Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2023/03149

 

 

 

 

 

2023 10 09

181/ШШ2023/03149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Э,

Нэхэмжлэгч: Д.М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  НШШГГ-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр авагчид санал болгосон шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ тогтоохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Ш.Э , Д.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө нь  хариуцагч НШШГГ т холбогдуулан төлбөр төлөгч Д.М ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010891 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 401 тоотод байрлах 75,4 мкв талбай бүхий хувийн сууцыг Г-2202003849 дугаарт бүртгэгдсэн газрын хамт, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002251 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 23 дугаар байрны 24 тоотод байрлах 41 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус төлбөр авагч Х инд санал болгосон шийдвэрийг хүчингүй болгуулж, эдгээр үл хөдлөх хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоохыг даалгах шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7883 дугаар шийдвэрээр Д.М , Ш.Э нараас 367,212,388 төгрөг гаргуулж Х инд олгох тухай гүйцэтгэх баримт бичигт хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа болно.

НШШГГ нь төлбөр төлөгч Д.М ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 40 дүгээр байрны Ү-1 тоот 133,5 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11-401 тоотод байрлах 75,4 мкв талбай бүхий хувийн сууцыг газрын хамт, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002251 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 23 дугаар байрны 24 тоотод байрлах 41 мкв талбай бүхий орон сууцыг тус тус Хөрөнгийн үнэлгээний СЭ ХХК-иар 2016 оны 12 дугаар сард үнэлгээ гаргуулж, 2017 онд 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч тухайн үед худалдан борлогдоогүй юм.

Ингээд 2020 оны хавар дээрх 3 үл хөдлөх хөрөнгөөс Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 40 дүгээр байрны Ү-1 тоот 133,5 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч талаас албадан чөлөөлж Х инд хүлээлгэж өгсөн.

Үүнээс хойш төлбөр авагч талаас болон хариуцагчийн зүгээс ямар нэгэн ажиллагаа явуулахгүй 5-6 жилийн хугацаа өнгөрч байгаа тул бид үлдсэн 2 үл хөдлөх хөрөнгийг маань дахин үнэлж, дуудлага худалдаа зарлах байх гэж байтал 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагийн дотор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг султган чөлөөлөхийг мэдэгдсэн мэдэгдлийг өмнөх өдөр нь өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. гэж зохицуулсан.

Иймээс шийдвэр гүйцэтгэгчдээ ийм олон жилийн өмнөх үнэлгээгээр байраа өгөхгүй, ядаж зах зээлийн ханшаар нь өгвөл зөрүү нь арай илүү ирнэ шүү дээ, тэр мөнгөөрөө бид орон байрныхаа асуудлыг шийднэ гэхэд дээрээс чиглэл ирсэн боломжгүй гэж хэлсэн.

Иймээс төлбөр төлөгч нарын зүгээс дахин үнэлгээ тогтоолгохыг хүсч ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч тэд гомдлыг шийдвэрлэхдээ ...дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулаад худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгон шийдвэрлэсэн байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн маш товч бөгөөд бүрхэг хариуг өглөө.

Хэдэн оны хэдэн сард ямар шийдвэрийг үндэслэж санал болгох хуралд орсон болохыг огт дурдаагүй, тус хуралдаандаа биднийг байлцуулаагүйд нь гомдолтой байна.

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн СЭ ХХК-ийн үнэлгээ гарснаас хойш 6 жилийн хугацаа өнгөрчээ.

Энэ хугацаанд барилгын материалын үнэ ханшийн өсөлт, Ковидын нөхцөл байдал гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалан хуульд заасан үнэ ханшийн гуравны нэгээс багагүй хэмжээнд байтугай өөрчлөлт гарч, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн нь нийтэд илэрхий баримт юм.

Нэхэмжлэлд дурдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоох хуульд заасан үндэслэл хангалттай бүрдсэн, төлбөр төлөгч талаас хүсэлт гомдол гаргасаар байхад хариуцагч байгууллага дахин үнэлгээ тогтоолгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулж байгаа нь төлбөр авагч Х тай ашиг сонирхол нэгтэй, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч талд шилжүүлэх зорилготой хэт нэг талд үйлчилсэн хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт ...Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ. гэжээ. Гэтэл төлбөр авагч Х барьцаа хөрөнгүүдийг 2017 онд худалдан борлогдоогүй хөрөнгийг тухайн цаг хугацаанд хүлээн аваагүй, зөрүү мөнгийг өдийг хүртэл төлөөгүй байсан нь мөн хуулийн 73.1 дэх хэсэгт заасан ...хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Д.М ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11-401 тоотод байрлах 75,4 мкв талбайтай хувийн сууцыг газрын хамт, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002251 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 23 дугаар байрны 24 тоотод байрлах 41 мкв талбай бүхий орон сууцыг тус тус төлбөр авагч Х инд санал болгосон шийдвэрийг хүчингүй болгож, тус үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7883 дугаар шийдвэрээр Ш.Э , Д.М нараас 365,228,297.52 төгрөг гаргуулж Х инд олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025977 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 40 дүгээр байрны Ү-1 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 133,5 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002251 дугаартай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 23 дугаар байрны 24 тоот хаягт байрлах 41 мкв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010891, Г-2202003819 дугаартай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 401 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 445,0 м.кв газрын хамт дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 233 дугаар тогтоолоор СЭ ХХК-ийн шинжээч Г.Отгонбаярыг томилоход:

- эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025977 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 40 дүгээр байрны Ү-1 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 133,5 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг,

- эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002251 дугаартай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 23 дугаар байрны 24 тоот хаягт байрлах 41 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 98,000,000 төгрөгөөр,

- эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010891, Г-2202003819 дугаартай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 401 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 445,0 м.кв газрын хамт 45,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирүүлснийг талуудад 2017 оны 3/4349 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан. Гэвч үнийн санал ирээгүй, хөрөнгө худалдан борлогдоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 185/02, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 185/04 дугаар мэдэгдэх хуудсаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт тооцон өгөх асуудалд төлбөр төлөгч нарыг оролцохыг мэдэгдсэн.

Мөн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 4/4746, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4/9020 дугаар албан бичгээр худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт тооцон өгөх ажиллагаанд оролцохыг талуудад мэдэгдсэн боловч төлбөр төлөгч Д.М , Ш.Э нар нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн тул 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 19/6.6.8 дугаар тогтоолоор эрэн сурвалжилж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр төлөгч нарын оршин суугаа газрыг олж тогтоон, худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг зохион байгуулахад төлбөр авагч Х наас хөрөнгүүдийг төлбөрт тооцон авахаар болсон.

Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул хариуцагчийн татгалзлыг дэмжиж, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...2015 онд шүүхийн шийдвэр гарсан. Улмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны явцад 2017 онд 2 дуудлага албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй учраас төлбөр авагч нарт санал болгох ажиллагаа явагдаж байсан. Тухайн санал болгох ажиллагаанд оролцох мэдэгдэл өгсөн боловч төлбөр төлөгч нар ирээгүй ба 2019 он хүртэл зайлсхийсэн. Ийнхүү ор сураггүй алга болсон тул төлбөр авагчийн зүгээс 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эрэн сурвалжлуулах зорилгоор НШШГГ т хүсэлт гаргасан. Үүний дагуу НШШГГ нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгүүлэх тухай албан бичгийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст хүргүүлсэн байдаг. Төлбөр авагчийн зүгээс ажиллагааг удаашруулсан зүйл байхгүй. Харин төлбөр төлөгч нар нь сураггүй алга болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан. Улмаар эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд төлбөр төлөгч нарыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр НШШГГ т авч ирсэн. Энэ өдөр санал болгох хурал хийгдсэн ба төлбөр авагч талаас миний бие, ажилтны хамтаар байлцсан. Төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан холбогдох заалтыг маш тодорхой тайлбарлаж өгсөн. Ингээд төлбөр төлөгч нар сайн дураараа чөлөөлж өгнө гээд хугацаа авсан. Төлбөр авагчийн зүгээс 1 үл хөдлөх эд хөрөнгийг нь төлбөртөө авах ажиллагаа хойшилсон. Учир нь, төлбөр төлөгч нар 8,800,000 төгрөгийн СӨХ-ны өр төлбөртэй байсан. Төлбөр авагчийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлүүлэх талаар НШШГГ т хандаж байсан боловч шийдвэрлээгүйн улмаас бид өөрсдөө СӨХ-ны өр төлбөрийг төлж, эцэст нь өмчлөлдөө шилжүүлж авсан. Одоо үлдэх 2 үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудал яригдаж байна. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийн дагуу 367,212,388 төгрөг төлөхөөс эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээний дагуу санал болгосон. Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь 200 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй. Дараагийн 2 үл хөдлөх эд хөрөнгийн тухайд орон сууцны үнэлгээний зөрүүгүй, харин хашаа, байшин нь 10 гаруй сая төгрөгийн зөрүүтэй байсан. Хашаа байшин, орон сууцыг шилжүүлж авахын өмнө бид зөрүү төлбөрийг төлсөн. Төлбөр төлөгч нарын хариуцлагагүй үйлдлээс болж төлбөр авагч хохирч байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7883 дугаар шийдвэрийн хуулбар, тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ГХ2016/01915 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4/1042 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 03/117 дугаартай Гомдолд хариу өгөх тухай албан бичиг, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3/8033, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4/14353 дугаар мэдэгдлүүдийн хуулбар, С.Ө д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Д.М ын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 4-19, 23/-г шүүхэд гаргаж өгсөн.

5. Хариуцагчаас нотлох баримтаар: Б.С, Ч.Э, Б.А, И.Г, Т.Ж нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэлийн материалаас: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7883 дугаар шийдвэр, тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2016/17447 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 101/ГХ2016/01915 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 16280607 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 19/01, 19/02, 19/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтэст хүргүүлсэн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3/29987, 3/29988, 3/29989 дугаар албан бичгүүд, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсүүдээс ирүүлсэн 736, 1/853, 1104 дүгээр албан бичгүүд, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 22/01, 22/02, 22/03 дугаар Эд хөрөнгө хураасан тогтоолууд, төлбөр төлөгч нарт хүргүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3/32179 дүгээр, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/35416 дугаар, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/37762 дугаар Үнийн санал өгөх тухай бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 12, 2016 оны 11 дүгээр сарын 22, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэлүүд, Х ХХК-иас ирүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ/6258 дугаар шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлт бүхий албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 233 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, СЭ ХХК-ийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025977, Ү-2203002251, Ү-2022010891 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, Г-2202003849 дугаартай газрыг үнэлсэн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээний тайлангууд, төлбөр төлөгч нарт хүргүүлсэн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 3/4349 дүгээр үнэлгээний мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Албаны дуудлага худалдааны комисст оруулсан санал, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/13 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, энэ талаар төлбөр төлөгч нарт хүргүүлсэн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 3/5809 дүгээр мэдэгдэл, мөн өдрийн болон 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Анхны албадан дуудлага худалдааны хурлын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн протокол, шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Албаны дуудлага худалдааны комисст оруулсан санал, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/34 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, энэ талаар төлбөр төлөгч нарт хүргүүлсэн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3/8033 дугаар мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгч, авагч нарт хүргүүлсэн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 4/4746, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4/9020 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, газрыг төлбөр авагчид санал болгох тухай мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/21086 дугаар эрүүгийн хэрэг үүсгүүлэх тухай албан бичиг, төлбөр төлөгч, оршин суугч нарт хүргүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4/14347, 4/14353 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4-185/40700 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 4-185/22871 дүгээр эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 17, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэлүүд, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2-185/1071 дүгээр Өмчлөх эрх шилжүүлэх тухай мэдэгдэл /хх 24, 42, 50, 62-167/ зэргийг хуулбарлан шүүхэд гаргаж өгсөн.6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нотлох баримтаар: Д.Мөнхзулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, НШШГГ т хүргүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 13/4895 дугаар шүүхийн шийдвэрийг яаралтай гүйцэтгэх хүсэлт бүхий албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4/626 дугаар хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хүргүүлсэн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2-185/1070, 2-185/1071 дүгээр Өмчлөх эрх шилжүүлэх тухай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн мөн өдрийн 16280607/185-06 дугаар Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн мөн өдрийн 23/18, 23/19 дүгээр Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай, 23/03, 23/04 дүгээр Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тогтоолууд, Т.Н-той байгуулсан 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025977 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, шийдвэр гүйцэтгэгч, төлбөр төлөгч нарын үйлдсэн танилцуулга, шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл, мэдэгдэх хуудас, мөн өдрийн төлбөр төлөгч нарын гараар бичсэн баталгаа /хх 35-37, 175-190/ зэргийг хуулбарлан шүүхэд гаргаж өгсөн.

 Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 ҮНДЭСЛЭХ нь:

 7. Нэхэмжлэгч Ш.Э , Д.М нар нь хариуцагч НШШГГ т холбогдуулан төлбөр төлөгч Д.М ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010891 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 401 тоотод байрлах 75,4 мкв талбай бүхий хувийн сууцыг Г-2202003849 дугаарт бүртгэгдсэн газрын хамт, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002251 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 23 дугаар байрны 24 тоотод байрлах 41 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус төлбөр авагч Х инд санал болгосон шийдвэрийг хүчингүй болгуулж, эдгээр үл хөдлөх хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоохыг даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч байх бөгөөд гуравдагч этгээд хариуцагчийн татгалзлыг дэмжиж байна.

8. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.1. Д.М , Ш.Э нараас 365,228,297.52 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 1,984,091 төгрөгийн хамт гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7883 дугаар шийдвэрт 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 101/ГХ2016/01915 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /НШШГГ / шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж байна. /хх 5-12, 62-72/

8.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.М ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010891 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 401 тоотод байрлах 75,4 мкв талбай бүхий хувийн сууцыг Г-2202003849 дугаарт бүртгэгдсэн газрын хамт, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002251 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 23 дугаар байрны 24 тоотод байрлах 41 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025977 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 40 дүгээр байрны Ү-1 тоотод байрлах 133,5 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 19/01, 19/02, 19/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 22/01, 22/02, 22/03 тогтоолоор хурааж, эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг талууд, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 233 дугаар тогтоолоор шинжээч томилж үнэлүүлсэн байна. /хх 73-78, 86-91, 99/

8.3. СЭ ХХК нь зах зээлийн үнэ, цэнийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар тодорхойлохдоо эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025977 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 241,000,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002251 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 98,000,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010891 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг Г-2202003849 дугаарт бүртгэгдсэн газрын хамт 45,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх 100-128/,

8.4. 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/13 дугаар тогтоолоор үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025977 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 168,700,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002251 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 68,600,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010891, Г-2202003849 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг 31,500,000 төгрөгөөр 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтож, энэ тухай мэдэгдлийг талуудад мэдэгдэж, дуудлага худалдааны талаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй байна. /хх 129-144/

8.5. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/34 дүгээр тогтоолоор үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025977 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 120,500,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002251 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 49,000,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010891, Г-2202003849 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг 22,500,000 төгрөгөөр 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтож, энэ тухай мэдэгдлийг талуудад мэдэгдэж, дуудлага худалдааны талаар нийтэд мэдээлсэн боловч мөн үнийн санал ирээгүй байна. /хх 145-151/

8.6. Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаанд оролцохыг төлбөр төлөгч нарт 2018-2019 оны хооронд албан бичгээр удаа дараа мэдэгдэж, тогтоосон хугацаанд хүрэлцэн ирээгүй тохиолдолд байлцуулахгүйгээр хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх болохыг анхааруулсан байх боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд тэд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн байна. /хх 152-155, 175-176/

8.7. Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид тогтоосон үнэлгээгээр төлбөрт тооцон шилжүүлж, зөрүү 15,547,612 төгрөгийг гаргуулахаар, төлбөр төлөгч нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн ба үүнийг төлбөр төлөгч нар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж байжээ. /хх 13-14, 156-166, 184-190/

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана. гэж,

мөн зүйлийн 73.3 дахь хэсэгт Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ. гэж, 73.5 дахь хэсэгт Төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож, үнийн дүнгийн зөрүүг төлснөөр төлбөр авагчид шилжүүлнэ. гэж тус тус заасан.

Хуулийн энэхүү зохицуулалтаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гаргуулахаар заасан төлбөрийг тогтоосон хугацаануудад сайн дураар төлөөгүй, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 25 дугаар зүйлийн 25.2.6-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг удирдлага болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шат дараалласан ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу бодит байдалд нийцүүлэн эд хөрөнгөөр нь албадан биелүүлэх боломжийг НШШГГ т олгожээ.

Хэрэгт цугларсан баримтууд болон талуудын тайлбараар НШШГГ нь ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн, төлбөр төлөгч болоод төлбөр авагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал тогтоогдохгүй байх тул шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцсэн гэж үзнэ.

Иймд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр авагчид санал болгосон шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ тогтоохыг даалгах тухай Ш.Э , Д.М нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

10. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. /хх 4/

11. Шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө гийн оршин суугаа хаягаар мэдэгдсэн боловч товлон зарласан шүүх хуралдаанд ирээгүй ба ийнхүү ирээгүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүй, шүүх хуралдаанд ямар нэгэн санал, хүсэлт /баримт/ ирүүлээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно. /хх 200/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан төлбөр төлөгч Д.М ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010891 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 401 тоотод байрлах 75,4 мкв талбай бүхий хувийн сууцыг Г-2202003849 дугаарт бүртгэгдсэн газрын хамт, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002251 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 23 дугаар байрны 24 тоотод байрлах 41 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус төлбөр авагч Х инд санал болгосон шийдвэрийг хүчингүй болгуулж, эдгээр үл хөдлөх хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоохыг даалгахыг хүссэн Ш.Э , Д.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БИЛГҮҮН