Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 215/МА2023/00035

 

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2023/00452 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ........... сумын ........ багийн ..... гудамжны ... - ... тоотод оршин суух, Ж овгийн Д.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГАА-ийн ..... сумын ЗД холбогдох,

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх агуулга бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ж.М, хариуцагч Д.Ч, түүний өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Л нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага /тодруулсан/: Говь-Алтай аймгийн ........ сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар Д.Д-г ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан “СД”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: “СД”аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал Д.Д-г Говь-Алтай аймгийн ...... сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

Ажлаас чөлөөлөгдөөд нэхэмжлэл гаргасны дараа намайг ажлаас чөлөөлсөн захирамжаа хүчингүй болгосон тул анхны нэхэмжлэлийн шаардлагаасаа ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан байсан.

 

Гэтэл Говь-Алтай аймгийн .......... сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар дахин ажлаас чөлөөлсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

ГАА-ийн ..... сумын ЗД “СД”аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлыг ажлаас чөлөөлөх эрх байхгүй, миний бие Говь-Алтай аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж, ажилд томилогдсон байгаа.

Миний бие аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас чөлөөлөгдөх ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, “СД” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь татан буугдаагүй.

Урьд ажлаас чөлөөлсөн захирамжаа хүчингүй болгосон атлаа надад ажил хийх боломж олголгүйгээр надад урьдчилан мэдэгдэлгүйгээр дахин ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна гэжээ.

 

3. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: .......... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тогтоол гаргасан.

Дулааны эрчим хүч түгээх асуудал нь сумын чиг үүрэгт хамааралгүй, аймгийн чиг үүрэг байхаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан.

Хууль зөрчиж, сумын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар “СД” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, хууль бусаар Д.Д-г тус газрын захирлаар томилсон байсан.

Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргын орлогч, Говь-Алтай аймгийн Өмчийн газрын дарга нарын гарын үсэг бүхий алдаатай шийдвэрээ зас гэсэн утгатай албан бичиг .......... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт албан ёсоор ирсэн.

 

Тухайн үед .......... сумын Засаг даргаар ажиллаж байсан Г.Б нь уг асуудлыг хойшлуулж, намайг Засаг даргаар томилогдох хүртэл явуулж, хууль бус үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж, удаашруулсан.

Миний бие .......... сумын Засаг даргаар томилогдоод 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн жилийн эцсийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар уг асуудлыг хэлэлцүүлж, улмаар сумын чиг үүрэгт ороогүй асуудлаар аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулсан нь хууль бус болсон гэж урьд “СД” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулсан тогтоолыг хүчингүй болгож, татан буулгасан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан татан буулгасныг бүртгүүлэхэд шаардах бичиг баримтыг бүрдүүлэхийн тул .......... сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан.

Татан буулгах ажлын хэсэг “СД” ОНӨААТҮГ-ын дуусгалтын тайлан гаргах байтал захирлаар ажиллаж байсан Д.Д нь ирдэггүй, уг ажлыг зогсоож, татварын тайлан гаргаж өгөөгүй, санхүүгийн баримт бичгийг өгөөгүй.

“СД” ОНӨААТҮГ нь татан буугдсан байхад уг хуулийн этгээдийн захирлын ажлын байранд эгүүлэн томилох боломжгүй. .......... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал алдаатай шийдвэрээ хүлээн зөвшөөрч, татан буулгасан тогтоол гарч, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэжээ.

 

4. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д хариуцагч Говь-Алтай аймгийн .......... сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар Д.Д-г ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан “СД” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч ГАА-ийн ..... сумын ЗД холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж ..... шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч Д.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Д.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2023/00452 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. .......... сумын Засаг дарга Д.Ч нь ““СД” ААТҮГ”-ыг татан буугдсан гэх үндэслэлээр надад огт мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас өгөлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Анх намайг татан буугдахаас өмнө ажлаас чөлөөлсөн захирамжаа хүчингүй болгосон атлаа огт ажил хийх боломжоор хангахгүй байж байгаад дахин ажлаас чөлөөлсөн тушаалыг шүүхэд өгсөн байсан. Миний бие үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөөд өдийг хүртэл хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна. ““СД” ААТҮГ” одоо хүртэл татан буугдаагүй улсын бүртгэлд татан буугдсан гэж бүртгэгдээгүй байгаа. Иймд уг шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

8. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч .......... сумын Засаг дарга Д.Ч-т холбогдуулан ““СД” ААТҮГ”-ыг татан буугдсан гэх үндэслэлээр надад огт мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас өгөлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Анх намайг татан буугдахаас өмнө ажлаас чөлөөлсөн захирамжаа хүчингүй болгосон атлаа огт ажил хийх боломжоор хангахгүй байж байгаад дахин ажлаас чөлөөлсөн тушаалыг шүүхэд өгсөн байсан. Миний бие үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөөд өдийг хүртэл хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна гэж маргажээ.

 

9. Хариуцагч Говь-Алтай аймгийн .......... сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч Д.Д-г шинээр байгуулагдсан “СД” ОНӨААТҮГ-ын захирлаар томилжээ. /1 хавтаст хэргийн 45 хуудас/

 

10. Нэхэмжлэгч Д.Д болон хариуцагч ГАА-ийн ..... сумын ЗД нарын хооронд бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй нь тогтоогдсон байна.

 

11. Хариуцагч Говь-Алтай аймгийн .......... сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжийн 1 дэх заалтад татан буулгаж буй “СД” ОНӨААТҮГ-ын дуусгалтын баланс гаргах, татварын болон бусад өр, авлага барагдуулж, Улсын бүртгэлийн хэлтэст байгууллагын тамга, тэмдгийг хүчингүй болгуулж, татан буулгахаар удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан Д.Д-г 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Уг захирамжийг эс зөвшөөрч буй нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч Д.Д нь “СД” ОНӨААТҮГ татан буугдаагүй, ажлаас чөлөөлөх гэж буйгаа мэдэгдээгүй, алдаа, дутагдал гаргаагүй, урьд ажлаас чөлөөлсөн захирамжаа хүчингүй болгосон атлаа надад ажил хийх боломж олголгүйгээр дахин ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

 

Харин хариуцагч ГАА-ийн ..... сумын ЗД Д.Д нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй татгалзлынхаа үндэслэлийг Сумын чиг үүрэгт хамааралгүй асуудлыг эрхлэхээр байгуулагдсан “СД” ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулагчаас нь татан буулгасан, уг хуулийн этгээдийг татан буулгах комиссын үйл ажиллагаанд нэхэмжлэгч  нь саад учруулсаар байгаа гэж маргасан нь хуулийн үндэслэлтэй байна.

 

Мөн Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А-1/2254 дүгээр албан бичиг /1 хавтаст хэргийн 47-48 хуудас/-т тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/60 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн .......... сумд ажиллаж, дулаан түгээх үйл ажиллагаа эрхэлж буй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн болон “Говь-Алтай аймгийн .........., .........., ........., .......... сумдын төвлөрсөн халаалт, дулааны үйл ажиллагааг хариуцсан орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан томилолтын ажлын тайлан”-гаас үзэхэд дээрх ажлын хэсэг нь “хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн Говь-Алтай аймгийн .......... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоол, Говь-Алтай аймгийн .......... сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох арга хэмжээ авч, гүйцэтгэгч компанид хөрөнгийг буцаан өгч, улсын комисст зохих журмын дагуу хүлээлгэн өгөх хүртэл ашиглалтыг хариуцан ажиллахыг даалгах, .......... сумын халаалтын зуухны барилга байгууламж, дулааны шугам сүлжээг улсын комисст бүрэн хүлээлгэн өгөх, холбогдох баримт бичгийн бүрдлийг хангах, улсын комисс хүлээн аваагүй хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэхгүй байх” дүгнэлт гаргаж, /1 хавтаст хэргийн 49-62 хуудас/ ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 633 дугаар албан бичиг /1 хавтаст хэргийн 40 хуудас/-ээр “Сумын төвийн шинэчлэл төслийн ажлаас цэвэрлэх байгууламж, бохир усны шугам хоолой, ариутгах татуурга, зэрэг ажил хийгдээгүй, гүйцэтгэл дутуу, эрх зүйн үндэслэлгүй тул үйлдвэрийн газар байгуулсан тогтоолыг хүчингүй болгох” чиглэлийг Говь-Алтай аймгийн .......... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, дээрх Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ажлын хэсгийн дүгнэлт, Орон нутгийн өмчийн асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагын чиглэлийн дагуу Говь-Алтай аймгийн .......... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/29 дүгээр “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолоор урьд “СД” ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна. /1 хавтаст хэргийн 38 хуудас/

 

Говь-Алтай аймгийн .......... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь урьд “СД” ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулсан тогтоолоо хожим хүчингүй болгосон нь тухайн орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх зүйн байдалд нөлөөлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдах эрх зүйн үр дагаврыг үүсгэж буй тул татан буулгасан гэж үзнэ.

Учир нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан” бол хуулийн этгээдийн татан буулгах үндэслэл байхаар заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтаар “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно гэсний дагуу “СД” ОНӨААТҮГ-ыг татан буугдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Д-г  захирлын ажлаас чөлөөлсөн хариуцагч Говь-Алтай аймгийн .......... сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамж хуулийн дээрх заалтад нийцжээ.

 

Ажил олгогч нь “аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан” үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан байх ба “Ажлаас чөлөөлөх талаар урьдчилан мэдэгдээгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй боловч түүнийг урьд эрхэлж байсан “СД” ОНӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй.

Учир нь хариуцагч ГАА-ийн ..... сумын ЗД нь тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулсан, татан буугдаагүй орон нутгийн хуулийн этгээдийн эрх баригчийг л томилох эрхтэй.

 

Мөн Д.Д нь сумын иргэдийн хурлын төлөөлөгч бөгөөд сумын иргэдийн хурлаар “СД” ОНӨААТҮГ-ыг татан буулгахтай холбоотой асуудлыг хэлэлцэхэд оролцож эсрэг санал өгч байсан нь хурлын тэмдэглэлээр нотлогдох бөгөөд уг аж ахуй нэгж татан буугдаж, ажлаас чөлөөлөгдөх болсноо баттай сайн мэдэж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Татан буугдсан орон нутгийн өмчит хуулийн этгээдэд эрх баригчийг томилох боломжгүй тул шүүхээс нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон ч шүүхийн шийдвэр хэрэгжих эрх зүйн хувьд боломжгүй, зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хууль бусад хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч талын гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2023/00452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Д гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.БАТТОГТОХ

           ШҮҮГЧИД                            Ч.ЭНХТӨР

                                                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

: