Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00075

 

 

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00075

 

 

 

Ш.Э, Д.М нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/03149 дугаар шийдвэртэй

Ш.Э, Д.М нарын нэхэмжлэлтэй

Н-т холбогдох

төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр авагчид санал болгосон шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай иргэний хэргийг

нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7883 дугаар шийдвэрээр Д.М, Ш.Э нараас 367,212,388 төгрөг гаргуулж Х-д олгох тухай гүйцэтгэх баримт бичигт хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа болно.

1.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Д.М-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны Ү-1 тоот 133,5 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Чингэлтэйн **-40* тоотод байрлах 75,4 мкв талбай бүхий хувийн сууцыг газрын хамт, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод байрлах 41 мкв талбай бүхий орон сууцыг тус тус Хөрөнгийн үнэлгээний С ХХК-иар 2016 оны 12 дугаар сард үнэлгээ гаргуулж, 2017 онд 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч тухайн үед худалдан борлогдоогүй. Ингээд 2020 оны хавар дээрх 3 үл хөдлөх хөрөнгөөс Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, **дүгээр байрны Ү-1 тоот 133,5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч талаас албадан чөлөөлж Х ХХК-д хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш төлбөр авагч болон хариуцагч ямар нэгэн ажиллагаа явуулахгүй 5-6 жилийн хугацаа өнгөрч байгаа тул бид үлдсэн 2 үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлж, дуудлага худалдаа зарлах байх гэж байтал 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагийн дотор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг султган чөлөөлөх мэдэгдлийг өмнөх өдөр өгсөн. Шийдвэр гүйцэтгэгчид олон жилийн өмнөх үнэлгээгээр байраа өгөхгүй, ядаж зах зээлийн ханшаар нь өгвөл зөрүү нь илүү ирнэ, тэр мөнгөөрөө бид орон байрны асуудлыг шийднэ гэхэд дээрээс чиглэл ирсэн боломжгүй гэж хэлсэн. Иймд төлбөр төлөгч нараас дахин үнэлгээ тогтоолгохыг ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж товч бөгөөд бүрхэг хариуг өгсөн. Хэдэн оны хэдэн сард ямар шийдвэрийг үндэслэж санал болгох хуралд орсныг огт дурдаагүй, тус хуралдаандаа биднийг байлцуулаагүйд нь гомдолтой байна.

1.2. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн С ХХК-ийн үнэлгээ гарснаас хойш 6 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд барилгын материалын үнэ ханшийн өсөлт, Ковидын нөхцөл байдал гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалан хуульд заасан үнэ ханшийн гуравны нэгээс багагүй хэмжээнд байтугай өөрчлөлт гарч, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн нь нийтэд илэрхий баримт юм. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоох хуульд заасан үндэслэл бүрдсэн, төлбөр төлөгч талаас хүсэлт гомдол гаргасан байхад хариуцагч байгууллага дахин үнэлгээ тогтоолгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж байгаа нь төлбөр авагч Хасбанктай ашиг сонирхол нэгтэй, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч талд шилжүүлэх зорилготой хэт нэг талд үйлчилсэн хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан. Гэтэл төлбөр авагч Хасбанк барьцаа хөрөнгүүдийг 2017 онд худалдан борлогдоогүй хөрөнгийг тухайн цаг хугацаанд хүлээн аваагүй, зөрүү мөнгийг өдийг хүртэл төлөөгүй байсан нь мөн хуулийн 73.1 дэх хэсэгт заасан ...хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Н-ын Д.М-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Чингэлтэйн **-40* тоотод байрлах 75,4 мкв талбайтай хувийн сууцыг газрын хамт, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод байрлах 41 мкв талбай бүхий орон сууцыг тус тус төлбөр авагч Х-д санал болгосон шийдвэрийг хүчингүй болгож, тус үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7883 дугаар шийдвэрээр Ш.Э, Д.М нараас 365,228,297.52 төгрөг гаргуулж Х-д олгохоор шийдвэрлэжээ.

2.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-220102**** дугаартай Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны Ү-1 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 133,5 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах 41 мкв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-220201****, Г-220200**** дугаартай Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Чингэлтэйн ** дүгээр гудамжны *** тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 445,0 м.кв газрын хамт дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 233 дугаар тогтоолоор С ХХК-ийн шинжээч Г.О-ыг томилоход:

- эрхийн улсын бүртгэлийн Ү-220102**** дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны Ү-1 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 133,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг,

- эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах 41 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 98,000,000 төгрөгөөр,

- эрхийн улсын бүртгэлийн Ү-220201****, Г-220200**** дугаартай Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Чингэлтэйн ** дүгээр гудамжны 4** тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 445,0 м.кв газрын хамт 45,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирүүлснийг талуудад 2017 оны 3/4349 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан. Гэвч үнийн санал ирээгүй, хөрөнгө худалдан борлогдоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 185/02, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 185/04 дугаар мэдэгдэх хуудсаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт тооцон өгөх асуудалд төлбөр төлөгч нарыг оролцохыг мэдэгдсэн.

2.2. Мөн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 4/4746, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4/9020 дугаар албан бичгээр худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт тооцон өгөх ажиллагаанд оролцохыг талуудад мэдэгдсэн боловч төлбөр төлөгч Д.М, Ш.Э нар нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн тул 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 19/6.6.8 дугаар тогтоолоор эрэн сурвалжилж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр төлөгч нарын оршин суугаа газрыг олж тогтоон, худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг зохион байгуулахад төлбөр авагч Х хөрөнгүүдийг төлбөрт тооцон авахаар болсон.

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХК-ийн тайлбарын агуулга: 2015 онд гарсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны явцад 2017 онд 2 дуудлага албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй учраас төлбөр авагч нарт санал болгох ажиллагаа явагдаж байсан.

3.1. Тухайн санал болгох ажиллагаанд оролцох мэдэгдэл өгсөн боловч төлбөр төлөгч нар ирээгүй ба 2019 он хүртэл зайлсхийн, ор сураггүй алга болсон тул төлбөр авагчийн зүгээс 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эрэн сурвалжлуулах зорилгоор Н-т хүсэлт гаргасан. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгүүлэх тухай албан бичгийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст хүргүүлсэн байдаг. Төлбөр авагчийн зүгээс ажиллагааг удаашруулсан зүйл байхгүй. Харин төлбөр төлөгч нар нь сураггүй алга болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан. Улмаар эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд төлбөр төлөгч нарыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Н-т авч ирсэн. Энэ өдөр санал болгох хурал хийгдсэн ба төлбөр авагч талаас миний бие, ажилтны хамтаар байлцсан. Төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан холбогдох заалтыг маш тодорхой тайлбарлаж өгсөн. Ингээд төлбөр төлөгч нар сайн дураараа чөлөөлж өгнө гээд хугацаа авсан. Төлбөр авагчийн зүгээс 1 үл хөдлөх эд хөрөнгийг нь төлбөртөө авах ажиллагаа хойшилсон. Учир нь, төлбөр төлөгч нар 8,800,000 төгрөгийн СӨХ-ны өр төлбөртэй байсан. Төлбөр авагчийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлүүлэх талаар Н-т хандаж байсан боловч шийдвэрлээгүйн улмаас бид өөрсдөө СӨХ-ны өр төлбөрийг төлж, эцэст нь өмчлөлдөө шилжүүлж авсан. Одоо үлдэх 2 үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудал яригдаж байна.

3.2. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийн дагуу 367,212,388 төгрөг төлөхөөс эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээний дагуу санал болгосон. Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь 200 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй. Дараагийн 2 үл хөдлөх эд хөрөнгийн тухайд орон сууцны үнэлгээний зөрүүгүй, харин хашаа, байшин нь 10 гаруй сая төгрөгийн зөрүүтэй байсан. Хашаа байшин, орон сууцыг шилжүүлж авахын өмнө бид зөрүү төлбөрийг төлсөн. Төлбөр төлөгч нарын хариуцлагагүй үйлдлээс болж төлбөр авагч хохирч байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан төлбөр төлөгч Д.М-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220201**** дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Чингэлтэйн ** дүгээр гудамжны *** тоотод байрлах 75,4 мкв талбай бүхий хувийн сууцыг Г-220200**** дугаарт бүртгэгдсэн газрын хамт, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод байрлах 41 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус төлбөр авагч Х-д санал болгосон шийдвэрийг хүчингүй болгуулж, эдгээр үл хөдлөх хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоохыг даалгахыг хүссэн Ш.Э, Д.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Нэхэмжлэгч Д.М, Ш.Э нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг 2016 онд хийгдсэн үнэлгээгээр 2022 онд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж үл хөдлөх эд хөрөнгүүдийг Х ХХК-д шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Тодруулбал: 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн С ХХК-ийн үнэлгээ гарснаас хойш 6 сар биш 6 жилийн хугацаанд барилгын материалын үнэ ханшийн өсөлт, Ковидын нөхцөл байдал гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалан хуульд заасан үнэ ханшийн гуравны нэгээс багагүй хэмжээнд байтугай түүнээс дээш хэмжээний өөрчлөлт гарч, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн, төлбөр төлөгч болон төлбөр авагчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал тогтоогдохгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэлд дурдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоох хуульд заасан үндэслэл хангалттай бүрдсэн, төлбөр төлөгч талаас хуульд заасны дагуу хүсэлт гомдол гаргасаар байхад хариуцагч байгууллага дахин үнэлгээ тогтоолгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан үйл баримтад бодитой дүгнэлт өгч тайлбар хийгээгүй.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт ...Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ гэж заажээ. Гэтэл төлбөр авагч Х ХХК барьцаа хөрөнгүүдийг 2017 онд худалдан борлогдоогүй хөрөнгийг тухайн цаг хугацаанд хүлээн аваагүй, зөрүү мөнгийг өдийг хүртэл төлөөгүй байсан нь мөн хуулийн 73.1 дэх хэсэгт ...хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж заасантай нэхэмжлэгч нарын гомдолд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

5.2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т Шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө-д шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч ирээгүй, хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүй, ямар нэгэн санал хүсэлт ирүүлээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн гэсэн нь үндэслэлгүй. Миний бие 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Н.Н-ийн нэхэмжлэлтэй Ш ХХК- д холбогдох хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон ба цаг нь давхацсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн и-мэйл хаягруу хүсэлт, нотлох баримтыг илгээж шүүгчийн туслахад мэдэгдсэн байхад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх зарчим, тэгш байдлыг хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагч талд санал болгосноос хойш төлбөр авагч талаас төлбөрт тооцон авах албан бичгийг ирүүлсэн.

6.1. Төлбөр төлөгч талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийж байсан, удаа дараа эрэн сурвалжилж, 2019 оны 11 дүгээр сард ирүүлээд талууд худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуралдааныг хийсэн. Түүнээс хойш төлбөр төлөгч Ш.Э, Д.М нар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг чөлөөлж өгөх тухай баталгааг удаа дараа өгсөн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас өнөөдрийг санаатайгаар зайлсхийж ирсэн. Тийм учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашралтай явагдсан. Тухайн байрыг хураагаад 5, 6 жил болсон ч төлбөр төлөгч нарын буруутай, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийж, санаатайгаар оргон зайлсан гэж үзэх нөхцөл байдал үүсгээд байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг хөндөж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6.2. Нэхэмжлэгч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан боловч тухайн 1 сарын хугацаанд төлбөр төлөгч нараас ямар нэгэн санал гаргаагүй, эсрэгээрээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийж, зугтаж бид нарт төвөг учруулсаар өнөөдрийг хүрсэн гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Төлбөр төлөгч Ш.Э, Д.М нар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, өөрсдөө удаа дараа ор сураггүй алга болсон учраас олон жилийн хугацаа өнгөрсөнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдсан байдаг.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа хийж байж 2019 оны 11 дүгээр сард төлбөр төлөгч нарыг авчирч санал болгох хуралдаан хийсэн. Үүнээс хойш хөрөнгө хүлээлцэх гэхээр удаа дараа оргон зайлснаас болоод хойшлогдсон. Мэргэжлийн үнэлгээ компанийн зүгээс үнэ нь өссөн үү, буурсан уу гэхээс энд өссөн, буурсан, өссөн гэдэг асуудал ярих нь үндэслэлгүй. Д.М ор сураггүй алга болж зугтааснаас болоод олон жилийн асуудал үүссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт зааснаар төлбөр авагчид санал болгох гэхээр төлбөр төлөгч ор сураггүй байж байгаад олоод 2022 оны 12 дугаар сард хөрөнгүүдийг хүлээлгэн өгөх ажиллагаа хийгдэж байсан. Банкны зүгээс 2022 оны 12 дугаар сард зөрүү төлбөрийг төлсөн. Өмчийн эрхийн маргаангүй хөрөнгө хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл хөрөнгө дотор нь өөр этгээдүүд амьдарч байсан, хөрөнгийг чөлөөлж өгөөгүй.

Өмчийн маргаантай асуудал байсан учраас тодорхой хэмжээгээр хойшилсон гэв.

 ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 2. Нэхэмжлэгч Ш.Э, Д.М нар нь хариуцагч Н-т холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр авагчид санал болгосон шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нар нь Д.М-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220201**** дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Чингэлтэйн ** дүгээр гудамжны *** тоотод байрлах, 75.4 м.кв талбай бүхий хувийн сууцыг Г-2202003849 дугаарт бүртгэгдсэн газрын хамт, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002251 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод байрлах 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус төлбөр авагч Х ХК-д санал болгосон шийдвэрийг хүчингүй болгуулж, эдгээр үл хөдлөх хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.6 дахь хэсэгт Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргаж, хөрөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл үйлдэнэ. гэж заажээ.

Төлбөр төлөгчийн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр болон санал болгох ажиллагаа явуулсантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэрэгт ач холбогдол бүхий эдгээр баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ.

4. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/03149 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.М-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН