулж, 2 дахь заалтаар татан буугдаж буй “*****” ОНӨААТҮГ-ын санхүүгийн тооцоо, өр авлагыг бүрэн барагдуулж, тайлан балансыг гаргаж ажиллахыг ажлын хэсэгт даалгажээ./1 хавтаст хэргийн 148-149 хуудас/

Уг ажлын хэсэг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуралдахад ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон нэхэмжлэгч *****оролцоогүй нь тухайн хуралдааны тэмдэглэлд тусгагджээ./1 хавтаст хэргийн 186-190 хуудас/

Говь-Алтай аймгийн Орон нутгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар албан бичигт “***** сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт зөвшилцөж, манай байгууллагын өмчийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагт зарлагдсан хуралд очиж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, татан буулгах ажил явагдсан боловч “*****” ОНӨААТҮГ-ын захирал байсан *****нь аймгийн Засаг даргаар батлуулсан онцгой нөхцөл бүхий гэрээ, контракт, санхүүгийн болон холбогдох бусад баримт бичгийн бүрдлийг хангаж, хуралд оролцоогүй нь татан буулгах ажилд саад учруулсан болно” гэжээ./1 хавтаст хэргийн 174 хуудас/

Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 06/611 дүгээр албан бичигт “*****” ОНӨААТҮГ нэь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 2022 оны 4 дүгээр улирлын цалин хөлсний тайлангаар үүссэн 2,033,738.80 төгрөгийн, 2022 оны 2 дугаар улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 66,181.00 төгрөгийн, 2022 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар үүссэн 345,431.80 төгрөгийн нийт 2,445,351.60 төгрөгийн өртэй байна. 2023 оны 2 дугаар улирлаар цалин хөлс, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын “Х”  тайланг хугацаанд нь илгээсэн байна” гэжээ./2 хавтаст хэргийн 35 хуудас/

Говь-Алтай аймгийн Орон нутгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр албан бичигт “...Дэлгэр сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан комисс 2 сар буюу 60 хоногийн хугацаанд дуусгалтын баланс хийж, улсын бүртгэлээс хасах ёстой... Өнөөдрийн байдлаар “*****” ОНӨААТҮГ нь хуулийн хугацаанд дуусгалтын балансаа хийж, гэрээгээ дүгнүүлсэн тухай тайлангаа ирүүлээгүй байна” гэжээ./2 хавтаст хэргийн 32-33 хуудас/

Ажлын хэсгийн ахлагч, Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга *****нь гэрчийн мэдүүлэгтээ “Ажлын хэсгийн эхний хуралд *****хүрэлцэн ирээгүй, хоёр дахь удаагаа хуралдахад мөн ирээгүй. Хурлын зарыг *****мэдэгдсэн боловч ирээгүй учраас ажлын хэсэг үүргээ биелүүлж, чадаагүй. “*****” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогч *****ажлын хэсгийн хуралдаанд ирэхдээ санхүүгийн баримт бичиг захирал *****байгаа гэсэн хариулт өгсөн. *****нь “*****” ОНӨААТҮГ-ын тэмдгийг хүлээлгэж өгөөгүй, дуусгалтын тайлан тэнцэл гаргаагүй, дуудсаар байхад ажлын хэсгийн хуралдаанд ирдэггүй. Тэрээр шүүхээр асуудлаа шийдүүлсний дараа ажлаа өгнө гэдэг”/1 хавтаст хэргийн 218 хуудас/,

Ажлын хэсгийн гишүүн, “*****” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогчоор ажиллаж байсан ***** нь гэрчийн мэдүүлэгтээ “Санхүүгийн баримт бичгийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр захирал ***** нь ажлаас чөлөөлөгдөхдөө аваад явсан. Тус баримт бичгийг 2023 оны 01 дүгээр сарын дундуур би буцааж авсан”/1 хавтаст хэргийн 220 хуудас/,

Ажлын хэсгийн гишүүн, “Мандал тэгш зам” ХХК-ийн захирал *****гэрчийн мэдүүлэгтээ “Мандал Голомт” ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “***** ОНӨААТҮГ-аас Дэлгэр сумын халаалтын зуух, тоног төхөөрөмж хүлээн авсан” гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгээс үзэхэд Говь-Алтай аймгийн *****сумын уурын зуухны барилга, гадна дулааны шугам сүлжээг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр уг ажлын гүйцэтгэгч “Мандал Голомт” ХХК-д буцаан өгсөн тул “*****” ОНӨААТҮГ нь бодит байдалд дулааны эрчим хүч түгээх үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.

Иймээс “урьд ажлаас чөлөөлсөн захирамжаа хүчингүй болгосон атлаа надад ажил хийх боломж олголгүйгээр дахин ажлаас чөлөөлсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

“*****” ОНӨААТҮГ-ын байгуулагдах болсон бодит шалтгаан арилсан буюу Говь-Алтай аймгийн ***** сумын уурын зуухны барилга, гадна дулааны шугам сүлжээ нь “Мандал Голомт” ХХК-ийн эзэмшилд шилжсэн байхад нэхэмжлэгчид ажил, үүргээ гүйцэтгэх боломжоор хангаагүй гэж хариуцагчийг буруутгах нь бодит байдалд үл нийцнэ.

Иймээс “*****” ОНӨААТҮГ-ыг татан буулгах ажлыг шуурхай зохион байгуулж, зохих баримт бичгийн бүрдлийг хангаж, хуулиар тогтоосон хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасалт хийлгэх зайлшгүй шаардлага тухайн үед үүссэн гэж үзэх нь бодитой юм.

15. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Иргэний хуулийн 32.3-т заасны дагуу татан буулгах комисс, эрх хүлээн авагч тухайн хуулийн этгээдийг татан буулгасан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёроос зургаан сарын дараа уг хуулийн этгээдийг татан буулгаж дууссан тухай холбогдох баримт бичгийг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ” гэжээ.

Холбогдох баримт бичигт баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, дуусгалтын тайлан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, татвар төлөгчийн хасалтын карт, өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа, татан буулгасан тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зар зэрэг хамаарахаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хуулийн этгээдийг татан буулгах ажил нь тогтоосон хугацаатай, татан буулгах бүртгэл нь зохих баримт бичгийн бүрдэл хангагдсан байхыг шаарддаг байна.

Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 178 дугаар албан бичигт “*****” ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай холбогдох материалыг бүрдүүлж, хандаагүйг тодорхойлжээ./1 хавтаст хэргийн 171 хуудас/

“*****” ОНӨААТҮГ-ыг татан буулгах ажил удаашралтай, дуусгалтын тайлан гараагүй, өр авлага барагдаагүй, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлс”-ийн асуудал шийдвэрлэгдээгүй, татвар төлөгчийн бүртгэлээс хасалт хийгдээгүй нь татан буулгах комиссын гишүүн *****нь ажлын хэсгийн хуралдаанд оролцдоггүй, зохих баримт бичгийн бүрдлийг хангах талаар санаачилга гаргаагүй, идэвхигүй байр суурьтай байгаатай холбоотой болох нь дээрх бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

16. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу “*****” ОНӨААТҮГ-ыг татан буулгасан Говь-Алтай аймгийн ***** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/29 дүгээр тогтоол болон татан буулгах ажлыг хэсэг байгуулсан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг дарга нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/140 дүгээр захирамжийг татан буулгах комиссын гишүүн *****нь заавал биелүүлж, хуулийн этгээдийн тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг гарган өгч, зохих баримт бичгийн бүрдлийг хангах, ажлын хэсгийн хуралдаанд оролцох, дуусгалтын тайлан гаргах, татварын төлөгчийн бүртгэлээс хасалт хийлгэх, татан буулгах мэдүүлэг гаргах шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Хурал, Засаг даргаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай этгээд бүрэн хэмжээгээр нөхөн төлнө” гэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заажээ.

17. Татан буулгах комисс нь “*****” ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлсийг барагдуулах шаардлагыг хангах үүрэгтэй тул нэхэмжлэгч ***** нь 2023 оны цалин хөлсний шаардлагаа татан буулгах комисст гаргаж, шийдвэрлүүлэх нь хууль зүйн хувьд боломжтой процесс/үйл ажиллагаа/ байна.

Гэвч нэхэмжлэгч *****нь цалин хөлсний шаардлагаа “Сэрх дулаан” ОНӨААТҮГ-ын татан буулгах комисст гаргасан гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн нотлох баримтын хэмжээнд тогтоогдсонгүй.

Хэрэв нэхэмжлэгч ***** нь цалин хөлсний шаардлагыг гаргасаар байхад “*****” ОНӨААТҮГ-ын татан буулгах комисс нь уг шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан тохиолдолд уг комиссыг байгуулсан хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргад холбогдуулан дахин цалин хөлс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой юм.

Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч *****2023 оны цалин хөлсний шаардлагаа “*****” ОНӨААТҮГ-ын татан буулгах комисст гаргасан эсэх, уг шаардлагыг татан буулгах комисс шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байхад шүүхээс урьдчилан таамаглаж, татан буулгах комиссын чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй.

Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлахаас бус таамаглал/тодорхой бус байдал/-д үндэслэхгүй.  

18. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтаар “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” нь ажил олгогчийн үүрэг.

Гэвч нэхэмжлэгч *****хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргад холбогдох ажилгүй байсан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлагыг хангах эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн тул мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг мөн хангах эрх зүйн үндэслэлгүй.

19. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ***** хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргад холбогдох Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх агуулга бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх хэсгээр нэхэмжлэгч ***** нь хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ***** хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар “***** ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан “Сэрх дулаан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч ***** нь хариуцагч Говь-Алтай аймгийн ***** сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

Дарлагагч шүүгч                                    Б.Мөнхбат